NTV телевизийн Лхагвын тойм ярилцлагын зочноор МҮХҮАТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин оролцов. Түүнтэй Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн төсөлтээй холбоотой асуудлаар ярилцсныг хүргэе.
-Хөрөнгө оруулалттай холбоотой улс төр хүчтэй өрнөж байна. Таны хувьд МҮХҮАТ-ын буюу бизнесийн төлөөллийн байр суурь. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж үзэх ёстой гэсэн дэмжсэн байр суурийг та илэрхийлж баййа. Үүнд ямар нэгэн улс төрийн санаа зорилго байгаа юм биш биз?
-Үгүй, би бизнес эрхлэгчдийн төлөөллийн хувьд хийх ажил их байна. Энэ дунд хөрөнгө оруулалтын орчныг дэмжих нь байх эрх ашиг. Хааж боож хориглохоос илүү боломж бололцоог нь хэлэлцэж сайжруулах нь зөв гэж харж байна. Хэлэлцэхгүй байх нь маш том дохио. Хувийн хэвшил төрийг харах биш өөрийнхөө асуудлыг өөрөө шийддэг энэ том орон зайг нэмэхийн тулд олон зүйл хийх хэрэгтэй. Үүний нэг хэсэг нь Хөрөнгө оруулалтын тухай хууль. Хөрөнгө оруулалтын хувьд зөвхөн гадаад бус дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж анхаарахгүй бол том бизнесүүдийн хувьд татвар, хууль эрхзүйн орчноос үүдэн хөрөнгө оруулалт Монголд хийх нь эрсдэлтэй байдал харагдаж байна.
Авлига, хүнд суртал, тогтворгүй байдлаас үүдэн дотоодын хөрөнгө оруулалт ч зугтаах шинжтэй болж байгаа. Хэдийгээр хууль батлагдсан ч өргөс авсан юм шиг асуудал шийдэгдэж, хөрөнгө оруулагч нар шууд л Монголыг зорихгүй байх.
Энэ хуульд миний анзаарснаар давуу тал нь одоогийн хөрөнгө оруулагч нарт тулгамдаж буй гол асуудлуудыг зохицуулах заалт нэмж оруулсан. Хууль эрхзүйн орчин тогтворгүй байна, хүмүүс мэдээгүй байхад татвар нэмэгддэг. Жишээ нь, нийслэлийн татвар 2 хувь болсныг ихэнх хүн мэдээгүй. Энэ мэтчилэн оролцогч талын саналыг асуухгүй, зарцуулалт хяналтгүй байсан бол шинэчилсэн хуулийн төсөлд хоёр заалт тусгасан нь бизнес эрхзүйтэй холбоотой асуудал хөндөгдвөл тухайн хүнд мэдэгдэж, дуу хоолойг нь сонсох давуу тал харагдсан. Хоёрдугаарт, төрийн байгууллагын уялдаа холбоо харагддаггүй шүү дээ. Дотоодын хөрөнгө оруулагч нар нь ингэж зовж байхад гадаадын хөрөнгө оруулагч нар бүр ойлгомжтой.
-Жишээ нь, хөрөнгө оруулагч нарын асуудлыг шийдвэрлэхэд шүүх 12 жил зарцуулж байна. Дундаж нь л 6 жил байгааг шүүмжилдэг?
-Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор одоо өргөн барьж буй шинэчилсэн хуулийн төслийн гуравдугаар бүлэгт цогцоор нь тусгасан байна билээ. Гадаадын хөрөнгө оруулагч нарт татварын хувь хэмжээнээс илүү маргаан шийдвэрлэх процесс хамгийн чухал.
Маргааныг шийдвэрлэх процесс нь асар их цаг хугацаа зарцуулж байгаа нь дундаж компани дампуурах хэмжээний том эрсдэл болж байгаа байхгүй юу.
Тиймээс хөрөнгө оруулалт хийх үү, үгүй юу гэдэг нь хамгийн гол шийдвэрүүдийн нэг нь бизнестэй холбоотой маргаан, түүнийг шийдвэрлэх хугацаа байгаа юм. Үүнтэй холбоотой заалт шинэчилсэн хуулийн төсөлд тусгасан. Хөрөнгө оруулагчдын асуудлыг шийдвэрлэх институт байгуулж, ингэснээр өмнөөс нь ярьж хөөцөлдөж байгаа нь эзэнгүй хаяхгүй болж байгаа юм. Өмнөхөөсөө сайжирч байгаа учраас одоогийн байгаа хөрөнгө оруулагчдын тулгамдаж буй асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгаа учраас үүнийг ярих ёстой. Одоогийн хуулиар хаявал яаж ч магадгүй гэсэн л эрсдэлтэй, хөрөнгө оруулалт чухал биш гэсэн мессежийг өгөөд байгаа юм. Тиймээс хуулийг шинэчилж байгаа нь зөв.
-Гэхдээ хуулийн төсөлтэй холбоотой газрыг 100 жил эзэмших, хөрөнгө оруулалтын босго байхгүй болгох зэрэг асуудал улс төрд өрнөж маргаж байна. Та бүхэн хөндлөнгийн зүгээс дүгнэлт хийсэн байх?
-Сонгуулийн жилүүдэд төсвийн алдагдал нэмэгддэг, хүлээлт сунадаг. Тиймээс сонгуулийн жилд бизнесийнхний хүлээлт буурдаг. Энэ байдлаар л үйл явдал өрнөж байна. Гэхдээ ухраад ухраад үлдэх орон зайгүй боллоо бид. Зарим улс төр маш өчүүхэн. Асуудлыг мэдсээр байж одоогийн мөрдөж байгаа хуулийн заалтыг шинээр бий болгох гэж байгаа юм шиг эсэргүүцэх нь утгагүй. Сөрөг хүчний хувьд ч бас өнгөсрөн дөрөв, найман жил засаглахад асар их болохгүй асуудал байсаар атал өчнөөн хулгай болоход хэзээ хаана дуугарсан юм. Ийм байдлаар явмааргүй санагдаж байна. Би танхимд орсноос хойш анзаарагдсан зүйл нь бизнесийнхэн, улс төр, төрийн бус байгууллага тус тусдаа тойрогтой байх шиг. Уг нь хоорондоо огтлолцох цэг байх ёстой. Энэ цэг маш бага огтлолцож байгаа юм шиг харагдаж байна.
Ер нь хүмүүсийн амьдрал хэцүү байна шүү дээ. Хэмжээ хязгаар гэж байдаг бол хэмжээндээ туллаа. Улс төржилт нь хэтэрч байна.
Нөгөө талд, бизнесийнхний сул тал байгаа нь бид өмнөх ажлаа л хийж байвал бусад нь бидэнд хамаагүй гэсэн хандлагатай байна. Үнэнийг хэлэхэд, Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой үйл явдал болоогүй бол Их хурлаар орж хойшлогдлоо гээд л олон нийтийн анхааралд өртөхгүй чимээгүй өнгөрөх байсан байх. Тэгэхээр хүмүүст хүрэх байдлаар сайн, муу хоёр талтай. Зөв мессеж өгөх ёстой.
-Таны хувьд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод дөрвөн сар орчмын хугацаа өнгөрлөө. Одоо ямар ажил дээр төвлөрч байна?
-Би бүтэц өөрчлөх, хүн халж солих зэрэг жижиг асуудалд орооцолдохоос илүү бодлогын бүтцийг өөрчлөхөд анхаарч байна. Бизнесийн төлөөллийн байгууллагуудын хувьд хийх ажил ч их бий. Яагаад гэвэл өнгөрсөн 12 жилийн хугацааг харвал нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 32 хувь л өссөн. Атал төрийн өмчит нийт компаниудын хөрөнгө 11.7 дахин өсч, бидний төлөх татвар гурав дахин нэмэгдлээ. Монголд хамгийн том компани нь төрийн өмчийнх л байна. Топ 100 аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь төрөөс зөвшөөрөл авч лицензид суурилсан үйл ажиллагаа явуулдаг.
Том зургаар харвал 1992 онд Ардчилал гарахад чөлөөт зах зээлийн нийгэмд шилжиж, хувийн аж ахуй нэгжийг дэмжинэ гэж байлаа. Эсрэгээрээ өнөөдөр ухарч байгаа юм шиг дүр зураг ажиглагдаж байна.
Хэрэв энэ байдлаараа үргэлжилбэл олон хүний хувь заяа, аж ахуйн эрхэлж байгаа хүмүүсийн ирээдүй эрсдэлтэй эмзэг байдал бий болохоор байна. Өмнө нь том компаниуд өөрсдийн асуудлыг нэг нэгээрээ шийддэг, цаг хугацаа мөнгө хэмнэхийн тулд аргалж шийдсэн учраас одоогийн нийгэм шударга бус боллоо. Үр дагавар нь, эрүүл бус нийгэмд жижиг дунд бизнес эрхлэгчид цаг хугацаа, эд хөрөнгө, амь амьдралаараа хохирч байна.
Тиймээс ганц нэгээрээ төрийн бус байгууллагад хандах биш бүгд төрийн бус байгууллагуудтай хамтарч төрд дуу хоолойгоо илэрхийлдэг бүтэц бий болж байна. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд хийсэн хурал, форум, уулзалт тоогоо алдсан ч нэг ч компанийн асуудал шийдэгддэггүй. Салбарын асуудал ч шийдэгддэггүй. Яг л бахь байдгаараа. Энэ утгаараа илүү хүчтэй төлөөллийн байгууллагууд хэрэгтэй гэдэг үүднээс танхимын сонгуульд би өрсөлдсөн.
Эхний гол зүйл нь төлөөллийн байгууллагуудыг чадавхжуулах, нэгдэж нийлэх ёстой. Энэ утгаараа Танхимын хуулийг ашиглаж хувийн хэвшлийн эдийн засагт гүйцэтгэх оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх ёстой. Хуулийг боловсруулах шинэчлэх чиглэлд анхаарч байна.
МҮХҮАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХДЭЭ ҮЗЭЭД АЛДЪЯ ГЭЖ БОДСОН
-Гэхдээ бизнесийн байгууллагын төлөөлөл улс төрд орсон ч өөрөө улс төржсөн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ялангуяа МҮХҮАТ-ын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчдээс илүү төртэйгээ хамтарч ажиллаж ирлээ гэх шүүмж бий. Таны хувьд Танхимын Ерөнхийлөгчөөр өрсөлдөх шалтгаан юу байв. Энэ өрсөлдөөнд эртнээс байв уу. Аль эсвэл зүгээр азаа үзэв үү?
-Хар амь, бор толгойгоо л бодвол боломж бий. Миний хувьд улс төрийн аль эсвэл төрийн бус байгууллагад анхаарах бодол алга. Хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн үйл ажиллагаа явуулах эдийн засгийн орчныг тэлэхэд цагаа зарцуулна гэж боддог. Тиймдээ ч иргэний үүргээ бодсон ч МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж, үзээд алдъя гэж бодсон. Процессын хувьд санаснаас илүү өрсөлдөөнтэй байсан.
Зарим нэр дэвшсэн хүмүүсийн хувьд бизнес эрхлэгчдээсээ намайг дэмжээч гэж ярьж явсан сураг байна билээ. Надад “нэрээ татаач, хамтаръя”, “Чи Гүйцэтгэх захирал бол, би Ерөнхийлөгч нь болъё” гэдэг санал ч тавьж байсан. Миний зүгээс сонирхолгүй байгаагаа ч илэрхийлсэн.
-Танхимын хууль Их хурлаар хэлэлцэх эсэх нь шийдэгдэж байгаа. Хуультай холбоотой нөхцөл байдал нь энэ удаагийн Танхимын Ерөнхийлөгчийн сонгуульд бизнес эрхлэгчдийн анхаарал хандуулах нөхцөл болсон уу. Энэ тухайд та ямар байр суурьтай байна?
-Өөр, өөрийн сонирхол байсан байх.
-Тэгвэл таны хувьд?
-Дээр дурдсан, төр засагт нөлөөлөх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийн үгийг сонссон дүр эсгэж байна. Үүнийг өөрчлөх хамгийн том бүтэц Танхим гэж харсан. Тиймээс л үзээд алдъя гэж бодсон.
-Сүүлийн найман жил МАН төрийн эрхийг барих хугацаанд хувийн хэвшлийг дэмжсэн ямар хуулийн төсөл гарав. Ийм хуулийн агуулга бий болгож чадав уу. Олон жил бизнесийн орчинд ажиллаж ирсэн хүний хувьд та юу гэж харж байна?
-Тодорхой баримт дээр суурилж ярих хэрэгтэй болов уу. Том тоогоор харвал эдийн засгийн тодорхой хэмжээний өсөлт байна. Гэхдээ энэ өсөлт ямар хүртээмжтэй байна вэ гэдэгт асуудал байна. Ер нь том нь хэт томорч, жижиг нь улам дампуурах нөхцөлтэй л байна. Жишээ нь, төрийн болон хувийн хэвшлийн томоохон компаниуд бол зах зээлд байр сууриа аль хэдийнэ олсон.
Бидний хувьд хувийн хэвшлүүд төртэй хамтрахаас гадна дотроо ажиллах шаардлага байна.
.Хувийн хэвшилд бидний өмнөх үе болох 1990-ээд оноос хойш бизнес явуулж буй компаниуд ерөнхийдөө гэр бүлээрээ бизнес нь тогтсон, хамтрах нь төвөгтэй учраас тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн байгаа юм. Харин дараагийн үе бол илүү хамтарч ажилладаг бизнесийн загварууд залуусын дунд ажиглагдаж байна. Тиймээс эдгээр жижиг бизнесүүдээ дэмжих нь чухал. Жишээ нь, Оюутолгойг дагаж томорсон, үндэсний ТОП-100 компанийн жагсаалтад орсон олон компани байна. Маш олон компани Оюутолгой төсөлтэй хамтарч, ноухауг нь сурч, эргээд гадаадад бизнес хийж байгаа компаниуд ч бий болж байна. Энэ мэтчилэн өсөлт байгаа ч бүтцийн хувьд асуудалтай хэвээр байна. Энэ чиглэлээр дорвитой ажил хийж амжаагүй мэт харагдаж байна.
УИХ-ын намрын ээлжит чуулганаар эдийн засагтай холбоотой хуулийн төслүүдийг Их хуралд өргөн барьж батлуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан. Цагаан сарын өмнө чуулган хаалтаа хийх байх. Хаврын чуулганд Их хурлаар хууль улс төржих үү, ямар хувь заяа туулахыг хэлж мэдэхгүй байна.
-Төр, хувийн хэвшлийн эдийн засагт эзлэх орон зай тэнгэр газар шиг ялгаатай байна. Топ аж ахуйн нэгжүүд төрийн өмчит компаниуд дийлж орж ирсээр л байна. Тиймээс Танхимын хуулийн төслийг урагшлуулах шаардлага байна. Энэ хуулийг Хаврын чуулганд шахаж урагшлуулах шаардлага байна уу?
-Ер нь бололцоогоороо үзнэ. Гэхдээ өмнө хоёрын хооронд хууль батлуулснаас хэлэлцэж байгаад зөв хууль баталсан нь илүү дээр байх гэж харж байгаа. Бид хуулийн процессыг бизнесийн төлөөллийн байгууллагуудтай уулзсан. Зарим байгууллага эсэргүүцэж байна. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа учраас тэр. Холбоод, төрийн бус байгууллагууд байхгүй болж төлөөллөө авч чадсан нь улам томрох боломжтой учраас бусад нь шахагдна. Үүнтэй холбоотой бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж буй асар олон төрийн бус байгууллага бизнесийн эрх ашиг хөндөгдөх учраас хуулийн төслийн эсрэг байр суурьтай хэсэг бүлэг бий. Зөв хууль баталсан нь дээр байх. Хэрхэхийг цааш нь хэлж мэдэхгүй байна.
-Ардын нам татвар нэмэхгүй гэж төрд гарч ирсэн. Энэ оноос нийслэлд татвар нэмэгдэж байна. Жил бүр төсөвт төвлөрүүлдэг татварын хэмжээ нэмэгдээд байдаг. Энэ татвар бизнесийн байгууллагуудад ямар дарамт учруулж байна?
-Бизнесийн орчин ер нь таазандаа тулна гэдэг шиг л байна. Ихэнх компанийн хувьд татвар төлөх хэмжээний ашиг орлоготой байх боломжгүй болоод байна. Томууд нь илүү данхайж, жижгүүд нь цалин, зээлийн хооронд улам агшиж зээл нь томорсон эрсдэлтэй нөхцөлд байгаа.
-Татварын реформыг хийхийн тулд юуг онцлох шаардлага байна?
-Татварыг буруу ногдуулсан ч татварын хэмжээ, хууль эрхзүйн орчны хувьд зөв зохицуулж чадахгүй байсан ч төлдөг байсан бол одоо нөхцөл байдал хүндрэхээр энэ буруу тогтолцоож зөв болгохоос өөр аргагүй байна. Жишээ нь, НӨАТ. Зарим салбарын хувьд мөнгө эргэхээ больсон, бартерын системтэй болсон. Орон сууц борлуулсан гэхэд бартертай. Гэтэл НӨАТ-ын хувьд заавал төлөх үүрэг хүлээж байгаа юм. Гэтэл бартерын бараа материалыг зарж борлуулах асуудал үүсэхээс эхлээд НӨАТ-ын өр хуримтлагдаж эцэст нь үүдээ барихаас өөр аргагүй болж байна. Мөн л Ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэж бий. Үүнийг хэрэв тодорхойлж чадахгүй бол тодорхойлох боломжтой зарчим явж байснаа бүүр Хятадын боомт дээр байгаа үнээр нүүрсний үнэ авч, тооцож буй аж ахуй нэгжүүдийн хувьд үүнийг ямар ч төлөх боломжгүй. Энэ чиглэлийн олон компани хаалгаа барьж байна.
Хоёрдугаарт, төр хэтэрхий оролцохоор хяналт суларч, хариуцлага тооцдог систем алга. ЖДҮ-ийн зээл, Боловсролын сангийн зээл, Хөгжлийн банкны зээл зэрэг олон асуудал гаргаж ирж байгаа ч энэ асуудлууд бүгд төрийн оролцоо нэмэгдэж байгаагийн сонирхол нэмэгдэж байгаа юм. Гэтэл хариуцлага тооцохгүй болохоор хүмүүс хулгай хийхийг л бодно шүү дээ.
Хулгай хийсэн ч торгуулийн хэмжээ ял шийтгэл нь бага. Гэтэл аж ахуйн нэгжүүдийн хувьд хөрөнгөө хураалгуулж, зарим нь ордны гадаа сууж байна, орон гэрээ барьцаанд тавиад алдаж байна, амьдралаараа хохирч байна. Тэгэхээр систем нь буруу байгаагийн үр дагавар нь татварын бодлого шударга бус, татвар авч буй, төлж байгаа нь ч шударга бус байгаа юм.
-Татвараа төлөөд хүлцэнгүй явж ирсэн аж ахуйн нэгжүүд өнөөдөр хүлцэж чадахгүй хэмжээнд ирж байна. 20 тэрбум төгрөгийн өртэй мөртлөө онгоцоор зугаалж яваа бизнесмен байхад хоёрхон сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байгаа аж ахуйн нэгжийг данстай нь хаалгыг барих жишээ наад захын л байна. Тэгэхээр шударга бус татварын тогтолцоог өөрчлөхөд аж ахуйн нэгжүүд юу хийх ёстой вэ?
-Далд эдийн засгийг ил болгох шаардлага байгаа. Эхний удаа бидний төлж буй мөнгийг зарцуулалтад нь хяналт тавих боломж байвал ядахдаа л зориулалтын сан ил байх ёстой. Жишээ нь, нийгмийн даатгалын санг өөр зориулалтаар ашигладаг, эргээд зарцуулалтад нь хяналт байхгүй.
Хариуцлага байхгүй. Үүнийг сайжруулахгүй бол шүүрэн шанага шиг юу ч үлдэхгүй. Энэ дарамт нь эргээд татвар төлөгчдөд ирээд байна. Хэрэв үр ашигтай байсан бол бидний хувьд нэмж татвар төлөх шаардлагагүй. Татварын ачаалал нэмэгдэх шаардлагагүй шийдэх бололцоотой байсан.
Тиймээс төрийн зарим байгууллага өөрийн хариуцсан үүргээ биелүүлэхгүйгээс болж шударга бус татварын орчныг дэмжиж байна. Төлж байгаа хэсэг нь илүү хохирч, төлдөггүй бүтэн давхарга бий боллоо. Тэдний зүгээс, бид татвар төлж яах юм, өөрийн ирээдүйг өөрөө шийднэ, улсад даатгаад ямар ч нэмэргүй гэдгийг хувийн хэвшлүүд ярих боллоо.
Мөн л татвар ялгаагүй " амиа л тэжээж байна, төрөөс юу ч гуйхгүй, амиа л тэжээж байна" гэдэг байдлаар татвар, даатгал төлөхөөс эцэж эхэлж байна. Тэгэхээр хууль засаглах зарчим нь дээрээ ч алдагдаж, доор нь амьдралд нийцэхгүй хууль баталж, хэрэгжүүлэхгүйгээс болж даатгал, татвар төлдөг хэсэг нь л ачааны хүндийг үүрдэг болсон. Энэ мэтчилэн засч залруулах зүйл их байна.
-Татварын бодлогод өөрчлөлт хийх цаг нь болжээ. Үүний тулд танхимын зүгээс ямар арга хэмжээ авч, бизнесийн төлөөллүүдтэй хэрхэн нэгдэх вэ?
-Ер нь хувийн хэвшил ямар ч хүчгүй байгаа. Олон санал, төсөл өгдөг ч өөрийн өнцөгт таарсныг, хэрэгтэй саналаа л авдаг.
Танхимын хуулиар МҮХАҮТ-ыг тарааж, төвлөрлийг сааруулж тухайлсан салбаруудад ач холбогдлыг нь илүү өндөр хүчтэй болгож, бүх компаниуд төлөөллөө оруулдаг байх хэрэгтэй.
Тэгэхээр төлөөллөө хүчтэй болгох нь чухал байна. Ингэж асуудлаа ярихгүй бол бид юу ч ярьсан сонссон болоод л өнгөрч байна, яригддаг асуудал хэвээрээ л байна. Ижил хүчтэй түвшинд ярилцахгүй бол юу ч яриад нэмэргүй.
-Хуулийн өөрчлөлтэй холбоотой зарим эрх Танхимд очно гэж ойлгож байгаа. Тэгэхээр таны хэлсэнчлэн зах зээлд байр сууриа олсон томоохон аж ахуйн нэгжүүд дараагийн шинэ бизнес эрхлэхэд нь саад болох вий. Үүнийг яаж зохицуулж байна вэ?
-Төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж болно гэж Засгийн газрын тухай хуульд заасан. Төрийн хувьд ямар чиг үүргийг биелүүлдэг вэ гэдгийг харилцан ярьж байж шийдэх ёстой. Тиймээс биш яг алийг нь гэдгийг заахад төвөгтэй. Нөгөө талд, үүнийг авахын тулд би бүх хувийн хэвшлийг төлөөлж байна гэх статус чухал. Нөлөөлөл чухал байна. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд төлөөллийн байгууллага ямар ч нөлөөгүй байдаг гэдэг утгаараа оролцоо байдаггүй. Тэгэхээр энэ хүмүүсийн эрх ашиг хаягдаж байгаа юм. Бүгд гишүүнтэй болбол хуралдаа оролцож хийнэ, удирдах зөвлөлөө дундаасаа сонгоно. Төлөөлөх чадвар сайжирвал жижиг дунд үйлдвэрийг дэмжих зэрэг бодлогоо өөрсдөө авч явах бололцоо байгаа гэж харж байна.