Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны бүтээл "Тамгагүй төр" жүжгийг шинэчилсэн найруулагаар "The Mongol Khan" нэртэйгээр өнгөрсөн 11-р сард Их Британийн Лондон хотноо тоглогдсон билээ. Тэгвэл тус жүжиг дэлхийн шилдэг супер тоглолтууд тоглогддог Сингапурын алдарт "MARINA BAY SANDS" театрт тоглогдохоор болж албан ёсны гэрээ зурагджээ.
Түүнчлэн тус жүжиг энэ оны аравдугаар сарын 17-ноос эхлэн 4 долоо хоногийн турш тоглогдох бөгөөд үүнтэй холбоотойгоор “Херо” энтертайнментын Ерөнхий найруулагч Б.Баатар өөрийн цахим хуудсандаа,
"Жилд 45 сая хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг Марина Бэй Сэндс цогцолборт анх удаа Монгол жүжиг дөрвөн долоо хоногийн турш олон улсын зах зээлийн зарчмаар тоглох болсон нь дэлхийд Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болохын зэрэгцээ Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйгаа зарласан явдал болж байна.
“Монгол хаан” жүжиг Ази, Европ, Арабын Булангийн орнуудад гаргаж, олон улсын аялан тоглолт хийхээр жүжгийн продюсерын баг ажиллаж байгаа бөгөөд удахгүй шинэ мэдээллүүдийг хүргэх болно" хэмээжээ.