Дэлхий нийт эмийн жорыг цахимаар бичиж иргэдэд үйлчилдэг байтал манайх уламжлалт хэв маягаасаа салаагүй цаасан дээр бичсэн хэвээр байна. Тодруулбал, цаасан дээр бичсэн эмийн жорыг барин ойр хавийнхаа эмийн сангаар үйлчлүүлдэг нь эмийн санчид эмчийн бичгийг гаргахгүй, буруу эм тан өгөх, цаашлаад иргэд өөрсдөө хуурамч жор бичиж, хориотой буюу сэтгэцэд нөлөөлөхүйц эмийг худалдан авч, мансуурах тохиолдол цөөнгүй гардаг аж.
Тиймээс бид энэ асуудалд зайлшгүй анхаарах шаардлага үүсэж байгаа тул энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна.
Улаанбаатар хот, Улсын II төв эмнэлэг
Эмийг жоргүйгээр олгосноос үүдэн зарим төрлийн эмэнд донтох, эмийн бодисонд хордох эрсдэлтэй
Улсын II төв эмнэлгийн Тусгай тасгийн Их эмч Д.Мөнхжаргал "Дэлхийн аль ч улсад эм болон бусад бэлдмэлийг жороор олгох жагсаалт гаргасан байдаг. Жорын дагуу олгох нь эмийн зохисгүй хэрэглээг халах, мөн эмчилгээнд эерэг үр дүн үзүүлдэг гэж хэлж болно. Гэтэл манай улсад иргэд эмийн сангаас ямар нэг жоргүйгээр өөрийн зовиураа хэлээд л шууд авах боломжтой байдаг. Үүнээс үүдэн эмийн зохисгүй хэрэглээ маш их болсон гэж хэлж болно. Үүний ард эмийн хоруу чанар их байдаг бөгөөд зарим төрлийн эмэнд донтох, эмийн бодисонд хордох эрсдэлтэй. Эмч болгон эмийн жороо бичихдээ өөр, өөр нэршил ашиглах тохиолдол гардаг. Ингэснээр эм зүйчид тухайн эмийг зөв гаргаж уншихгүй байх нь ч бий" гэлээ.
Түүнчлэн иргэд эмийн сангаар үйлчлүүлэхдээ жоргүйгээр антибиотик болон бусад төрлийн эм авахыг завддаг байна. Энэ талаар эм зүйчид дараах мэдээллийг өгсөн юм.
Их сургуулиа дөнгөж төгссөн туршлагагүй эмзүйчид эмийн жорыг бүрэн тайлахгүй байх нь их
"Сүүлийн үед иргэд ихэвчлэн гар утсаараа эмчээс зөвлөгөө авч, цахимаар эмээ бичүүлдэг болсон байна. Гэтэл жор шаарддаг эмүүд болон сэтгэцэд нөлөөлөх эмийг шууд олгох боломжгүй байдаг. Мөн иргэдийн зүгээс жор бичсэн цаасаа орхисон байна, гээгдүүлсэн байна гэх зэрэг асуудлыг их ярьдаг.
Түүнээс гадна дөнгөж их сургуулиа төгсөөд эмийн санд ажиллаж байгаа хүүхдүүд хэр барагтаа эмчийн жорыг гаргаж чаддаггүй. Яахав олон жил ажилласан туршлагатай эмзүйчид эмчийн бичгийг гаргаж чаддаг. Тиймээс залуу эм зүйчид зарим тохиолдолд алдаа гаргаж, буруу эм өгөх тохиолдол байдаг" хэмээв.
Тэгвэл иргэдийн зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай байдаг талаар тодруулахад,
Эмчийн бичсэн жор гаргацгүйгээс болж үйлчлүүлэгчид болон эм зүйчдэд хүндрэлтэй байдаг
"Эмч нарын бичгийн хэв харилцан адилгүй өөр байдаг учраас зарим эмийн санчид төдийлөн уншиж чаддаггүй. Ялангуяа шинэ ажилтан бол бүр гаргахгүй шүү дээ. Нэг ёсондоо гаргацгүй бичгийн хэвнээс үүдэж үйлчлүүлэгчид ч хэцүү, эм зүйчдэд ч хэцүү байдаг" гэлээ.
Мөн өөр нэгэн иргэн,
Зарим иргэд хуурамч эмийн жор үйлдээд сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэл авахыг завдах тохиолдол их гардаг
"Өвчтөн маш олон цаас, бичиг баримтыг авч явдаг учраас заримдаа эмийн жороо хаяж гээгдүүлдэг. Бас гэртээ мартсан тохиолдол ч гардаг. Дээр нь манай хот түгжрэлтэй учраас эргэж очоод жороо авахад хүндрэлтэй.
Мөн иргэд эмийн жорыг хуурамчаар үйлдэж, сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэл болон антибиотикуудыг авахыг оролддог юм билээ. Би өөрөө эм зүйч мэргэжлээр суралцдаг учраас эмийн жор унших тохиолдол их гардаг. Гэвч эмч нарын бичгийг гаргах их хэцүү. Тиймээс эмийн жорыг цахимаар олгодог болбол маш зөв шийдэл болно гэж бодож байна" гэлээ.
Угтаа бид нэг үеэ бодвол цахим шилжилт рүү алхсаар байгаа. Гэтэл хамгийн их анхаарах ёстой энэ мэт асуудлыг одоог хүртэл цахимжуулахгүй байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй бүхий л иргэнд хамгийн хүндрэлтэй асуудал болсоор байна. Мөн энэхүү асуудлыг цэгцэлснээр хуурамч жор үйлдэн сэтгэцийн эм авдаг бас антибиотикийг эмчийн зааваргүй хэрэглэдэг иргэдэд хяналт тавих бүрэн боломжтой болох юм. Түүнээс гадна эмийн жорыг буруу уншсанаас үүдэн иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө гарах эрсдэлийг ч багасгах юм.