- “Манай хүү утас таблетыг том хүн шиг сурмаг ашигладаг”
- “Утас өгөхгүй бол уурлаж, бухимдаад өгөхөөр тайвширчихдаг”
- “Ажлаасаа ядарч ирсэн үедээ тайван байхын тулд хүүхэддээ гар утсаа өгдөг”
- "Утсыг нь авахаар уурлаж, бухимддаг
- “Манай хүүхэд хоол идэх дургүй. Youtube үзүүлж байж л хоолыг нь идүүлдэг”
Энэ бол телевиз, гар утас, таблетгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлж чадахааргүй болсон өнөөгийн багачуудын бодит дүр зураг. Эцэг эхчүүд энэ нөхцөл байдалд ач холбогдол өгөхөө больж, энгийн үзэгдэл мэт хүлээж авдаг болчихсон гэхэд хол зөрөхгүй.
Монгол эцэг эхчүүдийн 44 хувь нь хүүхдээ саатуулах зорилгоор гар утсаа өгч хэрэглүүлдэг байна.
Гэтэл энэ нь хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, аюулын харанга дэлдэж байна. Хамгийн энгийн ганцхан жишээг дурьдахад, СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникт таван жилийн хугацаанд дэлгэц, цахим тоглоомд донтох эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 192 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ бол зөвхөн эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай болтлоо хүндэрч, донтсон хүүхдүүдийн тоо. Үүний цаана тус эмнэлгээр үйлчлүүлж, зөвлөгөө авдаг 1000, 1000-н хүүхэд бий.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн 2020 оны судалгаагаар манай улсын 13-18 насны хүүхдийн 96 хувь нь цахим орчинд цагийг өнгөрүүлдэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн нэг өдрийн цахим хэрэглээ 237 минут орчим гэж гарчээ. Энэ нь нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их үзүүлэлт юм.
Хүүхдэд ямар шинж тэмдэг илэрвэл дэлгэцийн хамааралтай болсон байна гэж ойлгох вэ?
Ж.ГАНТУЛГА: БАГА НАСАНДАА ДЭЛГЭЦИЙГ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ХҮҮХДҮҮДИЙН
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АСУУДАЛ ҮҮСЧ ЭХЭЛЖ БАЙНА
Хүүхдэд ямар шинж тэмдэг илэрвэл дэлгэцийн хамааралтай болсон байна гэж ойлгох талаар СЭМҮТ-ийн их эмч Б.Гантулгаас тодрууллаа. Тэрбээр "Хүүхэд утаснаас хамааралтай болсон эсэхийг мэдэх их амархан. Хүүхэд маш чимээгүй болчихдог. Сав л хийвэл утсаа бариад, сиймхий л гарвал зурагт ширтээд, унтах нойроо хасаад л утсаар тоглоод байвал таны хүүхэд утаснаас хамааралтай болчихсон байна гэж ойлгож болно. Хүүхдийн амьдрал идэвхтэй байх ёстой. Утаснаас хамааралтай болчхоороо утас л өгчихвөл анир чимээгүй болчихдог. Энэ нь эцэг эхчүүдэд амар санагддаг. Энэ байдал даамжирсаар хамаарал гэдэг зүйл үүсчихдэг. Утас, дэлгэцээс сэтгэл ханамж, кайф авч байна. Үүнээс нь салгах гээд шаардлага тавихаар уурлаж эхэлдэг. Эндээс л асуудал үүсч эхэлнэ.
Өөрсдөө биеийнхээ амарыг харж хүүхдээ хамааралтай болгочихоод гэнэт ухаарсан юм шиг утсыг нь булааж аваад, шаардлага тавиад эхлэхээр хүүхэд уурлаж, орилж, гарт таарсан юм аа авч шидэх гэх мэт үйлдлүүд гарч эхэлдэг. Сүүлийн үеийн судалгаануудаас харахад бага насандаа дэлгэцийг хэтрүүлэн хэрэглэж байсан хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд асуудал үүсч эхэлж байна. Бага насны хүүхэд гэдэг нь 6 нас хүртэлх хүүхэд гэсэн үг. Тэгэхээр бид одоо л бодох хэрэгтэй. Хүүхдийнхээ гар утас, дэлгэцийн хэрэглээг хэрхэн яаж, зохицуулах вэ гэж. Ингэхдээ огт үзүүлэхгүй гэж болохгүй. Хэрхэн яаж зохистой хэрэглүүлэх вэ гэдэг дээр нь л анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрэглүүл гэхдээ хязгаартай гэж байгаа юм" гэлээ.
ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар 3-5 насны Монгол хүүхдүүдийн 93 хувь нь долоо хоногт 28, өдөрт 4 цагийг гар утас, зурагт үзэхэд зарцуулдаг нь тогтоогджээ.
Таны хүүхэд өдөрт хэдэн цаг гар утас үздэг вэ?
ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ: ЦЭЦЭРЛЭГТ ЯВДАГГҮЙ УЧРААС ХООЛ ИДЭХ, УНТАХ, ТОГЛОХООС БУСАД БҮХ ЦАГТ ГАР УТАС, ЗУРАГТ ҮЗДЭГ
Эцэг, эхчүүдийн төлөөлөл 1:
-Манай хүүхэд дөрвөн настай. Цэцэрлэгт явдаггүй гэртээ байдаг учраас дэргэцийн хамааралтай болчихсон. Хоол идэх, унтах, тоглохоос бусад бүх цагт гар утас, зурагт үздэг.
Эцэг, эхчүүдийн төлөөлөл 2:
-Манай хүү 6 настай. Хамааралтай болчих вий гэж айдаг учраас утас үзүүлэхгүй байлгахыг хичээдэг. Хааяа уйдсан үед нь саатуулах шаардлага гарсан үед 30 минут орчим л үзүүлдэг.
Эцэг, эхчүүдийн төлөөлөл 3:
-Манай хүүхэд 8 настай. Хичээлээ тарж ирээд даалгавараа хийснийх нь дараа 1-2 цаг утас үзүүлдэг. Зурагт үзэх цаг нэмэгдвэл 3-4 цаг болох байх. Хэтрүүлж хэрэглэдэг гэж боддогүй.
Эцэг, эхчүүдийн төлөөлөл 4:
-Яг цаг хэлж мэдэхгүй байна. Зав чөлөөтэй үедээ утас үзье гээд гуйхаар нь өгчихдөг. Дундаа завсартайгаар 1-2 цаг орчим утас үздэг. Зурагт бол нэг их үздэггүй юм.
Эцэг, эхчүүдийн төлөөлөл 5:
-Манайх 3 настай, 5 настай хоёр хүүтэй. Өдөрт 4-5 цаг гар утас үздэг. Утас нэхээд уйлаад байдаг учраас өрөвдөөд өгчихдөг.
Төлөөлөл болгож таван хүнээс асуухад зөвхөн гар утсыг хамгийн бага 30 минут, их нь 4-5 цаг үзүүлдэг гэх хариултыг өглөө. Тиймээс бид хүүхэд өдөрт хэдэн цаг дэлгэц хэрэглэвэл зохистой талаар мэргэжлийн эмчээс тодруулав.
Хүүхэд өдөрт хэдэн цаг дэлгэц хэрэглэвэл зохистой вэ?
-ГЭР БҮЛ НЬ ҮЛ ХАЙХРАХ БУЮУ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТЫН ШИНЖ ТЭМДЭГ ТҮЛХҮҮ ИЛЭРДЭГ-
Хүүхдүүд ийн дэлгэц, гар утаснаас хамааралтай болоход ямар хүчин зүйл нөлөөлж байгаа талаар СЭМҮТ-ийн сэтгэл засалч, эмч О.Батчимэг хэлэхдээ "Дэлгэцийн донтолт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсэд гэр бүлийн хүмүүжил, эрх дураараа байх, гэр бүлийн харилцаа алдагдах, эсвэл гэр бүл нь үл хайхрах буюу хараа хяналтгүй хүүхдүүдэд дэлгэцийн донтолтын шинж тэмдэг түлхүү илэрдэг хэмээн тодотгосон. Мөн тэрбээр, зохистой хэрэглээний талаар,
- 0-2 настай хүүхэд огт дэлгэц хэрэглэж болохгүй
- 3-6 настай хүүхэд 1-1.5 цаг хамгийн дээд тал
- 6-12 насныхан 1.5-2 цаг
- 13-18 настай хүүхэд 2-2.5 цаг
- Насанд хүрэгчид хамгийн дээд талдаа өдөрт гурван цагийг ашиглах ёстой. Хэрэв ажлын шаардлагаар илүү хэрэглэх бол нэг цаг тутам амарч байх шаардлагатай гэсэн юм.
Эмчийн зөвлөсөн зохистой цагт утас, компьптер, зурагт гээд бүх төрлийн дэлгэц бүхий төхөөрөмжийн хэрэглээ багтаж буй юм. Гэтэл манай хүүхдүүдийн зөвхөн гар утасны хэрэглээ нь л үүнийг давж буй юм. Дэлгэцийн хэт их хэрэглээний хор уршиг өнөөдөр шууд мэдрэгдэхгүй ч ирээдүйд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай тулгарахаас эхлээд маш олон эрсдлийг дагуулдаг. Тухайлбал, хэт их дэлгэцийн хэрэглээ нь анхаарал дутмагшлын эмгэгийг үүсгэх хүчин зүйлийг 7.7 дахин нэмэгдүүлдэг гэсэн судалгаа гарсан. Энэ нь сурах процесст сөргөөр нөлөөлөх маш ноцтой хүчин зүйл юм. Тиймээс хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хязгаартай болгож, зөв хэвшлийг бий болгохыг эцэг эхчүүддээ уриалж байна.
Хамгийн гол нь та өөрөөсөө эхэлж өөрчлөх хэрэгтэй гэдгийг анхаараарай. Та өөрөө хүүхдийнхээ дэргэд утас ширтэж суучихаад утсаа боль гэж орилох нь ямар ч үр дүнгүй.