Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюучимэг хүүхэд хамгааллын ажилтны орон тоо, хүний нөөц, төсвийн талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, орон тоо нэмэгдүүлснээр гарах үр дүнгийн талаар асуулт асууж, хариулт авсан байна. Ажлын хэсгээс боловсруулан оруулсан зарчмын зөрүүтэй гурван саналын нэгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах нь зүйтэй гэж тус байнгын хороны гишүүд үзсэн тул хоёр асуудлаар санал хурааж, дэмжжээ.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.