“Одоо л архи амсахгүй” гэж өөртөө амлаж бас хуурч явсаар дөрвөн жил өнгөрчээ. Сэтгэл гутралаас болж нэг л мэдэхэд балгах дуртай болсон өөрийгөө “архичин биш” л гэж бодож явсан. Гэхдээ аль хэдийнэ архинд толгойгоо мэдүүлсэн байснаа мэдээгүй юм билээ” гэж Э.Тулга хэлэв /түүний хүсэлтээр нэрийг өөрчлөв/.
Тэрбээр "Архинаас гарсан хүмүүсийн түүх" фэйсбүүк группт сэтгэл гутралаас болж архинд орсон ч одоо балгахаа больсон тухайгаа дурссан нь анхаарал татсан юм.
Түүний хувьд дөрвөн жилийн өмнө авто ослоор нуруундаа бэртэл авсны улмаас сэтгэл гутралд оржээ. Энэ үед нь гэрлэхээр бодож явсан найз бүсгүй нь хаяж явсан нь “шок” болов. Ингээд л сэтгэлээ тайтгаруулах гэж уусан ганц шил архи нь түүнийг гэх ганц найз нь болж.
Нурууны бэртлээс нь илүү хугарсан нь түүний ноён нуруу. “Амьдрал ямар ч утгагүй санагдаж архи уухаар юу ч бодохгүй, юунд ч санаа зовохгүй жингүүдэх нь сайхан санагддаг болсон. “Би архичин биш” гэж долоо хоногтоо ганц, хоёр уух нь асуудалгүй гэж боддог байлаа. Сүүлдээ гурав, дөрөв болж донтсоор 15 хоног уудаг болсон. Сардаа долоо хоног эрүүл байдаг байсан” гэв.
Э.Тулга долоо хоног архи уугаагүй үедээ эмийн ургамлын үйлдвэрээ ажиллуулж ажилчдынхаа цалинг цагт нь өгөхийг хичээдэг байсан нь тэр байж. Энэ үедээ давхар архины мөнгөө олно. Хэрэв очихгүй бол үйлдвэр нь дампуурна. Иймээс ажилчдынхаа цалинг өгч санаа нь амраад үлдсэн хэдэн төгрөгөөрөө архи ууна. Хамт архи уудаг хүмүүс нь түүнээс өөр найзгүй мэт аашилна. Харин мөнгө дуусвал танихгүй. Тэр ярихдаа “Хамт архи уудаг хүмүүс мөнгө дуусах хүртэл над шиг сайн найз байхгүй мэт аашилдаг. Дараа нь сохор зоосгүй болоход шил архиа харамладаг юм. Өмнө нь ажил төрөлтэй, өнгөтэй мөнгөтэй байхад уулзах найзууд их байсан. Архинд ороход хүний чанар танигддаг юм билээ, найзууд гэх хүмүүс бүгд л нүүрээ буруулж, тав, арван мянган төгрөг байтугай 100 төгрөг ч өгөх хүн олдохгүй зугтдаг юм билээ” гэсэн юм.
Хэдийгээр ах дүү нар нь архинаас гар гэж аргадаж загнахыг хослуулдаг ч санааных нь зоргоор болохгүй. Архи уусан өдөр хоногууд нь жил жилээр өнгөрч нэг л мэдэхэд гудамжинд гарсан үе түүнд бий.
Зүс царай алдаж хир дааг болсон хувцас, нэвширсэн үнэртээ баригдаж архичин нэр зүүх болсон тэр “залуу хүн байж хүний адаг шиг амьдарч болохгүй” гэж ухамсартаа сийлжээ. Мэдээж өргөс авсан юм шиг шууд л архинаасаа татгалзаж чадаагүй гэнэ.
Уг нь Э.Тулга очих гэр оочих аягатай. Түүний амьдрал нүдэн дээр нь уруудсаар байгааг өөрчилж чадахгүй 4 жил өнгөрсөн. Бодолдоо ах дүү нарынхаа хэлсэн үгийг санаж “балгахгүй” гэж өөртөө амласан нь тоогоо алджээ. Даанч “Архи гарсны дараа өнөөдөр л архи уухгүй гэж боддог ч маш хэцүү. Аяга цай бариад ууж чадахгүй бие чичирнэ. 200 грамм уухад л дотор халуу дүүгээд бие тайвширдаг. Ингээд л үргэлжлүүлээд уудаг байсан” гэж байлаа. Ийм байдлаар хадгаламжид байсан 38 сая төгрөгөө архинд үрж эцэст нь гудамжинд гарсан нь тэр.
Нэг л мэдэхэд архичин болсон түүнийг гэх ганц хүн бол буурал ээж нь. Иймээс л ээжийгээ дахин зовоохгүй гэж өөртөө амлажээ. Тэрбээр “Ээжийнхээ ачийг хариулж чадаагүй ч дахиж шар махтай нь хатааж зовоохгүй. Архи балгаж зовоохгүй, үлдсэн хугацаанд нь баярлуулна” гэж амласан нь өөрийгөө ялан дийлэх хөшүүрэг нь болжээ.
Одоо 37 настай Э.Тулга архинаас гараад хоёр жил болж байна. Урьдын амьдралаараа үйлдвэрээ ажиллуулаад завгүй яваа тухайгаа цөөн хором ярилцсан нь энэ юм.
“Айл бүрт нэг бөө, нэг сүлжээчин, нэг архичин байдаг” гэх явган шог яриа өнөөдрийн Монголын эмгэнэл болжээ. Архидалт хавтгайрч байгаа нь ч нийгмийн өвчин боллоо. Зөвхөн Э.Тулгаар зогсохгүй айл бүр архинаас болж шаналж байна.
Гэтэл бид нэг хүний л асуудал мэт тоохгүй орхидог хэнэггүй зангаа ч эргэж харах цаг боллоо.