Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу 2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд 33308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүлжээ. Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Өмчлөх эрхийн эсрэг 151, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34, бусад 16 хэрэг шийдвэрлэсэн байна.
Шийдвэрлэсэн зарим хэргээс дурдвал:
Экологийн цагдаагийн албанаас иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байх улсын тусгай хамгаалалттай газраас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар ашигт малтмалын эрэл, хайгуул олборлолт хийж газрын хэвлийд халдаж, 2 сая 329 мянга 834 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан байна.
Мөн иргэн Э нь Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хууль бусаар мод бэлтгэж, 6 сая 200 мянган төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.