Лу.Гантөмөр даргатай Ардчилсан нам уг нь яг одоо шилжилтийн үе дээрээ явж байна. Харин тэд ардчилал хүний эрх, үнэт зүйл рүүгээ шилжээд байна уу, аль эсвэл хэн нэгний эрх ашиг руу шилжээд байна уу гэдэгт дор бүрнээ нухацтай хариулт өгөх цаг ирсэн бололтой. Өчигдөр АН-ын залуучуудын холбоо удирдлагаа сонголоо. Уг сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс, Б.Ган-Очир ялалт байгуулав. Ийнхүү АН-ын хамгийн чухал улс төрийн байрлалууд бүгд шинэ дарга, тэргүүнтэй болж байна. Харин уг сонголтын араас АН-ынхан дунд экс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талынхан арай илүү “ЯЛЖ" байна гэх яриа эрчимтэй гарч эхлэв.
Улс төрийн нүүдэл талаас нь харахад мэдээж Х.Баттулга талынхан Лу.Гантөмөр даргатай АН-д дур зоргоороо тоглож байгаа нь магтууштай. Тиймээс ч хамгийн чухал байршлуудыг нь ийнхүү эзэлж авлаа. Өөрөөр хэлбэл, АН дотор явсан хамгийн сүүлийн үеийн томилгоонуудын өрөм тосыг экс Ерөнхийлөгчийнхөн хуу хамж, нам нь Х.Баттулгын талынханд бүрэн “бүслэгдэж” байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, АН-ын 15 дэд даргын долоо нь Х.Баттулга талаас томилогдсон талаар өнгөрсөн наймдугаар сард шуурсан. Үүний ар дээр Эмэгтэйчүүдийн холбоог Х.Баттулгын дэмжлэгтэйгээр А.Адъяасүрэн гишүүн бараг авахын даваанд арай гэж эмэгтэйчүүд нь Б.Жаргаланд өгсөн. Өнгөрсөн 11 дүгээр сард Нийслэлийн АН-ын даргын сонгууль явагдаж, мөн л МоАХ фракцаас дэмжлэгтэй Т.Батцогт ялалт байгуулсан. Мөн өнгөрсөн сард Э.Одбаярыг намын генсекээр томилоход бас л Х.Баттулгын дэмжлэг орсон талаар эх сурвалжууд онцолж байв. Анх Э.Одбаярыг генсекээр тавих тохироог Лу.Гантөмөр хийсэн байсан ч удаасан учраас Х.Баттулгын дэмжлэгийг авсан даруйдаа Э.Одбаяр түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Бүлгийн даргаар нь хүртэл өмнөх түүхэндээ Х.Баттулгын талд явж ирсэн О.Цогтгэрэл ажиллаж байна. Эдгээрээс гадна намын “хөл” буюу аймаг, дүүргийн намын дарга нарын сунгаа явуулахад бас л Х.Баттулга талын дэмжлэгтэй хүмүүс 60 гаруй хувьд нь ялалт байгуулсан гэдгийг АН-ынхан онцолж байна.
Ингээд харахад бүх шатны дарга, намын бүтэц дээр экс Ерөнхийлөгчийн багийнхан маш амжилттай ажиллаж чадсан нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуульд АН-аас Х.Баттулга талынхан жин дарж оролцох, цаашлаад намыг удирдлагын гол бүтцийг “атгахаар” харагдаж байна. Хамгийн сонирхолтой нь өмнө нь тэд С.Эрдэнэтэй “нударга”-ын хүчээр үзэх гээд дийлэхгүй байсан бол одоо тогтсон дүрмийн дагуу өрсөлдөж эрх мэдлээ бэхжүүлж чадлаа. Ийм нөхцөлд араас нь хэл ам гарах нь утгагүй бөгөөд хүлээн зөвшөөрөгдөх байдал нь улам бүр бэхэжнэ гэсэн үг юм.
Одоо тэдний хувьд хамгийн чухал улс төр эхлэх болно. Ялалт байгуулбал засаглах эрх нь Х.Баттулгын талынханд илүүтэй шилжинэ. Хэрвээ сонгуулийн дүн хамтрах хэмжээнд гарвал бас л илүү эрх мэдэлд хүрнэ. Тиймээс тэд сонгогчдын тал хувь нь оршин суугаа нийслэлд хамгийн гол “бооцоо”-гоо тавих буй за.