Жилдээ ганц удаа хүссэн даашинзаа өмсөж, өндөр өсгийт дээр гунхах боломжийг охид, бүсгүйчүүдэд олгодог шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Эдгээр өдрүүдэд шинэ жилдээ ямар даашинзаар гангарч, гоё харагдах вэ гэх асуудал бүх бүсгүйчүүдэд тулгардаг. Тиймээс бид загварын хот гэгддэг Милан хотод хувцас дизайны чиглэлээр мэргэжил эзэмшиж, өдгөө эх орондоо өөрийн брэндээ хөгжүүлж яваа авьяаслаг дизайнер А.Түвшинзаяаг онцолж, энэ жилийн гоёлын даашинзны чиг хандлага, ямар загвар трэнд болж байгаа талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Тэрбээр Италийн Accademia Bella arti di brera сургуульд загварын чиглэлээр суралцаж байх хугацаандаа өөрийн "TUVZA" брэндээ үүсгэн байгуулжээ.
А.Түвшинзаяа нь Итали улсад суралцаж байх хугацаандаа 1980-аад онд алдар нэр нь түгсэн "Gianni Tolentino" ажиллаж байсан туршлагатай дизайнер юм.
ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН УЧРААС ИТАЛИ, ФРАНЦАД СУРАЛЦАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ, МИЛАН ХҮРЭХ ЗАМЫГ ХАЙЖ, ОЛСОН
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-UBN.MN сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг А.Түшинзаяа гэдэг. Би хувцасны зураач, дизайнер мэргэжилтэй. 2018 онд Италийн Милан хотод суралцаж байхдаа TUVZA брэндээ үүсгэн байгуулсан. Эх орондоо тогтвортой үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байна.
"TUVZA" гэх нэрний тухайд. Ямар утга учиртай нэр вэ?
-Миний нэрний товчлол гэж ойлгож болно. Дээд сургуульд байхаас л найзууд маань “TUVZA” гэж дууддаг байсан.
А.Түвшинзаяа дизайнерийн "TUVZA" брэндийн бусдаас ялгарах гол онцлог нь юу вэ?
-TUVZA брэнд бэлэн бүтээгдэхүүн хийж, худалдаанд гаргахаас гадна өөртөө цор ганц бүтээл хийлгэхийг эрхэмлэдэг хүмүүст зориулж, тусгайлан захиалга авдаг. Өөрөөр хэлбэл, та толгойдоо зурсан мөрөөдлийн загвараа манай дизайнеруудад тайлбарлаж өгч зуруулаад, өнгө, материалаа сонгож, урлуулах боломжтой. Энэ нь манай брэндийн гол онцлогуудын нэг. Мөн бид хүний биед эвтэйхэн, загварлаг өнгөлөг байлгах үүднээс сайн чанарын материалыг сонгож, хувцсаа урладаг.
-Таныг Италийн Милан хотод мэргэжил эзэмшсэн гэлээ. Энэ том боломж танд яаж ирсэн бол. Хувцас загварын салбарын холбогдсон түүхээсээ хуваалцаач?
-Би СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг Хувцасны зураач, дизайнер мэргэжлээр төгссөн. Мөн Итали руу явахаасаа өмнө БНХАУ-д дизайнераар таван жил ажилласан. Хүний газар саад бэрхшээл багагүй гарна. Тэгсэн ч шантраагүй, зорилгоо орхиогүй. Бас өөрийгөө хөгжүүлэх ёстой гэсэн бодолтой байсан учраас Итали, Францад суралцах боломжийг судалж, Милан хүрэх замыг хайж, олсон.
-Миланд очсон анхны сэтгэгдэл ямар байсан бэ?
-Хүмүүсийнх нь соёл үнэхээр гайхалтай байсан. Бүгд л хүндэтгэлтэй, инээмсэглээд л байдаг. Бас маш гоё хот. Монголд сурч байхад “Дэлхийн урлагийн түүх” хичээл ордог байсан. Тэр хичээлээр дэлхийн алдартай уран барималчдын түүхээс судалдаг байлаа. Гэтэл зургаар л үзэж байсан бүхнээ бодитоор нь харах сайхан байсан. Бас гудамжаар яваа хүмүүс нь яг л загварын тайзан дээр алхаж байгаа юм шиг. Үнэхээр гайхалтай мэдрэмж. Сэтгэлийн гүнээс өөрийн эрхгүй баяр баясал төрөөд галзуу хүн шиг инээгээд л алхаад байдаг юм билээ.
-Таныг "Bulgary" брэндийн шинэ сүрчигний сурталчилгаанд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан гэдэг. Энэ талаараа товчхон мэдээлэл өгөөч?
-“Bulgary” брэндтэй өөрийн бүтээсэн хувцсаа өмсөж яваад холбогдсон юм. Манайхаар бол УИД-тэй төстэй “Milani renascente” нэртэй дэлгүүр байдаг. Тэнд Gucci, Prada, Dolge Gabbana, Channel, Christian Dior, Bulgary зэрэг дэлхийн брэндүүдийг худалдаалдаг. Тэр дэлгүүрт үнэртэн сонирхож яваад “Bulgary” брэндийн ажилтнуудтай танилцсан. Миний өөртөө урлаж өмссөн хувцсыг хараад надад хамтран ажиллах санал тавьсан. “Versace”-ийн 100 хувь силкэн материалаар хийсэн байсан. Өөрөө урласан гэж хэлэхэд “Манай шинэ сүрчигийн танилцуулга удахгүй болно. Чи хүсвэл манай шинэ сүрчигэнд зориулан хувцас урлаж болох уу. Боломж байна уу” гэж асуусан. Мэдээж би зөвшөөрсөн. Би загвараа гаргаж байхдаа жаахан ч гэсэн монгол шинж тусгах юмсан гэж маш их хичээсэн. Хоёр загвар хоёулаа Монгол агуулга шингэсэн байсан.
МАНАЙ БҮСГҮЙЧҮҮД ГАР МУУХАЙ БАЙНА. БҮДҮҮН ХАРАГДАЖ БАЙНА ГЭЭД УРТ ХАНЦУЙТАЙ ЭНГИЙН ЗАГВАРУУД СОНГОЖ АЛДДАГ
-Та сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч ажиллаж байгаа вэ?
-Манайх энэ жил гаднын загварын шоунуудад оролцсон. Өнгөрсөн гуравдугаар сард Парист загваруудаа танилцуулсан. Аравдугаар сар Лондонд болсон Цагаан зүрх гээд 30 орны дизайнерууд оролцсон загварын долоо хоногт оролцоод ирсэн.
Мөн олон улсын миссын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа охидуудынхаа даашинзыг захиалгаар урладаг. Тухайлбал, Miss Europe Continental гээд Италид болсон тэмцээнд оролцож дэд байрт шалгарсан мисс Б.Нинжингийн гоёлын даашинзыг урласан. Зөвхөн хормойн дээр нь 300 метр шигтгээ хийж, эргэлтийн хөдөлгөөнд цацарсан мэдрэмж төрүүлэх, гар ажиллагаа ихтэй даашинзыг урлаж өгсөн байгаа.
Харин хэдхэн хоногийн өмнө Азийн томоохон хотуудын соёлын наадам болох "Miss Asia Awards Asia Championship" 9 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцож дэд байрын эзэн болсон мисс н.Бямбасүрэнгийн даашинзны тухайд, эмэгтэй хүний бэлхүүс, биеийн хэлбэрийг тодотгосон, бүх зохиомжийг нь дан шигтгээгээр шийдсэн дахин давтагдашгүй цор ганц бүтээлийг зөвхөн өөрт нь зориулж урлаж өгсөн. Яг одоо бол шинэ жилийн гоёлын даашинзууд дээр төвлөрч ажиллаж байна. Ихэвчлэн гар ажиллагаа ихтэй, тансаг чимэглэлтэй эмэгтэй хүний гоо сайхан, бэлхүүсийг тодотгосон загварууд дээр түлхүү ажиллаж байгаа.
-Энэ жил ямар гоёлын даашинзууд трэнд болж байгаа вэ. Дизайнер хүнийхээ хувьд мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн жил корсет загварууд зонхилж байсан бол энэ жил гар ажиллагаа ихтэй, шигтгээ гоёлтой даашинзууд трэнд болж байна. Загварын тухайд гэвэл гоёмсог, ELEGANT талдаа загварууд зонхилж байна. Ихэмсэг төрхийг тодотгосон даашинзууд эрэлттэй байгаа.
-Хүссэн даашинзаа өмсөх гэхээр тулгамддаг том асуудлуудын нэг нь гарын мах байдаг. Эдгээр хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ. Ханцуйтай энгийн даашинз сонгохоос өөр сонголтгүй болчихдог шүү дээ?
-Гарынхаа махнаас болоод ханцуйтай энгийн даашинз өмсөнө гэхээр дэндүү харамсалтай шүү дээ. Гарын мах хаасан богино ханцуйтай дэгжин загвар сонгоод өнгө дагуу бээлий өмсвөл гоё загварлаг харагдана. Аль эвсэл яг одоо трэнд болж байгаа загваруудаас хүссэн даашинзаа сонгоод гоёлын эсвэл үслэг нөмрөг нөмөрчихвөл асуудал амархан шийдэгдэх боломжтой. Гэтэл манайхан гар муухай байна. Бүдүүн харагдаж байна гээд урт ханцуйтай энгийн загварууд сонгож алдаад байдаг.
ТУРАНХАЙ БИШ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ГОЛОЛГҮЙ ГОЁЛЫН ДААШИНЗУУДЫГ ЗОРИГТОЙ ӨМС. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙ
-Тэгэхээр даашинзаа зөв сонгож чадвал таргалалт асуудал биш хүсснээрээ гоё харагдах боломжтой гэж ойлгож болох уу?
-Яг тийм. Хувцас хүний биеийн онцлогыг засдаг онцлогтой. Тэгэхээр яг өөртөө тохирсон сул талуудыг нь далдалж, давуу талыг нь тодотгож өгөх тийм л даашинзыг сонгох хэрэгтэй. Тэр ч утгаараа яг надад зориулсан. Надад зориулсан гоё даашинз урлаад өг гэсэн хүмүүс манайд маш их ирдэг.
-Яг өөрийнхөө биеийн хэлбэрт тохирсон төгс даашинз урлуулах хүсэлтэй хүмүүс байвал танайхыг зориод ирж болох уу?
-Болно. Тэр мэдээж нээлттэй. Гэхдээ өнөөдрийн байдлаар манайх арванхоёрдугаар сарын 23-ныг хүртэл захиалга дүүрсэн байна. Тэгэхээр тэрнээс хойш шинэ жилтэй, даашинз урлуулах хүсэлтэй хүмүүс байвал одоо ирээд захиалгаа өгөх бүрэн боломжтой.
-Гоёлын даашинз сонгох гоё биетэй туранхай хүмүүст төдийлөн асуудал болдоггүй ч махлаг, бондгор бүсгүйчүүдэд хамгийн том асуудал болдог. Эдгээр бүсгүйчүүдэд та юуг зөвлөх бол?
-Яг өөртөө зохьсон, биеийнхээ өө сэвийг далдалсан загвар сонгож чадвал бондгор ч байсан гоё харагдах боломжтой. Манайхан юу өмсөх үү. Яах вэ гэж явж байгаад яг шинэ жил маргааш гэхээр хүмүүс сандарч эхэлдэг. Цаг нь тулчихсан учраас олдсныг нь л өмсөхөөр болж, маш буруу сонголтыг хийдэг. Тиймээс маш сайн бодох хэрэгтэй.
Гоёлын гоё даашинзуудыг зоригтой өмс. Өөртөө итгэлтэй бай.
Миний өндөр, жин хэд билээ. Надад ямар даашинз надад зохих бол гэдгийг маш сайн бодож сонголтоо хийх хэрэгтэй. Тухайлбал, хүзүүгээ урт харагдуулахын тулд гурвалжин энгэртэй даашинз сонгох хэрэгтэй. Мөн туранхай, галбирлаг харагдахын тулд босоо шугамын дагуу хувцаслах хэрэгтэй. Хэзээ ч хөндлөн хуваалттай даазинз сонгож болохгүй. Энэ хуваалт хүнийг өргөн харагдуулдаг. Гутлын хувьд хөлөө урт харагдуулахын тулд биеийн өнгө буюу бэйж өнгөтэй гутал сонгох хэрэгтэй. Өөр өнгийн гутал өмчихөөр хөл богино харагддаг. Тиймээс сонголт хийхдээ эдгээр зүйл дээр онцгой ач холбогдол өгч анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь ямар ч хувцас таныг гоё, сайхан гоо үзэсгэлэнтэй болгож хувиргаж болдог. Сонголтоо л зөв хийх хэрэгтэй гэж хэлмээр байна.
-"TUVZA" брэнд олон уран бүтээлчтэй хамтарч, тоглолтын хувцаснуудыг нь урладаг юм байна лээ. Сүүлийн үед хэний ямар хувцсыг урласан бол?
-Хамгийн сүүлд ENJI-гийн клипний хувцсыг урласан. Мөн Т.Ариунаа эгч, Thunder, хөтлөгч Д.Одзаяагийн хувцаснуудыг урласан.