Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Саранцэцэг: Монголд огт байгаагүй НҮДНИЙ ТЭМБҮҮ, МЭДРЭЛИЙН ТЭМБҮҮ бүртгэгдэж эхэлсэн

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 2 секунд
ХӨСҮТ-ийн БЗХӨ-ний тандалт судалгааны албаны их эмч А.Саранцэцэг

Гаднаасаа цоо эрүүл харагдаж байгаа хүний цаана ямар ч өвчин байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсад 2023 оны байдлаар бэлгийн замын халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн бол түүний 41 хувийг тэмбүү эзэлжээ. Харин 34,9 хувийг заг хүйтэн, 23,8 хувийг трихмониаз, 0,2 хувийг ДОХ эзэлж байна гэх тооцоолол бий.

3.5 сая хүн амтай Монгол Улсын хувьд бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт их байгаа нь иргэдийн эрүүл мэндийн суурь мэдлэг, бэлгийн боловсрол төдийлөн хангалттай хэмжээнд байхгүйг илтгэж буй.

-Бэлгийн замын халдварт өвчин АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДСЭН ҮҮ-

БЗХӨ-тэй дийлэнх хүмүүс эмнэлэгт хандахаасаа ичиж, санаа зовдог, таньдаг хүнтэйгээ таарах вий гэх түгшилтээс болж, олон жил халдвар тээн ирээдүйд ҮРГҮЙДЭЛ, ДУТУУ ТӨРӨХ, УРГИЙН ГАЖИГ, ТӨРӨЛХИЙН БЗХӨ-тэй хүүхэд төрүүлж амьдралдаа хар толбо үлдээх хүмүүс олон болсон талаар албаныхан дурдаж байна.

Бид дээрх халдварын тархалт, шалтгааны талаар ХӨСҮТ-ийн БЗХӨ-ий тандалт судалгааны албаны их эмч А.Сарантуяатай ярилцсан юм. Тэрбээр,

"БЗХӨ гэдэг нөхөн үржихүйн бүхий л иргэн тусах боломжтой. Ихэвчлэн 20-49 насны иргэд ХӨСҮТ-д хандаж байна. Гэр бүлээс гадуурх бэлгийн хавьталд ороод, шинжилгээ өгч оношлогдсон тохиолдолд бид заавал гэр бүлээрээ эмчилгээ хийлгэхийг шаарддаг. Дэлхий дахинд бэлгийн замаар халдах өвчний 30 гаруй үүсгэгчийг олж тогтоосон байдаг. Зарим өвчлөлийн үүсгэгч нь эрэгтэй хүнд тод илрээд, эмэгтэй хүнд бага илэрдэг өвчин гэж бий. Эсрэгээрээ эрэгтэй хүнд шинж тэмдэг бага илэрдэг, эмэгтэй хүнд тод илэрдэг өвчин ч бий. Тиймээс иргэд "Надад шинж тэмдэг илрэхгүй байгаа" гээд тоохгүй орхиж огт болохгүй. Үүнээс гадна тэмбүү өвчний шинж тэмдэг илрээд, болиод долгион мэт байдаг. Тиймээс иргэд шинж тэмдэг нь алга болох үед нь "Зүгээр болчихлоо" гээд тайвшрах тохиолдол их байдаг.

Хосоороо шинжилгээнд орж байгаа хүмүүсийн хариуг тус тусад нь өөр өрөөнд оруулж байгаад өгдөг. Тиймээс иргэд ичиж, санаа зовох, түгших зүйл огт байхгүй.

Хүмүүс Монгол Улсад бэлгийн замын халдварт өвчин үндэстэнд нөлөөлөх хэмжээний тархалттай байна гэж яриад байгаа. Урсгал мэдээллийн систем цахимжаагүйгээс шалтгаалж, маш их бэрхшээл үүсэж байна. Улсын эмнэлэг https://health.gov.mn/app гэх цахим системтэй. Харин жижиг хувийн эмнэлгүүд өөр өөрсдийн сайттай байгаа нь тохиолдлын нэгтгэсэн үр дүн гаргахад хүндрэл учруулдаг. Тиймээс БЗХӨ үндэстэнд нөлөөлөх хэмжээний эсэхийг нарийн хэлэх боломжгүй" гэв.

"2024 оны эхний 3 сарын байдлаар ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮТЭЙ гурван хүүхэд мэндэлсэн"

ХДХВ, тэмбүү, гепатит В вирус, заг хүйтэн, хламид, бэлгийн херпис, цитомегаловирус зэрэг хэд хэдэн төрлийн БЗДХ нь халдвартай эхээс жирэмсний тээлтийн явцад урагт дамжин халдварладаг. 2024 оны эхний гурван сарын байдлаар төрөлхийн тэмбүүтэй 3 хүүхэд төрсөн байна. Жирэмсэн эхчүүд эрт жирэмсний хяналтдаа хамрагдахгүй байгаа нь төрөлхийн БЗХӨ-тэй хүүхэд мэндлэхэд хүргэж байна. Тэмбүү нь бүрэн эдгэрэх боломжтой өвчин тул эрт илрүүлж, шинжилгээ хийлгэхийг БЗХӨ-ний тандалт судалгааны албаны их эмч дурдлаа.

-Монгол Улсад огт бүртгэгдэж байгаагүй НҮДНИЙ ТЭМБҮҮ, МЭДРЭЛИЙН ТЭМБҮҮ бүртгэгдэж эхэлсэн-

Сүүлийн үед дүүргүүд болон ХӨСҮТ-ийн БЗХӨ-ний тандалтын тасагт үйлчлүүлэх хүний тоо ихэссэнээс шалтгаалж, илрүүлэх өвчлөлийн тоо нь нэмэгдэж байгаа аж. Үүний үр дүнд манай улсад огт бүртгэгдэж байгаагүй нүдний тэмбүү, мэдрэлийн тэмбүү өвчний тохиолдол илэрчээ. Тэмбүүгийн халдвар тархи, нугасыг хүрээлэх бүтцүүдэд тархсан тохиолдлыг мэдрэлийн тэмбүү гэж нэрлэдэг байна. Шинж тэмдэг нь толгой өвдөх, хүзүү хөших, толгой эргэх, нүдний хараа муудах зэргээр ажиглагдана.

2023 онд төрөлхийн тэмбүүтэй 25 хүүхэд бүртгэгдэж, 2022 онтой харьцуулбал 11 тохиолдлоор өсжээ. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч тэмбүү өвчнийг оношилдог ийлдэс судлалын оношилгооны аргуудаар шинжилгээ өгч илрүүлэх боломжтой аж. Хэрэв та эрсдэлтэй бэлгийн хавьталд орсон гэж үзвэл ХӨСҮТ-ийн "Улаан тууз" эмнэлгийн 72779090 дугаарын утсанд холбогдож мэргэжлийн зөвлөгөө, шинжилгээний цаг авах боломжтой юм.

Мөн Бэлгийн замын эдгээр өвчлөлийн дийлэнх тохиолдлыг тэмбүү эзэлж байгаа бөгөөд бүс нутгаар ангилан үзвэл, 2023 онд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр аймаг болон Улаанбаатар хот тэмбүүгийн өвчлөлөөр тэргүүлжээ.

-БЗХӨ нь бусад эрхтний өвчлөл үүсгэх өндөр магадлалтай-

Хэрэв БЗХӨ-өөр өвчлөөд, эмчлүүлэхгүй удвал цистит буюу давсагны үрэвсэл үүсгэх магадлалтай. Харин давсагны үрэвсэл нь удаан хугацаанд үргэлжилбэл, бөөрний доод замын дамжуулах үрэвсэл үүсгэнэ. Эрэгтэй хүний хувьд түрүү булчирхайн үрэвсэл, цөөн тохиолдолд цистит буюу давсагны үрэвсэл, үрийн цэврүүний үрэвсэл, зарим тохиолдолд удаан хугацаанд өгсөх замаараа явсаар байгаад төмсөгний дайврын үрэвсэлтэй болно. Цаашлаад, төмсөгний дайврыг битүүлэх, үүнээс үүдэж хоёрдогч үргүйдлийг үүсгэх магадлалтай. Мөн дотор эрхтэн, тархийг гэмтээдэг байна.

Түүнчлэн, бэлгийн замын халдварт өвчлөл дундаас хамгийн хор, хөнөөлтэй нь вирусын халдварууд юм. Үүнд:

-Бэлгийн хомхой,

-Хүний хөхөнцөр вирус буюу HPV,

-Рубелла вирус зэрэг нь багтана. Хүний хөхөнцөр вирус нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсэх магадлалыг өндрөөр нэмэгдүүлдэг. Гэхдээ эдгээр нь оношлогдоод тодорхой хугацаанд эмчлэгдэх боломжтой буюу идэвхгүй хэлбэрт шилждэг. Эсрэгээрээ бэлгийн хомхой нь насан туршид байх эрсдэлтэй. Энэ утгаараа эрүүл мэндэд илүү хор уршигтай гэж үзнэ. Түүнчлэн, HSV, рубелла, токсиплазм бактери нь ургийн гажиг үүсгэх, амьгүй ураг төрөх, ураг зулбах эрсдэлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг аж.

БЗХӨ-нөөс урьдчилан сэргийлэхийн тулд:

• Бэлгийн олон хавьтагчтай байхаас татгалзах,
• Тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх,
• Бэлгэвч хэрэглэж дадах,
• Баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэхээс сэргийлэх,
• Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах
Хэрвээ та халдвар авсан бол:
• Мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад хандаж оношлуулах, эмчлүүлэх,
• Эмчилгээг гүйцэт хийлгэн, хяналтад тогтмол хамрагдах,
• Бэлгийн бүх хавьтагчаа илрүүлж, хамт эмчилгээнд хамрагдах
• Жирэмсэн эх жирэмсний эхний гурван сарын дотор эмнэлгийн хяналтад орох шаардлагатай
.

Халдвар авсан байх эрсдэлтэй бол заавал мэргэжлийн байгууллагад хандахыг холбогдох албаныхан онцгойлон анхааруулж байна.

С.Мөнхчулуун: Хэт монополжсон гурил үйлдвэрлэгчид төр, засгаараа дэмжүүлж бойжиж авчхаад, эргээд төр засгаа дарамталдаг, иргэдийг боомилдог байж болохгүй
С.Мөнхчулуун: Хэт монополжсон гурил үйлдвэрлэгчид төр, засгаараа дэмжүүлж бойжиж авчхаад, эргээд төр засгаа дарамталдаг, иргэдийг боомилдог байж болохгүй
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.