Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу энэ сарын 24-ний өдрийн 12.36 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн сургуулийн арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад 22 настай, эрэгтэй “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөж, ослын улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Осол гаргасан жолоочийг согтуурал хэмжигч багажаар шалгахад хэмжээ 0 гарсан байна. Одоогоор явган зорчигчид болон жолоочид эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа аж.
Иймд жолооч Та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.