“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо өнгөрсөн нэгдүгээр сард шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн осол гарсан. Гал түймрийн улмаас долоон иргэний амь нас хохирч, орон сууцны нэг барилгын гадна фасадны 80 хувь нь шатсан. Мөн 35 тээврийн хэрэгсэл гал түймэрт өртжээ.
Уг гал түймрээс үүдсэн нөхцөл байдал, хор уршгийг арилгах хүрээнд галд өртсөн барилгад дүгнэлт, засварын тооцоо хийх, амьдарч байсан иргэдийг түрээсийн орон сууцаар хангах, барилгын засварын зураг төсөв боловсруулах, хохирлын үнэлгээг тогтоох, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, амиа алдсан алба хаагчдын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос хэрэгжүүлж байна.
Одоогийн байдлаар галд өртсөн орон сууцны барилгуудын хийц бүтээцэд дүгнэлт хийх, засварт шаардагдах төсвийг тооцоолох ажил үргэлжилж, үр дүнг гуравдугаар сар гэхэд УОК-д танилцуулахаар ажиллаж буй юм.