Нэг өглөө сэрэхэд л талхны үнэ нэмэгддэг нь бичигдээгүй хууль.Өнөөдөр “Атар” талхны үнэ дунджаар 2530 төгрөг байна. Өнгөрсөн хугацаанд “гурилын үнэ нэмэгдсэн” гэх шалтаанаар нэмэгдсээр 3000 төгрөгт дөхжээ.
Ургац хураалт муу, улаанбуудайн үнэ нэмэгдсэн, импортын үнийн өсөлт, бензиний үнэ нэмэгдсэн зэрэг олон шалтгаанаас үүдэн гурилын үнэ өссөөр байгаад нэгэнт дөжирчээ. Зөвхөн өнгөрсөн жилийг авч үзвэл гурилын үнэ 4-12 удаа нэмэгдсэн байдаг. Өнөөдрийн байдлаар “Алтан тариа” савласан нэг килограмм гурил дээд зэрэг нь зах, дэлгүүргийн лангуун дээр 2800-3100 төгрөгийн үнэтэй байгаа бол 1-дүгээр зэргийнх 2200-2600 төгрөг, 2 дугаар зэргийнх 1489-1800 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Гурилын үнэ өссөн энэ цаг үед Засгийн газар үнийг хязгаарлахын тулд гурилыг импортын татвараас чөлөөлж байгааг мэдэгдсэн. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулахдаа тодорхой хугацаа, квот заагаагүй болохыг тодотгож байв. Тэрбээр “Улсын хэмжээнд гурилын үнэ өндөр байгаа талаар иргэд шүүмжилж байна. Импортоор гурил оруулж ирвэл үнэ нь буурна гэж үзэж байгаа. Өмнө нь импортын татварыг тэглэх асуудал тодорхой хугацаатай байсан. 3-6 сарын хугацаанд импортын татварыг тэглэх асуудал яригддаг байсан. Харин энэ удаад тодорхой хугацаа заагаагүй. Мөн импортоор оруулж ирэх гурилд хэмжээ заагаагүй. Энэ нь зах зээл дээр гурилын үнэ бодитой болох нөхцөлийг хангах зорилготой” гэсэн юм. Харин энэ шийдвэрт үйлдвэрлэгчид /тариалан, гурил/ худалдаа эрхлэгчид гомдолтой байгаа. Тэд “Импортын гурилын татварыг тэглэвэл Улаанбаатар, Хурх, Алтантариа, Өег зэрэг гурилын үйлдвэрт ажиллаж байгаа 10 мянган хүн ажилгүй болно. Энэ эрсдлийг тооцох ёстой” гэсэн байр суурь илэрхийлж буй. Тэдний үг оргүй биш.
Гурилыг импортын татвараас чөлөөлөх нь тэнгэрт хадсан үнийг буулгах боломжтой ч дотоодын зах зээл “донсолж” мэднэ. Иргэд үндэсний үйлдвэрлэлийн гэх тодотголтой үнэтэй гурил худалдан авахаас илүү хямдыг нь сонгоно. Эргээд дотоодод эргэлддэг төгрөг гадагшаа валютаар солигдохын хэрээр газар тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгчид “дампуурах” эрсдэл ч отож буй. Энэ асуудалд эдийн засагч дараах байр суурийг илэрхийлж байна.
Бодлого судалгаагүй шийдвэр эдийн засагт хортой
Эдийн засагч Д.Бямбахорлоо
-Засгийн газар гурилыг импортын татвараас чөлөөлсөн нь зудын нөхцөл байдлаас шалтгаалсан түр зуурын арга хэмжээ болов уу гэж харж байна. Энэ нь түүхий эдийн дутагдал, цаг үеийн нөхцөл байдлаас болж ийм шийдвэр гарсан байх. Урт хугацаанд энэ шийдвэр үргэлжилбэл үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын эсрэг болно. Тариалан эрхлэгчдийг өнгөрсөн хугацаанд дэмжсэн төсөл, арга хэмжээ ямар ч үр дүнгүй болж дотоодын зах зээл доголдох эрсдэл үүснэ гэв.
ХЭН буруутай вэ?
Нөгөөтэйгүүр, ургац хураалт муу бол гурилыг импортын татвараас чөлөөлөх байдлаар “гал унтраах”-аас өөр аргагүй болохыг эдийн засагчид хэлдэг. Тэгвэл өнгөрсөн жилийн тухайд сүүлийн тав, зургаан жил байгаагүйгээр ургац арвин байсныг салбарын сайд нь Засгийн газрын индрээс онцолж байлаа. Гэсэн ч гурилын үнийг барих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэлсэн үгэндээ “Гурилын үнэ зах зээлийнхээ зарчмаар явна. Улаан буудай, гурилын үнийг зохиомлоор өсгөх боломжгүй. Яагаад гэвэл 10 гаруй гурилын үйлдвэр өрсөлдөж байгаа учраас аль болох хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Цементийн 3-4 үйлдвэртэй адил гурилын үнийг барих ямар ч боломжгүй” гэж байлаа.
Эсрэгээрээ гурил үйлдвэрлэгчид зохиомлоор үнээ нэмж төрийн бус байгууллагатай үгсэн хуйвалдсан болохыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдсэн удаатай. Тус газрын дарга Б.Билгүүн “Улаанбуудайн гурилын 90 орчим хувийг эзэлдэг. Улаанбуудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ эрс нэмэгдсэн нь үндэслэлгүй юм гэдэг дүгнэлт гаргаж хэрэг үүсгэсэн” гэж өнгөрсөн сард олон нийтэд зарласан юм.
Гурилын үнийг авч үзвэл энэ оны нэгдүгээр сараас хойш дээдийн дээд гурилын үнэ таван удаа нэмэгдэж нэг килограмм гурил тутамд 630 төгрөг, дээд гурилын үнэ 9 удаа нэмэгдэж 405 төгрөг, нэгдүгээр гурилын үнийг 9 удаа нэмж 267 төгрөгөөр тус тус үнэ өсчээ. Мөн л хоёрдугаар гурил 154 төгрөгөөр нэмэгдсэн гэх дүн мэдээ бий.
Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс дотоодын зах зээлийг хамгаалахын тулд импортын татварыг 70 хүртэл хувиар нэмэгдүүлэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд оны босгон дээр уламжилсан байдаг. Өөрөөр хэлбэл, улаанбуудайн үнэ нэмэгдээгүй байхад ШӨХТГ-ын хэлж байгаа шиг гурилын үйлдвэрийнхэн үгсэн хуйвалдаж үнээ нэмж байгаад зах зээлээ импортын гурилд алдах уу гэдэг асуулт гарч ирнэ. Ер нь бол “Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан” гэгчээр гурил үйлдвэрлэгчид үнээ нэмээгүй бол магадгүй төгрөгөө валютаар “солиход” хүрэхгүй байсан биз.