Хүүхэд бол энэ ертөнцийн хамгийн гэгээлэг бодгаль. Тэдний инээд хөөр, баяр баясал, гомдол гуниг нь ямар нэг худал зүйлгүй зөвхөн үнэн байдаг учраас тэр байх. Харамсалтай нь манай улсын төдийгүй дэлхий нийтийн өмнө хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн асуудал хамгийн их тулгамдаж буй тул бүх нийтээрээ онцгойлон ач холбогдол өгдөг. Түүнээс гадна хүүхдийн хорт хавдрын 95 хувь нь ямар нэг тодорхой шалтгаангүй, оношгүй байдаг тул хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлэх асуудалд ч зүй ёсоор багтдаг.
Тийм ч учраас хорт хавдартай тэмцэж буй бяцхан баатруудыг бас тэдний гол хамгаалагчдын сэтгэл санааг нь дэмжиж, хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор ЭХЭМҮТ-д шинэхэн сургалтын танхимыг нээсэн байна. Иймд Ubn.mn сайтын сурвалжлах баг ЭХЭМҮТ-ийг зорьж, тус танхимын үйл ажиллагаатай танилцлаа.
ЭХЭМҮТ, ЦЭХСТ
Биднийг тус танхимын үйл ажиллагаатай танилцах үеэр хүүхдүүд эмчилгээний цаг хэдийн эхэлсэн байв. Сургалтын танхимд ганц нэгхэн хүүхэд ном уншин сууна. Хажууд нь түүний супермэн хамт байлаа. Бид бяцхан жаалаас тус танхимын үйл ажиллагаа ямар санагдаж байгаа талаар тодруулахад,
Сургалтын танхим маш их таалагдаж байна
"Энэ сургалтын танхим надад маш их таалагдаж байна. Тоглоомууд, хүүхдүүдэд зориулсан ном байгаа нь гоё санагдаж байна. Өнөөдөр анхны сургалт нь орсон гэсэн. Би сууж амжаагүй ээ. Гэхдээ ялангуяа жаахан дүү нар маань их орж ирж тоглож, хичээлээ хийж байх шиг байна" хэмээлээ.
Үргэлжлүүлэн бид тус тасгийн Их эмч Л.Уранзаяагаас тус танхимын үйл ажиллагааны чиглэлийн талаарх мэдээллийг авсан юм. Тэрбээр,
Энэхүү сургалтын танхимд дан ганц ЕБС-ийн хичээл орохгүй. Эцэг эхчүүдэд зориулсан стресс менежментийн хичээлүүд ч орно
"Хүүхдийн хавдрын эмчлэгдэх хугацаа нь хагас жилээс нэг жил орчим үргэлжилдэг. Ийм учраас манай ЭХЭМҮТ өнгөрсөн онд НҮБ-ын санхүүжилтээр нэг өрөөг сургалтын танхим болгон тохижуулж энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр "Дэлхийн хүүхдийн хорт хавдрын эсрэг өдөр"-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтраад эцэг эхчүүд болон хүүхдүүд мөн эмнэлгийн ажилчдадаа сургалт зохион байгуулж эхэллээ.
Хамгийн эхний хичээл нь өчигдөр эхэлсэн бөгөөд дуу хөгжмийн хичээлийг мэргэжлийн багш ирж заасан байгаа. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго бол хүүхдүүд болон асран хамгаалагчид удаан хугацаагааг эмнэлэгт өнгөрөөдөг. Үүнтэй зэрэгцээд хичээлийн хоцрогдолтой болох, сэтгэлзүйн дарамтад өртөх зэрэг маш олон нийгмийн асуудалтай нүүр тулдаг. Тиймээс хүүхэд болон сахиурын нийгэм болон бие физиологийн хэрэгцээг хангах зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Өөрөөр хэлбэл дан ганц хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор ЕБС-ийн хичээл орох бус хүүхэд, эцэг эхчүүд, эмнэлгийн ажилчдад зориулсан урлаг соёлын болон гар урлалын хичээлүүд мөн хэлний хичээлүүд орно. Түүнчлэн сахиур ээж, аавууд маань маш их стресстэй байдаг тул стресс менежмент маягаар лаа хий, саван хийх зэрэг сургалтуудыг тогтмол зохион байгуулна" гэсэн юм.
Тиймдээ ч ЭХЭМҮТ-д нээгдсэн энэхүү сургалтын танхим нь хавдартай хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг багасгаж, хүүхдүүдийн төдийгүй эцэг эхчүүдийн сэтгэл санааг дэмжих гол зорилготой аж. Иймдээ ч дан ганц хүүхэд багачууд гэлтгүй эцэг эх, асран хамгаалагчдын нийгмийн оролцоог хангаж, юмхнаар юм хийх, гар урлалын бүтээл урлаж бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхээрээ онцлогтой гэнэ.
Түүнчлэн дэлхий дахинд жилд дунджаар 400 мянган хүүхэд хорт хавдраар өвддөг бол манай улсад жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдар шинээр бүртгэгддэг байна.
Хүүхдийн хавдар ихэвчлэн ямар нэг тодорхой шалтгаангүй байдаг тул эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд голчлон анхаарах шаардлага тулгардаг аж. Бид энэ талаар ЭХЭМҮТ-ийн ЦЭХСТ-ийн Эрхлэгч Б.Батдуламаас тодруулахад тэрбээр дараах тайлбарыг бидэнд өглөө. Тодруулбал,
Хүүхдийн хавдрын 95 хувь нь тодорхой шалтгаангүй байдаг
"Хүүхдүүдэд ихэвчлэн цусны хорт хавдрын өвчлөл тэргүүлдэг. Түүний дараа тархины хорт хавдар, тунгалагийн булчирхайн хорт хавдар, нүдний хавдар, бөөрний хавдар зохилон тохиолддог. Хүүхдийн хавдар насанд хүрэгчдийнхээс юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр эрт илрүүлэг гэж байдаггүй. Дэлхий нийтээр хүүхдийн хавдрын 95 хувь нь тодорхойгүй, 5 хувь нь генийн мутацитай холбоотой гэж үздэг. Эрт оношлогдсон тохиолдолд хүүхдийн хавдар оношлогддог.
Тиймээс хавдар болгонд зориулагдсан протокол эмчилгээг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг хавдар судлалын тасаг хариуцсан хийдэг байгаа. Жилд 1400 гаруй хүүхэд манай тасгаар үйлчлүүлдгийн 60-70 хувь нь хавдартай хүүхдүүд үлдсэн хувь нь цусны бусад эмгэгтэй хүүхдүүд байдаг" хэмээсэн юм.
Мөн үргэлжлүүлэн бид хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг хэрхэн илэрдэг талаар тодруулахад,
Хүүхдийн гар, хөл янгинаж өвдөж байгаа бол энэ нь том болж байгаа гэсэн үг биш. Харин хавдрын үед илэрдэг шинж тэмдэг байдаг
"Хавдрын эрт сэрэмжлүүлгийн үе гэж бий.
- Хүүхэд шалтгаангүй турж, эцэх
- Хоолонд дургүй болох, уйлагнах
- Хүүхэд вирусийн халдварт өртөмтгий байдаг тул шалтгаангүй халуурах. Ойролцоогоор 14 хоногоос дээш халуурах
- Гар хөлөөр нь янгинаж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдээ том болох гэж байна, өсөх гэж байна гэж хэлдэг. Энэ нь буруу.
- Зарим тохиолдолд хүүхдийн биеэр толбон тууралтууд болон цусан тууралтууд гарах
- Юмсыг хоёр болгож харах
- Өглөө бүр толгой нь шалтгаангүй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Түүнчлэн хүүхдүүдийн нас насны ангиллаар зонхилон тохиолддог хавдрууд байдаг байна. Тухайлбал,
- 0-2 насны хүүхдүүдэд-Нүдний хорт хавдар илэрдэг. /Зургийн аппаратаар хүүхдийн зургийг авахад ямар нэг амьтны нүд гэрэлд цайж харагддаг шиг шинж тэмдэг илэрдэг/
- 3-5 насны хүүхдүүдэд-Цусны хорт хавдар
- Өсвөр насны хүүхдүүдэд-Зөөлөн эдийн хавдар болон ясны хорт хавдар зонхилон тохиолддог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт сайн тавьж, дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл харьяа дүүргийн эмнэлэг болон ӨЭМТ-дөө яаралтай хандах хэрэгтэй.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүүхдийн хавдар ямар нэг тодорхой шалтгаангүй бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ том, бага гэлтгүй анхаарлаа сайтар хандуулж, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд зайлшгүй хамрагдаж байх шаардлагатай аж. Тиймдээ ч хүүхэд хортой болон хоргүй хавдраар өвчилсөн тохиолдолд эрт илрүүлж чадвал эмчлэгдэх хугацаа ч түргэсдэг байна.
Үүнээс гадна ЭХЭМҮТ-д энэхүү сургалтын төв нээгдсэнээр хүүхдүүд эмнэлгийн өрөөнд уйдах бус хичээлийн хоцрогдлоо ч нөхөж, найз нөхөд, ах эгч, дүү нартайгаа бас хайртай аав, ээж нартайгаа цагийг зугаатай өнгөрөөж, урлаг соёлын олон олон хичээлийг мэргэжлийн багшаар заалган цагийг хөгжилтэй өнгөрөөж болдог болсноороо онцлог байна.