Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Галбаатар: СӨХ-ны дарга улирал бүр оршин суугчдад санхүүгийн орлого, зарлагаа тайлагнаагүй тохиолдолд Зөрчлийн хуулиар ТОРГУУЛНА

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
7 минут 32 секунд

Сууц өмчлөгчдийн холбоодыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаа билээ. Энэхүү шинэчлэн найруулж буй хууль нь 25 бүлэг 84 зүйлтэй бөгөөд оршин суугч болон СӨХ хоорондын зохицуулалтыг илүү нарийн тусгаж өгчээ.

Дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу. Одоо хэрэгжиж буй СӨХ-ны эрх зүйн байдлын хууль хэдэн онд батлагдаж байсан бэ?

-Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаад 25 жил болж байна. Харин СӨХ-ны эрх зүйн байдлын хууль 2003 онд батлагдаж байсан. Бидний гол санаа бол СӨХ-ны эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм. Шинэчилсэн найруулгын төслөөр СӨХ-г хариуцлагатай болгох, оршин суугчдад тулгамдаж буй асуудлыг зохицуулах зорилготой.

-СӨХ-ны дарга улирал бүр оршин суугчдад санхүүгийн орлого, зарлагыг тайлагнаагүй тохиолдолд зөрчлийн хуулиар ТОРГУУЛНА-

-Одоогийн байдлаар СӨХ-дод ямар асуудал тулгамдаад байна вэ. Эдгээр асуудлыг шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн тусгасан бэ?

-СӨХ цахим байдлаар хурлаа хийдэг. Хурлаа үе шаттайгаар хийе гэхээр эрх зүйн орчин байхгүй. Ингэснээр оршин суугчдын оролцоо маш муу байдаг. Тиймээс хурал хийх танхимуудыг нэмэх зохицуулалт оруулсан. Оролцоог нь хангасан зохицуулалтыг хийж өгснөөр иргэдийн мэдэх эрхэнд халдахгүй байх боломжтой. Мөн СӨХ-ны удирдлага оршин суугчдад тайлан, санхүүгийн асуудлаа ил болгодоггүй. Тиймээс шинэчилсэн хуулийн төсөлд СӨХ-ны санхүүгийн байдлыг шилэн болгож, иргэдэд тайлагнах заалт орж ирж байгаа. Тухайн СӨХ-ны удирдлага улирал бүр санхүүгийн орлого, зарлагыг тайлагнах юм. Хэрэв тайлагнаагүй тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно.

-Хэрэв СӨХ-ны удирдлага оршин суугчдын төлсөн мөнгийг шамшигдуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Оршин суугчдын төлж байгаа мөнгийг өөр зүйлд зарцуулсан тохиолдолд СӨХ-ны дарга өөрийн хөрөнгөөр төлөх зохицуулалтыг нэмсэн. Тиймээс оршин суугчид хуралдаа идэвхтэй оролцох ёстой гэх зохицуулалт, нөгөө талаас төлж буй мөнгө нь юунд зарцуулагдаж байгаад хяналт тавих боломж бүрдэнэ.

-Оршин суугч СӨХ-ны төлбөрөө ЗУРГААН сараас дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд МОНГОЛ БАНКНЫ мэдээллийн санд оруулах санал дэвшүүлж байгаа-

-Шинэчилсэн найруулгын төсөлд СӨХ-ны мөнгөө цаг тухайд нь төлдөггүй оршин суугчид ямар хариуцлага оногдуулахаар тусгасан бэ?
-Зарим оршин суугчид сар бүрийн төлбөрөө төлөхгүйгээр, бусад оршин суугчдын өгсөн хуримтлалаар ая тухтай орчинд амьдардаг гэх шүүмжлэл бий. Харин шинэчилсэн хуулийн найруулгад хүндэтгэх шалтгаангүй оршин суугч мөнгөө төлөхгүй байгаа тохиолдолд сар бүр 0,5 хувийн алданги тооцно. Мөн зургаан сараас дээш хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулах санал дэвшүүлж байгаа. Харин Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөлөөс "Оршин суугчийг зээлийн мэдээллийн санд оруулснаас хойш 14 хоногийн дотор мөнгөө төлсөн тохиолдолд зээлийн мэдээллийн сангаас гардаг байх нь зөв" гэж үзэж байна.

-Одоогийн мөрдөгдөж буй СӨХ-ны хуульд нэг оршин суугч мөнгөө төлөөгүй тохиолдолд тухайн байрны тогийг нийтээр нь таслах, лифтийг нь зогсоох гэх мэт хүндрэлүүд гардаг шүү дээ. Энэхүү зохицуулалтад өөрчлөлт орж байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. Нэг айл СӨХ-ны мөнгөө төлөөгүй тохиолдолд бусад оршин суугчдад хохиролтой байдаг. Тиймээс шинэчилсэн найруулгын төсөлд зөвхөн мөнгөө төлөөгүй айлын хэрэглээг хязгаарлах зохицуулалтыг тусгаж өгсөн. Жишээлбэл, орон сууцны лифтийг чиптэй болгож, мөнгөө төлсөн бол чипээрээ лифтэнд суух нарийвчилсан зохицуулалтыг оруулж байна.

-Байраа худалдан борлуулж буй иргэд СӨХ-ноосоо "ӨРГҮЙ" гэх баримт бичиг авч байж, байраа зарах боломжтой болно-

-Байраа худалдан борлуулж байгаа иргэд СӨХ-ны мөнгөө төлөхгүй орхиод, дараагийн оршин суугчдыг өртэй үлдээдэг тохиолдол их гардаг. Энэ тал дээр ямар зохицуулалт тусгаж байгаа вэ?

-Байраа худалдаж байгаа иргэн СӨХ-ны мөнгөө төлөөгүй гэдгээ хэлэлгүй дараагийн оршин суугчийг хохироох эрсдэл байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд нэр шилжүүлэх үед үл хөдлөх хөрөнгийн газар дээр очихдоо СӨХ-ноос өргүй гэх тодорхойлолтыг авдаг болно. Мөн дундын эд хөрөнгийг эвдэж сүйтгэж байгаа тохиолдол маш их байдаг. Эдгээр иргэд өөрийн хөрөнгөөр хохирлыг барагдуулна. Өөрийн хөрөнгөөр барагдуулаагүй тохиолдолд шүүх рүү шилжүүлнэ.

-Оршин суугчдыг ая тухтай амьдруулахад чиглэсэн ямар зохицуулалт нэмэгдэж байгаа вэ?

-Иргэдийг ая тухтай амьдруулахад чиглэсэн сан бүрдүүлэх зохицуулалт нэмэгдэж байгаа. Төлж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг санд хуримтлуулснаар оршин суугчид гэнэтийн аваар осолд бэлэн байх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн санд цуглуулсан мөнгөөр ногоон байгууламж, явган хүний зам зэрэг стандартад нийцсэн тохижилтыг хийх боломж бүрдэнэ.

Барилгын компани нь чанаргүй барилга бариад 3 жилийн хугацаанд СӨХ-оо хариуцаж байгаад хаяад явдаг. Энэ нь оршин суугчдад асуудал болж байна. Байраа мөнгөөрөө худалдаж авчхаад чанаргүй материалаар хийсэн барилгаас болж, иргэд хохироод байгаа юм.

Үүнээс шалтгаалж СӨХ оршин суугч хоёрын хооронд маргаан үүсдэг. Тиймээс барилгын хамаарал бүхий этгээдүүд удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллахыг хориглох заалтыг шинэчилсэн найруулгад тусгасан.

-Түрээсийн айлууд үндсэн оршин суугчийн эрхийг зөрчих тохиолдол хэр их гардаг вэ. Энэ асуудалд ямар зохицуулалт хийх вэ?

-Хуучны байрнуудыг түрээслэх зорилготой иргэд орж, үндсэн оршин суугчдыг хохироох асуудал гардаг. Тиймээс түрээсийн айлуудын эрх үүрэг гэж тусдаа бүлэг заалт оруулж байгаа. Хоорондоо гэрээ байгуулж үйлчилгээний засвар үйлчилгээний мөнгийг хэн нь төлөх вэ гэх гэрээ хийнэ. Хэрвээ гэрээнд үүнийг тусгаагүй тохиолдолд түрээсэлж байгаа иргэн СӨХ-ны мөнгөө төлнө. Мөн гэрийн тэжээвэр амьтны тухай зохицуулалт оруулж буйгаар онцлог.

-Ярилцсанд баярлалаа.

Чансаа өндөр шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдааны түрүү бөхийг 10 сая, үзүүр бөхийг 5 сая төгрөгөөр ШАГНАНА
Чансаа өндөр шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдааны түрүү бөхийг 10 сая, үзүүр бөхийг 5 сая төгрөгөөр ШАГНАНА
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.