Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: Сонгогчдыг гадаад, дотоодод аялуулах, амралт, сувилалд амраах зэргийг хориглоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 34 секунд

УИХ-ын ээлжит сонгууль болоход гурван сар гаруй хугацаа үлдээд байна. Сонгуулийн жил эхэлсэн учраас зарим төрлийн хязгаарлалтуудыг тогтоож эхэлсэн. Тухайлбал,

Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсвэл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлэхийг хориглодог. Мөн нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулах, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амрааж, сувилуулж болохгүй гэх мэт олон зүйл заалттай.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйл заалтаас…

48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

48.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

48.1.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

48.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

48.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

48.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

48.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх; 48.1.8.тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах.

48.2.Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй.

48.3.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

48.4.Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.

48.5.Сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

48.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;

48.5.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;

48.5.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

48.5.4.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

48.5.5.оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

48.5.6.олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах.

48.6.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй.

48.7.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.

48.8.Дахин болон нэмэлт санал хураалт дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.

48.9.Нам, эвслийн дарга, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орох, нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигч ухуулах байр ажиллуулахыг хориглоно.

Мөн сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан, зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн. Нам, эвслийн нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж ашигласан. Хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн хандивыг буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж торгуулийн арга хэмжээ авах зохицуулалттай.

У.Хүрэлсүх: Ахлагчдыг чадавхжуулж, тэдний гэр бүл, нийгмийн хамгаалал, ажлын орчныг сайжруулахад бодит ахиц гарна гэдэгт итгэлтэй байна
У.Хүрэлсүх: Ахлагчдыг чадавхжуулж, тэдний гэр бүл, нийгмийн хамгаалал, ажлын орчныг сайжруулахад бодит ахиц гарна гэдэгт итгэлтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.