Өнгөрөгч долоо хоногт Төрийн ордонд дөрөв хоногийн турш үргэлжилсэн нүүрсний сонсголтой холбогдуулан тус Хянан шалгах Түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Г.Ганболдтой ярилцлаа.
-Нүүрсний эхний шатны сонсголын ард гарлаа. Таны хувьд өмнө тус Түр хороог жил гаруй хугацаанд удирдаж, нотлох баримтын хүрээнд ажилласан хүний хувьд энэ удаагийн сонсголоос ямар дүгнэлттэй үлдэв гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүдийн худалдан авалттай холбоотой асуудал тэр дундаа нүүрстэй холбоотой асуудлыг хянан шалгах Түр хороо нүүрсний асуудлаарх эхний шатны сонсголыг өнгөрөгч долоо хоног хийлээ. Маш олон хүн гэрчээр дуудагдсан болохыг та бүхэн харсан байх. Эхний сонсголд орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, худалдан авалт болон Өмнөговь аймгийн нутгаар нүүрс гаргаж байгаа Цагаанхадны боомтын газар олголттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалсан. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авалттай холбоотой нэлээн өндөр дүнтэй гэрээнүүдийг ярьсан.
Орон нутгийн "Тавантолгой" компанийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ эзэмшдэг боловч бүхэлдээ хувийн хэвшил буюу 49 хувийг эзэмшиж буй талынхан 10 гаруй жил тэнд засагласан юм байна. ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагыг ч 49 талынхан нь томилж удирдаж байсан юм байна гэдэг нь харагдсан.
Нөгөө талаас ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүд өөрсдөө энэ компанитай маш их хэмжээний гэрээ хийсэн болох нь харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, газар олголттой холбоотой асуудал нэлээн хавтгайрсан байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумынхан өөрсдөө ААН байгуулж, дуудлага худалдаагаар ч юм уу газар авчхаад гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад цааш нь зардаг юм байна гэх ойлголтыг өгсөн. Мөн газар эзэмшүүлэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдгийг нарийн нягтлалгүйгээр эзэмшүүлсэн байх магадлал өндөр байгаа. Нэг га га газрыг нэг тэрбумаар үнэлж тендерт оролцох санал өгснөөс харагдаж байгаа юм л даа. Эндээс иргэд "Тавантолгой" компанийн худалдан авалт, газар олголттой холбоотой асуудлуудыг ойлгосон байх. Нэг ёсондоо, компанийн 49 талынхан нь өөрөө өөрсдөдөө олборлолт, борлуулалтаа зарж байна гэж ойлгож болно. Миний хийж буй дүгнэлт бол, цаашид төрийн өмчит компаниудын хяналт шалгалтыг сайжруулах, төрийн төлөөлж ТУЗ-д орж байгаа гишүүд үүргээ ухамсарлах шаардлагатай байна.
Төрийг төлөөлж ТУЗ-д оронгуутаа хувийнхантай хуйвалдаад явдаг байдлыг таслан зогсоох ёстой.
-Өчигдөр Түр хорооноос дараагийн сонсголд гэрчээр дуудаж буй хүмүүсийн нэрсийг зарласан. МАН-ынхан түлхүү байна лээ?
-Дараагийн сонсгол энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно. Таван өдөр үргэлжилнэ. Гэрчээр дуудагдсан хүмүүсийн нэрс дунд тухайн үеийн УИХ, ЗГ-ын гишүүд, төрийн өмчийн компаниудыг удирдаж байсан удирдлагууд, хэлтэс газрын дарга нар гээд олон хүн багтсан. Энэ сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой асуудал 100 хувь яригдана. Бидний мэдэж буйгаар, оффтейк гэрээ буюу өндөр үнийн дүнтэй төмөр замын асуудлууд мөн ЭТТ ХК нууцад авч хийсэн гэрээнүүдээс гадна С зөвшөөрлийн асуудлууд ч багтаад байгаа.
Манай Түр хороо бол мөрдөн шалгах үүрэг бүхий түр хороо. Мөрдөн байцаалт явуулахгүй. Гэхдээ бидний гаргаж буй баримтыг хууль хяналтынхан шууд л нотлох баримтаар авна гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Сонсголыг ажиглаад сууж байгаа хууль хяналтын байгууллага шинжээчид ямар дүгнэлт гаргав гэдэгт дүгнэлт хийгээд явах юм. Түүнээс биш гэм буруутай гэж байгаа хэрэг биш.
Би нэг зүйлийг дахин дахин хэлж байгаа. Сонсголд дуудагдсан гэрчүүдийг бүгдийг нь нүүрсний хулгайд оролцсон хүмүүс гэж харж болохгүй. Тухайн үеийнх нь ажил үүргийн хуваариар гүйцэтгэсэн гэрээнээс зайлшгүй тодруулах шаардлагатай мэдээллийн хүрээнд дуудаж буй хэрэг юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гэрээний үнийн дүнгүүд өндөр учраас гүйцэтгэж байгаа компаниудаас авхуулаад олон компаниуд оролцоно.
Нэлээн олон гэрээнүүд ил болж яригдах учраас одоогоор зарим шинжээч нарын дүгнэлтийг эцэслэж аваагүй байна. Түр хорооны гишүүд шинжээч нарын дүгнэлтийг урьдчилж аваад тэндээсээ нотлох баримтын хүрээнд тодруулах боломжтой. Энэ утгаараа нотлох баримтууд, дүгнэлтүүдтэй аль болох эртнээс танилцаж, тус асуудлыг нийгэмд гаргаж тавихын төлөө идэвхтэй оролцох ёстой. Тиймээс Түр хорооны бүх гишүүд идэвхтэй оролцоосой гэж хүсэж байгаа.
Сонсгол аль нэг улс төрийн нам руу чиглэсэн биш бодит байдлыг нийгэмд зөв талаас нь харуулаасай гэж хүсч байна. Хаана нь хулгай гарчихав гэдэгт дүгнэлт хийх гээд байгаа юм. Өнгөрсөн сонсгол дээр баахан гэрээ ярилаа шүү дээ. Хаанаас нь хэн хулгай хийчихэв гэдгийг шууд дүгнэхэд хэцүү байгаа биз дээ.
Тухайлбал, энэ удаагийн сонсгол дээр гааль болон хилийн цэргийн үе үеийн удирдлагуудыг дуудсан байгаа. Хоосон гарсан машинууд гэдэгт хариулт авч тодруулах гэж байгаа юм. Зарим мэдээллийг өдөр өдрөөр нь гаргана. Тухайн өдөр ажилласан байцаагчаас авхуулаад олон гэрч орлолцоно.
-Нүүрс тээврийн жолооч нар ч дуудагдаж байсан?
-Тийм ээ. Хилээр хоосон гарсан гэсэн бүртгэлтэй машины жолооч нар ирж хоосон гарсан уу, ачаатай гарсан уу гэдгээ ярих юм. Нөгөө талаасаа хил, гааль түүнийг яаж бүртгэсэн бэ гэдгээс нүүрсний бодит хулгай байсан эсэхээр олон нийтэд мэдээлэл өгнө. Эндээс асуудал нэлээн тодорхой болох байх.
-Нүүрсний хулгайг анх гаалийнхан илрүүлж нийгэмд гаргаж мэдээлсэн-
-БНХАУ-ын талаас гаалийн бүрдүүлэлт тал дээр мэдээллээр дэмжлэг үзүүлж байгаа зүйл бий юу?
-2014 он хүртэл Хятад Монгол гаалийн мэдээгээ тулгаад явж байсан. Гэтэл Хятад Монголын гаалийн тоо зөрсөн учраас л энэ маргаан анх гарсан. Мөн тухайн үед шалгаж байсан хэргүүдийг прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосноос улбаатай. Түүнээс хойш тодорхой онуудад шалгалт хийсэн. Тухайн үед Хятадаас гаалийн мэдээллээ өгч байгаа сүүлийн үед өгөхөө больчихсон. Тиймээс бид нар Хятадын гаалийн мэдээлэл өдөр бүр байршдаг сайтуудаас мэдээлэл авч, зөрүүг олж байгаа. Хоёр дахь шатны сонсголоор ч энэ асуудал яригдана.
-Түр хорооны дарга өмнө мэдээлэл өгөхдөө 2 мянга гаруй тээврийн машины хяналтын камерийн бичлэгийг сэргээж үзэж байгаа талаар мэдээлж байсан. Энэ удаагийн сонсгол дээр эдгээр хяналтын камерт суурилж гаргасан дүгнэлтийг ярих уу?
-Өмнө хяналтын камерийн бичлэгийн шалгахаас гадна мэдээллүүд устгагдсан гэдэг мэдээлэл гарч байсан шүү дээ. Тухайн мэдээллүүдийг сэргээх чиглэлээр өмнөх Түр хорооны үед ч сар гаруй хугацаанд ажилласан. Гаалийнхан мэдээллээ маш сайн гаргаж өгсөн.
Ер нь нүүрсний хулгай гэдэг зүйлийг анх гаалийнхан илрүүлж нийгэмд гаргаж мэдээлсэн хүмүүс шүү дээ. Гаалийнхан дотоод хяналт шалгалтаараа энэ асуудлыг анх тогтоосон байдаг.
Түүнээс улбаалж явагдсан зүйл. Хамгийн анх хулгай гэдэг зүйл гарахад нь холбогдох хүмүүс нь хариуцлагаа хүлээгээд явсан бол асуудал өнөөдрийн хэмжээнд ирэхгүй байх байсан гэж боддог. Тэр хэргүүд хэрэгсэхгүй болсноос улбаалж асуудал ч гаарсан юм байна гэж хардаг.
-Б.Ганхуягийг сонсголд оролцуулах эсэх нь ШҮҮХИЙН асуудал-
-Олон нийтийн шүүмжлэлийг хүртэж, анхаарлыг нь сонсгол руу "эргүүлсэн" зүйл бол яалт ч үгүй Ханбогд сумын газар олголттой холбоотой асуудал байлаа. Энэ асуудал ер нь шинээр тогтоогдсон нотлох баримт юм уу. Аль эсвэл өмнө Түр хорооны үед авагдсан байсан мэдээлэл хэрэг үү?
-Өмнө байгуулагдаад ажиллаж байсан Түр хорооны хянан шалгах асуудлын хүрээнд багтсан байсан асуудал л даа. Өмнөх Түр хорооны шалгах асуудлын хамрах цар хүрээ нь их өргөн байсан. Бүх боомтууд руу явж ажиллаж байсан. С зөвшөөрөл, бөмбөлөг тээвэр, газар олголт зэрэг асуудлын хүрээнд Ханбогд сумаас газар олголттой холбоотой мэдээллийг нь авч байсан. Сүүлд Хянан шалгах Түр хорооны сэдэв хүрээ нь илүү хумигдсан шүү дээ. Хоёр Тавантолгойн худалдан авалт, борлуулалттай холбоотой гэрээг үзээд ирэнгүүт тэр дунд газар олголт, сонгон шалгаруулалтын асуудал ороод ирсэн юм. Газар олголтын асуудал өмнөх Түр хорооны хамрах асуудалд багтсан байсан чиглэл.
-Гэрч нартай холбоотой асуудал их гарч байна. Тухайлбал, нүүрсний гэх тодотголтой энэ хэрэгт гол ам нээх ёстой хүнийг олон нийт ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг хэмээн харж байгаа. Гэтэл өмнөх сонсголд оролцуулах боломжгүй байсан. Харин хоёр дахь шатны сонсголд дахин гэрчээр дуудахаар болчихлоо?
-Б.Ганхуяг хоёр дахь шатны сонсголд ч гэрчээр дуудагдсан. Гэхдээ оролцуулах эсэх нь шүүхийн асуудал. Б.Ганхуяг шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа хүн. Шүүх шийдвэр гаргаад цагдан хориог нь цуцалбал оролцуулах боломж бүрэн дүүрэн байгаа. Өмнө дөрөвдүгээр сард сонсгол зарласан байсан шүү дээ. Тэр үед Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг шүүхэд тавьж байсан. Тухайн үед хэрэг боогдоогүй, мөрдөн байцаалт явагдаж байсан учраас мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж магадгүй байна гэдэг байдлаар сонсголыг хойшлуулсан шүү дээ.
Одоо хэрэг шүүхийн шатанд яваа. Түр хорооноос сонсголд дуудаж буй учраас бичиг хүргүүлнэ. Оролцуулах эсэх нь шүүх шийдэх асуудал.
Гэхдээ гэрчүүд гэдэг бол гэмт хэрэгтэн биш. Үнэлгээний хороо гэж байя. Тэр хороонд байсан долоон хүн бүгдийг нь дуудаж байгаа. Тухайн гаргасан хамтын шийдвэртэй нь холбогдуулж зайлшгүй асуухад шаардлага бий гэж үзэж буй юм. Түр хорооны гишүүд энийг, тэрийг дууд гэхээс илүүтэйгээр зайлшгүй дуудаж асуух шаардлагатай гэдгээр шинжээч нар гэрчийн нэрсийг гаргаж байна. Түр хорооны гишүүдэд энэ хүнийг яагаад дуудсан юм, дуудах ёстой байсан уу гэдэг байр суурийг илэрхийлэх боломж бага.
-Хоёр шатны сонсгол болдгоороо болоод өнгөрнө. Гэхдээ энэ сонсголын ард бид ямар үр дүнтэй үлдэх вэ. 2017 оноос хойш орон нутгийн Тавантолгой ХК-д татварын шалгалт ороогүй талаар сонсголоор дурдагдсан. Ийм байж болох юм уу. Ер нь цаашид ТӨҮГ-ууддаа ямар анхаарал, хяналт тавих юм бэ?
-Хоёр шатны сонсгол хийсний дараагаар Түр хороо УИХ-д тайлангаа тавина. Тайлан тавих хүрээнд сонсголоос гарч байгаа эерэг болон сөрөг үр дүнг ярина. Орон нутгийн "Тавантолгой" ХК-д татвар, аудитын шалгалтууд орж байсан. Гэсэн хэрнээ сүүлийн үеийн баримтууд устгагдсан, олдохгүй байгаа зүйлүүд бий. Тиймээс тухайн баримтуудыг олох тал дээр ажиллах шаардлага бий. Түр хорооны дарга хуулийн байгууллагууд хандаад явж байгаа шүү дээ. Түр хорооноос ноцтой бичиг баримт алга болсон асуудлууд дээр хууль хяналтын байгууллагад хүсэлт өгөөд явна. Мөрдөн шалгах шаардлагатай байна гээд. Анхаарах ёстой асуудлуудыг бүгдийг гаргана. Энэ хүрээнд өөрийн тань ярьсан асуудлуудыг гаргаж тавина.
-Сонсголын дараа Т.Доржханд гишүүний ярьж буй 44 ИХ НАЯД гэдэг тоог ДҮГНЭЖ, танилцуулах талаар санал гаргана-
-Нүүрсний хулгай гэх нэршил нийгэмд бий болсноос хойш 44 их наялдаа алджээ гэдэг дүн олон нийтийг бухимдуулсан. Гэхдээ энэ тоон дээр гишүүд ч зөрүүтэй байр суурийг илэрхийлдэг шүү дээ?
-Б.Энхбаяр дарга Т.Доржханд гишүүнийг дуудаж 44 их наяд гэдгээ тайлбарлаарай л гэж байсан л даа. Гэхдээ 44 их наяд гэдэгт бол яг бодитоор шалгаад явж байхад манайх тийм ч яахаа алдчихсан, тийм дампуурсан улс биш юм билээ гэж би харж байгаа. 44 их наяд гэдэгт алдагдсан боломжийг яриад байгаа байхгүй юу. Хилийн наана байгаа нүүрсийг бирж дээр зарвал ийм хэмжээний ашиг олох байжээ гээд байгаа. Гэтэл хилийн ам дээр байгаа нүүрс хил үнэ нөхцлөөр, цаашаа Хятадын тээвэр ложистик гээд биржээр арилждаг зах зээлд хүрэх хүртэл наана нь тээвэрлэлтийн маш их зардал байгаа байхгүй юу. Тэгэхээр тухайн үед монголын компаниудын нүүрсний аман дээрээс зарж байсан нүүрсийг биржээр зарж байсантай харьцуулаад ийм их зөрүүг алдагдсан боломж яриад байгаа байхгүй юу.
Олон жил зарсан нүүрснийхээ мөнгийг нэмсэн ч тийм мөнгө гарахгүй шүү дээ. 10 жил бүх нүүрсний үнийг нэмээд ч тийм хэмжээний мөнгө гарахгүй. Тиймээс нийгэмд зөв ойлголт өгөх ёстой. Нүүрсний сонсгол дуусаж УИХ-д тайлангаа тавих үед нь энэ дүнг дүгнэж оруулах тал дээр Түр хорооны гишүүний хувьд санал гаргана. Үүнд эцсийн дүн тавих ёстой.
Амаараа боломж яриад л суугаад байвал олон нийтэд буруу ойлголт өгнө. Энэ хэрээрээ нийгмийг бухимдуулаад байна шүү дээ. Монголчууд бүгд л юмаа алдчихсан хүн шиг л байна шүү дээ. Гэтэл төр улс бүх шатандаа ажиллаад түүндээ тулчихсан улс биш юм байна гэж харж байгаа.
-Ярилцлагын төгсгөлд Түр хорооны гишүүдийн оролцоо тун муу байгааг асуумаар байна. Сөрөг хүчин л гэхэд оролцоо бага байсан. Дараагийн сонсгол дээр ч ийм байдалтай оролцох юм уу?
-Би ч өмнөх сонсгол дээр хэлж л байсан. Идэвхтэй суумаар байна, олуулаа суугаад асуувал олон юм гарч ирнэ гэж. Улс төржсөн гэдэг ч юм уу аль нэг намынх нь хүнийг дуудахаар орж ирж суучихаад сонсголоо үнэгүйдүүлэх гээд, Б.Ганхуягийг сураглачихаад яваад байвал сонсгол маань үнэ цэнгүй болно. Хуулиараа сөрөг хүчний хувийг заачихсан. Сөрөг хүчний дөрвөн хүн байгаа. Эдгээр гишүүд маань идэвхтэй оролцоод шинжээч нарын дүгнэлтээс асуултаа асуугаад явбал нийгэмд ч зөв ойлголт өгөх юм. Тэгэхгүй бол сөрөг хүчнийхэн байхгүй болохоор нөгөө намынхан руугаа чиглүүлсэн, тавилттай мэт ойлголтыг өгөх гээд байна шүү дээ. Тиймээс аль алиных нь оролцоо хангагдаж байж нүүрсний хулгай хаана байна, оффтейк гэрээндээ байгаа юм уу, ангиллын зөрүүн дээр байна вэ гэдгийг нийгэмд ойлгуулах гээд байгаа шүү дээ. Өнөөдөр Түр хорооны сонсгол дээр АН-ын гишүүд идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлсэн. Магадгүй ирэх долоо хоногийн сонсголоор ихэвчлэн ЭТТ ХК-тай холбоотой МАН-ын харьяалалтай хүмүүс ихээр дуудагдаж буй учраас оролцох сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Сөрөг хүчнийхэн оролцож байж нийгэмд үнэн зөв мэдээлэл явна.
-Ярилцсанд баярлалаа.