Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем (www.e-business.mn)-ээр дамжуулан үзүүлж эхэллээ. Засгийн газрын 2023 оны 100 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор улсын хэмжээний 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд газар ашиглахтай холбоотой үйлчилгээний хүсэлтээ цахимаар илгээж, хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой болж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн нийт өргөдөл, албан бичгийн 40 хувь нь зөвхөн газрын эрхийн хугацаа сунгуулах, солбицол өөрчлүүлэх, мөн газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах гээд газартай холбоотой үйлчилгээ авах хүсэлтүүд байдаг. Мөн иргэн, хуулийн этгээд өөрийн хүсэлтээ шийдвэрлүүлэхийн тулд 3-4 удаа хүсэлт гаргаж, 54-90 хоногийн хугацаа зарцуулдаг байсан. Цахимжуулснаар 1 удаа хүсэлт гаргаж, 30-40 хоногийн дотор бүрэн шийдвэрлүүлэх боломжтой болсон.
Цахимжуулснаар дараах үр дүн гарна
- Төрийн хүнд суртал үгүй болж, авлига хээл хахууль үгүй болох;
- Төрийн байгууллагын уялдаа холбоо сайжрах,
- Баримт бичгийг давхардал арилж, хугацаа хэмнэх;
- Төр өөрт байгаа мэдээллээ иргэн, хуулийн этгээдээс авах шаардлагагүй болох
- Цаасан архив багасч, цахим архив үүсэх;
- Төрийн үйлчилгээний шат дамжилга буурч, шийдвэр гаргалтын явц ил тод, нээлттэй болох;
- Төрийн үйлчилгээний шат дамжлага 2 дахин буурч, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцаа иргэн, хуулийн этгээд хянах боломжтой бол байна.
Цахимаар хүсэлт илгээх зааврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас (www.met.gov.mn) болон албан ёсны пэйж хуудсаар дамжуулан авах боломжтой.