Өнөөдөр Монголд зээлгүй хүн ховор. Иргэн Батаас бизнес эрхлэгч Болд хүртэл бүгд л их бага хэмжээгээр банканд өртэй. Гэвч авсан зээлээ хэд дахин нугалах мөнгийг зээлийн хүүнд төлж байгаа нь нууц биш. Монголчуудын нийтлэг төрх амьдрахын төлөө биш өр, хуримтлагдсан хүүний төлөө ажилладаг болжээ. Сүүлийн 30 жилийн хугацаанд манай улс чөлөөт эдийн засагт шилжсэн ч бизнес эрхлэгчдэд халтай хэвээр байна. Хөлжөөгүй л бол гарааны бизнес эрхлэгчид хөлөө олтол өрөө барагдуулж тэсч үлдэх аль эсвэл хаалгаа бариад гадаад руу ажиллахаас өөр сонголтгүй. Ийм жишээ ч өч төчнөөн. Нэг үгээр хэлбэл, бизнес эрхлэгчид зээлийн хүүнд дарлуулж байна.
Зээлийн хүү өнгөрсөн оны эцэст 16.7 хувийн хүүтэй байгаа нь өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилт хангалтгүй байсныг Монголын банкны холбооны тайланд дурджээ. 2020 онд УИХ-аас Зээлийн хүүг бууруулах стратеги баталж 2023 онд 1 хувь болгохоор зорьсон ч өнөөдөр хэрэгжилт 5 хувьтай байгааг графикт харуулжээ.
2020 онд УИХ-аас Зээлийн хүүг бууруулах стратеги баталж 2023 онд 1 хувь болгохоор зорьсон ч өнөөдөр хэрэгжилт 5 хувьтай байгаа нь хэрэгжилт хангалтгүй болохыг Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэлсэн үгэндээ “Зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилт хангалтгүй байлаа. 2019 онд жилийн дундаж хүү 16.9 хувь байсан. Үүнийг 2023 оны эцэс гэхэд дөрвөн нэгж хувиар бууруулж сарын нэг хувь буюу жилийн 12 хувь руу оруулж ирэх зорилт тавьсан боловч 2023 оны эцэст 16.7 хувийн зээлийн хүүтэй байна” гэсэн юм. Графикаас харвал,
Зээлийн хүү зорилтот түвшинд хүрч чадахгүй байх гол чөдөр нь төв банкны бодлогын хүү. Төв банк сүүлийн гурван жил бодлогын хүүг 9-13 хувь хүртэл чангаруулсан нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд том дарамт болсоор байна. Учир нь хүү өсөхөд арилжааны банкууд иргэн аж ахуйн нэгжүүдэд зээл өгөх сонирхолгүй болж улмаар иргэдэд зээл олдохгүй, бизнесийн салбарт зээлийн хүү өндөр байх нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
2023 онд эдийн засаг 7 хувийн өсөлттэй, түүхэнд анх удаа инфляци нэг оронтой тоонд шилжсэн зэрэг макро үзүүлэлтээр ногоон гэрэл ассан таатай үед төвбанкны бодлогын хүү буурах хүлээлт байна. Хэрэв бодлогын хүүг сулруулбал бизнес эрхлэгчид бага хүүтэй зээл авах, бизнесээ өргөжүүлэх улмаар иргэдэд олгох зээл нэмэгдэх зэргээр эдийн засаг 2023 оны өсөлтөө хадгалах боломж бүрдэнэ. Энэ талаар эдийн засагчид дараах байр суурийг илэрхийллээ.
ТӨСВИЙН ЗАРДЛЫГ ТЭЛЖ БОДЛОГЫН ХҮҮГ ЧАНГАРУУЛАХ НЬ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ДАРАМТ БОЛЖ БАЙНА
Эдийн засагч Ч.Сосорбарам:
Энэ талаар эдийн засагч Ч.Сосорбарам “Төв банк макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн. Инфляци 14 хувь хүрснийг буулгахын тулд бодлогын хүүг чангаруулсан. Одоо макро эдийн засаг тогтвортой түвшинд хүрж инфляци төв банкны зорилтот түвшинд хүрсэн учраас бизнес эрхлэгчдэд олгох зээлийг нэмэгдүүлэхийн тулд мөнгөний бодлогыг сулруулах байх гэсэн таамаг байна. 2023 оны эхний гурван сар бизнес эрхлэгчдэд олгох зээл маш бага байсан. Гуравдугаар улирлаас эдийн засгийн сэргэлтийг дагаж бизнес эрхлэгчдэд олгох зээл 27 хувиар өссөн. Гэхдээ өндөр зардалтай зээл нь бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа юм. Иймээс бизнес эрхлэгчдэд бага хүүтэй урт хугацаанд зээл олгох нь эдийн засагт эерэг нөлөөтэй” гэлээ.
Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг:
-Төв банк бодлогын хүүг бууруулах нь эрэлтийг дэмжиж арилжааны банкуудын зээл олголт нэмэгднэ. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх инфляци нэмэгдэх эрсдэлтэй. Хэрэв мөнгөний хатуу бодлогыг үргэлжүүлж хүүг хэвээр хадгалах нь ханш чангарна. Тэгэхээр аль аль талдаа эерэг сөрөг нөлөөтэй байна. Нөгөөтэйгүүр 2024 онд төсөв тэлэх бодлого барьсан. Энэ нь оновчтой биш. Нэг нь зардлаа тэлж, нөгөө нь хүүгээ өсгөх нь хувийн салбарт хүнд ачаа үүрүүлж байна. Бизнес эрхлэхэд зээлийн хүү өндөр бол төсвийн зардлыг цалин тэтгэвэр халамж нэмэх нь бодит үр ашиггүй. Ер нь төсвийн зорилтот бүлэгт чиглээгүй их мөнгө хор уршигтай.
Төв банкны зүгээс өмнө нь инфляцийг нэг оронтой тоонд орж зорилтот түвшинд хүрвэл бодлогын хүүг тодорхой хэмжээнд бууруулна гэдгийг мэдэгдсэн юм. Тус банкны мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хуралдаанаар бодлогын хүүг бууруулах эсэхийг хэлэлцсэн байна. Энэ талаар өнөөдөр танилцуулах юм.