Хаврын улс төр өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Энэ хүрээнд ирэх сонгуулийн нэр дэвшилт. Сонгуулийн дараах эрх мэдлийн хуваарилалт тодорхой болох учиртай. Өөрөөр хэлбэл, хаврын гол улс төр нэр дэвшүүлэлттэй холбоотойгоо өрнөх нь гарцаагүй. Хэн хэнийг, хаана нэр дэвшүүлэхээс шалтгаалж сонгуулийн өрсөлдөөний ерөнхий дүр зураг харагдаж, дараа нь эрх мэдэл хэн рүү шилжих нь уншигдана гэсэн үг юм.
НЭГ, Үе хоорондын тэмцэл буюу улс төрийг нь дуусгаж, нэр дэвшүүлэхгүй байх хүмүүсээ гүйцээж “намнана”
Энэ сонгууль Ерөнхий сайдын хувьд эрх мэдлээ хамгаалж, үйл хэргээ үргэлжлүүлэх эсэхээ шийдэх хамгийн чухал сонгууль. Тэр одоо маш их хүчтэй байгаа хэдий ч намаа ялуулсан дарга биш. Өөрөөр хэлбэл, жинхэнэ утгаараа нам дотроо одоо л хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Тиймээс Ерөнхий сайд нэр дэвшүүлэх хүмүүс болон бусад лидерүүдийнхээ оруулж ирэх квотын хэмжээ, зохицлыг нарийн тааруулах шаардлагатай. Үүнээс гадна нөгөө л үе хоорондын зөрчлийн агуулгыг цухалзуулах нь гарцаагүй. Өнгөрсөн гурван жилийн үйл явцыг харахад асар их хөрөнгө, улс төрийн эрх мэдэлтэй 70-аад оны гол улстөрчдийг л татаж тоглосон. Бусад нь улс төрөөс зайлуулагдах зорилгод өртөж хэрэг төвөг нь сөхөгдөж, муу нэр луу дансанд нэрсээ бичүүлсэн түүхтэй. Тэгвэл дээд үеийнхээ улстөрчдийг аль болох олноор нь холдуулах, тэдний төлөөллүүдэд хаалт тавих улс төрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй улстөрчид өрнүүлнэ. Бусад нь ширээн дороо алга ташна.
Үүнээс гадна газрын сонсгол, ногоон автобус, эмийн сонсгол зэргийг дээд зэргийн зорилготойгоор улс төрийн “хөзөр” болгож тоглоно. Жишээлбэл, газрын асуудлаар үе үеийн хотын дарга нарыг гэзэг орооно гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой харагдаж байгаа. Тэр дундаа М.Энхболд, Э.Бат-Үүл нар хамгийн ихээр “хохирч”, дотоод улс төрөөсөө шалтгаалж С.Амарсайхан руу ч зарим “гал” чиглэж магадгүй юм. Харин ногоон автобусны хэрэг дээр МАН аль болох өөрсдийгөө сайн цэвэрлэж, аж ахуйн нэгж болон хэдэн дунд шатны албан хаагчид руу асуудлыг голчилж чиглүүлэх байх. Ингэхийн тулд л ганцхан ногоон автобусны худалдан авалт гэсэн цар хүрээтэйгээр түр хороог байгуулсан хэрэг.
ХОЁР, МАН-ын нэр дэвшүүлэлт дээр хэн хэн ямар оролцоотой байх вэ
Дээр дурдсанчлан нэр дэвшүүлэлттэй уялдаж сонгуулийн дараа бүрдэх Засгийн газар, парламентын гол эрх мэдлүүдийн хуваарилалт хийгдэнэ. Энэ тухай ярихад яг одоо эрт мэт боловч сонгуулийн ерөнхий дүр зургийг намууд бол ерөнхийдөө “уншиж” байгаа. Тиймээс парламент руу гол хүмүүсээ оруулах гэж үхэн хатан тэмцэнэ. Намын дарга хэдийгээр нэр дэвших хүмүүсийн нэрсийг бага хуралд оруулах ч гэсэн нэр дэвшүүлэх үйл явцад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, генсек Д.Амарбаясгалан зэрэг гол эрх мэдэлтнүүд өөрсдийн квотоо шингээнэ. Тэд хоорондоо ойлголцож, тохиролцоно гэсэн үг. Дээр нь Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар тэргүүтэй хүчтэй улстөрчид өөрсдийн хүмүүсийг эдгээр дарга нартайгаа тохиролцох замаар оруулж ирнэ.
Нэр дэвшүүлэх процесст хамгийн их дарамттай орж ирэх субъект нь Ерөнхийлөгчийн институт. Дараагийн парламент гурван жилийн турш одоогийн Ерөнхийлөгчтэй ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буусныхаа дараах улс төрөө бодсон ч, гурван жил ажиллахаа бодсон ч ирэх парламентад ихээхэн ач холбогдол өгч буй. Тиймээс ч Ж.Энхбаярыгаа хүртэл суллаж сонгуулийн бэлтгэлд нь оруулсан хэрэг. Ерөнхийлөгчийн хувьд дараагийн парламентад онилох эрх мэдлийн гол “бай” нь парламентын спикерийн суудал байх магадлалтай.
Энд онцлох өөр нэг зүйл байгаа нь Ардын намын дарга нар өнгөрсөн өвлийн хугацаанд ЗГХЭГ-ын даргын Д.Амарбаясгалангийн улс төрийн “бяр”-ийг бууруулах акцыг дотооддоо зохион байгууллаа. “Тэнгэрт хоёр нар байдаггүй” гэдэг улс төрийн бичигдээгүй хууль найз нөхдийг хүртэл тойрсонгүй. Ерөнхийдөө нэр дэвшүүлэх үйл явц, сонгуулийн дараах эрх мэдлийн хуваарилалтад орох нөлөөг нь бууруулах зорилготой өрнөсөн улс төрийн шоглоом генсекийн өнгөрсөн хугацааны том улс төрийг удаашруулж, зогсонги байдалд оруулж эхэллээ. Тиймээс л намын нэрийн жагсаалтад биш тойрогт өрсөлдөх бэлтгэлээ базааж ЗГХЭГ-ын дарга баруун бүсэд тасралтгүй ажиллаж, бараг айл болгоноор орох шахлаа. Хэдийгээр бага хурлынхаа 60-70 хувийг тэрбээр хайрцаглаж байгаа ч гэсэн цагаа тулахад урваач, шарваачдаар тэр танхим дүүрэхэд хэзээд бэлэн гэдгийг Д.Амарбаясгалан маш сайн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл эгзэгтэй энэ цаг үед илүү хөдөлгөөн хийхгүй л болов уу.
Мөн өнгөрсөн өвөл “хохирсон” өөр нэг улстөрч бол Ч.Хүрэлбаатар. Хөрөнгө оруулалтын хуулиар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зохион байгуулсан акц нийгэмд маш хүчтэй орсон. Намынхан нь бас л эс үйлдэхүйн хэлбэрээр битүү хатуугаар түүнийг эсрэг ажилласан. Ингээд “Газрыг 100 жилээр гадныханд өгөх гэж байна” гэдэг улс төрийн суртал, ухуулга хүчтэй яригдаж эцэст нь том тойрогт Ч.Хүрэлбаатар ихээхэн хөлс дуслуулж байж сонгогдох эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж орхилоо.
ГУРАВ. Бүрэн дүүрэн хэрэгжиж буй бэлтгэл ажил
Энэ бүх улс төрийн үйл явцыг том зургаар нь харахад өнөөх сонгуулийн дараах эрх мэдэл хаана байх вэ гэдэг л өрсөлдөөн юм. Хоёр найзын зам салах, салаагүй байсан ч булингартах нь энэ үйл явц Ерөнхийлөгчийн талынханд хамгийн “амттай зоог” болж буй нь гарцаагүй. Том өрсөлдөөнд орох ранктай бүтэн нэр, бүлээн цустай улстөрчийн тоо толгой эрс цөөрлөө. Араа шүдээ хүртэл “зэвсэглэсэн” ах нар эхнээсээ өөрсдийн ухсан нүхэндээ унаж байна. Нам дээр төвлөрсөн нэг хүний эрх мэдлийг Ерөнхийлөгчийн хүсэл сонирхолтой нийцүүлж саармагжуулж чадлаа. Одоо энэ хэвээрээ сонгуульд орж, ялалт байгуулбал дараагийн дөрвөн жилийг эхлүүлэх эрх мэдлийн дүр зураг ойлгомжтой болж байгаа юм.
Гэхдээ үйл явц хараахан дуусах болоогүй бөгөөд Монголын улс төр нэг шөнийн дотор л эргэдэг гэдгийг хаа хаанаа санацгаах нь зүйтэй.
Г.Лхагвадорж