Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хичээл, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор ханиад, томууны дэгдэлт нэмэгджээ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 27 секунд

Иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж авахдаа хамгийн түрүүнд өөрийн харьяаллын өрхийн эрүүл мэндийн төвөө зорьдог. Гэвч сурагчдын амралт дуусаж, хичээл эхэлсэн тул өрхийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ. Учир нь хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор ханиад томууны дэгдэлт дахин нэмэгдэж, 8 настай балчраас эхлээд 80 настай буурлууд ч мөн ханиадны шинж тэмдэг илэрч буй тул эмчилгээ бичүүлэхээр өрхийнхөө эмнэлгийг зорьж буй. Иймд UBN.mn сайтын сурвалжлах баг ханиад томууны дэгдэлт хэр их байгааг бас өрхийн эмнэлгүүд хэр их ачаалалтай байгаа талаар сурвалжлахаар БЗД-ийн 1-р хорооны "Хүн төвт" ӨЭМТ-ийг зорилоо.

БЗД-ийн 1-р хорооны "Хүн төвт" ӨЭМТ

Биднийг тус өрхийн эмнэлэгт очиход эмнэлгийн тусламж авахаар ирсэн хүмүүс олон байв. Нэг ёсондоо тус өрхийн эмнэлэгт хүний хөл тасарна гэж байхгүй. Сар гарантай балчрыг ханиадны шинж тэмдэг илэрсэн хэмээн ээж, аав нь өрх дээрээ авч ирэн эмчээс зөвлөгөө мэдээлэл авч байв. Бас ээж нь ханиад хүрсэн тул хоёрхон ойтой балчир ч мөн ханиад хүрчээ хэмээн үзүүлж байв.

Иймд бид тус өрхийн эмнэлгийн их эмч Н.Энхтуяагаас ханиад томууны дэгдэлт хэр их нэмэгдсэн талаар тодруулахад,

Сурагчдын хичээл, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор ханиад томууны дэгдэлт нэмэгдэж байна

"Сурагчдын амралт эхэлснээс хойш ханиад томууны дэгдэлт харьцангуй бага байсан. Гэвч хичээл эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн 2-3 хоногт өвчлөл нэмэгдэж байна. Бага насны хүүхдүүд, сургуулийн хүүхдүүд ч их ирж байна. Түүнчлэн нэг гэрээс 2-3 хүн ханиадны өвчлөлтэй орж ирж байгаа тул ханиад томуу нэмэгдсэн гэж хэлж болохоор байгаа юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүд тэр дундаа сар гарантай хүүхдүүд их ирж байна" гэв.

Харин "Хүн төвт" ӨЭМТ-ийн дарга Д.Хоролсүрэн,

Бага насны хүүхдийн ханиад хүндэрвэл хатгалгаа болох эрсдэлтэй байдаг

"Ханиадны дэгдэлт нэмэгдсэн. Тэр дундаа бага насны буюу 0-5 настай хүүхдүүдийн ханиад, томуу хүндэрвэл уушгины хатгалгаа болох эрсдэл нэмэгдсэн. Өмнө нь хүүхдүүд ханиад томуу туслаа гэхэд 4-5 хоног эмчилгээ хийхэд эдгэчихдэг байсан бол одоо харьцангуй өөр болж. Учир нь цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүд ажил албаа бодоод хүүхдээ ханиад хүрэхээр багшид нь даатгаад эмийг нь өгөөд явуулчихдаг. Гэтэл ганц, нэг хүүхэд нь гэрээрээ эмчилгээгээ авч байгаад цэцэрлэгтээ очихоор ханиад нь бүрэн эдгээгүй хүүхдүүдээсээ ханиад авчихдаг байхгүй юу. Тэгэхээр ээж, аавууд маань хүүхдээ ханиад томуу туссан бол бүрэн эдгэрүүлж, бусдын үр хүүхдийн ч мөн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юм.

Мөн хотын төв болон гэр хорооллын ӨЭМТ-өөр үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй өөр байдаг. Учир нь амьдарч буй орчин нөхцөлөөс нь хамаарч ханиадны дэгдэлт их бага байх тохиолдол байдаг. Тиймээс өрхийн эмнэлэгт бүрийн үзлэгийн тоо харьцангуй өөр өөр байдаг" гэв.

Түүнчлэн ханиад томууны эхний үе буюу өөрөөр хэлбэл ханиалгах, найтаах зэрэг анхан шатны шинж тэмдэг илэрсэн эхний өдрүүдэд антибиотикийг шууд хэрэглэх нь тун буруу аж. Гэвч ханиад томууг хурдан эдгээхийн тулд антибиотик эмчилгээг сонгох хүсэлтэй олон хүн бий.

Тэгвэл энэ нь маш буруу бөгөөд үүний талаар ӨЭМТ-ийн дарга Д.Хоролсүрэн дараах мэдээллийг ч мөн бидэнд өгсөн юм. Тодруулбал,

Ханиад, томууны эхний 3-5 хоногт яаран антибиотик хэрэглэж болохгүй. Учир нь энэ нь дархлаа унагаах эрсдэлтэй

"Ханиад томууны эхний үед хүмүүс яаравчилж эмчилгээ хийх гээд байдаг. Тэр дундаа антибиотик эмчилгээг хийчихдэг. Гэтэл антибиотик нь нэг талдаа ханиадыг эмчилж байгаа хэдий боловч энэ нь хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн ч дархлааг унагадаг. Тиймээс ханиад томуу хүрсэн эхний 3-5 хоногт яаран антибиотик хэрэглэх шаардлагагүй" хэмээв.

Тус ӨЭМТ нь ханиад томууны дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор хорооныхоо 15 аж ахуйн нэгжид ханиад томуунаас урьдчилан сэргийлэх мөн ямар шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандах талаарх брошур материалыг тараажээ.

Энэ талаар тус ӨЭМТ-ийн Нийгмийн ажилтан Ж.Амин-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв.

Ханиад томууны дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна

"Ханиалгах, найтаалгах, хамар битүүрэх, хоолой өвдөх, булчин өвдөх, бие зарс хийх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрхийн эмнэлэг болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө очиж эмчилгээ бичүүлэх шаардлагатай гэж зөвлөж байгаа. Учир нь хичээл сургууль эхэлсэн энэ үед ханиадны дэгдэлт улам нэмэгдэх хандлагатай байгаа тул манай ӨЭМТ-өөс хорооны хэд хэдэн ААН, байгууллагуудад тараах материал тарааж, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна" гэх мэдээллийг өгсөн юм.

Ханиад томууны дэгдэлт эхэлснээс хойш ӨЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллаж буй. Иймдээ ч эцэг, эхчүүд ажлаа тарсныхаа дараа ӨЭМТ-дөө очиж үйлчлүүлэх бүрэн боломжтой болсон. Энэ талаар тус ӨЭМТ-ийн их эмч Н.Энхтуяа,

Өрхийн эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдэд жижүүр эмч ажиллаж байгаа тул хүүхдэд ханиадны шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй үзүүлээрэй

"Өрхийн эмнэлгүүдэд жижүүр эмч нар гарч илүү цагаар ажиллаж байна. Ажлын өдрүүдэд оройн 20.00 цаг хүртэл мөн амралтын өдрүүдээр ч гэсэн ажиллаж байгаа. Түүнчлэн дүүргийн эмнэлгүүдийн амбулаторид ч мөн жижүүр эмч нар ажиллаж байна. Тиймээс ялангуяа бага насны хүүхдэд аюултай шинж тэмдэг буюу халуурах, хоолондоо муудах, амьсгал олшрох шинж тэмдгүүд илэрвэл цаг алдахгүй үзүүлэх хэрэгтэй. Мөн хүүхдүүдийнхээ дархлааг дэмжиж халуун бүлээн, тэжээллэг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна" гэлээ.

Ханиад томууны ерөнхий шинж тэмдэг,

  • Халуурах,
  • Шингэн нус гоожих,
  • Нулимс гарах,
  • Найтаах
  • Ханиалгах шинж тэмдгүүд илэрдэг.

Вирусийн гаралтай ханиадны үед өндөр халуурах бөгөөд 38 градусаас дээш хэмээр халуурдаг байна. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдээ өндөр халуурах үед нь дур мэдэн антибиотик эсхүл халуун бууруулах эм өгөх тохиолдол гардаг. Энэ нь буруу бөгөөд хүүхэд халуурч байгаа нь дархлаа сайн байгааг илтгэдэг аж. Хэрэв хүүхэд 38,5 хэмээс илүү халуурвал хүүхдийн жинд тохируулан парацетамол эмийг хуваан өгч болдог байна.

Бид өмнө нь мөн ханиадны сурвалжилга бэлтгэж байхдаа уламжлалт аргаар ч мөн эмчилгээ, сувилгаа хийх боломжтой талаар "Бомбордук" хүүхдийн уламжлалт эмчилгээний төвийн эмч С.Сувдтай ярилцаж байсан билээ.

Хүүхэд халуурч, ханиалгах нь багасахаар эцэг, эхчүүд бүрэн эдгэсэн гэж бодоод эмчилгээг зогсоочихдог. Гэтэл ханиад, томуу туссан хүүхэд бүрэн эдгэхэд 1 сарын хугацаа шаарддаг

"Аливаа өвчин эхлэл, өрнөл, төгсгөл үетэй байдаг. Уламжлалт анагаах ухаанд амьсгалын замын өвчнүүдийг,

  • Эс боловсорсон үе,
  • Боловсорсон буюу дэлгэрсэн халууны үе
  • Эдгэрлийн үе шат гэж гурван үе шатад хуваан үздэг.

Эс боловсорсон үе нь бидний нэрлэж заншсанаар нууц үе буюу дөнгөж ханиалгаж, хамар битүүрч, нус гоожиж байгаа үе. Энэ үеийг дуусахаар өвчний ид үе буюу дэлгэрсэн халууны үед хүүхэд халуурна, ханиалгана, найтаана, гүйлгэж, бөөлжих зэрэг бүх шинж тэмдэг илэрдэг. Энэ үед эм тан хэрэглэж, хүүхдийн ханиадыг эмчилнэ. Үүний дараа эдгэрлийн үе шатад хүүхэд эмчилгээ авсан тул ханиаж, найтаах нь багасаад ирэхээр эцэг, эхчүүд нь тайвшраад эмээ зогсоож, дутуу эмчилгээ хийдэг. Гам дэглэмийг нь алдагдуулчихдаг.

Гэтэл хатгалгаа өвчнөөр өвчилсөн хүүхдийн маань уушги бүрэн дүүрэн нөхөн сэргэхэд багадаа 14-28 хоног шаарддаг. Ойролцоогоор 1 сар. Тэгэхээр хүүхэд ханиад хүрсэн л бол эргээд хэвийн болох хүртэл 1 сарын хугацаа шаардлагатай байдаг байна.

Мөн түүнчлэн уламжлалт анагаах ухаанаар эмчлэгдэх боломжгүй бол бид мэргэжлийн эмнэлгийг нь зөвлөдөг. Европын болон уламжлалт анагаах ухаанд тус бүрд нь тохирсон эмчилгээ гэж бий. Тиймээс бага насны хүүхэд хатгалгаа авсан, ханиад нь даамжирсан тохиолдолд уламжлалт анагаах ухаанаар эмчлэхгүй.

Харин хүүхдийн ханиад бүрэн гүйцэт эдгээгүй буюу хий ханиалгаж байгаа хэрнэ чагнахаар ямар нэг цэргүй, хоолой ам зүгээр байгаа тохиолдолд ханиад, томуу нь бүрэн төгс эмчлэгдээгүй байна гэж үздэг. Энэ тохиолдолд хүүхдэд тохирсон, ханиадыг бүрэн гүйцэт эмчлэх эмчилгээг уламжлалт анагаах ухаанаар хийж болно. Нэг ёсондоо европ анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан хосолсон байдлаар амьсгалын замын өвчнийг бүрэн гүйцэт эмчлэх боломжтой гэсэн үг юм" хэмээсэн юм.

Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор ханиад томууны дэгдэлт эрс нэмэгдсэн аж. Тиймдээ ч эмийн сангуудаар ч мөн ханиадны эм бэлдмэл авахаар ирж буй хүмүүс ч олон болжээ. Мөн ханиад томуу их байгаа энэ үед эцэг, эхчүүд та бүхэн сонор сэрэмжтэй байж, өөрийн хүүхдүүдийнхээ болон бусдын хүүхдүүдийн эрүүл мэндэд ч мөн анхаарч ханиад томуунаас урьдчилан сэргийлж, хүүхдийнхээ дархлааг мөн өөрсдийнхөө дархлааг дэмжихийг уриалж байна.

ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.