Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Тулга: Хилийн боомт дээр түлштэй холбоотой ямар нэгэн хүндрэл гараагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 58 секунд

Хилийн боомтуудын нөхцөл байдал, хүчин чадал болон зарим цаг үеийн асуудлаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгаас тодруулга мэдээлэл авлаа.

-Сүүлийн өдрүүдэд түлш шатахуун болоод цахилгаан эрчим хүчтэй холбоотой асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, түлш нийлүүлэлт боомтууд дээр хэвийн саадгүй байгаа юу?

-Хилийн боомт дээр түлштэй холбоотой ямар нэгэн хүндрэл гараагүй. Үүнд УУХҮЯ онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. ОХУ-ын холбогдох төрийн байгууллагуудтай chat room хүртэл үүсгэж түлшний асуудлыг зохицуулж байгаа. Хилийн боомтоор буюу Алтанбулаг боомт дээр ямар нэгэн хүндрэл гараагүй. Бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. ОХУ дайны байдалтай байгаа улс. Дэлхийн хоёрдугаар дайн болоод дууссан. Үүнтэй дүйцэх хэмжээний дайныг ОХУ хийж байгаа гэдгийг ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, хэвийн цагт худалдаа хийдэг байсан шигээ биш болчихлоо. Маш олон хоригт орсон. Энэ олон хориг, дайны үр нөлөө манай нефть болон эрчим хүчний худалдаа дээр гарч байна гэдгийг ойлгох хэрэгтэй. ОХУ-д нөхцөл байдал амаргүй байгаа. Бид ОХУ-аас тодорхой эрчим хүчний нөөцийг авдаг. Бид цаашид эрчим хүчний дотоодын нөөцийг бүрэн хангадаг болох чадавхийг бий болгох нь чухал байна гэсэн үг. Тэр нь ОХУ-тай нэг ч худалдаа хийхгүй гэсэн үг биш. Мэдээж дайны үйл явц дуусна шүү дээ. Тэгэхээр Монголчууд өөрсдөө хэрхэн бэлдэх вэ.

Засгийн газрын хуралдаанаар ОХУ-ын байгууллагуудтай эрчим хүчний чиглэлээр хамтарч ажиллах чиглэлийг өглөө. Эрчим хүчний асуудлыг давж гарах ёстой. Энэ бол нэг зүйлээс болоогүй. Урьд урьд жилийнхээс цаг агаар ч хүйтэрч байна шүү дээ. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт. Тэгэхээр энэ болгоныг төлөвлөх тооцоолох шаардлага гарч байна. Харамсалтай нь уур амьсгалын өөрчлөлтийг тооцоолж чадаж байгаа нэг ч улс үндэстэн алга. ОХУ-ын дайныг бүрэн таамаглах арга ч бидэнд алга. Нөхцөл байдал амаргүй байгаа нь мэдэгдэж байна.

Засгийн газар руу ирүүлсэн бичгээс харахад, манай улсад гол эрчим хүч нийлүүлдэг станцад гэмтэл гарсан, өргөтгөлийн ажил хийх ёстой байна гэдэг байдлаар дурдсан байсан. Тэгэхээр газар дээр нь нөхцөл байдал дээр нь очиж танилцаж Засгийн газрын түвшинд ажиллана. Өөрөөр хэлбэл, ОХУ-тай дахин хэлэлцээр хийнэ. Иргэд маань ч өөрсдөө хичээх хэрэгтэй. Хэн нэгнийг буруутгахаас илүүтэй бүгдээрээ хичээж байж үүнээс гарна.

-Боомтуудын нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөөч. Үйл ажиллагаа хэвийн байгаа юу?

-Хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулсан. Тэргүүлэх зорилго дээр боомтын асуудлыг онцгой анхаарахаар салбар хоорондын зохицуулалт хийхээр Боомтын сэргэлтийн үндэсний хороог байгуулж, хилийн боомтын захиргааг байгуулаад хоёр жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд хилийн боомтуудаар нэвтрэх гадаад худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, түргэн шуурхай болгох, тэнд байгаа ААН төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн боомтуудын өнөөдрийн байгаа хүчин чадлыг нэмэгдүүлж, тодорхой боомтуудыг өргөтгөх ажлыг зохион байгуулж байна. Монгол Улс түүхэнд байгаагүй хэмжээгээрээ уул уурхайн бүтээгдэхүүнээ БНХАУ руу экспортолж чадлаа. 2023 оноос өмнө монгол Улс хамгийн ихдээ жилдээ 35 сая тонн эрдэс баялгийн түүхий эдийг худалдаа хийж боомтоор нэвтрүүлж байсан бол нэг жилийн хугацаанд энэ тоог хоёр дахин нугалж 70 саяд хүргэх гэж байна. Энэ хэрээр боомтын ачаалал нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалтыг сайжруулж, боомтуудын хүчин чадлыг өргөтгөж байна.

-Тухайлбал?

-Замын-Үүд боомтын зорчигч тээврийн терминалыг энэ хавар ашиглалтад оруулсан байсан. Саяхан ачаа тээврийн терминалыг ашиглалтад оруулсан.Ашиглалт нь жигдрээд ирэхээр нээлтээ хийнэ. Түүнчлэн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж өдөр шөнийн горимоор ажилладаг болгох замаар хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлж байгаа юм. Монгол Улсын импортын 70-80 хувь нь ганцхан Замын-Үүд боомтоор хийгдэж байгаа. Тиймээс энэ боомтын хүчин чадал нэмэгдэх нь БНХАУ-тай хийж байгаа худалдааны өртгийг бууруулах эерэг нөлөөтэй бөгөөд энэ хэрээр иргэдийн гар дээр ирж буй бараа бүтээгдэхүүний үнэ бага байна гэсэн үг. Энэ утгаараа 24 цагийн туршилтын үйл ажиллагааг Замын-Үүдийн автозамын боомт дээр 12 дугаар сарын 16-ны өдрөөс 31-нийг дуустал хийхээр болсон. Мөн Алтанбулаг боомтын өргөтгөл бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Ачаа тээврийн терминал 12 дугаар сарын 15 буюу маргааш ашиглалтад бүрэн орж байгаа. Зорчигч тээврийн боомтын ажлыг ирэх оны эхний хагаст бүрэн оруулахаар ажиллаж байна. Мөн Тува улстай хиллэдэг Боршоо боомтын ажил бүрэн дууссан. Хүчин чадал 3-4 дахин нэмэгдсэн. Худалдааны эргэлт эрс нэмэгдсэн. Гашуунсухайт боомтын ажил өнөөдрийн байдлаар 40 орчим хувьтай үргэлжилж байна. Ирэх ондоо багтааж дуусгахаар ажиллаж байна. Шинээр өргөтгөх боомтыг ярьж байгаа.

Ирэх жил Ховд аймгийн Булган боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Дорнод аймгийн Хавирга боомтуудад өргөтгөх зураг төслийг хийж дууссан. Одоо гүйцэтгэгч сонгон шалгаруулахаас авхуулаад тодорхой ажлуудыг ирэх онд хийхээр төлөвлөөд байна.

-Ирэх онд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажилд хангалттай хэмжээний төсөв хөрөнгө тавигдсан уу?

-Боомтын сэргэлтийн үндэсний хороо маань тусгайлсан яам биш. Энэ утгаараа боомтын сэргэлтийн хүрээнд аймгуудын төвүүдийг холбох, транзит урсгалыг бий болгоно. Мөн мянганы зам буюу аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай зам, сумын төвүүдийг боомтуудтай холбох ажлууд төсөвт суусан. Мөн тодорхой уул уурхайгаас хилийн боомт руу тавигдах автозамууд, төмөрзамын бүтээн байгуулалтууд төсөвт суусан. Эдгээр нь ЗТХЯ болон орон нутгийн төсөвт суусан учраас Боомтын сэргэлтийн үндэсний хороон дээр хөрөнгө оруулалтын төсөв харьцангуй бага суусан. Зөвхөн Хилийн боомтын захиргаанд ажиллаж байгаа алба хаагчдын цалин хөлс гэдэг байдлаар суусан. Бусад нь ЭЗХЯ, Сангийн яам, ЗТХЯ зэргээр тараад суусан. Эдгээрээс харахад, 2024 онд боомтын сэргэлтийн хүрээнд хангалттай хөрөнгө оруулалтын санхүүжилт тавигдсан гэж ойлгож болно.

Зогсоолын маргааны улмаас нэгнээ санаатай мөргөжээ
Зогсоолын маргааны улмаас нэгнээ санаатай мөргөжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.