Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 50 хувь нь ходоодны өвчлөлтэй байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 59 секунд

2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гарсан байдаг.

Тэгвэл өнөөдрийн байдлаар эрт илрүүлгийн явц, үр дүн ямар байгааг тодруулахаар СХД-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийг зорьсон юм.Тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ч.Мөнхбаатараас тодрууллаа.

31-45 насны иргэд идэвхтэй хамрагдаж байгаа бол 18-30 насныхны идэвхи муу байна

-Он гарсаар танай эрүүл мэндийн төв дээр явагдаж буй эрт илрүүлгийн үзлэг, оношилгооны явц ямар байна вэ?

-2024 он гарснаас хойш 3800 орчим иргэн СХД-ийн Эрүүл мэндийг дэмжих төв-1, 2 болон СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэгээр дамжуулж, эрт илрүүлэгт хамрагдсан. Нийт хамрагдсан иргэдийн 50 хувь нь ходоодны өвчлөлтэй, 25 орчим хувь нь дотоод шүүрлийн булчирхайн, 8 хувь нь бөөрний замын, 6 хувь нь зүрх судасны өвчлөлтэй байна. Мөн үзлэгт хамрагдсан иргэдээс хавдрын шинжтэй 29 тохиолдол илэрснээс умайн хүзүүний хорт хавдар 8 батлагдаад байгаа. Хавдруудыг 1, 2, 3-р шатанд нь эрт илрүүлж оношилсон.

-Эдгээрийг нас, хүйсээр нь авч үзвэл?

-31-45 насны иргэд идэвхтэй хамрагдаж байгаа бол 18-30 насныхны хамрагдах идэвх муу байгаа. Тэгэхээр энэ насны иргэдийг эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Өвчлөлийн тохиолдлуудыг авч үзвэл, бүх насныханд л дээр дурдсан өвчлөлүүд илэрч байна. Хавдрын өвчлөлийн хувьд 31-45, 45-60 насныханд түлхүү ажиглагдаж байгаа. 18-30 насныханд илэрч байгаа ч харьцангуй бага.

-Нэг иргэн эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамрагдахад хэчнээн хугацааг зарцуулж байгаа вэ. Зарим иргэдийн дунд цаг их зарцуулж байна гэх яриа бий?

-18-30 насны иргэдийн багцад ходоодны дуран багтаагүй. Оочер дараалал байхгүй учраас бүх үзлэгтээ орж, эмчийн зөвлөгөөгөө аваад явах бүрэн боломжтой. Харин 31-45 насныхны багцад ходоодны дуран байгаа учраас эхний өдрөө бусад үзлэг, оношилгоогоо хийлгээд, дараа нь товлосон цагтаа ирж, ходоодны дуранд үзүүлэх боломжтой. Жишээлбэл, өнөөдрийн байдлаар иргэдийн дараалал маш бага, нэг төвөөр л гэхэд өдөрт 30 орчим хүн л үзүүлж байна.

-Иргэд ЭМД-ын шимтгэлээ төлсөн тохиолдолд эрт илрүүлэгт хамрагдах боломжтой шүү дээ. Энэ талаар нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?

-Эрт илрүүлэгт ирэхгүй байгаа иргэдийн нэг шалтгаан бол ЭМД-аа төлөхгүй байгаа явдал. Ганц эрт илрүүлэг гэхгүйгээр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ даатгалаа төлсөн тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой байдаг.

2024 оноос эхлэн сард 6600, жилд 79200 төгрөгийг ЭМДС-д төлсөн байх шаардлагатай. Төлсөн тохиолдолд иргэн та маш бага үнээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой байдаг. Мөн эрт илрүүлэгтээ тогтмол хамрагдаж чадвал дээр дурдсан хавдрын өвчлөлүүдийг сэжигтэй үед нь болон 1, 2 дугаар шатанд нь илрүүлэх боломжтой байдаг шүү гэдгийг хэлмээр байна.

Дээр дурдсанчлан эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 50 хувьд нь ходоодны эмгэг илэрч буй гэсэн тул СХД-ийн ЭМТ-ийн Дотрын эмч Г.Ганчимэгээс энэ талаар тодруулсан юм.

Өөх тостой хоолыг хэтрүүлэн хэрэглэх, хоол идсэний дараа шууд хэвтэх нь ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна

-Дотрын эмчид үзүүлж буй иргэдийн дунд ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Эрт илрүүлэгт хамрагдаж буй иргэдэд ходоод буюу хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өөрчлөлт их гарч байна. Дараа нь дотоод шүүрлийн буюу чихрийн шижин, таргалалт, бамбайн зангилаа их илэрч байгаа.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо дотроо ходоодны үрэвсэл, элэгний өөхлөлт зонхилдог.

-Эдгээр өвчлөлүүд ямар шалтгаанаас болж, бий болдог вэ?

-Шалтгаан гэвэл бидний амьдралын буруу хэв маягаас бий болж байна. Жишээлбэл,

Удаан хугацаанд юм идэхгүй байж байгаад огцом их идэх, шарж хуурсан, өөх тостой хоолыг хэтрүүлэн хэрэглэх, хоол идсэний дараа шууд хэвтэх зэрэг буруу хэв маяг ихээр нөлөөлдөг.

-Ходоодны өвчлөлийг нас, хүйсээр нь авч үзвэл?

-Ерөнхийдөө, бүх л насныхан ходоодны архаг үрэвслээр өвчилж байна. Тэр дотроо ходоодны шархлаа, хорт хавдар буюу хүндээр өвчилж байгаа нь 45-аас дээш насныхан байна. Харин хүйсээр нь авч үзвэл, эрэгтэйчүүд илүү өвчилсөн үзүүлэлттэй байгаа.

Өвчин нь эмчлэгдэх боломжтой юу гэвэл боломжтой. Эмчийн зааврын дагуу эм, тариагаа хэрэглээд, амьдралын хэв маягаа зохицуулж, дэглэм баривал хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд бүрэн эдгэрэх боломжтой.

-Илэрч буй эмгэгүүдээс хэрхэн урьдчилсан сэргийлэх талаар иргэдэд хандаж, зөвлөхгүй юу?

-Ер нь ажил амралтаа зохицуулаад, аль болох өөрийгөө стрессгүй байлгаж, эрүүл чанартай хоолыг зөв боловсруулж идэхийг зөвлөмөөр байна. Хэрвээ танд ямар нэг байдлаар хоол боловсруулах замын эмгэг, шинж тэмдэг илэрсэн бол эмчийн заавраар эмээ тогтмол хэрэглэх нь өвчнийг бүрэн эмчлэхэд үр дүнтэй байдаг шүү.

Түүнчлэн, эрт илрүүлэгт хоёр жил тутамд нэг удаа хамрагдана гэж журамд заасан байдаг. Дээрх хугацаанд тогтмол хамрагдах нь өвдсөн хойноо биш, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх боломжийг өөрт тань олгож байгаа юм шүү. Тиймээс эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаарай гэж уриалмаар байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -6 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -6 хэм хүйтэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.