XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн баяраа монгол түмэн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан Сар шинийн баяраар гурван өдөр амардаг.
Тэгвэл иргэдийн зүгээс замын түгжрэл, цаг агаарын байдлаас болж, төлөвлөсөн золголтуудаа хийж амжихгүй байх, амарч амжилгүй ажилдаа орж байна гэх байр сууриудыг илэрхийлж, амралтын хоногийг сунгах санал гаргаад буй. Бүх нийтийн амралтыг сунгасан тохиолдолд эдийн засагт ямар үр нөлөө авч ирэх талаар Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
-Та сар шинэдээ сайхан шинэлэв үү?
-Сайхаан. Та бүхэн сайхан шинэлэв үү.
-Сайхаан. Монгол түмэн Сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн Сар шинийн баяр амралтын өдөр таарсан болоод ч тэр үү, замын түгжрэлээс шалтгаалаад ч тэр үү иргэд төлөвлөсөн айлуудаараа орж амжсангүй. Иймээс цаашид гурав хоногийн амралтыг тав хоног болгон сунгах саналыг гаргаад байна. Хэрвээ ингэсэн тохиолдолд эдийн засагт ямар үр нөлөө авч ирэх вэ?
-Хөдөлмөрийн бүтээмжийн хувьд Солонгост кофе аваад эргэх зууртаа л Монголд 9-18 цагийн хооронд ажиллаад авдаг цалинг авч байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, улс орны хүртээмжийн асуудал дээр манай улс хөгжиж буй улс орон учраас хөгжингүй орнуудтай харьцуулахад хүртээмж бага байгаа. Хүртээмж багатай дээрээ улирлын онцлог буюу бизнесийн сезон нь ч юм уу хоёрхон улиралтай. Маш бага улиралд бизнесээ явуулдаг. Мөн дээрээс нь хоёр хөрштэй хиллэж байгаа байдлыг нь харвал бидний хүртээмжийг хязгаарлаж буй маш олон хүчин зүйл байна. ДНБ-ий хэмжээ 4000 ам.доллар. Сүүлийн 10 жилд энэ тоо бараг өөрчлөгдсөнгүй.
Тэгээд бодоод үзэхээр хүн бүр ажилтай, орлоготой, амар тайван, сайхан амьдаръя гэвэл илүү хурдан ажиллах шаардлагатай байгаа юм. Япон, Солонгос улс бүтэн нэг үеэ золиосолж байсан. Үүнээс ч хурдан гэсэн үг. Тийм биш, зүгээр яг одоогийнхоо нөхцөл байдалд буюу гурван хүн тутмын нэг нь ядуу, авлигын индексээр 170 орноос 120-д жагсдаг, засаглалын хямралд орсон байдлаар явъя аа гэвэл амралтынхаа хугацааг сунгаад явахад болохгүй зүйл байхгүй.
Тэгэхээр энэ бол бидний улс орны хэмжээнд гаргаж байгаа бодлогын шийдвэр. Дээрээс нь компаниуд ажилчдаа яаж зохион байгуулалтад оруулах уу, хувь хүн өөрийгөө яаж зохион байгуулалтад оруулж байна гэдгээс хамаарч шийдэгдэх асуудал гэж харж байна.
Хөдөлмөрийн бүтээмж дээр хортой юу гэвэл хортой. Бидэнд амралт ихэдсэн үү гэхээс багадаагүй. Яагаад гэвэл бидний ашиглаж байгаа технологи дэлхий нийттэй адилхан болохоос биш, оюун санаа, ашиглаж буй бүтээгдэхүүнүүд хувьд 60-70 жилээр хоцрогдсон явж байгаа. Тэгэхээр үүнийг гүйцэхийн тулд илүү хурдтай ажиллах шаардлагатай байгаа юм. Юуг хэлэх гээд байна вэ гэхээр бид хурдтай ажиллаж, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэх ёстой. Ингэхийн тулд цаг байхгүй гэдгийг л хэлэх гээд байна.
Янз бүрийн өдөр гаргаж, шалтгаангүйгээр амралтын өдрийг нэмээд байх нь зохисгүй
-Ер нь жилд бүх нийтийн амралтын өдөр хэд байвал зохистой гэсэн тооцоолол байдаг уу. Жишээлбэл, энэ онд нийт 17 өдөр бүх нийтээр амрахаар таарсан байна л даа?
-Улс орны онцлог буюу ёс заншлаас их хамаарна. Жишээлбэл, Америкийг авч үзвэл, зуны улирал нь амралтын улирал шахуу болчихдог. Хүүхдүүдээ аваад гэр бүлээрээ ийш тийшээ аялдаг. Одоогоос 6-7, магадгүй 10 жилийн өмнө бидэнд ийм соёл бидэнд байсан уу гэвэл байгаагүй. Зун хүүхдээ л агаарт авааччихаад ажиллана уу гэхээс биш Хөвсгөл рүү гэр бүлээрээ яваад л Архангайгаар дамжаад орж ирдэг соёл байгаагүй шүү дээ.
Тэгэхээр соёлын явцад их бага гэхээс илүүтэйгээр, тухайн соёлд хэрхэн уусаж, реформ хийгдэж байгаагаас хамаараад л өөрчлөгдөж байна. Өнөөдөр монголчууд цагаан сараас илүүтэйгээр шинэ жилийг өргөн тэмдэглэдэг байх жишээтэй. Дээрээс нь зуны амралтыг Америкчууд шиг гэр бүлээрээ бараг сарын хугацаатай амралтаа төлөвлөж байгаад гадагшаа явж байна. Нэг үеэ бодвол өвлийн улиралд бүгд Фукуок, Вьетнам руу ч юм уу, ямар нэг байдлаар найзуудтайгаа эсвэл гэр бүлээрээ сурагчдын амралтыг тааруулаад явдаг болчихож.
Энэ нь тодорхой хэмжээгээр бидний амьдралын чанар дээшилснийг харуулж байна. Нөгөө талдаа гадны соёл бидэнд орж байгаагийн хэлбэрүүд юм. Хэлэх гээд байгаа санаа бол улс орны зүгээс тодорхой хөтөлбөртэйгөөр янз бүрийн өдөр гаргаж, шалтгаангүйгээр амралтын өдрийг нэмээд байх нь зохисгүй л гэж харж байгаа.
Жишээлбэл, Европын улсуудад 7 хоногийн амраад, 4 өдөр ажиллаж туршилт хийгээд эхэлсэн байна. Монголчууд тэрийг харчхаад, “Бид ийм болох ёстой” гэдэг. Бодит байдал дээр болоогүй байхгүй юу. Бидэнд хийх ажил их байна. Дээрх туршилтад хүрэхийн тулд бүтэн 1-2, магадгүй гурван үеэ золиосолж байгаа.
Тусгаар тогтносон улсын тэмдэглэдэг баяр бол ёс заншлаа өвлүүлж, цааш нь авч явах бэлгэдэлтэй өдөр
-Зарим иргэдийн зүгээс Эмэгтэйчүүдийн баяр, Эх үрсийн баяраар амардаг нэг, нэг хоногийн амралтыг Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын амралт руу шилжүүлэх нь зөв гэдэг байр суурийг илэрхийлээд байна. Энэ хэр боломжтой санал вэ?
-Яг цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байя гээд бодъё л доо. Бизнесийн “сезон”-ы үе мөн үү гэдгийг бодох хэрэгтэй. Байгууллагуудын борлуулалт огцом нэмэгдээд эсвэл барилга, уул уурхайн салбар шиг бужигнадаг уу гэвэл үгүй. Үүн шиг долдугаар сард ч наадмыг эс тооцвол хүмүүс амраад л явчихдаг. Яах вэ, сунгасан ч буруудах зүйл байхгүй л дээ. Бид ямар тэр шийдвэрийн эерэг, сөрөг шийдвэрийг үзсэн биш.
Бас зарим хүмүүс ярьж байгаа шүү дээ. Өвлийн улирлын хичээлийг зун руу шилжүүлээд, долдугаар сард ордог болгоё гэж. Тэр ч болох л асуудал. Яагаад гэвэл утаатай, түгжрэлтэй хэцүү үед хүүхдийн эрүүл мэнд талаас бодвол байж болно.
Гэхдээ ёс заншлыг зөрчвөл нэлээн эсэргүүцэлтэй тулгарна. Тусгаар тогтносон улсын тэмдэглэдэг баяр бол ёс заншлаа өвлүүлж, цааш нь авч явах бэлгэдэлтэй өдөр учраас хамаагүй хөдөлгөх нь зөв зүйл биш гэж харж байна.
Хувь хүн талдаа харвал, хүмүүс яагаад баяр тэмдэглээд байна вэ гэхээр тодорхой ямар нэг зүйлийг хүлээж байж амьдрах шаардлагатай болчхоод байгаа юм. Тухайлбал, Монгол шиг урт өвлийг давахын тулд шинэ жилийн баярыг хүлээх, цагаан сарын баярыг хүлээж төрөл төрөгсөдтэйгөө уулзах гэдэг бол урт өвлийг давах сэтгэл зүйн хувьд маш эерэг нөлөөтэй зүйл гэдгийг бид бодож үзэх ёстой. Хэрвээ баяргүй бол энэ урт өвлийг яаж давах вэ гээд бодох л хэрэгтэй.
Сэтгэл зүйн талаасаа ч тэр тэмдэглэлт баярыг огт үгүйсгэх нь өрөөсгөл ч юм шиг. Хүн баярлаж цэнгэхийн төлөө амьдарч байгаа болохоос насан туршдаа ажиллаж хөдөлмөрлөхийн төлөө амьдрах нь зөв ч юм уу, буруу ч юм уу хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь харах ёстой болов уу гэж бодож байна. Ер нь хүссэн, хүсээгүй баярыг залуу үе нь арай өөрөөр тэмдэглэнэ. Сонирхуулаад хэлэхэд, энэ жил нийслэл салад бага байна л гэж байна. Ингээд харахад л хувьслын хувьд реформ хийгдээд л явж байгаа гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.