Манай улсын эмнэлгийн байгууллагууд жил бүрийн өдийд бага насны хүүхдийнхээ ханиад, томуунд дарагддаг. Энд тэндгүй бүхий л эмнэлэг ачааллаа дийлэхээ больж, шалаар ч болтугай хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй эцэг, эхчүүд олширдог. Тэгвэл ханиад томууны суурь юутай холбоотой бас уламжлалт анагаах ухаанаар амьсгалын замын өвчинг эмчлэх боломжтой эсэх талаар "Бомбордук" хүүхдийн уламжлалт эмчилгээний төвийн эмч С.Сувдтай ярилцлаа.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томуу эрс нэмэгдэж байна. Түүнээс гадна өмнө ханиад туссан хүүхдүүдэд ч мөн давтан шинж тэмдэг илрээд байна л даа. Үүнийг тайлбарлаж өгөөч?
-Аливаа өвчин нь яг л зохиол шиг. Учир нь эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн үетэй байдаг. Уламжлалт анагаах ухаанд ялангуяа амьсгалын замын өвчнийг,
- Эс боловсорсон үе,
- Боловсорсон буюу дэлгэрсэн халууны үе
- Эдгэрлийн үе шат гэж гурван үе шатад хуваан үздэг.
Эс боловсорсон үе нь бидний нэрлэж заншсанаар нууц үе буюу дөнгөж ханиалгаж, хамар битүүрч, нус гоожиж эхэлж байгаа үе. Энэ үеийг дуусахаар өвчний ид үе буюу дэлгэрсэн халууны үед хүүхэд халуурна, ханиалгана, найтаана, гүйлгэж, бөөлжих зэрэг бүх шинж тэмдэг илэрдэг. Энэ үед эм тан хэрэглэж, хүүхдийн ханиадыг эмчилнэ. Үүний дараа эдгэрлийн үе шатад хүүхэд эмчилгээ авсан тул ханиаж, найтаах нь багасаад ирэхээр эцэг, эхчүүд нь тайвшраад эмээ зогсоож, дутуу эмчилгээ хийдэг. Гам дэглэмийг нь алдагдуулчихдаг.
Гэтэл хатгалгаа өвчнөөр өвчилсөн хүүхдийн маань уушиг бүрэн дүүрэн нөхөн сэргэхэд багадаа 14-28 хоног шаарддаг. Тэгэхээр хүүхэд ханиад хүрсэн л бол эргээд хэвийн болох хүртэл 1 сарын хугацаа шаардлагатай байдаг байна.
Гэтэл эцэг, эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа нь миний хүүхэд эдгэчихлээ, хурц үе нь намдчихлаа гэж бодоод цэцэрлэг, сургуульд нь явуулчихдаг. Ингэхээр хүүхэд маань дутуу эдгээд байгаа юм.
-Танай эмнэлэг дээр амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүүхэд хэчнээн ирж байна. Бас зонхилон ямар шинж тэмдэг илэрч байна?
-Энэ 10-р сараас хойш ханиад, томууны дэгдэлтийн ид үе эхэлсэн. Үүнээс хойш ирж байгаа хүүхдүүд маань дандаа эмчилгээ дутуу хийгдсэн байна. Ханиад, томууны шалтгаантай ирж байгаа нийт хүүхдүүдийн 80 орчим хувь нь эмчилгээгээ бүрэн хийлгээгүй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гэртээ гарсан бол эмчийн зүгээс асаргаа болон эмийн зааврыг хүртэл зөвлөж гаргасан байгаа шүү дээ. Гэвч эмээ бүрэн уусан ч гэсэн дутуу эдгэсэн тохиолдол байна эсхүл огт эм хэрэглээгүйгээс болж ханиад нь дахин сэдэрсэн тохиолдол байна.
Нэг ёсондоо уламжлалт анагаах ухаанаар өвчний сүүлийг таслаагүй шинж тэмдэг л нийтлэг ажиглагдаж байгаа юм. Өвчний сүүлийг таслаагүй гэдэг нь энгийнээр тайлбарлавал өвчин бүрэн эдгээгээгүй гэсэн үг юм. Тэгэхээр цэртэй ханиалгаж байгаа хүүхэд байвал цэрийг нь шингэлж улмаар үүний дараа цэрийг ховхолж гаргах шаардлагатай байна.
-Тэгэхээр эцэг, эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа нь хүүхдэд нь ямар нэг шинж тэмдэг илэрхээ болих үед эмчилгээг нь зогсоочихдог юм байна шүү дээ. Тэгвэл хүүхдийн биед ханиадны вирус хэрхэн тогтож үлдсэн бэ гэдгийг, бүрэн эмчлэгдээгүй байна гэдгийг хэрхэн мэдэх боломжтой вэ?
-Хүүхэд ханиад хүрээд эдгэсний дараа чагнахаар бас хамар, хоолойг нь шалгахаар зүгээр байгаад байдаг. Гэхдээ хий ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрч байдаг. Гэтэл энэ үед нь өвчний сүүлийг таслах зорилгоор уламжлалт анагаах ухаанаар төөнүүр засал хийх хэрэгтэй юм. Тэгэхээр эцэг, эхчүүд маань өөртөө аль ойрхон байрлах уламжлалтын эмнэлэгтээ хандаад, тохирох эмчилгээг хийлгэж, өвчний сүүлийг таслах зайлшгүй шаардлагатай юм.
-Хүүхдэд ямар нэг хатгалгааны шинж тэмдэг илэрсэн эсхүл илүү хүндэрсэн тохиолдолд уламжлалтын эмнэлгээр эмчлүүлж болох уу?
-Дэлгэрсэн халууны үед буюу хэт өндөр халуурч байгаа, хатгалгааны шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдэд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж, шатлалын байгууллага руу шилжүүлдэг.
Гэтэл манай эмнэлэг дээр ирж буй хүүхдүүд нь өмнө хэлсэнчлэн удаан хугацаанд ханиалгасан, өвчний сүүлийг бүрэн таслаагүй, дутуу эдгэсэн хүүхдүүд байгаа.
-Сүүлийн үед ээж, аавууд хүүхдүүддээ чихэр жимс, амттан ихээр авч өгөх болсон. Гэтэл мэргэжилтнүүдийн зүгээс үүнийг эрс эсэргүүцээд байдаг?
-Тийм. Мөн дээрээс нь хүүхэд ханиадтай байхад жимсний шүүс, аньс, чацарганы шүүсийг хүүхдүүддээ маш их өгдөг. Гэтэл урьдчилан сэргийлэх зорилгоор эсхүл ханиад дөнгөж эхлэх гэж байхад өгвөл хамгийн үр дүнтэй. Түүнээс биш өвчин ид дэлгэрсэн үед өгөх нь тийм ч сайн үр дүнтэй биш байдаг.
Харин эсэргээрээ бүр илүү амархан харшлын суурьтай, цээж нь амархан шуугтдаг хүүхдүүдэд чацаргана, жимснүүд маань эрсдэлт хүчин зүйл болж өгдөг. Тэгэхээр хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих зорилгоор, энгийн үед л тодорхой давтамжтайгаар аливаа жимсний шүүсийг хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.
-Тэгвэл ханиад томууны үед эмнээс гадна юу ууж хэвших хэрэгтэй байдаг юм бэ?
-Ханиад хүрээд эдгэрлийн үед ч мөн юу ууж хэвших ёстой вэ гэдгээ бас сайтар бодолцох ёстой. Хурц үе намжсаны дараа ханиад бүрэн сайн эдгээгүй, ханиалгатай, цээж нь цэртэй байх зэрэг ханиад үргэлжилж байх үеүдэд уушиг тэтгэх, уушиг шимжүүлэх бүлээн чанартай зүйл ууж хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Уламжлалт анагаах ухаанаар сэрүүн, хүйтэн, халуун зэрэг мөн чанараар авч үзэхээр европ эмүүд нь сэрүүн чанартай гэж үздэг. Тэгэхээр сэрүүн чанартай эм, бэлдмэл хэрэглэж өвчнөө намжаасан бол араас нь бүлээн чанартай зүйлс хэрэглэвэл хүүхэд сайн эдгэрнэ.
Мөн дээрээс нь эцэг эхчүүд юун дээр алддаг вэ гэхээр хүүхдэдээ үнээний сүү уулгадаг. Үнээний сүү нь уушиг шимжүүлэх үйлчилгээтэй. Гэтэл хүүхдүүддээ сүү өгөөрэй гэхээр хүйтэн сүүн дээрээ халуун буцалсан ус хийж өгөөд байдаг. Энэ нь бас л буруу. Харин сүүгээ өөрөө буцалгаж, хөөрүүлээд түүнийгээ бүлээн болгоод хүүхдэдээ хоногт 100-200 гр сүү өгвөл тун зүгээр. Кальци талаасаа ч тэр уушиг шимжүүлэх үйлчилгээгч давхар үзүүлнэ.
Нэмээд үзэмний шүүс өгвөл тун зүгээр. Гэхдээ их хэмжээний үзмийг бус бага хэмжээний цэвэр үзмийг нэмэлт сахаргүйгээр чанаад бүлээнээр нь хүүхдэдээ уулгах хэрэгтэй.
-Хүүхдүүдийн туссан ханиад маш богино хугацаанд хатгалгаа болчихдог. Энэ ямар учиртай вэ?
-Энэ нь тухайн хүүхдийн биеийн урвал чанараас хамаарна. Амархан өвчлөмтгий, суурь өвчтэй, харшлын сууртай хүүхдүүд илүү амархан хүндрэх хандлагатай байдаг.
Суурь өвчин гэдэг нь ДЭМБ-аас 0-5 настай хүүхдүүдийн дунд цус багадалт, архит, жингийн алдагдал буюу тураал гэсэн энэ 3 зүйлийг хүүхдийн суурь өвчин гэж үздэг. Тиймээс хүүхдүүдтэй ажилладаг эмч, мэргэжилтнүүдэд "Энэ 3 суурь өвчнийг хүүхдүүдийн дунд битгий байлгаарай. Энэ 3-ын аль нэг нь байхаараа хүүхэд амархан өвддөг, илүү өвчлөмтгий болдог, өвдөхөөрөө удаан эдгэдэг, амархан хүндэрдэг" гэж зөвлөдөг.
Тэгэхээр эцэг, эхчүүд маань хүүхдээ эмчид үзүүлэхдээ миний хүүхдэд ханиаднаас өөр ямар нэг шинж тэмдэг байна уу гэдгээ давхар үзүүлж, хэрэв аль нэг нь илэрвэл оношийг нь баталгаажуулж, тохирох эмчилгээг эмчийн заавраар авах хэрэгтэй. Өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийж болохгүй.
Түүнчлэн өнөөдөр ханиалгаж байгаа хүүхэд маргааш хатгалгаа болчихсон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь ханиадны үүсгэгчийн хоруу чанар, амьдарч байгаа орчин нөхцөл, идэж ууж байгаа хоол хүнстэй шууд хамааралтай.
-Тэгэхээр уламжлалт анагаах ухаан болон европ анагаах ухааныг хослуулбал ханиад томууг бүрэн эмчлэх боломжтой гэсэн үг юм байна шүү дээ?
-Монгол хүний бие махбодод хамгийн тохиромжтой анагаах ухаан бол уламжлалт анагаах ухаан юм гэж зөвлөдөг. Гэтэл яалт ч үгүй өвчин боловсорсон, ид дэлгэрсэн халууны үед европ эмчилгээ илүү сайн. Тэгэхээр эмнэлэгтээ хэвтэн эмчүүлж, хурц үеэ намдаасны дараа буюу өвчний дараах асаргаа, нөхөн сэргээх зорилгоор уламжлалтын эмнэлэгт хандах хэрэгтэй. Уламжлалтын эмч нар ч мөн өвчний сүүлийг бүрэн таслах зорилгоор засал, эмчилгээг хийдэг.
Тиймээс хэт нэг талыг барихгүйгээр эмч, мэргэжилтнүүд маань ч гэсэн аль үед ямар эмчилгээ нь илүү үр дүнтэй вэ гэдгийг иргэдэд ойлгуулж, бүрэн эдгээх нь л хамгийн чухал.
-Ярилцсанд баярлалаа.