Гудамж бүрт л золбин нохдын айдас дүүрэн харц, сүүлээ хавчин зугтаасаар зөрнө. Тэрхүү өрөвдөлтэй хайр хүссэн харцыг хүмүүсийн шидсэн чулуу, уурлаж зандарсан хоолой айдас болгож хувиргасан нь даан ч харамсалтай. Монголчуудын амьтан тэжээнэ ч гэж дээ. Товчхондоо “өмч” гэж үзэх хандлагатай. Ихэнх нь л нохдыг хашаандаа насаар нь төмөр гинжээр уяж, угаадсаар хооллолдог гэхэд буруудахгүй. Болохгүй бол төөрүүлээд хаячихна.
Дэлхийн 124 орон нохой, муур, тэдгээртэй адилтгах гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах, хяналттайгаар үржүүлэх, бүртгэх, худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулсан хуультай.
Уг нь Монгол Улсад анх удаа Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг хууль иргэд болон амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын дунд хүлээлт ихтэй байв.
Манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах нохой, муурны асрах газар буюу хар үнэгний аж ахуйн байран дээр очтол засвар хийж байгаа гурван хүнээс өөр амьд амьтан байсангүй. Түр асрах байр буюу хашааг нурааж, шинээр нохой, муурыг төрөл, үүлдрийн онцлог, биеийн хэмжээнд тохирсон 900 метр квадрат байрны засварын ажил явагдаж байв. Засвар дөрөвдүгээр сарын 15-нд бүрэн дуусах аж. Ингэснээр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэх бөгөөд мал эмнэлгийн ерөнхий газар асрах байрны үйл ажиллагааг хариуцах гэнэ.
Харин энд байсан нохдыг хаачсаныг 13 дугаар хорооны ажилтнаас асуутал "Бүгдийг нь буудсан" гэх хариулт өгөв.
Хэвлэлээр явсан мэдээллийг шүүж үзэхэд хоёрдугаар сарын 1-нд 70 гаруй нохой энд байжээ. Үйл ажиллагаа жигдрээгүй гэх шалтгаанаар түр байранд байсан нохдын хэдийг буудсан, хэдийг эзэнд нь буцааж өгсөн гэх зэрэг нарийн тоон мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Ерөнхийдөө бүртгэл хөтлөөгүй юм байна лээ. Уг нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд нохой, муурыг аль байршилаас барьсан, нас, хүйс, өвчинтэй эсэх талаар бүртгэл хөтөлж, галзуу өвчинтэй нохойг л устгалд оруулна гэж заасан. Гэхдээ энд авчирсан бүх нохой галзуу өвчтэй байсан уу гэхээс өөр зөвтгөлийн асуулт бидэнд үлдсэнгүй.
- Асрах байранд 500-1000 нохой, муур байхаар тооцож байна -
Тиймээс бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодруулахад "Хуулийн дагуу эзэнгүй нохой, муурыг буудаж устгахгүй болсон. Мал эмнэлгийн дүгнэлтээр өвчтэй, галзуу зэрэг аюул эрсдэлтэй болох нь тогтоогдсон нохой, муурыг устгалд оруулах юм. Барьсан нохой, муурыг тухайн түр байранд байршуулж эзэн нь олдсон тохиолдолд буцаан өгсөн. Зарим өвчтэй нохойг буудсан. Төсөвт тодотгол хийж нохой, муурны хоолны зардал, үйл ажиллагаа болон асрах байрны зардлыг шийдсэн. Асрах байранд 500-1000 нохой, муур байхаар тооцож байна. Уг хуулийн үр дүн эхний жилдээ гарахгүй. Нохой, муурыг буудаж устгахаас илүүтэй үржил хязгаарлах мэс засал хийхээр энэ асуудал явцдаа цэгцэрнэ" гэв.
Бидэнд олдсон мэдээллээр нийслэлийн төсөвт нэг нохойны хоолны зардал 500-1000 төгрөг, асрах байр барихад 1.2 тэрбум төгрөг, нэг нохой, мууранд үржил хязгаарлах мэс засал хийхэд 150-200 мянган төгрөг байхаар тооцжээ.
Гэвч "Саалиа бэлдэхээр, саваа бэлд" гэгчээр эзэнгүй нохдыг орогнуулах байр, саваа бэлдээгүй байж хуулийн хугацаанд баригдан түр асрамжлах байр гэх нэртэй хашаанд нохдыг хашаалсан. Ингээд зогсохгүй нохдыг хооллох хоолны төсөвгүй, нохойг барихдаа амьтантай харьцаж мэдэхгүй хүнээр бариулахын сацуу нохойг гурилны уутанд хийн амыг нь боон автомашины чиргүүл дээр шидэж байгаа дүр зураг олонтаа харагдсан.
Тиймээс хууль баталсан нь дэвшил хэдий ч хэрэгжилтийг нь сайтар тооцож, анхан дунд шатны албан хаагчдыг мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Хэрэгжилтийг үе шатаа тооцоогүйгээс, эсвэл хууль хэрэгжих хугацаатайгаа ажлаа уялдуулаагүйгээс болж түр орогнуулах байранд ирсэн нохой, муурны хэдийг нь устгаж, хэдийг нь эзэнд нь өгсөн нь тодорхойгүйгээр "Бүгдийг нь буудсан" гэх үгээр ам таглаж суугаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Нохой ч амьсгалах эрхтэй гэдгийг нь энд сануулах нь илүүц биз.
НИТХ-ын 2016 оны 6/11 дүгээр тогтоолоор 1 нохой, муур устгах зардлыг 12 мянган төгрөг байхаар тогтоосон бөгөөд 2021 онд зөвхөн Улаанбаатар хотод эзэнгүй нохой, муурыг устгахад 1.2 тэрбүм төгрөг төсөвлөсөн.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны мэдээлснээр жилд 100 мянган эзэнгүй нохой, муур устгахаар төлөвлөдөг бөгөөд гүйцэтгэлээр жилд дунджаар 80-90 мянган эзэнгүй нохой, муур устгадаг байна. Гэвч үлдсэн 220 гаруй эзэнгүй нохой, муур жилд 2.3 дахин нэмэгдсээр байх тул ингэж өндөр өртгөөр устгал хийх нь үр дүнгүй юм. Тиймээс уг асуудлыг бодитойгоор шийдвэрлэх ганц гаргалгаа нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль гэж үзсэн ч ч хонх нь дуугарахад дамар нь таг гэгчээр юм болоод байна.