Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүсчилсэн тойргийг ҮХЦ-д өгч, лобби хийх сүүлийн хувилбар...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 1 секунд

Хуулийн дагуу УИХ-ын ээлжит сонгуулийн тойргийг өнгөрсөн оны сүүлээр парламент шийдвэрлэсэн. Ингэхдээ орон нутгаа долоон бүс, нийслэл Улаанбаатарыг зургаан бүс болгож зурсан юм. Өөрөөр хэлбэл, хөдөөд гурваас дөрвөн аймгуудыг, нийслэлд зарим дүүргүүдийг хооронд нь нэгтгэж энэ удаагийн сонгуулийг явуулна гэсэн үг.

Уг нь сонгуулийн тойргийг тогтоосон УИХ-ын тогтоолыг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө батлах боломж байсан. Гэвч эрх баригчид оны өмнө яаравчилж асуудлыг шийдвэрлэсэн юм. Үүний цаад зорилго нь бүсчилсэн тойргийн асуудлыг удаан хугацаанд хэлэлцүүлбэл дэмжигдэхгүй байх эрсдэлтэй. Мөн оны өмнө төрийн албаа хүлээлгэж өгөхөөр бэлдэж буй залуучууддаа “тоглоомын дүрэм”-ээ түрүүлж танилцуулах гэсэн агуулга байсан юм.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-аар баталсан бүсчилсэн тойргийн асуудлыг ҮХЦ-д өгч байгаа аж. Хэрвээ Цэц уг гомдлыг нь хүлээн авч маргаан үүсгэх, цаашлаад маргаан шийдвэрлэх процесс нь УИХ-ын эсрэг гарвал байдал өөрөөр эргэнэ. Ялангуяа залуучуудад, эмэгтэйчүүдэд маш хатуу нөхцөл байдал үүсгэж буй бүсчилсэн том тойргийг өөрчлөх хүсэл сонирхол хаа хаанаа бий. Гагцхүү парламентад суудалтай намуудын дарга нар болон “ах нар” гэх томъёлолд багтсан УИХ-д хэд, хэдэн удаа сонгогдчихсон эрхмүүд л бүсчилсэн тойргийн хувилбар дээрээ бат зогсох нь гарцаагүй. Ер нь үеийн үед сонгуулийн хууль, тойрогтой холбоотой асуудлаар ҮХЦ ямар нэгэн шийдэл гаргасаар ирсэн. Мэдээж гаргасан шийдвэр бүр нь маргаан дагуулдаг. Харин энэ удаад яах вэ гэдэг сонирхол татаж байгаа юм.

Тэгвэл анх удаа сонгогдсон гишүүд болон аймгийн дарга нарын фракц энэ асуудалд нэлээд ньюанстай хандаж буй гэх мэдээлэл буй. Магадгүй ҮХЦ дээр өрнөх гомдол, маргаанд дахин сонгогдох магадлал нь багассан шинэ гишүүдийн лобби орох магадлалтай байгаа ажээ.

Ер нь сонгууль дөхөх тусам нэр дэвшихээр горилогчид сонгуулийн үнэнтэйгээ танилцаж, их багагүй л бүсчилсэн тойргоос цэрвэж байгаа нь үнэн. Ялангуяа орон нутагт дэвшихээр зэхэж буй шинэ горилогчдод хүнд нөхцөл байдал үүсгэсээр байна. Учир нь сурталчилгааны 18 хоногт 3-4 аймгаараа бүтэн тойрч, сонгогчидтойгоо уулзаж чадахгүй. Хурдтай явлаа гэхэд нэг аймгийг бүхэлд нь тойрно. Нэмээд гурав сумаар л орох боломжтой гэх. Энэ хэрээр тараах материал, ухуулагчдын зардал гээд төсвийн хувьд ч гэсэн оройгүй их хэмжээний мөнгө хөрөнгө зарцуулахаар байгаа юм.

Ийнхүү хүнд нөхцөл байдалд орсон залуучууд, шинэ сонгогдсон гишүүдийн хувьд сүүлийн найдвар нь ҮХЦ болж байх шиг байна. Яг улс төр талаас нь авч харвал ҮХЦ дээр Ардын намын дарга нарын, нэмээд Ерөнхийлөгчийн нөлөөгүйгээр бүсчилсэн тойргийн шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлүүлэхэд бэрх. Бараг л боломжгүй шахуу гэхэд болно. Хэрвээ ҮХЦ дээр хууль зөрчсөн гэдэг алх цохиулж чадвал УИХ дээр бол олонхыг бүрдүүлэх боломж бий. Ямартаа ч нөхцөл байдал нь угаасаа муугаар эргэчихсэн байгаа тул эцсийн “сум”-аа Цэц рүү чиглүүлж буй нь энэ бололтой.

ЕБС-ийн гуравдугаар улирлын хичээл эхэллээ
ЕБС-ийн гуравдугаар улирлын хичээл эхэллээ
 
Энэ сарыг дуустал  Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбай бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ сарыг дуустал Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбай бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.