Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Чимгээ: Хоригдоод гарч ирснээс хойш нийгэмд намайг “хог, шаар” шиг л хардаг болсон

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
7 минут 37 секунд

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хорих ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хэргийг энэ оны дөрөвдүгээр сард хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгвэл үүнээс хойш дээрх гурван иргэн ямар нөхцөл байдалтай байгаа вэ. Бид энэ талаар Т.Чимгээтэй ярилцлаа.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард та бүхнийг цагаатгаж, сулласан байдаг. Үүнээс хойш нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?

-Тийм ээ, дөрөвдүгээр сард цагаатгах тогтоол гарч, биднийг сулласан. Үүнээс хойш амьдрал үнэхээр хүнд байна. Нийгэм ч тэр, хүмүүс ч тэр энэ хүн аймаар хэрэг хийсэн гэдэг байдлаар хандаж байгаа. Харьцаж буй харьцаа, харж байгаа харцнаас нь илт байдаг.

Ажил ч хийх боломжгүй, хүний хараа хяналтад л байдаг болсон. Маш их хохиролтой, өдрөөс өдөрт амьдрал маань хүндэрч байна. Яахав, нөгөө талаасаа энэ хүн хэлмэгдсэн юм байна гэж ойлгодог хүмүүс ч байгаа л байх.

-Суллагдсанаас хойш хугацаанд албан байгууллагуудаас ажил горилж үзсэн үү. Тэд таныг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Энэ бол үнэхээр хэцүү асуудал. Утсаар ярихаар “Тэнд, энд ирээд уулзаарай” гэнэ. Яг очоод уулзахаар царай нь хувьсан өөрчлөгдөөд л “Манайх дөнгөж сая хүн авсан” гэх байдлаар ханддаг. Миний тэтгэврийн нас ч болоогүй байна. Ажил хийгээд, амьдралдаа нэмэр болж, байрны түрээс, цахилгааны мөнгөө олох гэхээр ямар ч боломжгүй болсон. Миний эрүүл мэнд маш их доройтсон. Эрүүл эрхтэн бараг байхгүй.

"Миний бүхэл бүтэн амьдрал, үр удамд минь арилашгүй хар толбо үлдээсэн"

-Ажил горилж буй иргэнээс хуулийн дагуу цагдаа, шүүхийн тодорхойлолт шаарддаг шүү дээ. Таны хувьд цагаатгагдсан нотлох баримтаа үзүүлэхээр яаж хүлээж авч байна?

-Хүний хандлага маш өөр болсон юм байна. Нотлох баримт бичиг баримтаа авч очоод л үзүүлдэг байсан. Тэгэхээр л “Манайх ажиллахгүй” ч гэдэг юм уу эсвэл буруу хараад, хоорондоо шивнэлдэх зэргээр хүйтэн хөндий хандлага их гаргасан. Үүнээс болж надад нийгмийн “хог, шаар” болсон юм шиг сэтгэгдэл төрж байгаа юм чинь.

Ер нь л миний бүхэл бүтэн амьдрал, үр удамд минь арилашгүй хар толбо үлдээсэн. Одоо миний охин хүртэл хэлдэг. Ажил дээрээ “Миний ээж энэ шүү дээ, Би Чимгээгийн хүүхэд” гэж хэлж чаддаггүй нуудаг гэсэн. Хэрвээ тэгж хэлэх л юм бол тэр байгууллагын хандлага тэс өөр болно гэх айдастай байдаг.

Хоёрдугаарт, би том охиноо алдсандаа маш их харамсдаг. Хэрвээ намайг хэлмэгдүүлж, олон жил муухай газар хорьж тамлаагүй бол өдийд миний охин амьд, бид элэг бүтэн амьдрах байсан.

Хүмүүс бодохдоо, нэхэмжлэл гаргаад л мөнгө аваад дуусчих асуудал шиг ханддаг. Үгүй шүү дээ, тав арван цаас аваад дуусах асуудал биш байхгүй юу. Миний болон үр хүүхдийн минь сэтгэл санаанд тогтсон, нийгэмд цацагдсан хар муу бодол, мэдээ мэдээлэл арилахгүй.

-Түрүүн та яриандаад дурдсан. Ажилд орох гээд очихоор ялгавартай ханддаг гэж байна. Монголд хүний эрхийг хамгаалах байгууллага нь ХЭҮК шүү дээ. Энэ байгууллагад хандаж үзэв үү?

-Учиргүй хүний эрхийн байгууллагад хандаад байсан зүйл байхгүй. Угаасаа сошиалаар л дүүрэн “Эрх нь зөрчигдсөн” гээд мэдээлэл байгаа. Үүгээр хүний эрхийн байгууллага наана цаанаа ярьдаг л байх. Ямартаа ч эхний ээлжинд Иргэний шүүхэд гомдлоо гаргаад, дараа нь Монголын төдийгүй олон улсын байгууллагад хандана.

-Саяхан “Хүний эрхийн өдөр” тохиолоо. Энэ өдөр та юу бодож байв?

-Мэдэхгүй ээ, хүний эрх гэж яриад л байдаг болохоос хэрэгжиж байгаа зүйл надад лав мэдрэгддэггүй.

-Хоригдож байх хугацаанд “эрүү шүүлт” болон бусдаас шалтгаанаас болж, таны эрүүл мэнд багагүй хохирсон байдаг шүү дээ. Өнөөдрийн байдлаар танд илэрч буй ямар зовиур, шинж тэмдэг байна. ЭМ-ийн байгуулагад ханддаг уу?

-Эрүүл мэнд бол маш хүндрэлтэй. Зүрх өвддөг, айж цочдог гээд шөнө ч унтаж чаддаггүй. Хөл гар өвдөх гээд эрүүл эрхтэн бараг байхгүй. Нуруу суулттай болсон. Яах вэ, өөрийн хэмжээнд ойр зуурын эмээ л авч уудаг. Эмнэлэгт үзүүлье гэвэл олон асуудал байна. Улсын эмнэлэгт үзүүлье гэхээр оочир дараалал их, хувийн эмнэлэг нь өндөр төлбөртэй. Эдийн засгийн талаар “нам суусан” болохоор үзүүлэх боломж байхгүй.

-Тантай хамт хоригдож байсан Б.Содномдаржаа гэж хүн бий. Түүнтэй хэр холбоотой байдаг вэ. Б.Содномдаржаагийн нөхцөл байдал ямар байгаа бол?

-Хот мэдэхгүй хоёр хүн чинь утсаар ярьж, төөрч будилж байж дөрөвдүгээр сард “цагаатгах тогтоол”-оо авах гэж л уулзсан. Б.Содномдаржаагийн бие маш муу байна лээ. Нуруу нь татаад, гэдийж чадахгүй байсан. “Яалт ч үгүй л явж байна даа, Чимгээ эгч ээ” гэсэн. Тэр өдрөөс хойш огт уулзаагүй, яриагүй.

-“Цагаатгах тогтоол” гарснаас хойш та бүхэнд сэтгэл санаа, эрүүл мэндийн нөхөн төлбөр гэж олгосон уу?

-Байхгүй ээ, харин Иргэний шүүхэд хандаж байж л хуулийн дагуу хохирол тооцогдох байх гэж бодож байна. Гэхдээ шүүхэд хандах гэхээр бидэнд баримт дутмаг байгаа. Яагаад гэвэл манай гэр бүл, ойр дотныхон намайг л эрүүл гаргаад авъя гэж байснаас биш, байрны түрээс төлсөн, намайг эргэхэд гарсан зардлын тооцоо, баримтыг гаргаагүй юм билээ. Тухайлбал, манайх 2015 оноос хойш байр түрээсэлж байгаа.

-Энэ асуудал дээрээ хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авч чадаж байна уу?

-С.Оюунцэцэг өмгөөлөгчөөсөө л 2015 оноос туслалцаа авч өнөөдрийг хүртэл ээж, охин хоёр шиг явж байна даа. Өөр зөвлөгөө туслалцаа авсан зүйл байхгүй. Иргэний шүүхэд гомдол гаргах материалаа энэ долоо хоногтоо бүрдүүлээд өгнө.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Тулга: Хилийн боомт дээр түлштэй холбоотой ямар нэгэн хүндрэл гараагүй
Б.Тулга: Хилийн боомт дээр түлштэй холбоотой ямар нэгэн хүндрэл гараагүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.