Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын дэд дарга О.Алтангэрэл: Манайх авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсээ дэвшүүлэхгүй байх ёстой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
57 минут 13 секунд

АН-ын дэд дарга, хуульч О.Алтангэрэлийг урьж ярилцлаа.

-Өөрийг тань урьж ярилцлага хийх болсон шалтгаан нь Ардчилсан намд сүүлийн үед ямар үйл явц өрнөж байна, тэр тусмаа сонгууль дөхсөн энэ цаг үед танай намд тавих хүлээлт өндөр байна. Энэ хүрээнд Ардчилсан намын 15 дэд даргын нэг, бодлогын түвшинд оролцож яваа хүмүүсийн нэг учраас өөрийг тань урьж оролцуулж байна. Мөн таны боловсруулсан хуулийн төслийн санаачилга анхаарлыг маань татсан. Авлига, хулгайтай холбоотой асуудлыг цэгцлэх, энэ чиглэлд хууль эрхзүйн орчинд ямар өөрчлөлтийг хийх ёстой вэ гэдэгт хуульч хүнийхээ хувьд хуулийн төсөл боловсруулсан байсан. Ер нь Ардчилсан намаар сонин сайхан юу байна?

-Ардчилсан нам сонгуульдаа бэлдэж байна. УИХ-ын ээлжит сонгууль болоход гурван сар орчим хоногийн хугацаа үлдээд байгаа. Ингэхдээ сонгуульд яаж оролцох, нэр дэвшилттэй холбоотой дүрэм, журмаа баталж байна. Мөн дотоод үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна. Нэлээн завгүй л ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд АН хоёр хэсэг хуваагдаж, дотооддоо үл ойлголцолтой байгаа нь харагдсан. Энэ хүрээнд сонгогчдын болоод улс төрийн хувьд ч АН-аас хамгийн түрүүнд харж буй зүйл нь эв нэгдэл. Гэхдээ энэ эв нэгдэлд дан ганц ирэх сонгуулийг гүрийгээд давъя гэсэн агуулга байна уу аль эсвэл үндсэн зорилго, үзэл санаан дээрээ нэгдсэн итгэл нь бат бэх байна уу гэдэг зүйлийг хараад байна. Та дотор нь байгаа хүний хувьд, намаа эвлэрүүлэх, бодлогоо боловсруулах тулгуур цэгүүдийн нэг дээр нь оролцож яваа хүний хувьд энэ асуултад ямар хариулт өгөх вэ?

-Таны ярианд, хоёр хуваагдсан гэж дурдагдлаа. Би шууд хэлдэг юм. Эрх баригчдын АН-ыг хүчгүйдүүлсэн, зориуд бий болгосон хагарал. Үл ойлголцол байсан нь үнэн. Ерөнхийлөгчийн сонгууль юу болж өнгөрснийг та бүхэн санаж байгаа байх. Улсын аварга бөх сумын цолтой бөхтэй барилдаж байгаа юм шиг л зүйл болж өнгөрсөн. Шууд хэлбэл, МАН-ын зүгээс. Өөрийн тань хэлсэнчлэн АН эвтэй байх юм уу, үгүй юу гэдэг асуултыг тавьж байгаа. Ардчилсан намын хувьд аль ч цаг үед үнэт зүйл, зорилго дээрээ санал зөрөлдсөн зүйл байдаггүй. Тухайн цаг үеийн нөхцөл байдал, баримталж байгаа бодлого зэргээс хамаарч санал зөрөлдөх зүйл байдаг. Хөдөө орон нутгаар явж ажиллахад, АН-ын гишүүдийн зүгээс эв нэгдлээ сахина шүү, дотооддоо хагарал гэдэг зүйл байж болохгүй шүү гэдгийг захиж байгаа. Бүгдээрээ эвтэй найртай, сайхан урагшаа явж байна гэж хариулбал МАН шиг болно. Яагаад гэвэл, МАН 200 мянган гишүүнтэй юм бол тэр дунд даргынхаа эсрэг бодолтой нэг ч хүн байхгүй гэдэгт би итгэдэггүй. Харин тэрхүү бодлоо илэрхийлэх орчин МАН-д байхгүй гэдэгт итгэлтэй байдаг. Үүнтэй адилаар би хэдий АН-ын дэд дарга гэдэг албан тушаалтай боловч манай намынхан бүгд нэг зүгт явж байна гэж худлаа хэлж чадахгүй. Энэ дунд янз янзын үзэл бодолтой хүмүүс байна. Дуртай, дургүй гээд янз бүрийн л зүйл хийж байгаа хүмүүс бий. Гэхдээ улс төрийн намын тухай хууль гэж бий. Үүний дагуу яг одоо Үндэсний бодлогын хороо болоод Улс төрийн зөвлөл, шийдвэр гаргах түвшинд хагаралтай үйл ажиллагаа, үзэл хандлага огт байхгүй. Цаашид бий болох гээд байна гэж хэлж байгаа зүйл биш. Ардчилсан нам хэдийд ч, ямар ч асуудлыг гаргаж тавьж болдог нээлттэй системтэй учраас одоогийн байдлаар бид эв эеийг хичээж, сонгуульдаа орно гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

-Энэ асуултыг яагаад асуугаад байна вэ гэхээр, сүүлийн үед танай намын зарим нэг төлөөллүүд намын даргаа хариуцлагагүй, ур чадваргүй, сөрөг хүчинтэйгээ гарын үсэг зураад яваад байна, өөдөөс нь үг хэлж чадахгүй байна гэдэг байдлаар огцруулъя гэдэг асуудал яваад байна. Нөгөө талд нь зарим нэг хүмүүсийг оруулж ирж, сонгуулийн өмнө намын даргаар тавина гэх мэт яриа ч эрчимтэй гарч байна. Иймээс л танай намд дахиад л асуудал өрнөчих вий гэж хараад байна л даа?

-Тийм. Иймэрхүү үзэл хандлагууд бий. Намын дарга ажлаа хийхгүй байна, сул байна гэдэг ч юм уу. МАН-д ийм асуудлууд байгаа байх. Яагаад гэвэл намынх нь дарга нь авлигатай тэмцэнэ гээд яриад байдаг. Гэтэл авлигатай холбоотой гэмт хэргүүд нь гараад байдаг. Тэгэхээр тэмцэнэ гэж байгаа хүндээ хязгааргүй эрхтэй засагласан найман жилийн хугацаанд эд хөрөнгө завшсан авлигач, хулгайчид нь дуртай биш байгаа байх. Манайд яг үнэндээ булаацалдаад байх зүйл алга. Бидэнд төрийн эрх барьж байгаа зүйл, албан тушаалын зүйл алга. Гэхдээ намын даргаа шүүмжлэх эрүүл сэтгэлгээ, энэ системийг АН одоо болтол алдаагүй байна. Яваандаа ч Ардчилсан нам хайрцаглагдсан, нэг дуугаар явдаг нам болж болохгүй. Байнга үзэл бодол, шүүмжлэл гарч байх ёстой. Хэлж байх ёстой. Харин нам гэдэг институцын түвшинд шийдвэрлэх механизм нь дүрэм, журамдаа төлөвших ёстой. Мөн алдаа гаргавал хариуцлага хүлээлгэдэг механизм төлөвших ёстой байх. Түүнээс биш чөлөөт дуу хоолойг бид яаж ч чадахгүй. АН-д ийм дуу хоолойтой залуус байгааг би эрүүл зүйл гэж боддог.

-Би өнгөрсөн сарын сүүлээр танай намын нэг төлөөлөл болж Ерөнхий сайдаар ажиллаж байсан Норовын Алтанхуяг гишүүнтэй ярилцлага хийсэн юм. Тэрбээр АН, намын дарга, залуучууд нь ч унтаа байна. МАН-ын дагуул нам шиг яваад байна. Монголд нэг нам засаглах гээд байна гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Бодоод үзвэл, бүсчилсэн тойрог гэх мэтээс эхлүүлээд улс орны нийгэм, эдийн засаг, хувь заяатай холбоотой бодлогын зүйл дээр үзэл санааны хувьд нэгдэж байгаа нь зөв байх. Гэхдээ шууд л гарч ирээд гарын үсэг зураад МАН-ын бодлогыг дэмжээд явах нь хэр зөв бэ, танай намын дарга?

-Н.Алтанхуяг гуай бол манай намд байгаа рейтинг өндөртэй, аль ч цаг үед бодлогоороо гарч ирж байгаа хоёр, гуравхан улстөрчийн нэг шүү дээ. Тиймээс түүний хэлж буй зүйлийг бид анхаарахаас өөр сонголтгүй. Бид МАН-ын бодлого руу дагаж, хөтлөгдөж явж болохгүй. Гэхдээ энэ улс орныг нэг намын дарангуйлалд орохоор, хүний эрх, эрх чөлөөг хумихаар зүйлстэй нь бид тэмцэх ёстой. Энэ тал дээр тэмцэл сул байгаа нь үнэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тухайлбал, өнөөдөр нийгэмд болж буй олны дургүйцлийг төрүүлж буй үйл явдлууд дээр Ардчилсан нам санаачилгыг гартаа авч ажиллахаа больсон нь үнэн. Ногоон автобусны дуулиан гарлаа. Тэгэхэд НИТХ-д ажиллаж байсан Ж.Энхбат гэж залуу идэвхтэйгээр ажиллаад явж байсан. Дараа нь жинхэнэ дуулиан нь дэгдэхэд Ардчилсан намынхан юу хийж байсан юм бэ гээд загнуулаад зогсож байх жишээний. Өөрөөр хэлбэл, Ж.Энхбат шиг бурууд нүд хурц гэдэг шиг ажиллаж чадахгүй байна. Энэ өөрөө маш их шүүмжлэл хүртэж байгаа нь үнэн. Бид ингэж ажиллах ёстой.

-Бид эхлээд өөрсдийнхөө буруу, муу муухайг хүлээн зөвшөөрчхөөд хүний итгэлийг даах тухай яримаар юм билээ-

-Намтай холбоотой зүйлсийг тулгуухан яриад авъя. Надад сонирхсон хэд хэдэн асуулт байна. Өнгөрсөн хугацаанд хоёр хэсэг хуваагдаж, янз янзын байр суурь илэрхийлсэн нөхдүүд явж байсан. Гэтэл намын дарга томилогдсоны дараагаар шинээр томилогдсон 15 дэд даргын 7-8 нь, залуучуудын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллагыг авангаа алдсан гэдэг ч юм уу. Түүнчлэн нийслэлийн АН-аас авхуулаад гол шийдвэр гаргалтууд явах бүтэц дээр нөгөө талд Женко Х.Баттулга яригдаж байна. Үүнээс харахад, танай намын "жинхэнэ" дарга чинь Х.Баттулга болчхоод байгаа юм биш үү?

-Хоёр хүчин зүйлийг ярихаас өөр аргагүй болно. Нэгдүгээрт, Х.Баттулга гэдэг хүн манай намд олон нийтийн рейтингээр хамгийн өндөрт байгаа хүн мөн үү гэвэл мөн. Хоёрдугаарт, энэ хүн өнөөдөр ямар нэгэн ажил, албан тушаал дээр байна уу гэвэл байхгүй. Дуулиан шуугиан болгож хараад байгаа боловч намд болоод төрд эзэмшиж буй ажил, албан тушаал алга. Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгөөд гурван жилийн хугацаа өнгөрсөн байна. МоАХ гэдэг байгууллага бий. Анх 1990 онд талбай дээр амь насаараа эрсдэл гаргаж зүтгэж байсан хүмүүсээс авхуулаад Монгол орны өнцөг булан бүрд насаараа ад үзэгдсэн ардчиллынхан гээд ардчилалд үнэнч хэсэг тус холбоонд харьяалагдаж байна уу гэвэл байна. Миний ээж л гэхэд Өвөрхангай аймагт 1990 оны Ардчилсан намын партизан байх жишээний. Хоёр дахь үе нь би явж байна шүү дээ. Ингээд явахаар Ардчилсан нам дотор Ардчилсан холбооны хүлээх үүрэг өндөр байна уу гэвэл байна. Идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай нам рейтингийн хувьд өндөр байгаа, өнгөрсөн хугацаанд албан тушаал буугаад ч рейтингээ хадгалж яваа улстөрчдийг сонгуулийн үеэр заавал ашиглах ёстой. Бид засгийн эрхийг авах гэж байгаа шүү дээ. Мөн зарим үг хэллэгийг би ойлгодоггүй. Хар масс ингэж бодлоо гээд. Хэн цагаан масс нь юм. Ард түмнээс ухаантай гэдэг хэсгийг нь яаж мэдсэн юм. Бид сонгуулиар төрийн эрх мэдлийг ард түмний сонголтоор удирдуулдаг мөртлөө өөрсдөө тэдний гаргасан шийдвэр болоод үзэл бодлыг үгүйсгэдэг байж болохгүй. Саяхан Өвөрхангай аймагт говийн бүсийн чуулган боллоо. Тухайн үед намын дарга Л.Гантөмөр, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёр зэрэгцээд суунгуут Х.Баттулга, Л.Гантөмөр хоёр эвлэрчээ гэсэн мэдээ явж байгаа юм. Гэтэл би улс төрийн зөвлөлд байгаа хүн. Хүмүүс тэр мэдээг хараад, аан энэ хоёр эвлэрчихсэн юм байна гэж харж байгаа. Гэтэл муудалцсан юм уу гэдгийг бодохгүй байгаа байхгүй юу. Хэзээ, яаж муудалцсан юм. Жишээлбэл, би энэ намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож яваа хүний хувьд Л.Гантөмөр даргаар томилогдсоноос хойш хүмүүсийг эвлэрүүлээд л яваа гэдгийг сайн мэдэж байгаа. Хэзээ муудалцсан гэдэг нь тодорхойгүй байхад тийм мэдээ гарч байх жишээтэй. Энэ үйл ажиллагааны зарим хэсэгт эрх баригч нам оролцож байна уу гэдэг хардлага байна.

-Энд нэг зүйлийг асууя. Эрх баригчид гэж та хоёр, гурав ч дурдлаа. Танай намынхан ч дурддаг. Өнгөрсөн 2-3 жилийн үйл явц, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг харахад ч, эрх баригч нам өөртөө ашигтай үйлдлийг хийж, АН-ын тамга тэмдэг дээр эрх мэдлээ ашиглачихлаа шүү дээ. Ийм нөхцөлд орох боломжийг танай намынхан л өөрсдөө олгосон шүү дээ. Танай нам л өөрсдөө хагарсан. Даргаа буруу тавьсан. Өнгөрөгч парламентын сонгуульд хэд хэд хуваагдаж орсон. Энэ мэтчилэн танай нам дотор л үл ойлголцол байсан шүү дээ. Эрх баригчид биднийг ингэлээ гэхээсээ илүүтэйгээр та нар өөрсдөдөө дүгнэлт хийхгүй бол өөр хэн ч, ямар ч сөрөг хүчин эрх мэдэл авахын тулд ийм тоглолт хийх л байх. Муу ч гэсэн манайд байсаар ирсэн зүйл. Өөрсдөдөө ямар дүгнэлт хийж байна?

-100 хувь хүлээн зөвшөөрч байна. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ. МАН-ын хувьд хууль зөрчсөн үйлдэл нь хоёр намын төлөвшилд маш муухай үйлдэл болсон гэж хардаг. Хоёр нам ядаж нэгнийхээ тамга тэмдгээр оролддоггүй соёлтой байгаасай. Гэхдээ овоог хэн босгосон бэ гэвэл бид өөрсдөө л босгосон. Энэ бол үнэн. Жишээлбэл, С.Эрдэнэ дарга тамга тэмдэг гээд хүсэлт гаргаад өгсөн. Бид олонхын саналаар саналаа өгч, С.Эрдэнэ даргыг сонгуулахын төлөө явж байсан. Хувь хүнийх нь хувьд ч С.Эрдэнэ даргыг буруутгая гэхээр тэр чинь улстөрч хүн шүү дээ. Хүсэлт гаргахад цаана нь хууль гэдэг зүйл байх ёстой. Бид өөрсдийнхөө муу муухайг хүлээн зөвшөөрчхөөд хүний итгэлийг даах тухай яримаар юм билээ. Таны хэлдэг үнэн. Өөрсдөө ямар ч гэмгүй, цэвэр ариухан байж байгаад эрх баригчдаас боллоо гэдэг л агуулгаа болих хэрэгтэй.

-Үүнийг ганцхан та ч биш. Танай намын дарга хүртэл надтай ярилцлага хийж байхдаа энэ зүйлийг хэлж ярьж байсан. Би ч үүнийг асууж байсан. Нөхцөл байдлыг буруугаар ашигласан зүйл байгаа ч гэсэн тэр боломжийг өөрсдөө олгосон гэдгээ ойлгохыг танай намынхан ялангуяа шинэ залуу үеийн нүүр царай болоод явж байгаа та бүхэн өөрсдөөсөө эхлээсэй гэж хараад байгаа юм. Сая хоёулаа овоо гээд л ярилаа. Тэр 2012 оны сонгуулийн дараа Засгийн газраа өөрсдөө унагаагаад л, үл ойлголцлоо үүсгээд ард түмний итгэлийг алдсан?

-Намын анхан болон дунд шатны байгууллага дээр байнга ярьдаг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан нь буруудсан. Сонгуулийн тухай хуулиа өөрчилсөн нь буруудсан. Жишээлбэл, Эрдэнэттэй холбоотой шийдвэр гаргахад бид дарга, цэргээ буруу тавьсан гэдэг ч юм уу. Бид алдаагаа ярьдаг юм. Нэг онцлог байна. Ардчилсан намын гишүүд ямар хүмүүс байна гээд харахад, хуучнаар дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй, үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүс байдаг. Хэл ам хийж байгаад асуудлыг цэгцэлчихдэг хүмүүс байдаг даа. Тэр чанар Ардчилсан намынханд бүгдэд нь байдаг. Ийм хүмүүсийн нэгдэл нэг дороо болчихоор өөрсдийнхөө үзэл бодлыг нэг дор илэрхийлээд байдаг тал бий. Үүнээс цааш ардчиллын төлөвшлийн асуудал хөндөгдөж байгаа юм. Бид чөлөөтэй байр суурийг хэзээ сонсдог болох юм гэдэг ч юм уу. Эрх баригч намаас шал өөр контрасттай. Намын дарга нь ороод ирэхэд босоод алга ташихын оронд нэг нөхөр микрофон олоод чи болохгүй байна гээд ярьдаг энэ соёл нь өөрөө асуудлыг өөрөөр ойлгоход хүргээд байдаг юм шиг санагддаг.

-Шүүмжлэл нь ил байдаг энэ соёлыг би зөв зүйл гэж харж байна. Гэхдээ энэ нээлттэй байдал үргэлжилж байна гэж харж байгаад дүрмээ даваад алхчихдаг. Тиймээс дүрмээ аль болох барьдаг байдал руу л орох хэрэгтэй болов уу. Хэн ямар үзэл бодол илэрхийлэхдээ биш. Олонхын зарчим бол ардчиллын зарчим. Энэ зарчмаар яваасай гэж л би хүсээд байгаа юм?

-Тийм ээ. Бас нэг зовлон байна. Жишээлбэл таны бодлоор АН-ын лидерүүд гэж хэн бэ.

-АН-ын лидер гэхээр аль 1990 оны хувьсгалаар гарч ирээд 2000 оны эхэнд өөрсдийгөө зарласан хүмүүсийг л гэж бүгд хардаг. Та ч бас яриандаа хэлж байна. Н.Алтанхуяг, Х.Баттулга, залуу үеийн төлөөллөөсөө хүлээн зөвшөөрөгдөөд орж ирсэн нь Л.Гантөмөр. Одоо залуучууд л ороод ирээсэй гэж хараад байгаа юм.

-Тэгэхээр энд нэг асуудал байна. Жишээлбэл, МАН-ын лидер гэхэд та Ерөнхий сайдаас өөр хэнийг нэрлэх вэ.

-Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гээд нэрлэж болох юм...

-Анзаараад харах юм бол лидер гэгдэх хүмүүс хэзээ харагддаг вэ гэхээр төрийн албан тушаал дээр харагддаг. Нэг ийм шүүмжлэл бий. Ардчилсан намын залуучуудыг шүүмжлээд байдаг. Тэгэхэд өнөөдөр УИХ-ын гишүүний суудалд сууж байгаа хүн, сайд хийж байгаа хүн өөрсдийнхөө үйл ажиллагааг харуулах боломж бололцоо нь байдаг.

Манай намын "ах нар" бол төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс. Гэтэл хоёр удаагийн сонгуулийн ялагдлын дараа юу харагдаж байна вэ гэхээр, ажил албан тушаал дээр очиж өөрийн юу хийж чадахаа харуулж чадаагүй байхад өөрсдийгөө харуулаач, лидер болооч гэж шаардаад байдаг. Ажил албан тушаал дээр байхгүй байгаа учраас үзэл бодлоо илэрхийлээд явж байгаа хүмүүс намынхаа лидер болж чадахгүй байгаа зовлон бий.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам засгийн эрх аваад өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлж чадвал үзэл баримтлал, үнэт зүйлээ хамгаалах хүмүүст хүрч чадна.

-Тантай адил бодолтой байна. Танай намд залуучуудын төлөөлөл байхгүй байна, дунд үе чинь байхгүй болчихлоо гэдэг зүйлийг яриад байдаг. Гэтэл намын боловсон хүчин, төлөвшил, чадавхжил, лидер болж гарч ирэх үйл явц засгийн эрх барихтай шууд холбоотой. Засгийн эрх барьж байж алдаж үзнэ, тэр хэрээр олон нийтэд өөрийгөө таниулна. Энэ бол хамгийн чухал процесс. Ийм учраас энэ удаагийн сонгууль танай намын хувьд маш чухал сонгууль. Онол болоод улс төр талдаа ч нэг нам гурав дараалаад ялбал нэг намын тогтолцоо үүслээ гэж харах, улмаар сонгогчдын сонголт түүнээс хазайхгүй юм байна гэдэгт орчих учраас энэ сонгууль чухал гэдэг агуулгаа та бүхэнтэй уулзаж, ийм агуулгаар ярилцаад байгаа гэдгийг та зөвөөр ойлгоорой.

-З.Энхболд даргыг би хаана ч Ардчилсан намын лидер гэж хэлнэ-

-О.Алтангэрэл гэдэг хүнийг сайн өмгөөлөгч гэдгээр нь би мэдэх юм байна. Улс төр рүү орох шийдвэр яаж гарав. Хэзээ гаргасан бэ?

-2012 онд 7 сарын 1 гэж явж байгаад баригдаж, ачигдаад явсан. Тэгээд л ер нь өөрийнхөө үйл ажиллагаа, зорилтын төлөө тэмцэх ёстой юм байна гэж бодсон. Ардчилсан намд элссэн ч үйл ажиллагаанд нь төдийлөн оролцож чаддаггүй байсан. 2009 онд АН-д элссэн шүү дээ. Тэгээд л тэр үеэс арай идэвхтэй оролцож эхэлсэн гэх юм уу даа. Намын ажил, албан тушаал идэвхтэй оролцож эхэлсэн нь 2018 он.

-Таныг сүүлийн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талд явж байна гэж улс төрийн хүрээнд яриад байна. Миний харж байгаа өнцгөөр та Х.Баттулга гэхээс илүү З.Энхболдтой илүү ойр хүн шиг санагдаад байгаа?

-Аль аль нь манай намын хүндэлж явдаг лидерүүд. Жишээлбэл, З.Энхболд даргад ялангуяа МАН-ынхан маш дургүй, үзэн яддаг, нэр усыг нь элдвээр хэлдэг. Яг харах юм бол З.Энхболд дарга шиг зарчимч хүн ховор шүү. Хувь хүнийх нь хувьд хүмүүс янз бүрийн л зүйл ярьдаг. Гэхдээ би З.Энхболд даргыг маш зарчимч гэдгийг мэднэ. Намайг дунд шатны намын дарга хийж байхад намын хүлээн авалт дээр ирээд "Би намын дарга байхдаа тушаал гаргаж, намын арга хэмжээн дээр архи хэрэглэхийг хориглосон. Та нар өнөөдөр намын арга хэмжээн дээр согтууруулах ундаа тавьчихсан байна" гэж загнаж байсан. Тэгэхэд намын нөхөд нь "Өө" л гээд эхэлж байгаа байхгүй юу. Зарчмын шаардлагыг хэнээс ч айхгүй хэлэх нь энүүхэнд. Ийм хэмжээний лидер.

З.Энхболд дарга бид хоёр нэг нутаг ус. Өөрийнх нь үзэл бодлыг ойлгодог, мэддэг, хүндэлдэг хүний хувьд гэж хэлэхэд хаана ч Ардчилсан намын лидер гэж хэлнэ. Харин өөрөө ажлаа өгөөд улс төрийг орхиод яваад өгсөн хүн л дээ.

Х.Баттулга даргын хувьд гээд яривал ийм асуудал гарч ирнэ. Өнөөдөр рейтингтэй улстөрчийг ашиглах юм уу, үгүй юу гэдэг асуулт. Дээрээс нь гудамжинд байгаа хүн. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх дээр ҮХЦ дээр шийдвэр гарч байсан. Тэр үед хуулийн зөвлөх нь байсан болохоор ойр хүн гэж боддог. Гэхдээ би албан ёсоор албан тушаал эрхэлж байгаагүй ч тэр үед АН-ын гишүүнийхээ хувьд, энэ намын хувь заяанд санаа зовж байгаа хүний хувьд, АН ялсан ч ялагдсан ч ялангуяа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд өөрсдийн байр суурьтай оролцох ёстой гэдэгт бат итгэдэг хүний хувьд яг тэр асуудал дээр нэлээн байр сууриа илэрхийлж явсан.

-Энэ үйл явцтай холбоотойгоор таныг холбоотой гэж хараад байна л даа?

-Одоо ч би энэ үйл хэрэгтээ бат итгэлтэй байдаг. Үзэл бодол өөрчлөгдөж болно. Үйл хэрэг буюу хуулийн ажил өөрчлөгдөнө гэж байдаггүй. Тэр чинь нотлох баримт, судалгаатай байдаг учраас өөрчлөгдөхгүй.

Би МАН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан л гэж боддог. Сонгууль, санал хураалт тал дээр асуудал гараагүй л дээ. Гэхдээ Ардчилсан нам энэ сонгуульд огт ажиллаагүй сонгууль болсон учраас шударга бус гэж хардаг.

-Хүмүүс нь ажиллаагүй гэхээр С.Эрдэнэ дарга нэр дэвшиж байсан шүү дээ. Тухайн үед танайх аймгуудаа тойроод орон нутгаар яваад л байсан шүү дээ?

-Сонгууль гэдэг чинь намын анхан шатны нэгж хүртлээ бүх нам даяараа хөдлөөд сонгуулиар амьсгалаад, одоо бид ялна, ардчилсан үйл хэргээ явуулна гээд явахын нэр. Тэр сонгуулиар Ардчилсан нам тэгж идэвхжиж хөдөлсөн зүйл огт байгаагүй.

-Танайхан нэр дэвшигчээ тодруулсан шүү дээ. Түүний дараахан Ардчилсан намыг С.Эрдэнэ гэдэг хүн хоёр дахь удаагаа зарчихлаа л гэж яригдаж байсан?

-Ямар ч өрсөлдөөнгүй, үхмэл сонгууль болсон. Маш олон гишүүдийн адилаар сэтгэл дундуур үлдсэн. Нотлогдоогүй зүйлийн талаар ярихад хэцүү. Гэхдээ энэ үйл явц хэнд ашигтай байсан бэ гэдэг нь тодорхой байсан. МАН-д л ашигтай байсан. АН сул байх нь. Түүнийг л сайн мэдэж байна.

-Энэ нь Ардчилсан намын хувьд ичмээр үзүүлэлт юм даа?

-Би тийм ичмээр зүйл гэж бодоогүй. Гуравдугаарт орсон шүү /инээв/

-Гурван хүн нэр дэвшсэнээс дөрөвдүгээрт орсон шүү дээ?

-Гуравдугаарт орсон. Яах вэ цагаан сонголт байсан. Гэхдээ энэ бол ичмээр зүйл биш. Харин цааш цаашдаа Монгол Улсын ардчиллын түүхэнд маш том сургамж болсон эмгэнэлтэй үйл явдал гэж боддог. 2024 оны сонгуулиар нэг зүйлд найдаад байгаа. Улс төрийн олон хүчин орж ирж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн намууд хүнээ нэр дэвшүүлнэ. Хүмүүс нэг, хоёр хүн ороод юу хийх юм гэж хараад байгаа. Гэхдээ тийм биш. Би аль болох төлөөлөл нэмэгдээсэй, төрийн тэргүүнээ сонгох сонгуулийг сонголттой явуулаасай гэж хүсэж байгаа.

-Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй болгохоор ҮХЦ-д хандсан явдалд гүйцэтгэгч нь чухал биш. Захиалагч нь чухал-

-Тэгэлгүй яах вэ. Энэ сонгуулийн системийн зорилго ч энэ чиглэл рүү бид бүхнийг ирэх өдрүүдэд үзэх, харах юмтай сонгууль болох байх. Сонгуулийн асуудлыг хэсэг байзнаад ярилцъя. Үргэлжлүүлээд таниас асуух нэг сонирхолтой зүйл байна. 2021 оны гуравдугаар сард байлуу даа, сарыг нь сайн санахгүй байна. Тэр үед ХҮН намынхан ҮХЦ-д гомдол гаргаж, түүний дагуу тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжгүй гэдэг шийдвэр гарч байсан. 2019 онд Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу гээд шийдэл нь явчихсан. Энэ дээр олон нийтийн мэдэхийг хүсээд байгаа ганц зүйл бол нэр дэвшихгүй байх хуулийн бичилтийн алдаа, согогийг хэн, хэзээ гаргачихсан юм бэ л гэдэг асуулт?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах процесст миний хувьд ямар нэг байдлаар оролцоогүй л дээ. Тэр үед манай ардчилал судлалын хүрээлэн гэж байдаг. Тэнд миний удирдлага дор манай судлаач залуучууд энэ асуудлаар судалгаа хийж байсан. Тэгэхэд хуульзүйн хувьд нэр дэвшихэд ямар асуудалгүй байна гэж байсан. ҮХЦ улс төрийн байгууллага болоод удаж байгаа. ҮХЦ-ээс ямар ч шийдвэр гарч магадгүй гэдэгт би бүрэн итгэлтэй болсон. Таамгаар яриад байгаа юм биш шүү. Өргөдөл гаргасан, шийдвэрлүүлэх гэж оролдож байсан. Тэр байтугай хэрэг үүсгэчхээд тэрийгээ хэзээ, яаж хаасан нь мэдэгдэхгүй зургаан сарын дараа надад шуудангаар ирж байсан тохиолдол ч байгаа. ҮХЦ-ийн үйл ажиллагаа бол асар улстөржсөн байдаг учраас тухайн үед тийм дүгнэлт гарсан гэж ойлгодог. Хэн өргөдөл аваачиж өгсөн нь чухал биш. Түүнд айхтар ач холбогдол өгөөд байх зүйлгүй. Хэн үр дүн хүсэж байгаа вэ гэдэг л чухал. Гүйцэтгэгч нь чухал биш. Захиалагч нь чухал байгаа байхгүй юу.

Тухайн үйл явцыг харахад, манай ҮХЦ эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн мэт харагдаж байгаа боловч олон улсын дүрэм журамд зөрчиж шийдвэр гаргасан гэж хуульч хүнийхээ хувьд хардаг. Тэр үед нэг талд явж байсан учраас шар нь хөдлөөд ч юм уу, АН-ын гишүүнийхээ хувьд хэлээд байгаа зүйл биш.

-Дахиад лавшруулаад асууя. Та сая ХҮН нам хамаагүй цаана нь МАН байсан гэдгийг хэлж байна. Энэ боломжийг нь олгож болохгүй л байсан байхгүй юу. Хууль чинь тодорхой байх ёстой. Өөр утгаар тайлбарлагдахгүйгээр алдаа мадаггүй байх ёстой. Гэтэл тэр бичилт нь цэц дээр очих хэмжээнд хүрсэн нь хэний алдаа вэ?

-Хууль бол өөрөө ердийн хүн харахад сонирхолгүй бичилттэй шүү дээ. Хууль уншихаар уйтгартай байдаг. Гэхдээ хуулийн тайлбар гэж байна. Хууль тогтоогч өөрөө тайлбарлана. Аль эсвэл Монгол Улсын Дээд шүүх тайлбарлана. Монгол Улсын Үндсэн хууль дээр хуулийн зүйл заалтыг бичихдээ тодруулаад нэг өгүүлбэр л шаардлагатай. Эсвэл дагаж мөрдөх тухай журмын хуулиар огнооны л асуудал байхгүй юу. Хуулийн энэ зүйлийг хэдэн оны тэдэн сарын тэднээс эхэлж мөрдөнө. Цаг хугацааны хувьд ямар алдаа гарсан бэ гэдгийг дараа нь харж байгаа шүү дээ.

Хоёрдугаарт, үүнийг процессын хувьд зохицуулаад өгөх боломж байсан. Ерөнхийлөгчийн тухай хуульд нь аль эсвэл Үндсэн хууль дээрээ баталж эхлэх үед яаж үйлчлэх юм бэ гэдгийг энгийн ойлгомжтойгоор оруулах боломжтой байсан. Ийм хоёрдмол байдал үлдээсэн. Эрх баригчид хууль баталсан ч гэсэн тухайн үед Ерөнхийлөгчийн институц үүнийг анзаарах ёстой байсан гэж боддог. Тэр үед нь зохицуулчихсан бол асуудал гарахгүй. Гэрээ онгорхой орхивол хулгай орно шүү дээ. Хэдийгээр хулгайчийн буруу ч гэсэн цоож нь онгорхой юм чинь ороод л аваад гарна гэдэгтэй адил. Энд алдаа гарсан гэж боддог. Үндсэн хууль дээр Ерөнхийлөгч ёсчлоод гарын үсэг зурж байгаа шүү дээ. Миний санаж байгаагаар тухайн үед Ерөнхийлөгч ажлын хэсгийнх нь ахлагч байсан. Тухайн үед үүнээс гадна зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орж байсан.

-Тэр үүд хаалгыг "цоожлох" ёстой хүн нь хэн байсан бэ?

-Тэр дээр ажиллаж байсан хуульч хүмүүс нь хэн байсан юм бол доо. Тэр хүмүүс байсан байх. Тэгж яривал Ерөнхийлөгчийн институц. Тамгын газар нь.

-Таны хэлсэн санаа зөв шүү. Хэн нэр дэвших, дэвшихгүй вэ гэдэг асуудал эрэмбийнхээ хувьд яригдана. Гэхдээ энэ дээр ажил хийж байгаа хүмүүс ажлаа хийх ёстой байсан. Одоогийн нөхцөл байдал дээр дахин Үндсэн хуулиа өөрчилчихлөө. Шинэ сонгуулийн уур амьсгал орж эхэлж байна. Сонгуулийн систем ч, тойргууд ч өөр боллоо. 126 гишүүнтэй, сонгуулийн холимог тогтолцоог юу гэж харж байгаа вэ?

-Дэвшилттэй гэж харж байгаа. Ер нь Монгол Улс урагшаа явахын тулд алхам хийх хэрэгтэй болно оо доо. Би гишүүдийн тоог нэмэх биш тогтолцоогоо өөрчлөөсэй гэж боддог байсан. Монгол Улс яалт ч үгүй хувь тэнцүүлсэн системээр явахааргүй болсон. Яагаад гэвэл өөрөө өргөн уудам нутагтай. Маш олон сум, засаг захиргааны нэгжүүдтэй. Тэндхийн сонгогчдын дуу хоолой хэрэгтэй. Пропроционалиар үзвэл малчид хэдэн хувийг эзлэх вэ гээд эхэлнэ. Нэг зүйлийг тодотгоод хэлэхэд, 330 сумыг цөөлөөд хэдхэн аймаг, хэдхэн сумтай больё гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ би үүний эсрэг бодолтой байдаг хүн. Засаг захиргааны нэгжийн хувьд биш иргэн хүнд хүрэх үйлчилгээний хувьд маш сайн систем. Улаанбаатар хотоос 1 мянга гаруй километрт амьдарч байгаа малчин хүн хэдхэн км яваад төрийн үйлчилгээ авах боломжтой. Энэ нөхцлийг бүрдүүлсэн систем. Тэгэхээр энэ их саналыг авахын тулд хувь тэнцүүлсэн системээс гадна мажоритар систем байх ёстой. Эвийг нь олоод хийчихлээ гэж харж байгаа. Мэдээж гонгиноод байвал олон л зүйл байна даа. Олонд танигдсан хүн гарах гээд байна аль эсвэл сайд дарга нар орон нутгаар яваад өвс тэжээл тараагаад байна гэдэг ч юм уу. Гэхдээ улс орныхоо нийтлэг эрх ашгийг бодохоор энэ чинь зөв л байгаа байхгүй юу.

-Өвс тараагаад байна гэдэг дээр хуульч хүний тань хувьд нэг зүйл асууя. Горилогчид энэ зудын үед тусалъя гэдэг санаа зориг байгаа боловч ашиглая гэдэг бодол байгаа л байх. Энэ хүмүүс хууль зөрччих шиг болох юм. Та юу гэж бодож байна вэ?

-Өөрөө болон бусдаар дамжуулан сонгогчдын саналыг татах зорилгоор аливаа төрлийн хандив мэтийн зүйлсийг үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалттай. Үүнийг нь шүүх тогтооно. Нэр дэвшигчийн бүртгэлийг СЕХ-нд явуулахад шүүхийн шийдвэр гарсан эсэхээс шалтгаалж нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийднэ. Нэр дэвшигчийг бүртгүүлсэн хойно нэр дэвшигчээс хасна гэсэн заалт бий. Сонгуулийн хуулийн өөрчлөлт дээр зөндөө байр сууриа илэрхийлж байсан. Хүлээж аваагүй. Мөнгө тараахыг зогсоох, МУ-ыг шавар намгаас гаргах, хариуцлага тооцох процессоо хурдан хийгээд өгөөч гэсэн. Харамсалтай нь одоо сонгуулийн маргаан энэ хугацаанд шийдэгдэж амжихааргүй байна. Энэ хүмүүс дээр гомдол гарна. Бас нэг зүйл бий. Жишээлбэл, Өвөрхангай аймгийн Баруун-Улаан сумын нэг сэтгүүлч бичиж байгаа байхгүй юу. 40 машин очлоо. 2 буудал өвс, тал шуудай хивэг өгөхийн тулд 40 машин очлоо. Дандаа том оврын машинууд. Малчин түмэнд хүрч байвал сайн. Сайдууд тэнд юу хийж яваа юм. Тэнд багийн дарга гэж хүн байгаа. Сумын Засаг дарга гэж байгаа. Сайд гэдэг чинь салбарын бодлого, төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлөн Засгийн газрын хуулиар үйл ажиллагаагаа явуулж байх ёстой хүн тэнд юу хийж яваа юм бэ. Энэ бол сонирхолтой асуулт.

Тэнд яваа сайд дарга нарын зураг авхуулах гэж, рийл хийлгэх гэж, малчин ардад танигдах постер хийлгэх гэж явсан зардал хэдэн тэрбумаар яригдана.

20 машин дээр л тооцож бодож үзье. Нэг удаагийн явалтаар 20 машины зардал 20 орчим сая төгрөг болно. Монгол орноор хэчнээн хүн тойров, хэчнээн баг бүрэлдэхүүн явав. Ингэж л харагдаж байгаа юм.

-Би тантай адил бодолтой байна. Хэцүү хүнд цаг үе ирсэн. Тусалъя гэдэг сэтгэл нь байж магадгүй. Гэхдээ зовлон дээр нь жаргалаа хайж байгаа юм шиг л сэтгэгдэл төрсөн. Тэр хэрээр төрийн алба яаж ажиллаж байна, ямар хэмжээний зардал мөнгө гаргасан гээд бодвол үнэндээ л хэцүү юм даа?

-Хүн өнгөрөхөөр сошиал дээрээ хамт авхуулсан зургаа оруулаад байдаг шүү дээ. Би түүнийг хувьдаа гайхдаг байхгүй юу. Мэдээж санан дурсах зүйл байлгүй яах вэ. Гэхдээ тэр үйлдэл нь сонин харагдаад байдаг. Түүнтэй адилаар малчин хүний сэтгэлзүй маш хэцүү байгаа. Тэр зудад. Бид огт төсөөлөхгүй. Улаанбаатар хотод амьдардаг хүмүүс бол өөрийн амьдран суугаа орон сууцаа, хадгаламж дахь мөнгөө бүгдийг алдлаа гээд төсөөлөөд үзэхтэй жаахан дөхнө. Малчин хүнд юу үлдэх вэ. Тэр гэр, ганц нэг машин тэрэг эцэстээ банкны өр зээлтэй л үлдэнэ. Өчнөөн үр хүүхдийнх нь өр төлбөр, сургалтын зээл үлдэнэ. Зарим нэг малчид сэтгэлзүйн дарамтад орсон, галзуурсан гэдэг зүйл сонсогдож байгаа байхгүй юу. Монгол хүн малаа барахаар тийм байдалд орно. Малчин хүнд тийм л хэцүү байгаа. Тийм байхад нь улс төрийн ашиг хонжоо хайж байгаа мэт үйлдэл гаргаад байгаа. Албан тушаалын байдлаа ашиглаж оччихоод зураг хөргөө авхуулж байгаа нь маш муухай үйлдэл гэж харж байна. Өгмөөр байвал чимээгүй л өг л дөө. Тийм биз дээ.

-Зээлтэй холбоотой нэг сонирхолтой зүйл асууя. Зуд бол хоёулангийнх нь ярих гол сэдэв биш байлаа. Гэхдээ танаас асуух ёстой. Танай намын бүлгийн гишүүд гарч ирээд малчны зээлийг тэглэе гээд яваад байсан. Та үүнийг юу гэж харсан бэ?

-Энэ бол малчдад үзүүлж буй арга хэмжээ гэж харсан. Хүн бүрд нэг асуулт байна. Надаас ч их асууж байна. Танайх зүүний нам шиг халамж амлаад байх юм бол яах юм бэ гэдэг асуудал яриад байгаа. Гэтэл хэдэн их наядаар яригдах зээл малчдад гарсан байна. Банкны эрсдэл болж байгаа. Монголын төр үйл ажиллагаа нь доголдсон банкийг хадгаламжаар хүчээр даатгачихдаг. Хоёрдугаарт, үйл ажиллагаа нь зогссон банкийг монголын төр олон удаа ард иргэдийг хохиролгүй болгоод төр өөрөө хариуцлагаа хүлээж байсан. Малчны зээлд банкны эрсдэл байгаа. Мөнгөний хэмжээ заагаад байх юм билээ. Хоёрдугаарт, сумд байгаа нэгж, аймагт байгаа ААН болон тийш будаа, гурил, тариа ханган нийлүүлдэг ААН-үүд нэгэн зэрэг хямралд орж байгаа энэ нөхцөлд асар том аюул бий болчих гээд байгаа. Монгол орны нутаг дэвсгэр дээр харилцан адилгүй л байна. Зарим аймгуудад шилэн зуд болж байхад заримд нь хүндрэл багатай байна. Малчин хүний онцлог бол бололцоог нь олгоод өгвөл баялаг нь нөхөн сэргээгддэг, өөрийнхөө баялгийг бий болгодог хүмүүс. Тиймээс түүнийг заавал эхлүүлэх шаардлагатай болчхоод байгаа юм.

-Таны тайлбарыг ойлголоо. Гэхдээ би эсрэг бодолтой байгаа шүү. АН баруун төвийн үзэл баримтлал дээрээ бат зогсох ёстой. Зээл тэглэнэ гэдэг зүйлийг танай намын гишүүд хэзээ ч ярьж болохгүй зүйл гэж бодож байна. Харин оронд нь таны хэлж байгаа шиг ядуурлаас гарах, шаардлагатай бэлтгэл ажлыг нь хангадаг, хангуулдаг бодлогыг боловсруулах нь чухал гэж бодож байна. Энэ асуудлыг ингээд өндөрлөе.

-Мөнгө багатай ч сонгуульд өрсөлдөх нь ардчилалд оруулж байгаа хувь нэмэр гэж сэтгэлээ засаад ч болтугай бодитой үр дүн гаргахын төлөө өрсөлдөх ёстой-

-Таны боловсруулсан хуулийн төсөлтэй холбоотой асуух зүйл байна. Ер нь Монголд авлига, хээл хахууль, хулгай замаа алдлаа. Үүнийг та юу гэж харж байна. Үүнд танай намын үүрэг, роль багагүй байлаа шүү дээ. Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэх мэтээр?

-Манай төсвийн нийт орлогын 10 орчим хувь нь хулгайлагдаж байна гэдэг 2009 онд гарч байсан. Одоо энэ коэффициент өссөн гэж бодож байна. Бид Тавантолгойгоос ч юм уу экспортолж байгаа нүүрсний хэмжээ ихсэж байгаа. Орлого нь нэмэгдээд байдаг. Ард иргэдэд очихгүй байгаа. Эдийн засагтаа нөлөөлөөд байна уу гэхээр хөгжихгүй байгаа. Үүнийг шууд хулгайд явж байна л гэж боддог. Энэ бол нүдэн дээр илт байгаа. Зарим хүмүүс анзаарахаа больсон байна. Яагаад Эрдэнэтийн захирал байсан хүн заавал баян байдаг юм. Нэг хүнийг ярихаар аргагүй, аргагүй ийм юмны сайд байсан гэж хэлдэг. Төр ажилласан хүн баян байх ёстой мэт ойлголт төрчхөж байна. Шударгаар бизнес хийсэн хүн бол хамаа алга. Маш олон шударга гэж боддог компаниуд ЖДҮ, Хөгжлийн банкнаас зээл авсан байдлыг хараад бид гайхаж байсан шүү дээ. Үүнтэй адилаар Монголд өнөөдөр шударгаар баялаг бүтээж байгаа хүмүүс цөөхөн байгаа. Баялаг нэг талдаа төвлөрөхдөө хулгайн замаар төвлөрчихлөө. Би танд мөнгө өгөөд шийдвэр гаргууллаа гэхэд тэр авлига бол нийт мөнгөний багахан хэсэг нь. Давуу боломжууд олгож байгаа. Тендер байна. Ямар ч аймагт тендер зарлахад хэн авах гэж байгаад таамаг байдаг. Орон нутагт УИХ-ын гишүүний хамаарал бүхий компаниуд авдаг. Сүүлд нүүрсний хулгай яригдлаа. Мэдээж эрх мэдэлтэй хүмүүс тэр хулгайг хийнэ шүү дээ. Тэр мөнгө хаачсан бэ гэдэг асуудал. Урд өмнө дарга сайд хийж байсан асар их хөрөнгөтэй хүмүүс байдаг. МАН-д ч, манай намд ч байгаа. Яаж ийм их хөрөнгөтэй болсон юм гэдэг асуудал байна. Ингэж живээд байвал бид сүүлдээ дийлэхээ болино. Сонгуулийн үеэр мөнгө төгрөг тараагаад дийлдэхгүй байна. Ядаж байхад хууль тогтоомжоо ч өөрчлөхгүй байна. Улаан цайм УИХ-ын гишүүд мөнгө тараагаад байна. Одоо бүр үр хүүхдүүд нь гараад ирлээ. Яваандаа Улаанбаатар хотын орон сууцны хорооллууд дээр очиход тэр сайд, дарга байсан хүмүүсийнх нь гэнэ.

Одоо бид яах юм бэ гэдэг асуудал байна. Цаашид бид нэг гараанаас эхлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хулгайлсныг олж авъя. Цоорхой саванд ус хийгээд дүүрэхгүй. Манай улсын орлого тийм болчхоод байгаа байхгүй юу. Нийт дүнд нь хуваахаар 5 мянган ам.доллар давсан гэж яриад байна. Гэтэл 3 мянга байсан үетэйгээ адилхан амьдраад байна шүү дээ. Тэр зөрүү хэдхэн хүний халаас руу урсчхаж байна. Би судалгаа хийж үзсэн. 1992 оноос хойш 3 мянга гаруй хүн л төрийн өндөр дээд албан тушаал хашсан юм билээ. Энэ хүмүүсийг шалгаач ээ гэдэг л миний боловсруулсан хуулийн төслийн гол концепц. Мөнгө мөртэй. Хаашаа ч алга болохгүй. Манайхан чинь гоё тайлбартай шүү дээ. Эгч маань, тэр маань, энэ маань мөнгө өгсөн гээд л. Татвар төлснөө л гаргаад ир. Орлогоо нотолж чадахгүй бол улсын орлого болгоё л гэж байгаа юм.

-Энэ асуудлыг олон талаас нь харах нь зөв юм байна. Монголд мөнгөтэй хүнийг үзэн яддаг хандлага үүсээд байна. Асуудалтай хүмүүсээс асуудлыг нь харах ёстой. Таны боловсруулсан хуулийн төсөл цаашид хэлэлцүүлгийн шатанд явлаа гэж бодоход их олон ньюансыг бодох ёстой юм байна. Хуулийн төслөө намынхантайгаа зөвшилцөөд өргөн барих гэж байна уу аль эсвэл сонгуулийн дараа ч юм уу өөрөө өргөн барья гэдэг бодолтой байна уу?

-Намаас сонгогдсон УИХ-аас гишүүдэд танилцуулгаа хүргүүлчихсэн байгаа. Хэн түрүүлж дэмжсэнээр нь өргөн бариулья гэсэн бодол байгаа. Дэмжлэг авбал намынхаа бүлгээр хэлэлцүүлж, бодлогын түвшинд гаргаж ирье гэсэн амбиц байна. Хүн хэлмэгдүүлэхтэй холбоотой асуудал дээр маш болгоомжтой хандах ёстой. Шалгагдаж буй субъект нь төрийн өндөр дээд албан тушаалтан байна. Хоёрдугаарт, хамаарал бүхий этгээд гэж хэнийг хэлэх юм бэ. Таньдаг бүх хүмүүсийг нь хамаатуулаад байвал өргөн хүрээний асуудал болж хувирна шүү дээ. Тэгвэл хамаарал бүхий этгээд гэж хэнийг хэлэх юм. Гэр бүл. Гэр бүлийн тухай хуулиар зохицуулж өгсөн байгаа. Хөрөнгө орлогоо мэдүүлэх байдал тодорхой. Татвар мэдүүлсэн байхыг шаардана. Орлого бий болсон үеийн татвараа төлсөн байхыг шаардана. Өвлөж авсан хөрөнгө байвал баримтыг нь шаардана. Түүнээс илүү хөрөнгөтэй байвал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Одоогийн эрүүгийн хуульд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг заалт байгаа. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа гэж зүйл байгаа. Энэ чинь эрүүгийн эрх зүйн зарчим шүү дээ. Хэт их жигшмээр хүн байсан ч хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн бол орхих ёстой. Гэтэл үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг массаар нь шалгах гэхээр манай АТГ болон эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хүчин чадал хүрэхгүй байгаа. Хоёрдугаарт, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг. 2000 оны 10 сая төгрөг өнөөдөр 10 тэрбум төгрөг болчихсон явж байна гэж бодъё л доо. 2000 оны хууль ёсны гэдгээ нотолж чадахгүй л бол энэ үйлдэл үргэлжилсэн гэж харна.

-Сонирхолтой юм. Хуулийн төсөл цааш явбал нэлээн олон хүний хүч, цаг хугацаа орох юм байна. Засгийн газар авлигын асуудал аян зарлаад, онцгой анхаарлаа. Авлигатай тэмцэж байгаа Ерөнхий сайдын, МАН-ын бодлогыг хэр оновчтой, зөв явж байна гэж та харж байна вэ?

-Авлигатай тэмцэж байгаа бодлогыг 100 хувь дэмжиж байна. Ингэж хэлэхээр О.Алтангэрэл АН-ын дэд дарга байж МАН-ыг дэмжлээ л гэх байх. Гэхдээ хэрэгжүүлж буй арга хэлбэрийг нь 90 хувь эсэргүүцэж байна. Үр дүнгүй гэсэн үг. Авлигатай тэмцэж байна гэж ярьж байна. Бодитой алхмууд нь хаана хийгдэж байгаа юм. Өнөөдөр авлигатай холбоотой гэгддэг энэ хүмүүсийг шалгахад юу хийв. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд засагласан МАН-ын удирдлагуудаас авлигын хэрэгт хэд нь шалгагдав. Жишээлбэл, ЖДҮ-ийн асуудалд нэр холбогдсон хүмүүс ямар хариуцлага хүлээв. Нүүрсний хулгай гээд баахан яригдсан. Хаана байна тэр нүүрсний хулгайчид нь. Орон нутгийн өмчит жижиг Тавантолгой тойрсон асуудлыг тойроод л өнгөрсөн. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат нь л гэхэд ямархуу холбоотой байсан гээд таамаглалууд нь гарсан. Үр дүн нь хаана байна вэ.

-Авлигатай холбоотой олон асуудал өрнөлөө. Олон хүмүүс ч холбогдлоо. Олон намын төлөөлөл ч байна. Авлига, хулгай, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх тал дээр та намын дэд даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хүмүүсийг дэвшүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарах ёстой. Энэ асуудлаар ҮБХ хэлэлцэж, нэр дэвшүүлэх журмаа улс төрийн зөвлөлөөр хэлэлцэж баталж байгаа. Цаашид ч тууштай байр сууриа илэрхийлнэ гэж бодож байгаа. Бүгдээрээ л ярьж байгаа нэг тайлбар нь шүүхийн шийдвэр. Зарчим нь зөв. Гэхдээ хуулиас давсан намын механизм хэрэгтэй л байгаа юм. Тодруулбал, намын институц төлөвшөөд дотооддоо асуудлаа шийдэхэд энэ асуудал дээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй байх дээр нэгдэж чаддаг механизм хэрэгтэй.

-Хоёр зүйл дээр үндэслэж шийдвэр гаргах байх. Мэдээж шүүх дээр хэлэлцэгдэж байгаа бол асуудал. Намууд түүчээлээсэй гэж бодож байгаа зүйл нь, илт асуудал дээр нэр нь орж ирсэн хүмүүсээ түр хойш нь тавиач ээ гэдэг л зүйл. Ярилцлагын төгсгөлд бүсчилсэн тойргийн онцлогийг асууя гэж бодож байна. Санхүү зардлыг нь залуус дийлж гарч чадах болов уу?

-Ер нь хүнд. СЕХ-ноос зардлын дээд хэмжээг нэг тэрбум 378 сая гэж гаргаж ирсэн. Энэ мөнгийг дунд зэргийн бизнестэй хүн хүртэл гаргахад асар хэцүү мөнгө шүү дээ. Тийм учраас санхүүгийн хувьд нэлээн том дарамт болж байгаа юм. Цаашид яаж энэ зардлыг багасгах юм бэ гэдэг дээр өөрчлөлт оруулах байх. Хамгийн гол зардлууд бол ухуулга сурталчилгаатай холбоотой л зардал шүү дээ.

-СЕХ-ноос гаргаж байгаа зардлын дүн бол хуулиараа хүлээн зөвшөөрөгдсөн зардал. Үүний цаана ямар их зардал гардгийг бид бүхэн мэднэ шүү дээ. Тэгэхээр нэг тэрбум бол наад захын л зардал байх нь?

-Нэг тэрбум 378 сая төгрөг. Энэ мөнгийг хаанаас яаж олох юм бэ гэдэг асуудал. Жишээлбэл, би бол сүүлийн жилүүдэд улс төрд идэвхтэй яваа хүний хувьд хүмүүсийн хандиваар босгоно. Гэтэл нийт дүр зургаар нь хараад үзэхэд, нэг намын систем рүү явах гол үндэс болно. Эрх барьж байгаа болон төрийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст давуу байдал байгаад байна. Гэхдээ би ярилцлагын эхэнд хэлсэн. Энэ дарамтыг яаж ийгээд давна гэж бид үзэх ёстой. Мэдээж эрх баригчид бидэнд хүнд байлгах гэж хичээнэ. Бид үүнийг давах ёстой. Нийт эрх ашгаа бодоод бүсчлэх нь цаашид улс орны эрх ашигт хэрэгтэй. Үгүй ядаж мөнгө төгрөг багатай ч сонгуульд өрсөлдөж байгаа чинь ардчилалд оруулж байгаа хувь нэмэр гэж сэтгэлээ засаад ч болтугай бодитой үр дүн гаргахын төлөө өрсөлдөх ёстой.

Ярилцсанд баярлалаа

ТАНИЛЦ: “Оскар-2024” наадмаас тодорсон шагналын эзэд
ТАНИЛЦ: “Оскар-2024” наадмаас тодорсон шагналын эзэд
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.