Монгол Улсын Засгийн газар 5.5 жилийн хугацаатай, 7.875 орчим хувийн купонтой бонд олон улсын зах зээлд гаргалаа. Захиалгын хэмжээ сүүлийн байдлаар 4.2 тэрбум ам.доллар хүрээд байгааг “Bloomberg” мэдээллээ. Шинэ бондоор 350 сая ам.долларын санхүүжилт татах зорилготой байгаа юм. Захиалагчдыг бүсээр нь задлаад харвал Ази, Номхон далайн бүсээс 46 хувь, Хойд Америкаас 22 хувь, харин үлдсэн 32 хувийн захиалга Европ, Ойрх Дорнод, Африкийн бүсээс ирсэн байна. Хөрөнгө оруулагчдын 93 хувь нь хедж сангууд, хөрөнгийн менежерүүд байсан бол үлдсэн 7 хувьд нь банк, даатгал болон санхүүгийн байгууллагууд багтжээ. “Bloomberg”-ийн тооцооллоор шинэ бонд нь Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөжийн муруйгаас 72.4 суурь нэгжээр өндөр түвшинд байна. Сингапурын биржээр арилжаалагдах тус бондыг босгосноор Монгол Улс 2024 онд төлөгдөх 8.75 хувийн купонтой “Хуралдай” бондыг буцаан худалдан авахаар зорьж байгаа юм. Ингэснээр Монгол Улсын гадаад өрийн тодорхой хувийг төлөх хугацааг хойшлуулах боломжтой болохоор байна.
Энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 784,983 ширхэг хувьцаа арилжааллаа
2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 154,538,292 төгрөгийн үнийн дүн бүхий 784,983 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Гурил тэжээл Булган ХК (GTJ +14.96%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +8.32%), Улсын их дэлгүүр ХК (UID +5.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол УБ-БҮК ХК (BUK - 13.51%), ЛэндМН ББСБ ХК (LEND -3.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв. Энэ өдөр нийт 77,122,250,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 1.06% хувиар өсч, 36,843.93 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,190,217,117,728 төгрөг боллоо.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д ирэх оны 4 сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК дээр өнөөдрөөс эхлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 29-нийг дуустал онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ)-өөр дахин Ж.Ганбатыг томилохоор болсныг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Энэ хугацаанд олон улсын аудитын байгууллагын шалгалт оруулж, уулын болон санхүүгийн үйл ажиллагаанд бодитой дүгнэлт хийсний үндсэн дээр гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах юм байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нэг жилийн хугацаанд тус байгууллага 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс экспортолж, төсөвт 3 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ.
Оны шилдэг IPO, 2900 хувийн өсөлт үзүүлсэн компаниар “Petrindo Jaya Kreasi” тодров (Bloombergtv.mn)
Энэ он гарсаар хувьцааны ханшийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн компаниар Индонезийн нүүрсний жижиг компани “Petrindo Jaya Kreasi” тодорлоо. Тус компани гуравдугаар сард IPO хийж, 25 сая ам.долларын санхүүжилт босгосны дараа хувьцааных нь ханш 2900 хувиар өссөн үзүүлэлттэй байна. “Petrindo Jaya Kreasi”-ийн гол хувьцаа эзэмшигч Индонезийн тэрбумтан Пражого Пангесту тул зах зээлийн үнэлгээ нь ч есөн сарын хугацаанд 25 дахин өсөж, 5.4 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ онд Индонезийн хөрөнгийн зах зээлд олон улсын IPO ихээр хийгдэж байгаа юм. Үүнд сэргээгдэх эрчим хүчний хувьцааны эрэлт нэмэгдсэн нь зарим талаар нөлөөлсөн байна.
“Bitcoin”-ийн ханш эргэн өсөж, $38 мянга болов (Bloombergtv.mn)
Инфляц саарахтай зэрэгцээд Төв банкнууд бодлогын хүүгээ илүү эрт бууруулах магадлалтай гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байна. Үүний зэрэгцээ алт болон “Bitcoin”-ийн ханш өндөр дүнгээр өсөх дүр зурагтай байгаа аж. Мягмар гарагийн байдлаар “Bitcoin”-ийн ханш өсөж, эргэн 38 мянган ам.долларын түвшинд хүрсэн байна. Бодлогын хүү бага үед хөрөнгө оруулагчид дижитал токенууд зэрэг эрсдэл илүү өндөртэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд орох сонирхлыг өдөөх хандлагатай байдаг. “Dexterity Capital”-ийн үзсэнээр бодлогын хүүгийн түвшин 180 градус эргэснээр хөрөнгө оруулагчид илүү өгөөж хүртэх зорилгоор эргэн эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд хийх нь нэмэгдэхээр байгаа аж. Үүний зэрэгцээ алтны үнэ тавдугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ. АНУ-ын Төв банк дахин бодлогын хүүгээ өсгөх шаардлага гарахгүй байх төлөвтэй гэж зах зээлд дохио өгсний дараа алтны үнэ 1.3 хувиар өссөн байна. Харин АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж болон ам.долларын ханш эрчтэй сулраад байгаа юм.
Еврогийн ам.доллартой харьцах ханш VIII сараас хойш анх удаа 1.10 нэгж хүрэв (Bloombergtv.mn)
Еврогийн ам.доллартой харьцах ханш наймдугаар сараас хойш анх удаа 1.10 нэгж хүрч, чангарлаа. Мягмар гарагт еврогийн ханш 0.5 хувиар өссөнөөр сүүлийн дөрвөн өдөр дараалан өсөлттэй байна. Арилжаалагчид Холбооны Нөөцийн банкны мөнгөний хатуу бодлогын мөчлөг дууссан гэсэн хүлээлттэй байгаа энэ үед “Bloomberg Dollar Index” сарын дүнгээрээ сүүлийн нэг жилийн хугацаанд байгаагүй өндөр дүнгээр суларчээ. Аравдугаар сарын эхээр еврогийн ам.доллартой харьцах ханш 1.05 нэгж хүрсэн ч эргэн таван хувиар чангарсан юм. “Ам.долларын ханш үргэлжлэн суларна гэж таамаглахад эрт байна. Еврогийн ханш сүүлийн үеийн өсөлтөө хадгалж үлдэхэд эмзэг хэвээр байна" гэж “ING Bank”, “JPMorgan” болон “Societe Generale”-ийн шинжээчид анхааруулж байна.