Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэгдсэн АН” байгуулах ажилдаа орлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 33 секунд

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Единая Россия” буюу нэгдсэн Орос хэмээх намыг удирдаж, эх оронч үзлийг сурталчилж хаанчлалаа тогтоосон. В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдоод зогсохгүй энэ хавар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж 2036 он хүртэл хаанчлах замаа зассан билээ.. Түүний энэ үйлдлийг сөрөг хүчнийх нь удирдагч А.Навальны “В.Путиныг бүх насаар нь Ерөнхийлөгчийн суудалд суулгах зорилготой алхам” гэж мэдэгдсэн бол И.Жданов “төрийн эргэлттэй дүйцэх үйлдэл” хэмээн тодорхойлж байжээ. Харин В.Путин “Улс орон уналт, хүндрэл бэрхшээлтэй тулгарсан цаг үед тогтвортой байдал нэгдүгээрт тавигдана” хэмээн тайлбарласан юм. 

Тэгвэл Монголд ч гэсэн “Нэгдсэн Ардчилсан Нам” байгуулах ажлыг Х.Баттулга амжилттай удирдаж байна хэмээн улс төр судлаачид тайлбарлаж байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар АН ялагдсан шалтгааныг С.Эрдэнэ “Ерөнхийлөгчтэйгээ ойлголцож ажиллаж чадаагүй”-тэй холбон тайлбарласан. Тэгвэл сонгуулийн дараа Х.Баттулга өөрийн гарын хүн гэгддэг Баянхонгорын П.Нүрзэдийг АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар томилсон. Бас УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Баянхонгорын “пидоон” хэмээх Д.Ганбатыг томилуулж дөнгөсөн. Мөн нийслэлийн намын хорооны даргаар өөрийн зөвлөх Д.Пүрэвдавааг томилов. 

АН-д өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын өөдөөс үг хэлэх хүн үлдээгүй, удахгүй болох намын даргын сунгаанд Ерөнхийлөгчид хэн хадаг барьж тааллыг нь хүртсэн хүн гарч ирнэ, тэр АН-ыг бүтэн базаж байна гэж улс төр судлаачид ярьж байна. 

Харин жинхэнэ “Нэгдсэн Ардчилсан Нам” байгуулах ажил АН-ыг гартаа оруулснаар хязгаарлагдахгүй бололтой. Тэрээр парламентын гадна байх бүх жижиг намуудыг АН-д нэгтгэх бодлого боловсруулсан гэж эх сурвалж мэдээлэв. Өөрөөр хэлбэл Ардчиллын төлөө гэгддэг намууд АН-д дагаар орно гэсэн үг. Ингээд “Нэгдсэн Ардчилсан нам” байгуулах Х.Баттулгын бодлого бүрэн хэрэгжинэ.  

Хамгийн түрүүнд Буянгийн Жаргалсайхан нэгдэхээ илэрхийлсэн гэсэн яриа тарж эхлэв. Үүнтэй зэрэгцээд “ШИНЭ” намын Л.Болд Ерөнхийлөгчийн зөвлөх болж, “Шинэ нам АН-ын шинэчлэлийн төлөө бүх алхмыг хийнэ” гэж яриа өгсөн нь цахим ертөнцөд дуулиан болж байна. Учир нь “парламентад гишүүнгүй намын хүн бүхэл бүтэн бүлэгтэй намын шинэчлэлд анхаарна гэдэг нь доромжлол” гэсэн агуулгатай юм. 

Ямар ч байсан Л.Болд, Ж.Батзандан хоёр “Нэгдсэн АН”-д дагаар орох дараагийн хүмүүс бололтой. Энэ мэтээр бүх жижиг намуудыг Ерөнхийлөгч Х.Баттулга “базахаар” болсон сурагтай. Угаасаа түүнийг иргэний хөдөлгөөний намуудыг дэмждэг гэсэн яриа их байж ирсэн. Энэ удаа тэднийгээ АН-д оруулахаар эргэлт буцалтгүй шийдэж ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд “МАН ба бусад” гэсэн тулалдаан өрнүүлэх бололтой. Ингэсэн тохиолдолд МАН тун хүнд байдалд орж мэднэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд АН-ын капитануудыг хоёр янзаар хувааж байна гэж ажиглаж дүгнэжээ. Нэгдүгээр С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Д.Ганболд гэх мэт хүмүүсийг “аавынх” руу явуулж байгаа бол Я.Санжмятав, С.Ламбаа, Л.Болд гэх мэт ахмадуудыг өөрийнхөө зөвлөхөөр томилов. Эдгээр хүмүүсийн гарал үүслийг сайн ажиглавал АН доторх бүлэглэлүүдийн төлөөлөлүүд гэдэг нь хэнд ч тодорхой ойлгогдоно. Я.Санжмятав Алтангадас, С.Ламбаа, Л.Болд МоАХ болон ШИНЭ намынх гээд цуварна. Үүнээс гадна Х.Баттулга Ерөнхийлөгч Нэг ардчилал гэх мэт бусад бүлэглэлийнхээ хүмүүсийг ч гэсэн зөвлөх бол гэж багтаа урьсан гэнэ. Ингээд АН-ын бүлэглэл бүрийн төлөөллийг өөрийнхөө зөвлөх болгож “шинэ хаан” болох замаа эхлүүлэв. 

Үүний зэрэгцээ Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Гарамгайбаатар зэрэг олон асуудалтай улс төрчид хадаг барин нэгдэж байгаа гэсэн яриа саарал ордноор тэнэж байна. 

Анхаарал татах бас нэгэн содон мэдээлэл гарсан нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч гэсэн “Нэгдсэн Ардчилсан Нам”-д орох талаар ярилцаж эхэлжээ. Тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэд хэдэн удаагийн уулзалт хийж амжсан байна. Саяхан говийн аймгаар явж шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан нь зүгээр нэг зугаалга биш болж таарав. Тэрээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг дэвшүүлэхгүй Х.Баттулгыг дэмжих тохироо хийгдэж байгаа бололтой. Түүнийг Ардын хувьсгалын 100 жилийн өмнө МАН-даа нэгдэн орно гэсэн битүүхэн хүлээлт байсан бол өрсөлдөгч АН-ыг сонгож, мөнхийн өрсөлдөгч болох замыг сонгож ядан байгаа гэнэ. 
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Нэгдсэн Ардчилсан Нам” байгуулахад ямар ч саад тотгор үлдсэнгүй. Ногоон зам, ногоон гэрэл асчээ.

 

 

Монгол улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 144 орноос 58 дугаарт жагсаж байна
Монгол улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 144 орноос 58 дугаарт жагсаж байна
 
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.