Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОХ-ны удирдлагыг хүлээн авч уулзав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны удирдлагыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсан Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт баяр хүргэж, тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн томилогдсонд олзуурхаж байгаагаа илэрхийллээ.

МҮОХ-ны удирдлагын зүгээс хорооны үйл ажиллагааг сайжруулах, монгол тамирчдын дэлхийд тавцанд гаргаж буй амжилтын түвшнийг ахиулах чиглэлд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаасаа танилцуулж, төр засгаас спортыг бодлогын түвшинд дэмжих нь чухал байгаа талаар ярилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр монголчууд спортлог ард түмэн учраас монгол тамирчдын авьяас чадварт итгэдэг гэдгээ онцолсон юм. Гэвч Монгол Улсын шигшээ баг анх оролцож байсан 1964 оны Токиогийн олимп, 1968 оны Мехикогийн олимпоос хойш сүүлийн олимп хүртэлх хугацаанд монголын шигшээ багийн оролцсон төрлүүд, гаргасан амжилтыг дүгнэхэд МҮОХ-ны үйл ажиллагаа чамлалттай санагддаг гэв.

Иймээс МҮОХ-ны үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийх, МҮОХ-ны гадаад харилцааг идэвхжүүлэх, гаднын орнуудаас багш, дасгалжуулагч авчирч, туршлага хуваалцаж ажиллахад онцгой анхаарал хандуулах ёстой гэв. Ингэж байж монгол тамирчдын амжилтын түвшинг дээшлүүлж, олимпын наадмаас хүртсэн хоёрхон алтан медалийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Түүнчлэн Монгол Улсад жилийн зургаан сард нь хүйтэн уур амьсгалтай учраас өвлийн спортын төрлүүдийг эх орондоо хөгжүүлж, монголын баг тамирчид өвлийн олимпод амжилттай өрсөлдөх боломжтой гэлээ.

Уулзалтад, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцлоо.

“Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн анхны орон нутгийн сургалт Хөвсгөл аймагт болж байна
“Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн анхны орон нутгийн сургалт Хөвсгөл аймагт болж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.