Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Нийслэлийн зүүн бүсэд баригдаж байгаа “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцтай наадмын өмнө танилцаж байсан бол өнгөрөгч амралтын өдөр /2020.08.22/ үүрэг даалгаврын биелэлтээ биечлэн шалгалаа. Шахмал түлшний үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийн угсралт, цахилгаан хангамжийн ажлыг зургийн дагуу хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэхийг даалгасан бөгөөд ашиглалтад орсны дараа үйлдвэр хэвийн ажиллах бүх нөхцөл бололцоог ханган ажиллахыг зөвлөлөө.
“Таван толгой түлш” ХХК нь угаарын хийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулж, нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхөд хүрч ажиллахаар төлөвлөжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил сайжруулсан шахмал түлш борлуулах 1000 цэг ажиллуулснаар 200 өрх тутамд нэг цэг оногдоно. Үйлдвэрлэлийн ажилд оролцох 800 ажилтныг Налайх, Багахангай, Төв аймгаас бүрдүүлэхээр ажлын анкет хүлээн авч сонгон шалгаруулалт явуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулж, мэдлэг бататгах шалгалтад тэнцсэн ажилчид ажиллах эрхтэй болох юм.