Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчдын гар дээрээс мах шууд борлуулах хүрээнд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл тохиож, өвөлжилт хүндэрч, улмаар зудын эрсдэлийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар Архангай аймагт ажиллаж байна.

Архангай аймгийн 19 сумын хэмжээнд энэ жил 5.6 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд зэргэлдээх 4 аймгаас олон тооны мал өвөлжиж байгаа нь бэлчээрийн даац 70 хувь хэтэрсэн тус аймагт нөхцөл байдлыг хүндрүүлж буйг Аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын дарга хурандаа Д.Эрдэнэбаатар мэдээлэв.

Архангай аймгийн хэмжээнд мах бэлтгэн нийлүүлэх 7 үйлдвэр байдаг ч өдгөө нэг нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд цаашид энэ чиглэлийн мэргэжлийн хүн хүч, ажлын байр, техникийн нөхцөлийг сайжруулах төсөв хөрөнгө шаардлагатай байгаа аж.

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор мал мах бэлтгэл, худалдаа нийлүүлэлт, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан малчдын гар дээрээс шууд худалдан авалт хийх үүднээс орон нутгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газруудад олгохоор шийдвэрлэлээ.

Засгийн газраас өвлийг хохирол багатай даван туулах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чиглэлээр анхаарч, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Архангай аймагт Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байна. Мөн цас зудын үед хөдөө орон нутагт туулах чадвар сайтай “Ландкруйзер-78” автомашин нийлүүлэхээр болсны зэрэгцээ Аймгийн Онцгой комисс болон бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлшийг Улсын нөөцөөс олгохоор шийдвэрлэлээ.

Мөн УОК-оос тэжээлийн хомсдол үүсэхээс сэргийлж, дундын дамжлагагүй үйлдвэрийн үнээр малчдад шууд нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа тул орон нутгийн түвшинд зохион байгуулалтаа сайжруулахыг аймгийн удирдлагуудад Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан даалгалаа.

УБЦТС: Одоогоор цахилгаан хязгаарлах тухай хуваарь гарсан зүйл байхгүй. Гэхдээ хэт их ачаалал үүсч, тоног төхөөрөмж улайсвал хязгаарлалт хийхээс өөр аргагүй
УБЦТС: Одоогоор цахилгаан хязгаарлах тухай хуваарь гарсан зүйл байхгүй. Гэхдээ хэт их ачаалал үүсч, тоног төхөөрөмж улайсвал хязгаарлалт хийхээс өөр аргагүй
 
ПАРИС-2024: ОУХМ Л.Сосорбарам гурав торгуулж ялагдал хүлээлээ
ПАРИС-2024: ОУХМ Л.Сосорбарам гурав торгуулж ялагдал хүлээлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц