Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Энэ удаагийн сонгуульд 14 нам оролцохоор бүртгүүлсэн ч гол тулаан МАН, АН хоёрын дунд өрнөх нь тодорхой. УИХ-ын сонгуульд навс ялагдаж намын удирдлагуудаа сольж шинэчилж байгаа АН энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний багийн удирдлагын дор нэлээд хүчтэй оролцохоор зэхэж байна.
В.Путины стилээр нэгдсэн АН байгуулах санаачлага гаргаж байгаа Х.Баттулгын хамтралд АН-тай иргэний хөдөлгөөн, шинэ нам, “Буянгийн Жагаа” нар нэгдээд байгаа. Тэгвэл хамгийн сонирхолтой нь Н.Энхбаяр тэргүүтэй МАХН уг нэгдэлд хүч нэмж байгаа ажээ. Ийнхүү Н.Энхбаяр АН-ын хаяа дэрлэх өдөр иржээ. Ердөө арван жилийн өмнө Н.Энхбаяр АН-д элслээ гэж сонссон бол үүнийг онигоо гэж ойлгох байлаа. Гэвч хувь заяаны егөөдөл түүнийг өнөөдөр АН-тай ийнхүү холбох болов. Нэрт нийтлэлч Б.Цэнддоо нэгэнтээ “АН-ынхан Н.Энхбаяр гэж мангастай олон жил байлдаж арай хийж дарж аваад унтаад сэртэл хамтрагч болчихсон байв” гэж бичиж байлаа. Тэгвэл яг энэ үйл явдал амьдрал дээр бодитой болж байна. МАН-ыг буулгаж авахын тулд АН эртний өстөн Н.Энхбаяртайгаа андын тангараг өргөжээ.
Товчхондоо энэ удаагийн сонгуульд МАН ба бусад гэсэн тулаан явагдах нь тодорхой боллоо. АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялагдсан хүмүүс нийслэлийн сонгуульд хүч үзэх нь тодорхой болсон. АН-ын гол лидерүүд орон шоронд орж, байгаа хэд нь намаасаа гарсан Х.Баттулгын гэгдэх фракц дээр нэмэх нь Ж.Батзандан, Л.Болд, Н.Энхбаяр, Б.Жаргалсайхан, Г.Уянга гэсэн хоршил анх удаа АН-ыг удирдаж орон нутгийн сонгуульд оролцох гэж байна.
Тэд энэ удаагийн сонгуульд ялахын тулд нэгэн сонирхолтой төлөвлөгөө сэдэж олсон Н.Энхбаярыг хотын дарга болгох тохироо ажээ. Монгол Улсын төрийн гурван өндөрлөгөөр ажиллаж байсан, үндэсний хэмжээний лидер хүн мэдээж хэрэг том тохирооны дагуу АН-тай нэгдэх нь дамжиггүй. Нөгөө талаасаа АН өмнө нь 2012 оны сонгуульд Э.Бат-Үүлийг хотын дарга болгоно гэж зарлаж орсноор амжилт олж байсан. МАН-ын хувьд хотын даргаар зарлаж орох томоохон лидер байхгүй. АН өмнө нь ашигласан тактикаа сэргээж энэ удаад ард түмэнд танигдсан томоохон лидерийг хотын даргаар зарлах нь зүйтэй гэж үзсэн байна. Тэгж зарлахад тохиромжтой шалгуур хангах хүн нь Н.Энхбаяр мөнөөс мөн бөгөөд ард түмэнд жинхэнэ сюрприз байж чадах нь ойлгомжтой. Сүүлийн хэдэн сонгуульд улс төрийн машинд тайруулж сонгуульд оролцож чадахгүй байгаа Н.Энхбаяр ч Ерөнхийлөгчийн нийгүүслээр нэр дэвшигчийн үнэмлэх гардаж, хотын мээр болоход юунд нь татгалзах билээ. Ийнхүү Монголын улс төрд МАН ба бусад гэсэн шинэ тулаан өрнөх нь тодорхой боллоо.