Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Онон: “Бүтэн амьдрал“-ын Номингийн дүрд тоглохын тулд 26 кг жин хассан

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
9 минут 55 секунд

UBN story булангийнхаа энэ удаагийн зочноор "X ТҮЦ" продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан З.Ононг урьж ярилцлаа. Цахим орчинд орчинд өөрийн гэсэн орон зайг бий болгож, 500 гаруй мянган дагагчтай болсон тэрбээр, хар бараан мэдээлэл дунд өөрийн хүчээр гэрэл асааж, үг, үйлдлээрээ олон залууст үлгэрлэж яваа авьяаслаг уран бүтээлч бүсгүй юм.

-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээл дээрээ ажиллаж байгаа юм байна. Завгүй л гүйгээд байна уу?

-"X ТҮЦ" продакшн 7 жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч, цоо шинэхэн хошин шоу тоглолтоо гуравдугаар сарын 1-нээс нээх гээд бэлтгэлдээ орчихсон байна. Долоон жилийн дараа тайзан дээр гарч байгаа учраас бүгд маш их айдастай. Шаргуу бэлдэж байгаа. Зарим үед шөнийн 3.00 цаг хүргэж байгаа учраас хүүхдүүдтэйгээ хэзээ таарснаа ч санахгүй байна. Намайг гэртээ очиход унтчихсан. Өглөө сэрэхэд хичээлдээ явчихсан байдаг.

-Долоон жилийн дараа хамтлагаараа цуглаад хамтдаа бэлтгэл хийх ямар байна. Нэгнээ санаж, үгүйлсэн хүмүүс л байгаа болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Өрөөндөө цуглаж уран бүтээл яриагүй, хамтдаа тайзан дээр гараагүй их удсан байна. Ажлаа болон нэг нэгийгээ маш их санасан байсан нь мэдрэгдэж байгаа. Арав гаруй жил тойрч суугаад ярьдаг байсан яриануудаа дурсаад, шинэ уран бүтээлийнхээ талаар ярилцах маш гоё, нандин байсан. Хуучин цагаа дурсаад хуучин номеруудаа сэргээж үзсэн чинь хөгширч байгаа юм болов уу даа уйлна лээ. /Инээв/

-Долоон жилийн дараах хамтрал болохоор үзэгчид ч хүлээлт өндөр байгаа байх. Тоглолтынхоо онцлогийн талаар товчхон мэдээлэл өгвөл?

-"X ТҮЦ" продакшныхан хэзээд чанартай уран бүтээл хийхийг эрмэлздэг. Бүрэн бүрэлдэхүүнээрээ долоон жилийн дараа тайзан дээр гарах гэж байгаа учраас бүгд маш их айдастай байна. Бүгдээрээ маш их хичээж байгаа. Тиймээс маш гоё тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Үзэгчдээ, тайзаа санасан хүмүүс бүх сэтгэл зүрхээ зориулж байгаа гэдэг нь л хамгийн том онцлог байна. Бусдыг нь ирээд үзэхэд болох байх.

-Хоёулаа урлагийн хүн болохоор ажил мэргэжлийн онцлогоо ойлголцоод амар байдаг байх. Бусдаар бол эхнэр нь шөнө орж ирээд хүүхдүүдтэйгээ таарах завгүй ажиллахыг хүлээн зөвшөөрнө гэдэг энгийн хүнд бол амаргүй байх?

-Жүжигчний мэргэжил маш хүнд. Ялангуяа эмэгтэй хүнд. Яагаад гэхээр хүүхэд, гэр бүлдээ цаг зав маш бага гаргадаг. Товчхондоо бол сайн ээж байхад хэцүү. Зарим тохиолдолд кино зураг авалтад яваад 6, 7 сар гэртээ ирэхгүй. Тоглолтын бэлтгэлтэй үед шөнийн 3, 4 хүргэж гэртээ харина. Тоглолт эхэлчихээр нөхөр хүүхдүүдээ ажил, хичээлээ тараад ирэнгүүт нь зөрөөд гэрээсээ гардаг. Заримдаа өглөө 08.00-17.00 цаг хүртэл ажлаа хийчихээд гэртээ халуун хоол цай хийгээд нөхөр хүүхдүүдээ хүлээж байгаа ээжүүдэд атаархдаг.

Манай гурван хүүхэд энэ байдалд бүр дасчихсан. Аав нь бас урлагийн хүн болохоор бид хоёрыг хоёулаа байхгүй үед хоёр талын аав, ээжүүд маань арыг бат даадаг. Гэр бүлийнхэн бүгдээрээ мэргэжлийг минь ойлгодог болохоор өдий хүртэл уран бүтээлээ хийгээд, чамлахааргүй амжилт гаргаад явж байгаа болов уу гэж боддог. Миний хань бол маш мундаг. Зөөлөн, халамжтай, сайхан хүн байдаг. Намайг маш сайн ойлгож, дэмждэг ч баярлалаа гэж зориулж хэлж байгаагүй юм байна. Одоо танай сайтаар дамжуулаад хэлчихье. Хайрдаа маш их баярладаг шүү. Чинийхээ хүчинд З.Онон гэдэг уран бүтээлч, уран бүтээлээ маш тайван жаргалтайгаар хийж явдаг юм шүү гэж хэлмээр байна.

-Та болон таны нөхөр хэдэн дагагчтай вэ?

-Би яг өнөөдрийн байдлаар фэйсбүүкэд 524 мянга, инстаграмд 281 мянган дагагчтай байна. Харин манай хүн фэйсбүүкэд 407 мянган дагагчтай.

-Танай гэр бүл сошиалд идэвхтэй байдаг. Үүнийг дагаад сайн, муу, сайхан, муухай маш их дайралтууд ирдэг байх. Яаж хүлээж авдаг вэ?

-Анх нөхрөө чадаад, дүүгээ чаддаг бичлэг хийж эхэлж байхад "2, 3 хүүхдийн ээж юм байж тэнэг хүүхэн "гээд янз бүрээр л хэлдэг байсан. Эхэндээ надад их хүнд тусдаг байсан. Би өөрийнхөө пэйж хуудсыг аль болох стрессгүй, инээд хөөр баярлах зорилгоор хөтөлдөг. Гэтэл яагаад ингэж байгаа юм бол доо гээд гайхаж, хямардаг байсан. Одоо бол юу ч наалдахаа больсон. Заримдаа лайв хийж байхад хүмүүс "Найруулагч нь байна уу. Энэ хүүхнээ аваач ээ. Сошиал наймаачин боллоо" гээд бичиж л байдаг юм. Чин үнэнийг хэлэхэд уран бүтээлчид бид чинь тийм өндөр цалинтай хүмүүс биш шүү дээ. Тогтмол орлоготой ч хүмүүс биш. Манай гэр бүлийн тухайд хоёулаа урлагийн хүн. Гурван охинтой. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа билээ. Хүссэн, хүсээгүй өөр эх үүсвэрээс орлоготой байхыг шаардаж байна. Тиймээс өөрт байгаа боломжоо ашиглаж байгаа л хэлбэр. Би чинь бас адилхан л амьдарч байгаа хүн шүү дээ. Гурван хүүхдээ тэжээх гээд явж байгаа залуу гэр бүл. Гэтэл яагаад миний хувийн амьдрал, дансан дахь мөнгө рүү өнгийгөөд байгааг ойлгодоггүй. Үнэхээр дургүй бол дагахаа больчих хэрэгтэй гэж л хэлмээр санагддаг даа.

-Тантай уулзсаных "Бүтэн амьдрал" киног дурсахгүй өнгөрч болохгүй байх. 2020 онд нийт монголчуудыг байлдан дагуулж, өнөөдрийг хүртэл таны нэрийн хуудас болж байгаа Номингийн дүрийг эргээд нэг дурсвал?

-Саяхан юм шиг санагдаж байгаа ч хэдийн ээ 4 жил өнгөрсөн байна. Төрөөд удаагүй, бага охин маань 6 сартай байхад Номингийн дүр дээр ажиллах санал ирж байсан. Найруулагч С.Баттулга ах над руу залгаад, "24 ангитай кино байна. Чи үүрч гарна. Зохиолын гол дүр. Өвчтэй хавдартай эмэгтэйн дүрийг бүтээнэ. Зохиолоо авах уу" гэсэн. Төрөөд удаагүй 80 кг жинтэй уул, овоо шиг хүн зохиолоо авах гээд Боловсрол телевиз дээр очсон чинь С.Баттулга найруулагч намайг хараад цочсон гэсэн. "Намар гэхэд яах бол.Турж чадах болов уу" гэж бодсон гэсэн. Би хавар зохиолоо аваад хавдартай эмэгтэйн дүр бүтээх учраас турах ёстой гэсэн зорилго тавиад маш их хичээсэн. Үр дүнд нь намар зураг авалт эхлэхэд 54 кг болчихсон. Өөртөө итгэлтэйгээр зураг авалтаа эхлүүлж байсан. С.Баттулга ахдаа маш их баярладаг. Би амьдрал дээрээ Номингийн дүрээс тэс өөр хүн. Дээрээс нь 80 кг хүрчихсэн тэр тарган хүнд Номингийн дүрийг өгөөд энэ л чадна гэж итгэл хүлээлгэсэнд баярлаж явдаг. Миний сонссоноор тухайн үедээ маш их эсэргүүцэлтэй тулгарсан ч З.Ононг л авахгүй бол би энэ киног найруулахгүй гэж зөрөөд намайг авсан байсан. Тэр их итгэлийг дааж, амжилттай ард нь гарч чадсан гэж бодохоор одоо ч сайхан санагддаг.

-"Бүтэн амьдрал" кино тэр дундаа Номингийн дүр үзэгчдэд маш өндөр сэтгэгдлийг үлдээсэн. Маш олон хүнд хүрч, хүмүүсээс магтаалын үгийг харамгүй сонссон байх?

-Кино гарч эхлэхэд л мэдрэгдэж эхэлсэн. Олон хүнээс урмын сайхан үг сонссон. Над руу чат бичиж үхэхгүй биз дээ гэж үнэн сэтгэлээсээ асуусан маш олон хүн байсан. Г.Эрхэмбаяр ах руу чат бичиж уурласан хүмүүс ч их байсан. Энэ киноны дараа би урлагийн хүн ийм мэдрэмж авдаг болохоор мэргэжилдээ хайртай байдаг юм байна гэдгийг ойлгосон. Таарсан хүн болгон хайр, халамж мэдрүүлж байсан тэр нандин мэдрэмж одоог хүртэл надад мэдрэгддэг.

-Ярилцсанд баярлалаа.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.