Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр,
"Би өөрийгөө салбарынхаа аав нь гэж боддог. Өөрөөр хэлбэл, 110 мянган гаруй багш, ажилчид, 271 мянган цэцэрлэгийн хөөрхөнүүд, 776 мянган сурагч, 5000 насан туршийн суралцагч, 38 мянган мэргэжлийн боловсролын сургуулийн оюутан, 145 мянган их дээд сургуулийн оюутан, Шинжлэх ухааны салбарын 29 хүрээлэнгийн үе үеийн олон мянган эрдэмтэн судлаачдыг нэгэн дээвэрт багтаасан өнөр өтгөн өрхийн тэргүүн юм.
Улирч буй он амжилт бүтээл дүүрэнтэй, шинэ хуулиа гардаж авсан, боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэлтэй, шинэчлэл бүрд эрүүл мэтгэлцээнтэй, олон жил бугшсан алдаа, дутагдлаа ил болгосон, олон улсын болон дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн, манай хүүхэд, залуус юу хүсэж байна, тэдэнд сэтгэлгээний ямар өөрчлөлт гарч байна гэдгийг мэдрэхийг чармайсан жил байлаа.
Басхүү гэртээ, асаргаанд байдаг, аав, ээж асран хамгаалагчдынхаа байнгын хайр халамж авдаг хүүхдүүддээ анхаарал хандуулж, төрийн зүгээс тэднийг байнга сонсдог, шийдлээ хамт ярилцдаг болж чадсаан.
Боловсрол, шинжлэх ухааны салбарынхаа ачааг үүрч яваа багш, ажилчид, эрдэмтэн судлаачдынхаа зовлон, жаргалыг хуваалцаж, мэргэжлийн салбар бүрийн нарийн онцлогийг олж харахгүйгээр энэ салбарыг зөв чиглүүлж чадахгүй. Тиймээс зөвд зөөлөн, бурууд хатуу байж, орчин үеийн чиг хандлагад нийцсэн хурд, чанар хосолсон, хүүхдэд сонирхолтой, хүүхэд залхдаггүй, урам хугардаггүй, уйлдаггүй хөтөлбөрүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлж, олон улсын түвшинд хүрэхийн тулд Монголынхоо онцлогыг ямагт тусгаж ажиллах нь оновчтой гэж тооцож байгаа.
30 жилийн алдаа оноо нэг өдөр, нэг жил өргөс авсан юм шиг болохгүй ч бид зөв оношилж, эмчилгээгээ зөв хийж чадвал Монголын боловсрол. Монголын шинжлэх ухаан дороо босоод ирнэ. Ирэхэд ч ойрхон байна гэдэгт итгэл дүүрэн байна. Боловсролд хамааралгүй айл өрх, Шинжлэх ухаанаас хамааралгүй улс орон гэж үгүй.
Монгол Улс боловсролын зөв тогтолцоо, эрдэм шинжилгээний судалгаа бүтээлд суурилж хөгжинө. Та бүхэндээ шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Айл бүхэнд аз жаргалын гэрэл асаж, инээд хөөр цалгиж, хүүхэд бүрийн нүдэнд хайр гэрэлтэх болтугай" гэжээ.