Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Сонсголд Б.Ганхуягийг битгий оролцуулаасай гэж хамгийн их хүсэж байсан хүн нь магадгүй Х.Баттулга

Ангилал
Улс төр
Огноо
Унших
37 минут 32 секунд

NTV телевизийн Лхагвын тойм хөтөлбөрийн зочин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай ярилцсанаа хүргэе.

-Нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой асуудлыг хянан шалгах УИХ-ын Түр хороо нотлох баримтыг нягтлан судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж өндөрлөсөн. 2024 оны нэгдүгээр сарын 17-нд түр хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсан. Энэ талаар яриагаа эхэлье.

-Жилийн өмнө нүүрсний хулгайн эсрэг ард түмний жагсаал болсон. Хуулийн байгууллага олон гишүүд, улстөрчдийн нэр зарласан. Эхнээсээ гэм буруугийн шүүх хуралдаан болж байна. Энэ удаагийн түр хороо өмнөх түр хорооноос нэг ялгаатай. Өмнөх түр хороо хил, гааль боомт гэсэн өргөн цар хүрээтэй байсан бол энэ удаагийнх шууд "Эрдэнэс тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК-ийн нэр цохож уг компаниудын нүүрс тээвэр, борлуулалтад төвлөрсөн гэсэн үг. Харьцангуй богино хугацаанд ажилласан. Үр дүнг нь ард түмэнд хоёр удаагийн сонсголоор үзүүлж, харуулсан учраас мэдээлэлтэй байгаа байх гэж бодож байна.

-Таныг нүүрсний түр хороог ахалснаас хойш 2-3 асуудал үүссэн. Түр хорооны шинжээчийн бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй хүн байсан учраас шинжээч сольсон байх. Ер нь анзаараад байхад цаг хугацаа их алдсан. Яг ямар саад бэрхшээл тулгарсан юм бэ?

-Би 2023 оны аравдугаар сарын 4-нд ХЗДХ-ийн сайдын албан тушаалд томилогдсон. Гэтэл Намрын чуулганд багтааж сонсголын тайланг тавих ёстой болж таарсан. Ерөнхий сайд "Нүүрсний сонсголыг амжилттай зохион байгуулна шүү" гэсэн. Ер нь сайд болохоос өмнө надаас "Хулгайтай тэмцэхэд хамт зогсож чадах уу" гэж ам асуусан. Улмаар би нүүрсний сонсгол зохион байгуулах улс төрийн даалгавар авсан. Тиймээс би Ерөнхий сайдын хуулийн илд нь байна гэж хэлсэн. Илд гэдэг нь болохгүй буруу номтны толгойг авна гэсэн үг. Манай нөхдүүд энэ үгэнд их эмзэглэсэн. Нам дотор ч их явсан. Би Хөгжлийн банкны сонсголыг ахалж байсан учраас яг нүүрс тойрсон асуудлыг огт сонирхож байгаагүй. Ер нь ойлголт байгаагүй.

-Гүн рүү нь орж агуулгыг нь мэдээгүй байсан юм уу ?

-Тийээ. Зарим гишүүд тоо яриад л сүртэй шүү дээ. Би гэтэл Цагаанхад, нүүрс тээврийн талаар огт төсөөлөл байгаагүй. Өнөөдөр эргээд харахад би байтугай бүгд бодит байдлаас багагүй төөрөгдсөн мэдээлэлтэй байсан юм байна. Эцэст нь ингэж л бодсон. Шалгахад их амаргүй байсан. Хянан шалгагч шинжээчдийг яаралтай ажилд нь оруулах шаардлагатай болсон. Хоёрхон сарын дотор сонсгол хийх ёстой. Нийт 17 хянан шалгагч шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Гурвыг нь чөлөөлсөн. Тэгээд л ард нь гарсан даа.

-Чөлөөлсний дараа шинжээч томилох асуудал дээр ямар саад байсан болохыг л сонирхоод байна л даа. Миний санаж байгаагаар томилох гэж багадаа хоёр долоо хоног болсон?

-Манай түр хорооны гишүүд өөрсдөө шинжээчээр оруулах хүний анкет авчирч өгөөд байсан. Намынхаа эсвэл ойр, орчмынхоо хүний. Би алийг нь ч хүлээж аваагүй. Намайг Хөгжлийн банкны түр хорооны дарга болчихоод намчирхаж байгаад өөрийг нь гөвчих вий, миний юм гарчих вий гэдэг бодол байсан уу. Бүү мэд. Ямартай ч хөндлөнгийн хяналт гэх байдлаар хүн, амьтан шургуулчих гээд үзээд байсан. Өмнөх түр хороонд "Ажнай" Д.Бат-Эрдэнийн туслах нь шинжээчээр орсон байх жишээний. Тийм сонирхлын зөрчилтэй хүмүүс дүгнэлт гаргана гэж ямар юм байх вэ дээ. Тиймээс би гишүүдийн барьж ирсэн анкетуудаас ганц ч хүнийг оруулаагүй. Тэгээд би хүн санал болгохоор намайг хардаад. Уг нь төрийн тусгай албан хаагч нар орсон. Аудит, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газар зэргээс шинжээчид орсон. Мөн Хөгжлийн банкин дээр ажиллах хугацаанд миний таньж мэдсэн хянан шалгагчдыг шууд нүүрсний сонсголд татаж оруулсан. Тэгэхээр 4-5 хянан шалгагч УИХ-ын хоёр удаагийн түр хороонд хянан шалгагчаар ажилласан гэсэн үг.

-Та боломжтой бол хэлээд өгөөрэй. Ер нь хэн ямар анкет бариад гүйгээд байсан юм. Миний бодлоор нүүрсний түр хорооны гишүүд дотроо ойлголцол муутай байх шиг анзаарагдсан. Хөгжлийн банкны сонсголын түр хорооны гишүүд нэг утга агуулгаар асуулт тавьж, их идэвхтэй оролцож байсан бол нүүрсний сонсгол дээр гишүүд өөр, өөр зүйл ярьж түр хорооны гишүүн нь шинжээчээ буруу дүгнэлт гаргалаа гэж зандарч харагдсан?

-Манай О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Т.Доржханд нар их гүйсэн. Түр хорооны дарга өөрөө хянан шалгадаггүй. Тэр олон мянган цаасыг би үзээд суухгүй. Ядаж байхад би 10-11 сарын турш УИХ-ын байнгын хороо, чуулган дээр 6-7 хууль өргөн барьж, хэлэлцүүлээд нүүрсний хянан шалгах түр хороо руу орж амжихгүй. Яаман дээрээ ч сууж чадахгүй байсан. Тэгэхээр түр хорооны даргын хувьд барьсан зарчим, хариуцлага нь хянан шалгах шинжээчдийг хараат бусаар ажиллуулах бамбай нь болж, тэднийг улс төрийн дарамтаас хамгаалах байсан. Үүн дээр би хатуу байр суурьтай зогссон. Түр хорооны гишүүдээс ч хамгаалах ажлыг хийсэн. Шинжээч өөрөө дүгнэлтэндээ хуулийн хариуцлага хүлээнэ.

-Сонсгол зохион байгуулахтай зэрэгцээд нийгмийн анхаарлыг татах гэсэн зүйлс өрнөж эхэлсэн. Жагсаал болно гэх эсвэл бүлэг хүмүүс "Эрдэнэс Тавантолгой"-н уурхай дээр очоод live хийгээд явж байх жишээний. Энэ нь сонсгол зохион байгуулахад хэр хэмжээний саад учруулж байв. Өмнөх түр хороо сонсгол зохион байгуулж чадаагүй. Тиймээс үүнд улс төрийн нөлөө орсон гэж хардаж байна. Тиймээс нүүрсний хулгайн эсрэг тэмцэх эр зориг танай намд байгаагүй гэж харж байна?

-Би сонсголын хаалт дээр хоёр хүний нэрийг онцолж талархсанаа илэрхийлсэн. Ерөнхий сайдын улс төрийн манлайлал, зориг, УИХ-ын дарга түр хороо байгуулж сонсгол зохион байгуулах дээр дэмжиж ажилласан. Энэ хоёрыг би онцолж хэлсэн. Манлайлал, зориг байгаагүй бол сонсгол хийгдэхгүй байсан.

-Өмнөх сонсгол шиг улс төрийн нөлөө орчихно гэж үү ?

-Ойлгомжтой. Гөлөг төөрүүлэх зорилгоор маш олон акцуудыг хийж байна гэдэг яриа нь оргүй хоосон, сураг таамаг биш. Нүүрсний асуудалд хутгалдсан салбар их өргөн хүрээтэй. Бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн салбар хүртэл гар дүрсэн. Гэхдээ энэ асуудлууд нь хууль хяналтын байгууллагаар нотлогдох ёстой учраас би яриагүй. Тухайлбал, 2022 оны хавар нүүрс тээврийн 50 автомашин оруулж ирж нэр бүхий сэтгүүлчдэд тараасан гэх мэдээлэл ирсэн. Нэг бүрийх нь үнэ шинэ автомашин бол 400 сая төгрөг, хуучин бол 250-300 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг. Энэ асуудал мэдээж хуулийн байгууллагаар шалгагдана. Үүнтэй холбоотойгоор хэн нэгнийг гөвөх мөнгө төгрөг өгч авалцсан мэдээлэл ч мөн байсан. Сонсголын дараа энэ нь бодит мэдээлэл байх магадлалтай юм байна гэх итгэл үнэмшил надад төрсөн. Янз бүрийн жагсаал, цуглаан хийж сонсгол хийлгэхгүй байх, Засаг руу Ерөнхий сайд руу чиглэгдсэн захиалгатай зүйлүүд гарч байсан. Сонсголын дараа ч гарсан. Төрийн өмчийн компаниудаас мөнгө гараад байна гэдгийг ч би хэлж байсан.

-Их хэмжээ гэдэг нь хэд вэ. Тодорхой дүн хэлээч?

-Их хэмжээний мөнгө.

-Тэгвэл зорилго нь?

-Мэдээлэл, сурталчилгаа гэх нэрийдлээр гарсан. Цаашаа гүйцэтгэх үүрэг нь хэвлэл рүү очихдоо Б.Энхбаярыг гөвөх. Нүүрсний сонсголд дурдагдсан нэр бүхий гишүүд, улстөрчийн талаар мэдээлэл гаргахгүй байх зэрэг. Мөнгөн дүн нь маш их шүү. Би Хөгжлийн банкыг шалгахдаа тэнд яригдсан мөнгийг нь сонсоод ам ангайж байсан. Харин нүүрсний сонсголын хажууд бараг Хөгжлийн банкин дээр яригдсан их хэмжээний мөнгө бутархай мөнгө шиг жижиг болж хувирсан. Нүүрсний сонсгол дээр их наядаар нь яриад байгаа биз дээ. Их наяд гэдэг чинь Монголын ард түмний хувьд 5 жилийн өмнө мэддэггүй байсан тоо.

-Та төрийн өмчит компаниудаас татвар төлөгчдийн мөнгийг мэдээлэл, сурталчилгаа нэрийдлээр зарцуулсан гэлээ. Өөр ямар газруудаас гарсан юм. Энэ их ноцтой асуудал байна?

-Шалгасан нь "Эрдэнэс тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК. Хууль хяналтын байгууллагаар нотлогдож таарна.

-Би лавшруулаад асууя. Нүүрсний сонсгол болох процесстой зэрэгцээд өрнөсөн олны анхаарлыг татах гэсэн үйл явдлын ард хэн байсан юм бэ. УИХ-ын даргаас эхлээд эзэн биегүй юм яриад олон нийтийг төөрөгдөлд оруулаад байна л даа?

-Нүүрсний сонсголыг хийлгэхгүйн тулд Засгийн газрыг унагаах акц хийх боломжгүй. Тиймээс өөр зүйл дээр дөрөөлж Ерөнхий сайдын улс төрийн эр зоригийг мохоох, хүчийг нь сулруулах төлөвлөсөн олон юм явсан. Жишээлбэл, Францын Оронатай хийх хөрөнгө оруулалтын гэрээн дээр С.Ганбаатар, Ш.Адьшаа гишүүд идэвхтэй яриад л явсан. Байгуулагдаагүй гэрээ гээд л. Гуравдагч хөрштэй холбоотой асуудал дээр мөн түлхээд л. Цаад эзэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Сая аягүй тодорхой харагдаж байгаа биз дээ. С.Ганбаатар гишүүн сонсголд ажил хэрэгч бус оролцсон. Хуралдаа суухгүй, орж ирэхээрээ дуг хийчхээд л. Эхнээсээ надтай тэмцсээр байгаад л дууссан. Би болохоор нүүрсний хулгайчидтай тэмцээд байдаг. Манай хүн надтай тэмцээд дууссан. Шалтгаан нь тодорхой. Хөгжлийн банкин дээр хамгийн сайн хамгаалалт, довтолгооны тактикыг туршлагатай улстөрчид хэрэглэсэн. Жишээлбэл, Х.Баттулга, "Фортуна" Н.Батбаяр. Тэд улс төрд туршлагатай учраас тухайн сэдвээс хөндийрөх, асуудлыг хоёр хүнийх болгож хувиргах, түр хорооны дарга руу довтолгоо хийж үндсэн асуудлаас нь холдуулах тактикаар явсан. Тэрийгээ өөрсдөө олон нийтэд сурталчлах байдлаар үндсэн асуудлыг нь замхруулсан. Яг энэ тактикаа Х.Баттулга сая хэрэглэсэн. Б.Ганхуяг нарын хамаатан саданг босгоод, С.Ганбаатарыг хөдөлгөөнд оруулсан. С.Ганбаатар "Б.Ганхуяг үхэх гэж байна" гэж хэлэхдээ инээж байсан шүү. Хүн үхэх гэж байхад тэгж баярлаж ярьдаг юм уу. Үнэхээр санаа сэтгэлээ чилээсэн хүн чанга дуугаар баярлаж ярьдаг юм уу.

-Нүүрсний сонсголын үеэр Б.Ганхуягийг гэрчээр оруулж ирэхийг олон хүн хүссэн. Албан бичгүүд ч явсан. Үнэхээр сонсголд оролцуулах боломжгүй байсан хэрэг үү?

-Б.Ганхуяг бол "Эрдэнэс тавантолгой" ХК-тай холбогдох асуудал дээр үнэхээр номер нэг гэрч мөн. Яахын аргагүй мөн. Нөгөө талаараа гэм буруугийн асуудлаар шүүгдсэн. Өөрийгөө гэм буруугүй гэж ярьдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр шанага нүүрс ч хулгайлаагүй гэж мэдэгдсэн. Тэр хүнийг хамгаалж өмгөөлөх медиа, сонсголтой давхцуулж юм зохион байгуулсан хүн нь С.Ганбаатар, Х.Баттулга.

Б.Ганхуягаар шийдвэрийг гаргуулж төмөр зам дээр хулгай хийх ажлыг зохион байгуулсан. Нэг талаар санаа тавиад байгаа мэт боловч нөгөө талаар битгий Б.Ганхуягийг оролцуулаасай гэж хамгийн их хүсэж байсан хүн нь магадгүй Х.Баттулга байх. Х.Баттулга нэг зүйлд итгэлтэй байсан нь өөрийнх нь асуудлууд бүгд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжтэй байсан. Одоо ч маш нууцын тамгатай байгаа учраас тэр хүн хулгай хийгээгүй юм аа гэхэд улсын нууц задалвал 5 жилийн хорих ял авна. Ийм юм болжээ гэж тэмдэглэлээс ярихад би улсын нууц задруулсан хэргээр шийтгэгдэнэ гэсэн үг. ҮАБЗ улсын нэгдүгээр зэрэглэлийн нууцад ордог. Тэрийг Х.Баттулга маш сайн мэдэж байгаа. Б.Ганхуягийг сонсголд оролцуулах боломжгүйг мэдэж байж, тэр л байхгүй бол сонсгол утгагүй шүү, нотлох баримтууд бүгд худал шүү гэдэг рүү нийгмийн сэтгэлзүйг хөтлөх зохиол бичсэн. Би нэг зүйлд итгэлтэй байна. Б.Ганхуяг байсан байгаагүй түүний холбоотой гэх олон асуудлуудыг нотлох баримтаар нотолж чадсан. Ялангуяа тендер, нүүрсний гэрээ, төмөр зам зэрэг маш олон асуудлуудтай холбоотой асуудал илэрсэн. Би хэлж мэдэхгүй байна. Ирэхгүй мөртлөө цаанаас юм яриад байдаг хүмүүс байдаг даа. Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал ч юм уу. Тэгэхээр Б.Ганхуяг юу ч гэж ярьж болно. Хүн ч гүтгэж болно. Энэ сонсголын гол агуулга нь нотлох баримттай л ярих асуудал. Маш олон зүйл нотлогдсон.

-Нүүрсний сонсголтой холбоотой нэг чухал хүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Түүний хувьд нүүрстэй холбоотой асуудалд ороод нөхцөл байдал хэцүүдэхийн хэрээр МАН-тай барьцах гэж оролдоод байгаа юм бишүү. МАН-ын зүгээс Б.Ганхуягийг сонсголд оролцуулахгүйн тулд танд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү. Учир нь Б.Ганхуяг хоёр ч удаагийн шүүх хурал дээр МАН-ын удирдлагуудын нэрийг дурдсан. Хэн өөрийг нь томилсноос эхлээд ярьсан шүү дээ?

-Б.Ганхуяг хоёр зүйлд найдаж байгаа. Нэгдүгээрт одоог хүртэл улс төрийн эрх мэдэлд хань, хамсаатнууд нь МАН-д байгаа учраас тэдэнд найдаад байгаа. Х.Баттулга бол манай Засагтай барьцаж мултарна гэдэгт найдаж байгаа. Би сая нюанс хэллээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж бол маш нууц. Хэрэв та бүхэн анзаарсан бол би сонсгол дээр төмөр замтай холбоотойгоор ҮАБЗ-өөс гарсан зөвхөн огноог нь хэлсэн. Зөвлөмжүүд гарч байх үеийн тэмдэглэлүүд нь угаасаа нууц. Тиймээс нотлох баримтын сонсгол дээр дэлгэх боломжгүй. Үүнийг Х.Баттулга аягүй сайн мэдэж байгаа. Тийм ч учраас УИХ-ын тогтоол дээр цаашид ҮАБЗ-өөс төрийн өмчит компаниудтай холбоотой эдийн засгийн шинжтэй, бие даасан шийдвэрүүд гаргах, чиглэл өгөх, төсвийн бус арга хэмжээнд зарцуулах чиглэл, шийдвэрүүдийг өгөхийг хориглосон. Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг ч гэсэн нөхцөл байдал эвгүйтээд эхлэхээр ҮАБЗ-ийн шийдвэр гэх нэрийдлээр Засгийн газар, Ерөнхий сайдыг "чимхэж" шийдвэр гаргуулдаг. Тогтоол гаргасан гарын үсэг, огноог нь харахаар нэг сайдын тушаал яваад байдаг. Тэр нь манай намын Засгийн газрын сайд нар. Цаашаа нь хөөхөөр улс төрийн шийдвэр нь ҮАБЗ дээр гарсан байдаг. Хамгийн том хулгай үнийн зөрүү дээр байсан. Шинжээчийн дүгнэлтээр бол хамгийн багадаа 682 сая ам.долларыг хөнгөлөлттэй үнээр нүүрсний гэрээ хийсэн. Хоёрдугаарт. Нүүрс тээвэр дээр. Богино тээвэр буюу бөмбөлөг. Энд хамгийн том хулгай явагдсан. Гуравдугаарт. Гааль. Ийм гурван зураглал бүтэн гарсан.

-Одоогоос хоёр жилийн өмнө тухайн үеийн хууль зүйн сайд Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг бий. Төмөр замтай холбоотой, улсын алдагдсан боломжийг тогтоогоод 90 их наяд гэл үү дээ тоо гаргасан. Нүүрстэй холбоотойгоор Х.Баттулга яллагдагчаар татагдаж байсан. Гэхдээ яагаад зүгээр яваад байдаг юм. Бусад хүмүүс ч ялгаагүй. Шийдэж болохгүй байгаа юм уу. Гэм бурууг нь дэнсэлж буруутай, буруугүй эсэхийг нь тогтооё л доо.

-Бие, биеэ барьцаалцан юм байна лээ. АН, МАН гэлтгүй. Банк, санхүү, хууль хяналт, хэвлэл мэдээлэл зэргийг бүхэлд нь хэрсэн. Ийм болгосон л байгаа байхгүй юу. Хэн мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг гэдэг шиг л хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдээс харж болохоор. Энийг би хувьдаа ухамсарлаж байсан. Угаасаа ойлгомжтой байсан. Юунд итгэж найдсан бэ гэхээр сонсгол МҮОНРТ-ээр шууд явсан. Энэ архив болж үлдэнэ. Бүгдийг худалдаж аваад хуулийн дээр гарсан бүлэглэлд ийм зүйлээр явдаггүй шүү гэдгийг харуулж одоо цагийн гэхээс илүү ирээдүйг харсан. Би цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнуудад "Та бүхний сайд бол одоо цаг дээр биш ирээдүй цагт санаа чилээж ажиллаж байгаа шүү" гэж хэлсэн. Цаашид ийм байлгахгүй шүү гэх итгэл найдварыг өгөх, гэрэл цохиулах. Хүмүүс үр дүн хүсдэг. Үр дүн чинь гэрэл цохиулсан явдал.

-Яг энэ цаг үеийн гарах хамгийн найдвартай арга нь гэрэл цохиулах юм уу ?

-Хэн, ямар холбоо сүлбээтэйгээр ямархуу арга замаар хулгайн хэрэгт хутгалдаж зохион байгуулав гэдэг дээр бүгдээрээ мэдээлэл авсан. Хэвлэлээр гөлөг төөрүүлж байгаа юм шиг яриад байсан тэр хүмүүсийн цаана нь өөр хүмүүс анхаарал сарниулаад гол юмнуудыг хийсэн байна шүү гэдгийг бүгд мэдсэн.

-Өмнө нь асуудал тарьсан хүмүүс нотлох баримт, гэрээ, хэлцэл, архивын баримтуудыг устгасан. Одоо тэрийг яг хэвэнд нь байлгаад байгаа. Үүний ард хэн байгаа вэ. Танай нам уу ?

-Намынхан гэдэг ерөнхий тоон дээр ярих боломжгүй. Хүнээр нь л ярихгүй бол болохгүй.

-За ярь л даа. Жишээ нь ямар хүн?

-Маш олон хүмүүс. Ер нь бол нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол учраас нотлогдох боломжгүй асуудлыг яриагүй.

-Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон Бодь Интернэшнл” групп ТЭЗҮ-д тусгагдсан үнийн дүнгээс нэмээд санхүүжилт олгосон. Үүний ард яг юу болов?

-Нүүрсний сонсголоор тус компанитай холбоотой төрийн зүгээс гаргасан шийдвэр, гэрээ, үнийн дүнтэй холбоотой нотлох баримтуудыг хэлэлцсэн. Хэдэн их наядаар нь аваад тэр мөнгө цаашаа яасан бэ гэдгийг шалгаагүй. "Бодь Интернэшнл” групп Голомт банкин дахь дансны тухай мэдээллийг ирүүлээгүй. Excel file хэлбэртэй ирүүлсэн мэдээлэлдээ засвар оруулж ирүүлсэн гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хуурамч баримт ирүүлсэн. Нэгэнт дансны мэдээлэл ирүүлээгүй учраас данс хөөх аргаар хэрэглэх боломжгүй болсон. Зарим тайлбарыг нь өмнөх орой ирүүлсэн. Өглөө 09:00 цагт сонсгол эхлэх байтал өмнөх оройны 21:00 цагт тайлбар ирүүлэх жишээний. Тэгээд сонсгол Д.Баясгалан дээр худал тайлбар хэлээд суусан.

-Гэхдээ одоо хуулийн байгууллага шалгаж байгаа биз дээ?

-Хийх ёстой гэж үзээд л шилжүүлсэн. Манай түр хороо татан буугдсан. Ядаж 6 сарын хугацаа байсансан бол би арай өөр юм ярих байлаа. Хугацаа богино байсан учраас данс хөөх аргыг хэрэглэж чадаагүй. Амжаагүй. Үүнд маш их хугацаа ордог.

-Таны хэлснээс сонсоход мөнгө угаах схем рүү нь орж чадаагүй юм байна. Тэгвэл тус компанийг сонгон шалгаруулалтгүйгээр төмөр замыг өгсөн улс төрийн процесс нь хэрхэн явагдав?

-Урвуу хамааралтай явчиmontхаж байгаа юм л даа. Уг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа сайд нь Уул, уурхайн сайд. Монголын төмөр замын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа сайд нь Зам тээврийн сайд. Тэр хоёр сайд нь асуудлыг мэдэхгүй. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаас ТЭЗҮ-тэй холбоотой мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас ирүүллээ гээд. Энийг баталгаажуулж ирүүл гээд хоёр сайд руу дээрээс нь явуулсан. Уг нь бол хоёр сайд нь Засгийн газартаа танилцуулаад шаардлагатай бол ҮАБЗ-д танилцуулаад зөвлөмж, шийдвэрээ аваад холбогдох шийдвэрүүд нь гарах ёстой. Гэтэл урвуу хамааралтай болчихсон. Ерөнхийлөгчийн тамгын газраас тэр нь боловсрогдсон гэж орж ирсэн. ҮАБЗ-өөс сайд руу оруулсан. Ерөнхий сайд нь байхгүй байхад. Засаг руу биш шууд сайд руу чиглэл өгсөн. Х.Нямбаатар төрийн ордны зүүн жигүүрт шүүгч нарыг дуудаж чиглэл өгдөг гэдэг шиг тэндээс бодлого чиглэлүүд нь тодорхой болоод дараа нь Засгийн газрын сайд нарт чиглэл өгдөг. Сайдууд нохойд барьдаг мод аятай тэр бичгийг нь албажуулах маягтай болчихсон.

-Түр хорооны дүгнэлт дээр үндэслэн хууль хяналтын байгууллага ажлаа хэр хурдан хийх вэ. УИХ-ын чуулган завсарласан. Ирэх хавар бид улсаараа сонгууль гээд талцаад дуусна. Хэзээ бид яригдаад байгаа авлига, хулгайг зогсоох вэ ?

-Улсын Ерөнхий прокурор, АТГ ажиллах ёстой. Угаасаа ч тэдний ажил. Хууль тогтоох байгууллага хийх ёстой ажлаа хийсэн. Одоо хуулийн байгууллагуудын хийх ёстой ажил л үлдсэн. Тэдний ажлаас шалтгаалж Монголын ард түмэн шударга ёсонд итгэх итгэл бөхөх үү, аль эсхүл сэргэх үү гэдэг хувь заяа ирж байна шүү гэдгийг ил, далд хэлбэрээр хэлээд л байгаа.

-Хөгжлийн банкны сонсгол дуудагдсан гэрчүүдийн ирц, нүүрсний сонсголд дуудагдсан гэрчүүдийн ирц хоёр тэнгэр газар шиг ялгаатай байсан. Гэрчүүд яагаад ирсэнгүй вэ. Хоёрдугаарт, улс төрийн хүрээнд гэрчүүдийг оролцуулахгүй байх чиглэл өгсөн гэх мэдээллийг би сонссон. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Тоон дүнгээр нь авч үзвэл нүүрсний сонсголд дуудагдсан гэрчүүдийн ирц нь Хөгжлийн банкныхаас илүү байна лээ.

-Тэгвэл улс төрд нөлөө бүхий гол гэрчүүд?

-Х.Баттулга, Д.Амарбаясгалан сайд хоёрыг хэлээд байгаа бололтой.

-Зарим төрийн албан хаагчид ирээгүй. Жишээ нь Авто тээврийн үндэсний төвийн дарга н.Гүрсоронз, Ж.Батбаясгалан нар?

-Харьцангуй гайгүй. Гэрчүүд 75 хувьтай ирсэн. Хөгжлийн банкны сонсголд 50 гаруй хувьтай байсан.

-Гэрчээр очоод хэрэггүй гэдэг улс төрийн процесс байсан болов уу ?

-Би өмнөөс нь бодож мэдэхгүй. Х.Баттулга бол өмнө нь Хөгжлийн банкин дээр хоёр удаа дуудагдаад эхнийх нь дээр ирээгүй, сүүлийнх дээр нь ирсэн. Сайндаа ч ирээгүй. Гурван хүүхдийг нь гэрчээр дуудсан чинь хүрээд ирсэн. "Б.Энхбаяр аа хүүхдүүдээр оролдоод байх хэрэггүй" гээд байсан биз дээ. Гурван хүүхдийх нь компанийн дансанд их хэмжээний мөнгө орсон. Төмөр замын мөнгөний нэг хэсэг явсаар байгаад энд ирсэн. Түүнээс биш хүүхдүүд нь ямар ч холбоо хамааралгүй байсан бол яая гэхсэн. Гэр бүлээр оролдох нь улс төрийн хувьд хамгийн байж боломгүй, зарчимгүй дүрэм. Тухайн асуудал дээр яахын аргагүй тэр мөнгө нь Хонк-Конгоос хүүхдүүдийнх нь данс руу шилжсэн учраас гэрчээр дуудтал мань хүн өөрөө хүрээд ирсэн.

-Нэг танхимд хамт сууж байгаа намынхаа топ хоёр удирдлагын нэг болох Д.Амарбаясгаланг та нүүрсний сонсголд гэрчээр дуудсан. Нэгдмэл ашиг сонирхолтой компаниудын талаарх мэдээллийг гаргаж ирсэн. Үүнийг улс төрийн хүрээнд олон хүн анхаарч харлаа?

-"Улс төрийн өшөө авалт хийлээ. Хэдэн төрийн бус байгууллагаар хүчээр хамаатууллаа" гэх зэргээр сүүлдээ манай намынхан их эсэргүүцсэн. Ер нь манай намынхан нүүрсний сонсголыг их эсэргүүцсэн. Энийг оруул, тэрийг хас гэдэг бодлого, чиглэл байхгүй. Хянан шалгагч шинжээчдийг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж хамгаалах дээр би хатуу байр суурьтай зогссон. "Админерал" ХХК-ийн асуудлаар өмнө нь хэвлэлээр мэдээлэл гарч байсан. Нэгдмэл сонирхол, хамаарал бүхий этгээдээр өргөн хэмжээний асуудал үүссэн. Жишээлбэл, Бортээгийн уурхайд гэрээт олборлогчоор "Админерал" ХХК-д давуу байдал олгосон тендерийг зохион байгуулсан н.Уужимсанаа гэх нөхөр тендерийн бичиг баримт зассан. Хуульд заагдаагүй эрхээр Бортээгийн нүүрсийг давуу эрхтэйгээр худалдан борлуулах монополь эрхийг олгосон. Зүгээр нүүрс угаах үйлдвэр биш байхгүй юу. Тийм эрхийг гэрээнд өөрчлөлт оруулж н.Уужимсанаа хийсэн. Тэр нөхөр манай намын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан хүний нөхөр. Энэ хэрэгт манай намын хоёр хүн холбогдчихсон. Өмнөх дарга ба одоогийн дарга нь.

-Д.Амарбаясгалан та хоёрын харилцаа хэр вэ ?

-Ямар олигтой байх вэ дээ.

-Д.Амарбаясгалан таныг нэр төрд халдлаа гэж цагдаад өгсөн. Таныг цагдаагаас дуудсан уу ?

-Тийм зүйл байхгүй. Яриад л байгаа болохоос. Худал гүтгэсэн шүү гэдэг төрлийн улс төр шүү дээ.

-Бичиг цаасаар цагдаад хандаагүй гэж үү?

-Яг тэгээд өгөх юм бол нөгөө талд нь гүтгэсэн эсэхийг нь нотлох, шалгах ажиллагаа хийнэ. Тэгэхээр өөрөө, өөрсдийгөө шалгуулах болчихно.

-Та бол өгөөсэй гэж бодоод сууж байна уу ?

-Өгвөл тэгнэ биз дээ. Нотлох баримтуудаа тал, талаасаа аваад очно. Өгөхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг үү.

-Таны шалгуулахаар шилжүүлсэн "Админерал" ХХК болон төмөр зам болон бусад хэрэгтэй холбоотой бүх бичиг баримтууд нэг нь ч гээгдэж хаягдаагүй очсон байх?

-Тэгсэн. Бүгд очсон. Манай намын гишүүдийг хүчээр хамаатуулаад байгаа юм болов уу, аль дээр байгуулсан төрийн бус байгууллагатай холбоод байгаа юм болов уу гэж бодох хүмүүс бас байгаа. Нотлох баримтаар нотлогдсон асуудлуудыг яриад байгаа болохоос цаана нь ТББ-тай янз бүрийн холбоосоор холбогдож байгаа хүмүүсийг шинжээч нотолж чадахгүй. Боломжгүй. Хуулийн байгууллага шалгаж, тогтоох мэдээллүүд бол зөндөө байсан.

Бортээгийн уурхайд "Админерал" ХХК-ийн дэд захирал Ц.Лхамжав 30 сая ам.доллар хүлээж авсан гэх гарын үсэг, тамгатай баримт мэдээлэл ирсэн. Сонсголын үеэр түүнээс энэ мөнгөний талаар асуухад "Хөрөнгө оруулалт" гэж тайлбарласан. Банкны шилжүүлгийн хуулга байгаагүй. Бэлнээр хүлээж авснаа нотлох акт байсан. Энэ авлигын баримт гэх мэдээлэл ч ирсэн. Тэгэхээр цаад талаас буюу гадаад улсын иргэн, байгууллагаас 30 сая ам.долларыг өгсөн шүү гэдгийг баримтжуулж гарын үсэг зуруулж авч хадгалсан гэж ойлгосон.

-Цар тахлын үед 30 сая ам.доллар гэдэг бол бага мөнгө бол биш.

-100 гаруй тэрбум гэсэн үг.

-Хэнээс ямар авлига, цаад зорилго нь юу байв гэдэг нь сонирхол татаж байна л даа?

-Харин тийн. Тиймээс би "Админерал" ХХК-ийн дэд захирал Ц.Лхамжаваас "Хэнд өгсөн бэ гэтэл" хүнд өгсөн баримт биш гэж хэлсэн. Их хэмжээний мөнгө хөрөнгө оруулалт нэрээр компани руу орсон. Гэтэл тэр компани нь шинэ, байгуулагдаад удаагүй, ажил гүйцэтгэсэн юм байхгүй, ямар ч шаардлага хангаагүй, борлуулалтын орлоггүй, ажилчид байдаг эсэх нь ч мэдэгдэхгүй компани болж хувирсан. Ийм компанид бэлнээр 100 тэрбум орж ирсэн. Тэгвэл энэ мөнгө яаж улсын хилээр орж ирэв. Цаашаа ямар хүмүүст очсон бэ гэхээр тэр хүн нь манай намын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөх ах нь болж таараад байгаа юм. Энэ мөнгө хэнээс ямар зорилготой гарсан болохыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Өөрөөр хэлбэл, Ц.Лхамжавын гарын үсэг мөн эсэх, тэр их мөнгө яаж хилээр орж ирсэн, цаашаа хэн рүү орж юу болж хувирсан болохыг тогтоох л ёстой.

-Тендерийг цуцлах чиглэлийг түр хороо дүгнэлтэн дээрээ дурдаж УИХ-ын тогтоол дээр тусгасан. Яг ямар хуулийг зөрчсөн болохыг хэлж өгөөч?

-Энэ их сонин асуудал. Энэ асуудалтай холбоотойгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тэмдэглэл алга болчихсон. Үүнийг хянаж шалгах явцад сонирхолтой зүйл гарч ирсэн. Тэр нь хорооны хурлын тэмдэглэлд Монгол Улсын "Админерал" ХХК байгуулагдахаас олон сарын өмнө БНХАУ-ын "Админерал" компани гэж яригдсан байдаг байхгүй юу. Утааг бууруулах шахмал түлштэй холбоотойгоор уг компани яригдсан. Улмаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 200 мянган тоннын гэрээ хийсэн. Зарим нь одоог хүртэл хил, гааль дээр байгаа гэх мэдээлэл байна. Нүүрс баяжуулах угаах үйлдвэр баригдсан. Тэгсэн мөртлөө яг тендерийг нь үзэхээр тендерийн бичиг баримтыг өөрчлөөд, Тавантолгойн хоёр дахь том ордын нүүрсийг зөвхөн "Админерал" ХХК-д монополь байдлаар худалдан борлуулах онцгой эрх өгсөн. Нүүрс угаах үйлдвэртэй холбоотой гэхээс илүү тэр том ордын нүүрсийг борлуулах эрх өгчихсөн. Гэрээт борлуулагчийг сонгон шалгаруулах нэрийдлээр халхавчилж хийсэн. Шинжээч дүгнэлтэндээ "Энэ бол тендер биш. Дүр эсгэсэн хэлцэл" гэж хэлдэг. Гэрч нар "Дээрээс дарга нар бичиг баримтуудаа устга гэж" хэлсэн гэж сонсголын үеэр ярьсан.

-Бортээгийн уурхай дээрх МТАС түншлэлийг цуцлах чиглэлийг Д.Амарбаясгалан дарга өгсөн. Энэ асуудлыг та юу гэж харж байна?

-Би анх хэвлэлээс уншсан. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаас Тавантолгой ХК-ийн БЭТ-рүү тийм чиглэл бичгээр очсон байсан. "Эрдэнэс Монгол" ХХК руу ЗГХЭГ-ын даргаас очсон байсан. МТАС түншлэл нь хууль зөрчсөн учраас цуцлах УИХ-ын тогтоол гарах нь ойлгомжтой байсан. Тогтоолын төсөл, түр хорооны дүгнэлт нь гишүүдэд тараагдсан байсан. Гэтэл УИХ-ын тогтоол гарахаас өмнө урьтаж хууль зүйн үндэслэл байхгүйгээр цуцалчихвал хэн хохирох уу. Төр, Засгийн газар өөрөө өрөнд унана. Тэгэхээр төрийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан мэтээр өрөнд оруулах гэж байна. УИХ-ын шийдвэрийг төр хэлэлцэхгүй. УИХ-ын шийдвэр гарсны дараа бол төр унахгүй гэсэн үг. Түр хорооны шийдвэр хууль зөрчсөн болохыг нотолсон. УИХ-аас Засгийн газарт цуцлах үүрэг даалгавар өгсөн.

-Хууль зүй, дотоод хэргийн яам яагаад Төрийн нарийн бичгийн даргаа томилохгүй байна вэ. Хэзээ томилох вэ?

-Надад ар тал эзэнгүй байх төвөгтэй л байна. Дөрвөн сар боллоо. Өнгөрсөн Баасан гарагт яамаараа явж ажилчидтайгаа танилцлаа. Ерөнхий сайдад томилуулах хүнийхээ нэрийг өгсөн. Томилохгүй л байна. Ерөнхий сайд Засгийн газрын хурал дээр томилно гэж ярьсан. Засгийн газрын хуралдаанаар томилогдох албан тушаалтан заавал АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагааг авдаг. Энэ лавлагааг АТГ-руу ЗГХЭГ-ын дарга явуулдаг. Тэр бичгийг нь явуулахгүй байгаа учраас Засгийн газар руу өргөдөл дутуу гэх шалтгаанаар орж чадахгүй байгаа.

-Д.Амарбаясгалан та хоёрын дунд улс төрөөс гадна хувийн асуудал байгаа юм уу?

-Хувийн асуудал байхгүй. Хувийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асуудалд хандаж хэрхэвч болохгүй. Гишүүд хувь, хувьсгалын янз бүрийн юм ярина л биз. Би хувь хүний хувьд ямар ч асуудалгүй.

АТГ: Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас хууль зөрчиж баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулав
АТГ: Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас хууль зөрчиж баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулав
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.