Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов өчигдөр ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг мэдэгдсэн. Гэвч цахим орчинд өнөөдөр гурван цаг цахилгаан хязгаарлана гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
Энэ талаар УБЦТС ТӨХК-иас тодруулахад, "Одоогоор цахилгаан хязгаарлах тухай хуваарь гарсан зүйл байхгүй. Оргил ачааллын үе буюу 17.00-20.00 цагийн үед иргэд цахилгаанаа хэмнэх шаардлагатай байна. Хэрэв хэт их ачаалал үүсч, тоног төхөөрөмж улайсвал хязгаарлалт хийхээс өөр аргагүй болно. Тиймээс 17.00-22.00 цагийн хооронд энэ цагуудад заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, цахилгаанаа хязгаарлахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна" гэлээ.
Эргэн сануулахад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Сибирт хүйтэрч, Галуут нуурын станцын 2 блокын засвар дуусаагүй шалтгаанаар ОХУ-аас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгдсэн учраас цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй болсон гэх мэдэгдлийг хийсэн.
Үүний дараа ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдсэн байдаг.