Энэ хорвоогийн хамгийн сайхан мөч бол ээж болох. Бас эцэг болох. Бүтэн 10 сар тээсэн бяцхан үр нь хорвоод мэндлэхэд энэ дэлхий бүхэлдээ утга учиртай болсон санагддаг биз. Гэвч 10 сараа гүйцээж ч амжилгүй, ангир уургаа хөхөж ч чадахгүй бяцхан үрс цагаасаа өмнө мэндлэх нь сүүлийн үед олширчээ. Дутуу төрсөн нярай ээжтэйгээ хамт эмнэлгийн хүйтэн өрөөнд олон хоногийг өнгөрөөх агаад аав нь үртэйгээ уулзах хугацаа өдөр хоногоор уртассаар байдаг аж.
Тиймээс ЭХЭМҮТ-д дутуу төрсөн нярай болон дөнгөж амаржсан эхчүүдийг эр нөхөртэй нь, нярайг аавтай нь уулзуулах боломжийг олгож "Ариун хайрын өрөө"-г тохижуулжээ.
ЭХЭМҮТ, Нярайн эмгэг судлалын тасаг
Дутуу төрөлт гэдэг нь хүүхэд төлөвлөгдсөн хугацаанаас гурав ба түүнээс дээш долоо хоногийн өмнө хорвоод мэндлэх явдлыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, жирэмсний 36-37 дахь долоо хоног эхлэхээс өмнө явагдах төрөлт гэсэн үг юм.
ЭХЭМҮТ нь дутуу төрсөн нярайг аавтай нь уулзуулж, дэмжих асаргааг хийлгэдэг байна. Тиймээс аавууд эмч нартай ярилцаж зөвлөлдсөний үндсэн дээр тус өрөөнд ирж, дөнгөж төрсөн бяцхан үртэйгээ анх удаа уулздаг аж.
"Би хоёр ихэр хүүхдийн ээж болсон. Хүүхдүүд маань 31 долоо хоногтой буюу хугацаанаасаа өмнө төрсөн. Хүү маань 1.6 кг, охин маань 1.5 кг төрсөн. Одоогоор эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлээд сар гаруйн хугацааг өнгөрөөж байна. Хүүхдүүд маань 1.9 кг болоод томорчихсон. Удахгүй эмнэлгээсээ гарах гээд байж байна. Бас саяхан "Ариун хайрын өрөө"-нд аав нь орж ирээд хүүхдүүдтэйгээ уулзсан.
Хүүхдүүдээ анх удаа харж байгаа болохоор бас төсөөлснөөс нь жижигхэн байсан болохоор гайхсан байх. Дээр нь ээж нар маань хүүхдээ том болтол эмнэлэгт удаан хугацааг өнгөрөөдөг учраас аав нь ирээд асаргаа сувилгаа хийхээр маш сайхан байдаг юм билээ" хэмээв.
Дутуу төрсөн бүх хүүхэд эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй байдаггүй ч хугацаанаасаа эрт төрөх нь богино болон урт хугацааны эрүүл мэндийн асуудал үүсгэдэг байна. Тиймээс эмнэлгийн байгууллагад дор хаяж 1 сараас дээш хугацааг өнгөрөөх шаардлагатай байдаг тул аав нар шинэхэн төрсөн нярайтайгаа тэр бүр уулзаж чаддаггүй учраас тэднийг уулзуулах нь энэ өрөөний гол зорилго гэнэ.
ЭХЭМҮТ-ийн Нярайн эмч Х.Булганцэцэг
Энэ өрөөнд аав нар ирж эх, хүүхэд хоёртоо дэмжих асаргааг хийдэг. Бас хүүхдээ маш жижигхэн гэдгийг төсөөлөө ч үгүй байдаг
"2000 оноос хойш ЭХЭМҮТ-д дутуу төрсөн нярай хүүхдүүдийг аавтай нь уулзуулж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор ааваар нь дэмжих асаргааг хийлгэдэг болсон. Ковид гарсантай холбоотойгоор 2 жилийн хугацаанд энэ өрөөнийхөө үйл ажиллагааг түр зогсоогоод байсан бол саяхнаас эхлэн өрөөгөө шинээр тохижуулж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
Мөн хүүхдэд дэмжих асаргааг хийснээр хүчилтөрөгчийн хэрэгцээ багасдаг. Бас жингээ сайн нэмж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ч дагаад сайжирдаг. Дээр нь дэмжих асаргааг ээж ч хийж болно. Ингэснээр хүүхдийнхээ дулааныг мэдрэх боломжтой болдог. Энэ мэт маш олон давуу тал бий. Түүнчлэн удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа эх, үр хоёрт аав нь ирснээр хүүхдийнхээ болон гэр бүлийн хүнийхээ нөхцөл байдалтай танилцахаас гадна гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Мөн хүүхэдтэйгээ дөнгөж уулзаж байгаа аав нар маань хүүхдээ тийм жижигхэн гэдгийг сайн мэдэхгүй. Бүр төсөөлөө ч үгүй байдаг" гэв.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн,
"Ариун хайрын өрөө"-нд аав, ээж, хүүхэд 3 дор хаяж 1-2 цагийг өнгөрүүлдэг
"Түүнчлэн аав нар "Ариун хайрын өрөө"-нд орохдоо цэвэрхэн хувцаслаж, эмнэлгийн халад, малгай, маск зэргийг зүүдэг. Ингээд 1-2 цагийг хүүхэдтэйгээ өнгөрөөх бөгөөд хажууд нь ээж амарч эсвэл цагийг үр дүнтэй өнгөрөөдөг.
Түүнээс гадна 2 кг-аас доош жинтэй нярай хүүхдүүд маань хүчилтөрөгчийн хэрэгцээтэй байдлаас болон бусад шалтгаан нөхцлөөс хамаараад дээд тал нь 3 сарын хугацаанд эмчилгээ хийлгэдэг. Тиймээс энэ хугацаандаа хосууд аль нэг өдрийг сонгоод, эмчтэйгээ зөвлөлдөж байгаад дэмжих асаргаагаа хийдэг" гэлээ.
Сүүлийн жилүүдэд дутуу төрөлтийн тоо эрс нэмэгджээ. Үүнд агаарын бохирдол хийгээд хүрээлэн буй орчин ихээхэн нөлөөлдөг аж. Бид дутуу төрөлтийн шалтгаан нөхцлийн талаар ЭХЭМҮТ-ийн Нярайн эмгэг судлалын тасгийн Зөвлөх эмч Ш.Чимгээгээс тодруулахад тэрбээр дараах хариултыг өгсөн юм.
Агаарын бохирдол дутуу төрөлтийн гол шалтгаан болдог
"Дутуу төрөлт сүүлийн үед нэмэгдэж байна. Өмнө нь манай төвд хэвтэн эмчлүүлж буй нийт хүүхдүүдийн 3/1 орчим нь дутуу төрдөг байсан одоо дутуу төрөлт ихэссэн.
Түүнээс гадна дутуу төрсөн нярай тодорхой жин нэмээд, өөрөө бие дааж хөхөө хөхөх боломжтой болж, өөрийнхөө дулааныг зохицуулж чаддаг болтлоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Дутуу төрсөн хүүхдүүд 60 хоногийн дотор хэвтэн эмчлүүлэх боломжтой боловч зарим тохиолдолд 3-4 сарын хугацааг ч зарцуулах тохиолдол байдаг. Дутуу төрөлтийн гол шалтгаан нь:
- Нэгдүгээрт, Ээжүүдийн эрүүл мэнд
- Хоёрдугаарт, Нийгэм, эдийн засгийн байдал буюу стресс, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг хүчин зүйлс багтана. Үүнээс үүдээд дутуу төрөлт маш их нэмэгдэж байна.
Ганцхан Монгол Улс гэлтгүй олон улсад хийсэн судалгаагаар агаарын бохирдол ихтэй газар эхчүүдийн дутуу төрөх магадлал их байдаг гэсэн судалгаа бий" хэмээв.
Ташрамд дуулгахад, Дутуу төрөлтийн үед нийтлэг илрэх шинж тэмдгүүд гэж бий. Үүнд, хэвлий хэсгээр тогтмол агшилт мэдрэгдэх, үтрээний ялгадаст өөрчлөлт гарах, аарцаг аль эсвэл гэдэс дотрыг дарах зовуурь мэдрэгдэх, сарын тэмдгийн шинжтэй адил хэвлийн таталт ба нурууны байнгын өвдөлт илрэх зэрэг шинж тэмдэг багтдаг байна.
Жирэмсний 11 долоо хоногийн дотор багтаж эмэгтэйчүүд хяналтдаа орж, жирэмсний бүх төрлийн шинжилгээнд хамрагдаж, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай байдаг. Ингэснээр тухайн эхэд учрах ямарваа нэгэн эрсдэлийг багасгадаг байна. Иймд жирэмсэн эх өөрт илрэх шинж тэмдгийг анхааралтай хянаж, хяналтыг хариуцаж буй эмчдээ цаг алдалгүй мэдээлж байвал дутуу төрөх эрсдэлээс сэргийлж чадна.