Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийслэлд өмхий үнэр үнэртэж эхэлсэн. Үүнтэй холбоотой асуудлаар Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Угтахбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг тодорхойлдог 19 суурь харуул бий. Өчигдөр шөнөөс хотын хэмжээнд өмхий үнэр үнэртэж эхэлсэн гэх мэдээлэл байна. Агаарын чанарын хэмжилтээс харахад нэгдүгээр хорооллын нутаг дэвсгэрт хүхрийн давхар исэл хамгийн өндөр гарсан.
Агаарт хүхрийн хэмжээ 687 хүрэх нь “их бохирдолтой”-д тооцогддог. Агаар их бохирдолтой үед гадуур явахдаа амны хаалт зүүх, албан байгууллага, өрөө, тасалгааныхаа цонхыг хаахыг зөвлөдөг. Энэ өмхий үнэр шахмал түлшнээс үүдэлтэй юу гэдгийг шалгаж үзсэн. Өнгөрсөн 14 хоногийн дүнг харахад 687-оос өндөр гарсан тохиолдол таван удаа тодорхойлогдсон.
Хэрэв шахмал түлшнээс үүдэлтэй үнэр байсан бол өмнөх таван өдөрт ч ялгаагүй энэ үнэр үнэртэх байсан. Цэвэрлэх байгууламжийн үнэр байх магадлалтай гэж таамаглаж байна. Агаарын чанарыг тодорхойлдог 19 суурь харуул нь агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоосжилтын дүнгээс хүхрийн агууламжийг гаргадаг.
Эхний ээлжинд шахмал түлшнээс болсон уу, шаталтаас үүдэлтэй хүхрийн агууламж өссөн үү гэдгийг суурь харуулуудын дүнгээр шалгаж үзсэн. Одоо үнэртэж байгаа үнэр нь шахмал түлштэй холбоотой биш, цэвэрлэх байгууламжийн үнэр байх магадлалтай тул шалгалтын ажил үргэлжилж байна. гэж " гэв.
Мөн тун удахгүй дээрх асуудалтай холбоотойгоор УСУГ-аас мэдээлэл хийх аж.