Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэдтэй болохгүй, дундын өмчгүй ГЭРЭЭТ ГЭР БҮЛ “Трэнд“ болжээ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 29 секунд

Монгол гэр бүлийн хэв шинжид задрал үүсэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, залуусын дунд гэрээт гэр бүл гэх шинэ үзэгдэл бий болсон байна. Албан бус мэдээллээр Монголд 14 мянга орчим гэрээт гэр бүл бий гэх. Гэрээт гэр бүлийн онцлог нь талуудын аль нэг нь бэлгийн харилцааг чухалчилж байгаа бол нөгөө тал нь санхүүгийн дэмжлэг хүсэмжилдэг гэнэ. Энэ үүднээс гэрээний хугацаанд хэн, ямар эрх үүрэгтэй байх талаар гэрээ байгуулж, зохих нөхцлийг тусгаж өгсөн байдаг. Тухайлбал,

Дундын өмчгүй байх, хүүхэдтэй болохгүй, бие биеэ мэхлэхгүй байх, өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй байх, санхүүгийн тусламж үзүүлэх, хэн нэгнийхээ ажилд саад болохгүй, бие биеэ дарамтлахгүй, эрх чөлөөнд халдахгүй байх гэсэн нөхцлийг хоёр тал харилцан тохирч, хүлээн зөвшөөрсөн байдгаараа онцлог.

Ийм сонголт хийж байгаа хос энэ талаар судалгаа явуулж, мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авч гэрээгээ байгуулдаг юм байна. Гэрээт гэр бүлтэй холбоотой зарим судалгаанаас дурдвал,

2014 оны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн гаргасан судалгаанд:

-Харилцан тохиролцсоны үндсэн дээр хэсэг хугацаанд хамт амьдрах гэрээт гэр бүл, ганц бие болон ижил хүйстэн гэр бүлүүд байгаа нь гэрлэлт, гэр бүлийн харилцаанд шинэ үзэгдлүүд бий болж, монгол гэр бүлийн хэв шинжид задрал үүсэж байгааг нотолж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны Монголын гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгаанд:

-Гэр бүлийн талаарх үзэл хандлага хэвшмэл байдлаас аажмаар өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байна. Ингэхдээ гэр бүлийн эрхэм нандин чанар алдагдаж, үнэнч бус байдал, материаллаг сонирхолд тулгуурлах, гэр бүлийн хариуцлагаас зайлсхийх, бэлгийн харилцааны хувьд чөлөөт байдлыг эрхэмлэсэн, аминч үзэл давамгайлах хандлага бий болж байна.

Хүний Эрхийн Үндэсний комиссын /ХЭҮК/ 2023 оны “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгааны талаар 23 дахь илтгэлд:

-Энэ хэлбэр нь гэрлэлтийн гэрээ гэсэн ойлголтоос өөр утгатай хэрэглэгддэг. Судалгааны дүнгээс харахад, гэрээт гэр бүлийн хэлбэр түгээмэл тархаагүй ч 1.6 хувьд нэгэнт үүсэж, бий болсон нь тодорхой байна.

-Залуус гэр бүлийн үүрэг, хариуцлага хүлээхээс зайлсхийж байна-

ХЭҮК-ын судалгаа, дүн шинжилгээ хариуцсан референт Б.Болорзул:

-Нийгмийн хөгжлийг дагаад гэр бүлийн шинэ хэв маягууд үүсэж байна. Тухайлбал, олон соёлт гэр бүл, гэрээт гэр бүл гэх мэт. Олон соёлт гэр бүлийн тухайд, Монгол бүсгүйчүүд гадны иргэдтэй гэрлэж Америк, Австрали, өмнөд Америк, Хятад, Солонгос, Орос зэрэг дэлхийн олон оронд амьдарч байна. Харин гэрээт гэр бүл нь гэрлэлтийн гэрээ гэсэн ойлголтоос өөр утгатай. Хамтран амьдрагчид хоёр биендээ нөхцөл тавьдаг гэсэн үг. Энэ гэр бүл улсын хэмжээнд үүссэн боловч албан ёсны статистик мэдээлэлд тоон үзүүлэлт нь байхгүй. Бүртгэдэггүй гэсэн үг л дээ. Гэр бүлийн хэв шинжүүдээс албан ёсны статистикт ордог нь дан, холимог, өрөөсгөл гэр бүлүүд тоологддог.

Залуус гэр бүлийн үүрэг, хариуцлага хүлээхээс зайлсхийх, гэрлэлт өөрсдийнх нь эрхийг хязгаарлана гэж боддог учраас гэрээт гэр бүлийн хэлбэрийг сонгож байна.

Судалгаануудаас харахад, сүүлийн жилүүдэд залуус гэрлэлтээ батлуулах нь буурч, хамтран амьдрах нь ихэссэн. Нэг зүйл онцлоход, гэрээт гэр бүл, хамтран амьдрах хэлбэр нь эрх зүйн хувьд бүрэн чадамжгүй. Учир нь Гэр бүлийн тухай хуульд хамтран амьдрах хэлбэр, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгаагүй. Хамтран амьдрах хэлбэр нь гэрлэлтийг албан ёсоор батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаанд үүсэх бүх төрлийн асуудал тулгардаг. Энэхүү хэлбэрийг манай улсад хуульчлаагүй нь уг хэлбэрийн гэр бүлийг хууль зүйн хувьд чадамжгүй байхад нөлөөлөх бөгөөд гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй аливаа маргааныг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Харин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хамтран амьдрагчтай холбоотой зохицуулалтыг тусгаж өгснөөр хамтран амьдрах гэр бүлийг тодорхой шаардлага хангасан тохиолдолд гэрлэлттэй адилтгах боломжтой болж байна. Харин гэрээт гэр бүлийн талаар тусгаагүй.

--------------------------

2023 онд гэрлэлт хэрхэн буурсан болохыг дараах статистикаас харж болно.

- Гэрлэхгүй байх нь хувь хүний өнгөрсөн амьдралтай холбоотой -

Тэгвэл гэрлэх сонирхолгүй байх нь тухайн хүний бага насны трауматай холбоотой талаар сэтгэл зүйч Ж.Үйлст ярилаа. Тэрбээр,

"Монголчуудын гэрлэлт оройтоод байгаа нь хэд, хэдэн шалтгаантай. Хувь хүний сэтгэлзүй эсвэл өнгөрсөн амьдралтай нь холбоотой байдаг. Тухайлбал, бага насанд нь эцэг эх нь салсан эсвэл тусдаа амьдардаг учраас хамт байж чадаагүй. Магадгүй эргэн тойронд нь бүтэлтэй амьдралын жишээ харагдахгүй байх гэх мэт хүчин зүйлүүдээс болж, гэр бүлийн үнэт зүйл тэр хүний хувьд нураад уначихаж байгаа юм.

Өөрийнх нь хувьд бага насандаа хайрлагдсан, хамгаалагдсан мэдрэмжийг авч чадаагүй учраас эсрэг хүйстэндээ итгэх итгэл алдардаг. Үүнээс улбаалж гэрлэх нь тийм ч чухал биш санагдана. Итгэлгүй байдал нь зөвхөн гэрлэлтэд нөлөөлөөд байгаа юм уу гэвэл үгүй.

Ганц бие залуусын дунд тогтвортой, урт удаан харилцааг үргэлжлүүлж чаддаггүй байдал түгээмэл ажиглагдаж байна.

Орхигдож, хаягдахаас айж, түрүүлж өөрөө харилцааг дуусгадаг. Эсвэл хэн нэгэнтэй харилцаа тогтоохоос зайлсхийж өөрийгөө илүү хөгжүүлж, нийгмийн байр сууриа өсгөсөн нь дээр гэж бодоод явж байтал 30-35 насанд хүрдэг. Ийм байдал залуусын дунд түгээмэл бий" гэв.

- Залуус гэрлэлтийг "шорон" гэж боддог -

Залуус гэрлэх сонирхолгүй байгаа нь дан ганц Монгол Улсад тулгамдаад буй асуудал биш. Манай гуравдагч хөрш Япон Улсад гэхэд гэрлэж байгаагүй, 30 гаруй насны 4 хүн тутмын нэг нь гэр бүл зохиох хүсэлгүй байгааг тус улсын Засгийн газрын судалгаанд харуулжээ. 2021 онд гэрлэлтийн тоо 514 мянга орчимд буурсан нь дайнаас хойших хамгийн цөөн үзүүлэлт болсныг онцолсон байна.

Судалгааны байгууллагаас гэрлэхийг хүсэхгүй байгаа шалтгааныг нь залуусаас тодруулахад, аль ч насны эрэгтэй, эмэгтэйчүүд эрх чөлөөтэй байхыг хамгийн нийтлэг шалтгаанаар нэрлэсэн байна. Мөн эсрэг хүйстнээ ойлгоход төвөгтэй байдаг гэжээ.

Хүйсийн хувьд авч үзвэл, эмэгтэйчүүд гэрийн ажил, хүүхэд асрах зэрэг ачааллыг үүрэхийг хүсэхгүй байгаагаа түлхүү илэрхийлсэн бол эрэгтэйчүүд гэрлэхээс татгалзах шалтгаанаа санхүүгийн чадвар, ажлын байрны баталгаагүй байдал зэрэгтэй холбон тайлбарласан байна.

Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 2.8 дахин өндөр байна
Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 2.8 дахин өндөр байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.