Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.05/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор газар олголт, Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа, тус компанид эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалт тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсож байна.
Шинжээч Ханбогд сумын газар олголттой холбоотой мэдээллийг танилцууллаа. Ингэхдээ газар эзэмших эрх авсан зарим компаниуд жижиг Тавантолгой ХК-ийн газар худалдан авах тендерт оролцсон талаар мэдээллийг ч танилцуулсан юм.
Тухайлбал, "Энгүүнболор хуяг" ХХК-д 10 га газрыг Ханбогд сумын Засаг дарга Эрдэнэжаргалын үед олгосон байна. Тухайн үед Жижиг "Тавантолгой" ХК 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 20 га газрын тендер зарлахад "Энгүүнболор хуяг" ХХК 11 тэрбумаар эзэмшиж байгаа газраа худалдахаар санал болгосон аж. 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гэдэг нь нэг га газрын үнэлгээ ойролцоогоор 600 сая төгрөг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, "Энгүүнболор хуяг" ХХК Ханбогдоос эзэмшсэн 10 га газраа 11 тэрбумаар худалдахаар Жижиг "Тавантолгой" ХК-ийн тендерт санал болгож байсан гэсэн үг юм.