Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: Би сайд болсноосоо хойш биржээс эхлээд олон зүйл дээр нүүрстэй амьдралаа холбочихсон улстөрчдийн дургүйг хүргэсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
25 минут 19 секунд

"Лхагвын тойм" хөтөлбөрийн зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар оролцлоо. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Нүүрстэй холбоотой экспорт нэмэгдлээ. Өмнө нь байгаагүй хэмжээний нүүрсийг гадагш гаргалаа шүү дээ

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бол бодлогын яам. 2011 оноос хойш Уул уурхайн яаманд харьяалагдаж байсан ялангуяа бизнесийн байгууллагууд томоохон уурхайнуудыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дор харьяалуулсан. Яамдуудыг бизнес, аж ахуйн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх бодлого баримталсан нь зөв. Энэ бодлогынхоо хүрээнд уул уурхайн яам экспортын чиглэлд анхаардаг. Импортын гол бүтээгдэхүүн шатахуун бензин тосны асуудлыг ч давхар хариуцдаг. Та сая хэллээ. Түүхэнд байхгүй их хэмжээгээр буюу 71 сая тонн нүүрс экспортолсон. Өмнө нь хамгийн ихдээ 35-36 сая тонн нүүрс экспортолдог байсан. Дунджаар 30 сая тонн нүүрс экспортолдог байлаа. Зэсийн экспортын хувьд дунджаар 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолдог байсан бол 1.5 сая тонныг гаргаж байна. Энэ бол том тоо шүү. Цаашдаа ч гэсэн зэсийн баяжмалын экспорт нэмэгдэх бүрэн боломжтой. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн. Алт бас манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг. Алтны хувьд дундаж нь 20 тонн гэж төлөвлөсөн боловч 18 тонн алт Монголбанкинд тушаасан. Гэхдээ алт байгаль орчныг их сүйтгэж байна. Бид хуучин алт хөтөлбөр гэж зарлаж байсан шиг эрчимжсэн бодлогын чанартай арга хэмжээ аваад аймаг бүрт алт ухуулах бодлого барихгүй. Бичил уурхай нэрийн дор алт асуудал үүсгэж байгаа аймгууд бол байна. Асуудал үүсгэдэггүй аймгууд ч байна.

Шулуухан хэлэхэд хууль хяналтын байгууллага, улстөрчид, аймгийн Засаг дарга, ИТХ-тайгаа нийлж хулгайн аргаар алт ухдаг.

Ямар аймаг ?

-Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа учраас зарлах шаардлагаггүй. Бичил уурхай нэрийн дор түгээмэл тархацтай гэх нэрийн дор асуудлууд хөндөгдөж байгаа. Элс, шавар, хайрга, дайрга ухах ёстой байтал алт жонш ухдаг болсон.

-Тэгвэл аймаг, орон нутгийн удирдлагуудад улс төрийн хариуцлагын асуудал яригдана биз дээ

-Хууль, хяналтын байгууллагаар тогтоосон тохиолдолд хариуцлагын асуудал яригдана. Тийм ч учраас Ашигт малтмалын тухай хуулиараа бичил уурхайг хумина. Бичил гэхээр дэлхий нийтэд хүрз жоотуу барьсан хүнийг ойлгож байгаа. Одоо ч гэсэн тийм ойлголт байгаа. Монголын бичил уурхайн үйл ажиллагааг харж байхад техник технологийн хувьд энгийн уурхайнаас зарим нь бол хол давдаг шүү. Бичил гэх нэрийн дор татвар огт төлдөггүй. Байгаль орчныг эргэн сэргээдэггүй. Бичил уурхайн талаар Ашигт малтмалын тухай хуульд нарийн тусгасан.

-Ашигт малтмалын тухай хуульд яг ямар зохицуулалтыг тусгав. Дэлгэрүүлж хэлвэл.

-Би сайд болсноосоо хойш Ашигт малтмалын хуулийн хэлэлцүүлгийг хийсэн. Олон нийтээс хуулийн хүрээнд санал авч хоёр сар үргэлжилсэн. Өнгөрсөн Долдугаар сарын 1-нд саналуудыг нэгтгэж олон нийтэд танилцуулсан. Арванхоёрдугаар сарын 1-нд ахиад саналаа нэгтгэсэн. Уг хууль нь бусад хуулиудтай адилхан хурдан хугацаанд, нэг удаагийн хэлэлцүүлгээр шийдэгдэх боломжгүй. Энэ бол суурь хууль. Олон өөрчлөлтүүдийг нэг бүрчлэн ярихаар цаг амжихгүй байх. Товчхон 2-3 зүйл хэлье.

Олон жил лиценз нэрээр газар аваад хадгалчихдаг. Тэр нь 10-20 жил үргэлжлээд сунгаад байдаг. Уул уурхайн яамнаас асуудал үүсгээд Засгийн газарт танилцуулаад хүчингүй болгодог, түдгэлзүүлдэг. Гэсэн ч шүүх дээр очоод сэргэчихдэг. Өнөөгийн Ашигт малтмалын тухай хуулиар төлбөр төлсөн л бол эргээд сэргэчих заалт бий. Шүүх уг заалтыг бариад л төлбөрөө төлсөн бол бусад асуудлыг нь анхаардаггүй.

Бид үүнээс зайлсхийхийн тулд хуульд лицензийн төлбөрийг дэлхийн жишигт нийцүүлнэ. Лицензийн газарт нь зарим тохиолдолд том газар нутаг хамарсан буюу аймгийн сумын суурьшлын бүс үүссэн байх жишээний.

Аваад 20 жил болчихдог. Тэгсэн мөртлөө ашигладаггүй. Хуулийн шинэчлэлээр томоохон газарт лиценз авсан бол тэрбумаар тоологдох мөнгийг төлнө гэсэн үг. Энэ хэмжээний мөнгө төлөөд байгаад байвал асуудалгүй. Хэрэв төлөхгүй гэвэл газраа хурдан буцаах ёстой.

-Тэгвэл 2024 онд нүүрсний экспортыг өсгөх тал дээр ямар төлөвлөгөөтэй байна вэ ?

-2024 онд 60 сая тонн нүүрс экспортолно. 2023 оны хоёрдугаар сарын 15-нд 6.2 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2024 оны хоёрдугаар сарын 15-нд 8.4 сая тонн нүүрс бараг 2.2 сая тонн нүүрс илүү экспортолсон байна. Зарим нэг улстөрчид, судалгааны байгууллагууд "Нүүрсэн дээр Хятадаас татвар тавьсан учраас Монголын нүүрс их багасна. 60 саяд хүрэхгүй" гэцгээж байсан. Татварын хувьд шинэ татвар бол биш. Цар тахлын өмнө авч байсан. Цар тахлын үеэр БНХАУ аль ч нүүрсний хувьд хомсдолд орсон. Тиймээс татвараа түр бууруулсан. Татвар нь эргэж сэргэсэн. Гэхдээ манай талаас авдаггүй. Цаад талаас буюу худалдан авч байгаа талаас авдаг татвар. Өнөөдөр Монголын нүүрсний үнэ буусан зүйлгүй. 2023 оны дундаж зах зээлийн коксжих нүүрсний үнэ 240-280 ам.доллар байсан. Нийт экспортын 92 хувь нь коксжих нүүрс. Биржээр 170-180 ам.доллараар зарж байгаа.

-Хятадын дотоодын компаниудаас авч байгаа татвартай холбоотой нэг асуудал, өнгөрсөн жилийн тухайд манай нүүрс илүү зарагдсан нь Хятад, Австралийн харилцаа муудсантай холбоотой. Хятадад үл хөдлөхийн хямрал явагдаж байна. Ингээд бодоход Хятадын эдийн засгийн боломж өнгөрсөн жилийх шиг манайхаас нүүрс их хэмжээгээр авч чадах уу гэдэг нь анхаарал татна.

-Би бол хангалттай хүрнэ гэж бодож байна. Ложистик болон худалдан авах улсын гэнэтийн шийдвэр л гарчихгүй бол хангалттай хүрнэ. 70 сая тоннд элбэг хүрнэ. Австрали Улсын хувьд манай улстай шууд өрсөлдөх нь бага. Австрали Улсын экспортолж байгаа нүүрсний 60-70 хувь нь эрчим хүчний нүүрс. Манай нийт экспортолж байгаа нүүрсний 8-10 хувь нь эрчим хүчний нүүрс. Эрчим хүчний нүүрс учиргүй зүүн хэсэг дээрээ далайн боомтод хүрэхгүй. Наад хэсгийн хойд хүйтэрдэг хэсгийн дулааны цахилгаан станцуудад хүргэгддэг. Коксжих нүүрсний хувьд ч гэсэн далайн бүсэд байгаа үйлдвэрүүдэд очихгүй. Хойд бүсийн гангийн үйлдвэрийг эрчим хүчээр хангадаг. Хятад улс коксжих нүүрсний хувьд ойролцоогоор 400-450 сая тонн нүүрс хэрэглэдэг. Үүнээс 370 орчмыг дотоодоосоо хангаж, үлдсэнийг нь гаднаас авдаг. Гэтэл сүүлийн үед Хятад 370 тонноо дотооддоо хангаж чадахгүй байгаа. Хятадын уурхайнууд эрс багассан. Энэ нь манайд ашигтай. Австралийн коксжих нүүрс манай коксжих нүүрсээс өөр. Австрали гэхээс илүү ОХУ манай гол өрсөлдөгч.

-Боомтуудаа нээх, нүүрсний гарцаа нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлж байгаа бодлогууд дээр ялангуяа төмөр зам, авто зам дээр ямар бодлого баримталж байна вэ ?

-Ер нь төмөр замын холболтын асуудлуудыг хурдлуулах хэрэгтэй. Хурдан хугацаанд төмөр замын холболтуудыг хийх хэрэгтэй. Үүн дээр манай яам, Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Энэ бол хурдан хугацаанд явчих асуудал биш. Гашуунсухайтын төмөр замын холболтын хувьд Хятадын талаас тавьж байгаа шаардлагууд бол нүүрсийг биржийн үнээр авахгүй, арай хямд үнээр авах хүсэлтэй байгаа. Төмөр зам хол зөрүүтэй, өндөржилтийн зөрүү ч байгаа. "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсийг жил бүр 20 сая тонн нүүрсийг авна гэх зэргээр нөгөө талаас тавьж байгаа шаардлагууд манай хуулийг давсан маягтай байна.

-Манай хууль гэхээс илүүтэй Монголчууд өөрсдөө бодлогын алдаа гаргасан юм биш үү ?

-Тийм ээ. Өмнө нь гаргасан алдааг би ярих нь хаашай юм. Манай талын алдаа мөн үү гэвэл мөн. Одоо харин засах хэрэгтэй. Төмөр замыг холбох хэрэгтэй. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд нарийн төмөр зам барьсан ч гэсэн нүүрс Хятадын хил дээр бууна. Далайн боомтоор орж ирсэн ч буулгана.

Авто замын хувьд холболтууд сайн хийгдэж байна. Гэхдээ 2015 онд тендер авсан нэг компани байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас Ганц мод руу холбох замын асуудалд бид маш сэтгэл ханамжгүй байгаа. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой. Эдийн засгийн хөгжлийн яам энэ тендерийг эргэж харах байх.

-Ямар компани вэ ?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Эзнийг нь бол баян Р.Базараа гэдгээр нь мэдэх байх. Үйл ажиллагаа явуулахгүй 2-3 жил болсон. Энэ компанийн хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас нүүрс тээвэрлэж байгаа хуучин замыг засахаар тендер авсан. Уг замаар нүүрс экспортлоно гэхээс илүү хүний амь нас, машин тэрэг, бензин тос гээд олон асуудал яригдана. Энэ зам ашиглалтад орсон тохиолдолд биржийн нүүрсийг тусдаа гарцаар гаргана гэсэн үг.

-Нүүрс экспортод гаргах хэмжээ өнгөрсөн хугацаанд бага байсан нь юутай холбоотой вэ. Та бүхэн юуг засаад 60 сая тонн нүүрс гаргав.

-Зөв гэхээс илүү маш гоё асуулт байна. Хамгийн гол нь үүнд бирж нөлөөлсөн. Худалдан авагч хүмүүс Монголоос нүүрс авах гэхээр хаанаас, хэнээс авах нь тодорхойгүй болохоор таньдаг хүнээ хайдаг. Гэрээ хийхээр нэг хүнээс гуйна. Ойлгомжгүй зүйл чинь их хэцүү. Хэнээр дамжвал 80 ам.доллар, хэнээр дамжвал хямдралтай авах юм. Тиймээс ширээн дээр биш ширээн доогуур наймаа нь явдаг байсан. Үүнийг бирж цэгцэлж 170-180 ам.доллар болгож маш тодорхой болгосон. Худалдан авагч талд ч маш ойлгомжтой болсон.

-2023 онд биржээр хэдэн тонн нүүрс гаргасан бэ ?

-Долдугаар сарын 1-нд хууль хэрэгжиж эхэлсэн. Нэгдүгээр сарын 1-ээс эхлээд туршилтын журмаар ажилласан. Төрийн өмчит үйлдвэрүүдийн экспорт заавал биржээр зарагдах ёстой. Харин хувийн хэвшил заавал биржээр зарах албагүй. 70 саяас 12 сая тонн нүүрсийг биржээр зарсан. Уг хуулийг батлахын өмнө Хятадын худалдан авагч компанитай 4 удаагийн хэлэлцүүлэг хийж ойлгуулахыг хичээсэн. Энэ үр дүнгээ өгсөн. Өвөрмонголын тодорхой аймгууд эсэргүүцэл байнга илэрхийлсэн. Хятадын Монголд суугаа Элчин сайдуудтай сайн хамтран ажилласан. Ганцхан Өвөрмонголын компаниуд худалдан авдаг биш Хятадын цаад өөр мужуудаас тэр байтугай Сингапур, Хонк-Конгийн компаниудаас манай коксжих нүүрсийг авдаг. Энэ байдал улам эрчимжсэн. Биржийн тухай хуулийг батлахаас өмнө бойкот хийсэн хүмүүс дунд манай улстөрчид ч байсан. Тэндээс олон хүн амьдралаа босгосон. Та хэлэлцүүлгийн үеэр харсан байх.

-Нүүрсний сонсголыг хэлж байна уу ?

-Тийм ээ. Засгийн хурал дээр биржтэй холбоотой маш их маргаанууд явсан.

-Тэгэхээр танай намд эрх ашигтай хүмүүс байгаа юм биш үү ?

-Эрх ашиг гэхээс илүү эрсдэлүүдийг хараад сануулж байсан байх. Австрали, Канад гэх мэт уул уурхай нь сайн хөгжсөн улс орнууд бүгд биржээр зардаг. Манай улсын хувьд дотоодын авлига, хүнд суртал зэрэг хэцүү байдлуудыг даван туулах гаргалгаа нь бирж. Тиймээс зэсээ ч бас биржээр гаргах ёстой. Зэс бол манай экспортын орлогын хоёр дахь том орлого. Ойролцоогоор 1.5 сая тонн зэсийн баяжмал экспортолж байгаа. 2026-2027 онд 2 сая тонн руу орох байх. Энэ тохиолдолд эхний тавд орно. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн тодорхой хувийг буюу 5-10 хувийг л биржээр зарах зорилго тавьж байгаа. 100 хувийг бүгдийг зарахгүй байгаа нь Эрдэнэт үйлдвэр угаасаа л гэрээтэй. Олон жилийн гэрээг компаниудтай байгуулсан. Тиймээс гэрээгээ нэг тал нь цуцалж болохгүй. Үүнийг бизнесийн А үсэгтэй хүмүүс бүгд ойлгож байгаа байх.

-Өнгөрсөн жил төсвийн орлого өсөөд энэ жил бас зарлагаа өсгөсөн. Нүүрс зарсан орлого иргэдийн амьдралд яаж нөлөөлөөд байна вэ. Уул уурхай дагасан төрөлд л шилжээд байгаа юм биш үү ?

-Сангийн яам хариулах боломжтой асуулт байна. Би яахав эдийн засгийн байнгын хорооны даргаар 4 жил ажилласан. Та сайн мэдэх байх. Тоймлоод хариулахад 70 сая тоннын нэмэлт нь төсөвт маш их нэмэр болсон. Төсөв анх удаа ашигтай гарч бид тодотгол хийсэн. Энэ тодотголын хүрээнд цалин, тэтгэвэр нэмэгдэж бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгодог болсон. Эдийн засагч, УИХ-ын гишүүний хувьд хэлэхэд зээлийн хүү маш өндөр байгаа учраас иргэдийн амьдралд тусгалаа олж чадахгүй байна. Үүнтэй холбоотой гэж бодож байна. Өнөөдөр Монголбанк 13 хувийн бодлогын хүүтэй байгаа. Иргэд, бизнесийн зээл 20 гаруй хувьтай байгаа. Үүнийг давж гараад амьдралаа төвхнүүлэх ер нь хэцүү.

-Яагаад өндөр зарлагатай төсөв батлаад байдаг юм бэ ? Орлого нэмэгдээд зөв зохистой зарцуулж болохгүй байна уу ? Төсөв өндөр баталчихаар Монголбанк бодлогын хүүгээ бууруулахгүй шүү дээ.

-Намайг эдийн засаг байнгын хорооны дарга байхад эдийн засаг ийм мөнгөтэй байгаагүй. Гэхдээ бодлогын хүү 8 хувь руу орсон. Зээлийн хадгаламж буюу ам.долларын хадгаламж жилийн 2 хувь, монгол төгрөгийн хадгаламж 8 хувь руу, зээл нь нэг оронтой тоо руу буусан. Манай намын амлалт нэг хувьд хүргэх. Сарын 1 хувь гэхээр 12 хувьтай байна гэсэн үг.

1 хувь руу хүргэх бодлого баргал биелэх гэж байсан. Гэвч цар тахал нөлөөлсөн.

Төр хэтэрхий данхайж байгаа. Манай кабенитид энийг төр заавал хийж өгөх ёстой, төрийн оролцоогүй бол явахгүй гэдэг байр суурьтай гишүүд олон байгаа. Би үүнийг шүүмжилж ирсэн. Халамж бол тухайн салбарыг хоролдог. Халамж өгч байгаа хүмүүсийн ч гэсэн амьдралыг хорлож байгаа хэрэг. Улс орны хөгжил гэдэг бол бизнес эрхлэгчдийн эрсдэл үүрэх чадвар шүү. Энэ бол хөгжлийн гол суурь. Түүнээс биш төр бүгдийг хийгээд улс орноо хөгжүүлнэ гэж юу байх вэ дээ.

-Таны ярьж байгаа зүйлийг танай намынхан яг эсрэгээр нь хийж ирлээ. Ер нь бол төрийн оролцоотой эдийн засагтай болчихлоо.

-Бидэнд өөрсдийн соёл, хариуцлага үүрэх, бизнес хийх соёл дутагдаж байна. Би бүх бизнесийг өөрсдөө эрсдэлээ даагаад мундаг явж байгаа гэж бодохгүй байна. Зарим нэг бизнесүүд үнэхээр шударга бус. Төрд орж ирчихээд үлгэр жишээ байж чадсангүй. Бизнесийн нэр хүндийг унагалаа. Заримыг нь үнэхээр өмөөрч чадахгүй. Хэлэхээс ч хэцүү зүйлүүд бас байна. Тиймээс улстөрчид төрийн зохицуулалт хэрэгтэй гэдгийг өөдөөс нь хараад үгүй гэж хэлж чадахгүй жишээнүүд олон байна. Төрийн зохицуулалт байхаас өөр аргагүй зүйлүүд байгаа. Ер нь бол төрийн зохицуулалт байх ёстой. Гэхдээ мэдээж бүх салбарт хөгжлийг нь удаашруулж боомилно. Өрсөлдөх чадваргүй болгоно.

-Хөрөнгө оруулалтын тухай хууль их дуулиан шуугиантай байна. Уг хууль дээр та ямар байр суурьтай байна вэ ?

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын хууль бүр дордсон бол биш. Хуулиас болоод хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна уу гэдэг асуултад би үгүй гэж хариулна. Ч.Хүрэлбаатар сайдын оруулсан Хөрөнгө оруулалтын хуулийг би дэмжиж байгаа. Уг хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн үгийг гадны хөрөнгө оруулагчид сонсож байгаа. Ялангуяа уул уурхай, хайгуулын чиглэлийх. Энэ бүх зүйл сөрөг шүү гэдгийг л хэлмээр байна.

-УИХ-ын чуулган завсарлахтай зэрэгцээд ээлжит бус чуулган яригдаад больчихлоо. Тэр үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашигийг тараах мөн Баялгийн сангийн тухай хууль яригдсан. Уг хууль дээр бодлогын хувьд оролцох ёстой яам нь танай яам.

-Манай дээр бол боловсруулагдаагүй. Намайг ирэхээс өмнө манай яаман дээр байсан. Эдийн засгийн хөгжлийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Уул уурхайгаас орж ирж байгаа баялгийг ирээдүйд хадгалах л бодлого. 33 хувийг ирээдүйд хадгалах, 33 хувийг буцааж хөрөнгө оруулах талаар яригдаж байна. Манай яам эсэргүүцээд байгаа зүйлгүй. Ирээдүйд хадгалах нь бол зөв. Зөв менежмент хамгаас чухал. Хүмүүстээ ч итгэх ёстой. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг тараах асуудал дээр сөрөг байр суурьтай байсан. "Эрдэнэс Тавантолгой" ХК ядаж нүүрсээ угаах хэрэгтэй. Маш их өртэй байж ногдол ашиг тараасан гэхээр танд яаж сонсогдож байна.

-Надад бол танай намын улс төрийн сонгууль угтсан шийдэлтэй л адилхан сонсогдож байна.

-Ер нь өртэй байж ногдол ашиг тараах нь бизнесийн хувьд ойлгоход хэцүү.

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал нь ногдол ашиг тараахаас хэд хоногийн өмнө байнгын хорооны хуралдаан дээр "Ногдол ашиг тараавал дампуурна" гэж ярьж байсан удаатай.

-Иргэдийн хувьд бол асуудал байхгүй. Төр хувьцааныхаа ногдол ашгийг эзэмшиж байгаа. Ихэнхийн нь төр эзэмшинэ.

-Өмнөх жилүүдэд тараахгүйгээр сонгууль дөхөхөөр тараасанд л учир байна л даа.

-Өмнө нь яагаад тараагаагүй вэ гэдэг нь мөнгөгүй байсан. Тэр үед 30 сая тонн нүүрс арай ядан хилээр гаргаж байсан. Бүх мөнгөө л урд хөршид өгчихдөг байсан. 60 ам.доллараар л зардаг байлаа. Одоо 180 ам.доллараар зарж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК түүхэндээ анх удаа 70 сая тонн нүүрс гаргалаа. Одоо бол арилжааны 80 хувь нь Монголд орж ирдэг боллоо. Өмнө нь бол ийм боломж байгаагүй.

-Шатахуун хомсдсон асуудал яг юунаас болсон юм бэ ?

-Маш товчхон хэлэхэд 2023 оны есдүгээр сард ОХУ-ын олон улсад тавьсан экспортын хоригтой холбоотой. Би олон удаа тайлбарласан. Тухайн үед хэн ч сонсохгүй байсан л даа. ОХУ анх удаа 21 хоригийг тавьсан. Бензин, дизель аль ч улс руу экспортлоогүй. Хоригийн нөлөө нь 11 сард гарсан. Есдүгээр сард 30 хоногийн нөөцөө ашиглаад 10 сар хүртэл явсан. Өнөөдөр бол АИ-92 шатахууны нөөц хангалттай байгаа. АИ-92 шатахууныг өмнө нь үнэ өсгөхгүй байх бодлого барьсан. Намайг салбарын сайд болохоос өмнө нэг тонныг 800 ам.доллараар авдаг байсан бол 705 ам.доллараар 5 жил авах гэрээг Ерөнхий сайд нөгөө талтай хийсэн. Энэ тохиолдолд ААН-үүд ямар ч алдагдалгүй байна. АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй. Евро 92-ийн хувьд 1000 төгрөгийн зөрүүтэй байдаг байсан бол одоо 150-хан төгрөгийн зөрүүтэй болсон. Би хувьдаа иргэдийг Евро 92-ийг хэрэглээсэй гэж боддог. Тус шатахуун нь автомашинд сайн, илүү хол км-ийг туулна. Удаан хэрэглээтэй гэсэн үг. 2027-2028 оноос энгийн АИ-92 шатахуун хэрэглэхгүй. Евро-5 ангиллын 92 шатахууныг хямд үнээр иргэдэд хүргэх нь яамны бодлого. Үнийг бол өсгөхгүй.

-Шатахууны үнэ дээр төр оролцохоо болиод чөлөөлж болдоггүй юм уу ? Төр оролцоод байхаар лобби үүсдэг талтай.

-Одоогоор төр ААН-үүдтэй үнийг өсгөхгүй байх талд нь л ярилцаж байгаа. Түүнээс биш татаас юм уу зээл өгдөггүй. Нийлүүлэгч талд нь төр тусалж үнэ хямд байх талаас нь ажиллаж байна.

-Сонгууль дөхөж байна. Та Баянгол дүүргээс сонгогдсон. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд тус дүүрэг дээр бараг 3 удаа Засаг даргаа огцруулсан. Сая 5-6 сар Засаг даргагүй байсан. Танай дүүргийн намын хороод дээр яг ямар асуудал үүсээд байгаа юм бэ ?

-МАН, АН хоёр ижилхэн 20 суудалтай дүүрэг. МАХН, МАН хоёр нийлээд удаж байна. ХҮН 2 суудалтай. Улс төрийн тоглолтууд л тэнд өрнөөд байна л даа.

-Та ирэх сонгуулиар жагсаалтыг сонирхож байгаа юу, тойрогтоо дэвших үү ?

- Миний хувьд тойрогтоо өрсөлдөнө.

Б.Ууганбаяр: Зудын улмаас хорогдсон малын тоо 2 сая 9 мянгад хүрсэн
Б.Ууганбаяр: Зудын улмаас хорогдсон малын тоо 2 сая 9 мянгад хүрсэн
 
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.