Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: Нүүрсний жагсаалаас хойш 365 өдөр өнгөрч, 58 хүн шүүхээр шийтгэгдэж, гурван гишүүн бүрэн эрхгүй болж, 536 өдөр “дуншсан“ нүүрсний сонсгол ӨНӨӨДӨР эхэлнэ

Ангилал
Visual toim
Огноо
Унших
8 минут 57 секунд

Одоогоос яг нэг жилийн өмнө /2022.12.04/ хохирлын хэмжээ хэдэн их наядаар яригдах нүүрсний хулгайн асуудлыг эсэргүүцсэн иргэд Төв талбайд нэгдэж, Ерөнхий сайдыг хоёр дахь удаагаа өөрсдийнхөө өмнө гаргаж ирсэн. Ерөнхий сайдын зүгээс нүүрсний хэргийг шийдвэрлэх чиглэлд тогтолцооны өөрчлөлтүүдийг хийхээ амласан байдаг. Тэгвэл үүнээс хойш нэг жил өнгөрчээ. Шударга ёсыг "нэхсэн" иргэдийн жагсаал ямар үр дүнг авч ирэв. Энэ хугацаанд нүүрсний хэргийн эргэн тойронд юу өрнөв гэдэгт дүгнэлт хийцгээе.

-ЭРГЭН САНАЯ-

Иргэдийн жагсаал 30 орчим хоног үргэлжилсэн байдаг. Жагсаалын хоёр дахь өдөр иргэдийн хөл хөдөлгөөн багассан байсан боловч удалгүй дахин нэмэгдэж, улмаар иргэдийн эсэргүүцэл хурцдаж Төрийн ордон руу хүртэл дайрсан байдаг. Үүссэн нөхцөл байдалд хууль хяналтын байгууллагууд яаралтай арга хэмжээ авч, онц байдалд ажилласан.

-ИНФЛЯЦ нэг оронтой тоонд шилжив-

Тус жагсаалаас даруй 8 сарын өмнө залуус Төв талбайд тайвнаар "Ажлаа хий" жагсаалыг зохион байгуулж байв. Тус жагсаалд оролцсон иргэдийн зүгээс үнийн өсөлт, инфляцын өсөлт иргэдийн нуруунд хүнд ачаа болж буй тул шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг хүссэн байдаг. Энэ хүсэлтээ нүүрсний жагсаалын үеэр Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагадаа ч дахин дурдсан байдаг. Тухайн үед инфляц 14.8 хувьд хүрээд байсан юм. Тэгвэл энэ оны хамгийн сүүлийн мэдээгээр инцляц 9 хувьтай гараад байна.

-ГОЛ ДҮР-

Жагсаалын гол дүр яалт ч үгүй жүжигчин У.Цогтбаяр байсан гэдэгтэй олон нийт санал нэгдэх буй. Тухайн үед тэрбээр Ерөнхий сайдад хандан нүүрсний хэргийг шийдвэрлэхэд өөрийнхөө хүчийг шавхаж ажиллах хэрэгтэйг нь сануулж байсан. Сүүлийн өдрүүдэд нүүрсний сонсголтой давхцан дахин жагсаал болох гэж байна гэх сургаар Цогтоог дахин оролцож дуу хоолойгоо хүргэх гэж байна уу гэх иргэдийн дунд таамаг байлаа. Гэвч тэрбээр саяхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дахин жагсаалд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

-ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮД НУУЦААС ГАРЧ, ОЛОН НИЙТИЙН ШҮҮЛТЭД ОРОВ-

Нүүрсний хэрэг өрнөсөн гол газар бол ЭТТ ХК. Тус компаниас өнгөрсөн хугацаанд оффтейк хэлбэрээр байгуулж, төрийн нууцад багтаасан гэрээнүүдээ ил болгохыг, нууцаас нь гаргахыг жагсагчид шаардсан. Харин жагсаал өрнөлтэй зэрэгцэн эл оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргах шийдвэрийг гаргасан байдаг. Ингэснээр иргэд тус гэрээнүүдийг нээлттэйгээр харж, шүүн тунгаах боломжтой болсон юм.

-Х.НЯМБААТАРЫН АХАЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХЭРХЭН АЖИЛЛАЖ ИРЭВ-

Иргэдийн зүгээс нүүрсний хулгайчдын нэрсийг нэн яаралтай зарлахыг шаардаж байсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хууль хяналтынханы хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж байв. Тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар ажлын хэсгийг ахалсан. Тэрбээр саяхан Хотын дарга болж, сайд болон бусад хариуцаж байсан ажлын хэсгүүдийнхээ ажлыг хүлээлгэн өгсөн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн үр дүнгүүд түүнтэй шууд холбогдох билээ.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг юу хийв?

-124 яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 13 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн-

АТГ-д нүүрсний гэх тодотголтой 76 хэрэг шалгаж байгаагаас 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа бөгөөд 7 хэргийг шийдвэрлэжээ.

-58 иргэнд ХИЛИЙН ХОРИГ тавьсан-

Прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр нэр бүхий яллагдагч нарын 200 гаруй төрлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 46 хүнийг баривчилж, 21 хүнийг цагдан хорьжээ. Мөн 5 иргэний Албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх, 68 яллагдагчид хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг аваад байгаа аж.

-"Алдарт" Эрүүгийн хуулийн 22.1 заалтын өөрчлөлт-

Жагсагчдын шаардлагын нэг бол Эрүүгийн хуулийн өөрчлөлт. Засгийн газар амласнаараа богино хугацаанд хуулийн өөрчлөлтийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлсэн. Ийнхүү авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэггүй, өршөөл үзүүлдэггүй байх хуулийн өөрчлөлт батлагдсан байдаг.

-Нүүрсний хэрэгт 58 хүн ял авчээ-

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбоотой байж болзошгүй бүх шатны байгууллагуудыг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд 58 хүн ял шийтгүүлжээ.

-ШҮҮХЭЭР 6 ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭГДЖЭЭ-

Өнгөрсөн хугацаанд нүүрсний гэх тодотголтой ямар, ямар хэргүүд эцэслэгдэн шийдвэрлэгдсэн талаар мэдээллийг хүргэж байна.

-БҮРЭН ЭРХ-

Эл хэрэгт холбогдуулан УИХ-ын зургаан гишүүнийг яллагдагчаар татсан байдаг. Гэвч нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгахад тэдний бүрэн эрхийг асуудал саад болж буй тул УЕП Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн байдаг. Харин УИХ хэлэлцээд Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээхээр болсон юм. Харин удалгүй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргаж, хэргээ шалгуулна хэмээн мэдэгдэж байв. Ингэснээр УИХ-ын гурван ч гишүүн бүрэн эрхээсээ "салсан".

-Анхны 17-

АТГ-аас нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийн нэрсийг зарласан бөгөөд түүнд нэр бүхий 17 хүн багтсан байв. Тэдний 7 нь УИХ-ын гишүүн байсан юм. Одоогоор Ш.Раднаасэд, Ажнай Д.Бат-Эрдэнэ нарын хэрэг прокурор дээр хянагдаж байгаа бөгөөд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж буй. Харин Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нарын гишүүд "мултарсан". Харин ЕТГ-ын дарга асан З.Энхболдод хилийн хориг тавиад буй. Мөн бусад хүмүүсийн хэрэг хараахан эцэслэгдээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-Нүүрсний "6"-ийн хэрэг хаана явна вэ-

-536 ӨДӨР "ДУНШСАН" НҮҮРСНИЙ СОНСГОЛ-

"Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" зорилго бүхий хянан шалгах түр хороо өнгөрөгч оны зургаадугаар сард байгуулагдаж, Г.Ганболд гишүүн ахлуулахаар болсон байдаг. Гэвч хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулахаар "завдаж" явсаар тодорхой үр дүн гаргаагүй тул олон нийт болоод гишүүд урам муутайхан түр хороог татан буулгасан. Үүнтэй зэрэгцэн буюу зургаадугаар сарын 16-нд УИХ-ын даргын захирамж гарч, нүүрсний сонсголыг зохион байгуулах ажилд Ажлын хэсэг байгуулагдаж Х.Нямбаатар ахалсан. Гэвч тэрбээр Хотын даргаар томилогдож буйтай холбоотойгоор өнгөрөгч 10 дугаар сард Түр хорооны ажлаа ч хүлээлгэн өгсөн. Ийнхүү Түр хороо болоод сонсгол зохион байгуулах ажлыг ХЗДХ-ийн сайдаар очсон Б.Энхбаяр хүлээн авсан юм. Ийнхүү гурван ч даргын нүүр үзсэний эцэст нүүрсний сонсгол өнөөдөр эхлэх гэж байна.

-ӨНӨӨДӨР-

Өнөөдөр бол иргэд төв талбайд шударга ёс нэхэж, өвлийн хүйтнийг ажралгүй дуу хоолойгоо нэгтгэж чадсаны нэг жил. Харин өнөөдөр эхний шатны нүүрсний сонсгол болох гэж байна. Болох эсэх нь эргэлзээтэй явсаар өнөөдрийг хүрсэн эл сонсголд олон нийт ч өндөр хүлээлт тавьж байна.

-Эхлээд жижиг Тавантолгой "шалгалтад орно"-

Эхний сонсголд урьдчилсан байдлаар 175 иргэнийг гэрчээр дуудахаар Түр хорооноос тогтоолыг баталсан бөгөөд хяналт шалгалтын явцад шинээр нэмж гэрч дуудах нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй юм.

ИХ ДУУЛГА: ОУХМ Ё.Басхүү мөнгөн медаль хүртлээ
ИХ ДУУЛГА: ОУХМ Ё.Басхүү мөнгөн медаль хүртлээ
 
Д.Амарбаясгалан: Зарим гишүүдэд шүүмжлэлийн ХАТУУ үг хэлж байгаа маань иргэдийнхээ итгэлийг алдахаас сэргийлж байгаа зүйл
Д.Амарбаясгалан: Зарим гишүүдэд шүүмжлэлийн ХАТУУ үг хэлж байгаа маань иргэдийнхээ итгэлийг алдахаас сэргийлж байгаа зүйл
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.