ЭМЯ болон ХӨСҮТ-өөс Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа:
"Өчигдөр буюу наймдугаар сарын 11-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 677 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй байна.
Үүнд, Прага-Уб чиглэлийн онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ, долдугаар сарын 28-нд Сөүл-Уб-ын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ, ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй 24 эмч, ажилчний шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 8 хүний шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдаж буй 71 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ, Баруунхараа хотод тусгаарлагдсан 23 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.
Өнөөдөр ХӨСҮТ-ээс 6 хүн эдгэрч гаран дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байна. Эдгээр хүмүүсийн хувьд энхийг сахиулагчид болон Истанбулийн онгоцоор ирсэн хүмүүс байна." гэлээ.