Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 144 орноос 58 дугаарт жагсаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 11 секунд

“Шийдвэр гаргах төвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн талаарх уулзалт зохион байгууллаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-ын КОЙКА байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Жендэрийн үндэсний хорооны төлөөллүүдтэй уулзлаа. 

Манай улсын 3.3 сая хүний 1.6 сая буюу 50.8 хувь нь эмэгтэйчүүд. УИХ-ын 2020 оны сонгуульд 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь өмнөх жилүүдээс хамгийн их суудал авсан жил болов. 2019 оны байдлаар Засгийн газрын яамд, агентлаг, нийслэл, аймаг дүүргийн газар хэлтсийн дарга нарын 40 хүртэлх хувь нь эмэгтэйчүүд байна.

Монгол Улс 2018 оны байдлаар жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 144 орноос 58 дугаарт эрэмбэлэгдэж байна. Жендэрийн тэгш бус байдлын индексээр 160 орноос 65 дугаарт, шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дэлхийн 193 орноос 121-т жагсдаг. Тиймээс манай улсад жендэрийн тэгш байдлыг хангах, олон улсын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБХХ-өөс БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран дөрвөн жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Энэ сарын 21-нийг хүртэл УИХ, Засгийн газрын яамд, агентлаг, ТББ, хэвлэл мэдээллийн холбогдох албан тушаалтнуудтай уулзан санал солилцож төслийн баримт бичгийг эцэслэн боловсруулах аж. Үүнтэй холбоотойгоор дээрх уулзалтыг зохион байгуулж “Шийдвэр гаргах төвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг сайжруулах талаар санал бодлоо солилцлоо. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

“Охид, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшинд оролцоог нь нэмэгдүүлэхээс илүүтэй хандлагаа өөрчилж гэр бүлийн, нийгмийн оролцоонд идэвхтэй байхаас эхлээд бүх шатанд оролцоог нь нэмэгдүүлэх нь чухал. Зөвхөн шийдвэр гаргах төвшинд очиж байж сая улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах бус өөрийн гэр бүл, найз нөхдийн хүрээллээс эхлээд оролцоогоо нэмэгдүүлэх боломжтой гэдгийг ойлгуулах нөлөөллийн ажлыг урт хугацаанд үе шаттай зохион байгуулах нь илүү үр дүнтэй” гэв. Тэгэхдээ зорилтот бүлгээ сегмэнтлээд тухай бүрт тохирсон тодорхой бодлого, төлөвлөгөөтэй нөлөөллийн ажлаа явуулахыг санал болгов. Тухайлбал, одоо үеийн залуусын анхаарлыг татах, тэдэнд хүрэх дуу хоолой нэг өөр, малчны хотонд байгаа малчинд хүрч ажиллах бас нэг өөр гэдгийг онцолж байсан юм.

Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон БНСУ-ын КОЙКА байгууллага хамтран үндэсний хэмжээнд жендэрийн тэгш байдлын тухай сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн иргэн, АНН-д хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгохгүй
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн иргэн, АНН-д хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгохгүй
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.