Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэслэлгүй хөрөнгөжих буюу мөнгө мөрөө ҮЛДЭЭДЭГ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
11 минут 34 секунд

Энэ удаа ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар илрүүлсэн “үндэслэлгүй хөрөнгөжих”-ийн талаар ярина. Гэхдээ тодорхой хүний нэр дурдахгүйг эхэнд сануулах нь зөв болов уу. Учир нь мөрдөн байцаалтын шатанд яваа зарим хэргийн талаар энд дурдаж буй. Албан тушаалтнуудыг авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль бус эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжийг олгох үүднээс бодит кейсүүдийг энэхүү нийтлэлд өгүүллээ.

“Үндэслэлгүй хөрөнгөжих” нь гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд нарийвчлан заасан. Энэ нь АТГ-ын хуулиар харьяалан шалгах 12 төрлийн гэмт хэргийн нэг юм. Тухайн албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг илрүүлэх ажил нь түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахаас эхэлдэг.

АТГ жил бүр улсын хэмжээнд 40 гаруй мянган албан тушаалтны ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд тусгай маягтын дагуу цахим хэлбэрээр бүртгэж авдаг. ХАСХОМ гэдэг нь Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хэмээх үгийн товчлол юм. Албан тушаалтан хувийн ашиг сонирхол ба хөрөнгө, орлогоо өөрөө бөглөж ба албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүргийг хуулиар хүлээсэн. Өөрөөр хэлбэл, бөглөсөн мэдүүлгийнхээ үг, өгүүлбэр, цэг, таслал бүрийг өөрөө бүрэн хариуцна гэсэн үг.

Албан тушаалтны ХАСХОМ-ийг АТГ-аас бүтэн жилийн туршид төлөвлөгөөт болон бусдаас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийдэг. Сүүлийн 3 жилд албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгээс нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх, эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлоход хяналт шалгалтыг чиглүүлэн гүнзгийрүүлэн ажиллаж байна.

2020-2023 онд 1245 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгасан, үүнээс 221-д нь хуулийн дагуу хариуцлага тооцуулж, сахилгын арга хэмжээ авахуулжээ. Энэ мэт зөрчлийн шинжтэй үйлдлээс гадна “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр 117 албан тушаалтан шалгагдаж байна.

Энэ хүрээнд 2023 онд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийн өсөлт бууралт, шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон байдал, улмаар үл хөдлөх хөрөнгийг бусдад бэлэглэсэн, худалдан борлуулсан зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөний байдлыг нарийвчлан шалгаснаар нэр бүхий 32 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгуулж байна. Эдгээр 32 нийтийн албан тушаалтан нь улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, ТӨХК-ийн удирдах албан тушаалтан, аймгийн Засаг дарга, агентлагийн газар хэлтсийн дарга нар буюу тушаал шийдвэр гаргах, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтнууд байна. Нийтлэг байдлаар авч үзвэл, дээрх этгээдүүд нь ажил албан үүргээ хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллахдаа хууль бусаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц, авто зогсоолыг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр хамаарал бүхий этгээдийн нэр дээр авах, зарим тохиолдолд үнэгүй авах зэргээр албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг хууль бусаар олсон буюу авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг бий болгосон байна. Зарим жишээг авч үзье.

  1. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан “Х” нь сүүлийн 5 жилд өөрийнх нь мэдүүлсэн орлогын дүн 10 дахин өссөн, орлогын өсөлтийн эх үүсвэрийг “хувиараа оёдлын үйл ажиллагаа эрхэлсэн, бусдад хүүтэй мөнгө зээлүүлсэн, орон сууц түрээслүүлсэн, ховор үнэт эдлэл худалдсан” гэх зэргээр тайлбарласан боловч энэ нь бичгийн баримтаар нотлогдоогүй. Шинээр худалдан авсан орон сууцны эх үүсвэрийг “тоног төхөөрөмж худалдсан, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдсан орлогоо 15 жил бэлнээр хадгалж байсан” гэх зэргээр тайлбарласан нь нотлогдоогүй. Өндөр үнэлгээтэй орон сууц худалдан авсан эх үүсвэрээ “бусдаас зээлсэн мөнгөөр авсан” гэж тайлбарласан боловч бас л нотлох баримтаар нотлогдоогүй. Мал аж ахуйн үнэлгээг хөөсрүүлж буюу үнийн дүнг хэт өсгөж мэдүүлсэн. Хамаарал бүхий этгээдүүдийн нэрээр 177 ам метр, 155 ам метр хэмжээтэй амины орон сууц 2, нийтийн орон сууц 1, өмчлөлийн газар 7, уг газар дээрх өндөр өртөг бүхий байгууламжийг тус тус өмчилсөн ба санхүүгийн эх үүсвэр нь хууль ёсных болох нь нотлогдохгүй байв. Их хэмжээний зээлийг төлж барагдуулсан боловч энэ нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хууль ёсны орлогоор төлөгдөх үндэслэлгүй, мөн хэрэглээний зардал, өндөр дүнтэй худалдан авалтын эх үүсвэр нь цалин, аж ахуйн үйл ажиллагааны орлогоос давсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймээс албан тушаалтан “Х”-г үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.
  2. Удирдах албан тушаалтан “Б” нь албаны чиг үүргийн дагуу харилцаж сонгон шалгаруулалт явуулсан аж ахуйн нэгжээс хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө хүлээн авч өмчилсөн, уг хөрөнгийг түрээслүүлсэн орлогоо бусдын нэр дээрх дансаар хүлээн авч, өөрөө ашигласан. Хамаарал бүхий этгээдийн нэр дээр бүртгэлтэйгээр автомашин өмчилсөн ч тэр нь тухайн албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан үнэлгээтэй, эх үүсвэр нь хууль ёсны орлогоор нотлогдоогүй. Өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийхдээ бусдын нэр дээрх харилцах данс ашигладаг, уг дансаар их хэмжээний орлого хүлээн авсан, хахуулийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул “Б”-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
  3. ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан “М” нь үндсэн цалин, хөдөлмөрийн хөлснөөс өөр нэмэлт орлогогүй, мөн гэр бүлийн гишүүн нь эрхэлсэн тодорхой ажилгүй, зөвхөн хадгаламжийн хүүгийн орлого болон хүүхдийн мөнгийг мэдүүлж ирсэн. Гэтэл хадгаламж нь жил болгон нэмэгдсэн үзүүлэлттэй буюу хадгаламж нь 30 дахин нэмэгдсэн. Нийтийн албанд ажиллаж байхдаа нэр бүхий компанид барилга, байгууламжийн чиглэлээр техникийн нөхцөл олгох шийдвэр гаргасан, улмаар тус компанийн барьсан орон сууцнаас өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр нийт 8 ширхэг орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээгээр худалдан авсан. Уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад хамаарал бүхий этгээдийнх нь орлогын түвшин, ажил эрхлэлтийн байдал нь дээрх эд хөрөнгийг худалдан авах эх үүсвэрт хүрэхгүй, худалдан авах чадваргүй байсан тул уг хөрөнгүүдийг хууль бусаар бий болгосон гэх үндэслэлтэй байв. “М” нь нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүний өмчлөлийн хөрөнгөд нийт 6 ширхэг авто зогсоол, 6 ширхэг орон сууц шинээр нэмэгдсэн байна. Иймд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгахдаа мэдүүлэг гаргагчийн өөрийн гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэг, тайлбарт “итгээд” өнгөрөх бус түүнийг нягтлан шалгаж, сэжигтэй тоог хөөж гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийн өсөлт бууралт, шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон байдал, улмаар үл хөдлөх хөрөнгийг бусдад бэлэглэсэн үү, худалдан борлуулсан эсэх зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн төдийгүй тухайн эд хөрөнгүүд нь мэдүүлэг гаргагчийг нийтийн албанд ажиллах хугацаанд нэмэгдсэн үү, албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа нэмэгдсэн үү гэдгийг хянан үздэг. Тэр байтугай өөр хүний нэрээр харилцах данс ашиглаж байгааг ч илрүүлдэг байна.

Сүүлийн жилүүдэд нийтийн албан тушаалтнууд оффшор бүс ашиглаж хууль бусаар хөрөнгө нуух, төр, төсвийн хөрөнгийг угаан хувьдаа ашиглах явдал их гарч байгаатай холбоотойгоор хяналт шалгалтын үйл ажиллагаанд олон улсын зарим нээлттэй эх сурвалжийн мэдээлэл, гадаад дотоод мөнгөн гуйвуулга, хэрэглээний их зардал, өндөр дүнтэй худалдан авалтын эх үүсвэр зэргийг хянан үзэж байна.

ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар илрүүлсэн үндэслэлгүй хөрөнгөжих нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурорын байгууллагын хяналтан дор хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээр шийдвэрлүүлэх учиртай. Одоогийн байдлаар 2023 онд ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүйг тогтоосон 60 албан тушаалтны 38-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байна. 7 албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ. АТГ-аас хяналт шалгалтаар төдийгүй мөрдөн шалгах ажиллагаагаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэл, холбогдлыг илрүүлэн шалгадаг билээ.

Шүүхээр шийдэгдэх хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох Үндсэн хуулийн зарчмын дагуу дээрх үйлдэл, жишээнүүдийг дурдахдаа албан тушаалтны нэрийг нууцалж, өөр үсгээр орлуулан бичлээ. Мөнгө мөртэй гэдэг. Мөнгөний мөрийг мөшгисөөр аливаа хууль бус зүйл илэрдэг тул дээрх мэт хууль зөрчсөн үйлдэл гаргахаар зэхэж байгаа албан тушаалтнуудад сэрэмжлүүлэхийг үүгээр хүсэв.

Т.МӨНХТУНГАЛАГ

2024.01.18

ФОТО: Хэргийн газрын үзлэг дууссаны дараа осол болсон газрыг цэвэрлэн, ариутгаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авна
ФОТО: Хэргийн газрын үзлэг дууссаны дараа осол болсон газрыг цэвэрлэн, ариутгаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авна
 
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.