Нэг хэсэг төв талбайгаас олон янзын зураглалыг нэг дор нүдэндээ буулгаж болдог болсон байлаа. Хуримын даашинз өмссөн залуухан бүсгүйгээ хажуунаас нь харж нүдэндээ инээд цацруулах дэгжин сүйт залуу. Төв талбайд "ажлын байр"-аа бий болгосон зурагчин ах, эгч нар. Голлон байрласан хиймэл ногоон зүлэг дээр суугаад өнөөдөр юу болсон талаараа бие биедээ "хов зөөж", эрхлэлдэх хосууд. Асуудал гэдэг үгийг урдаа тавиад хэдэн цаас нь хаа юм бэ дээ хэмээн хандив цуглуулах иргэд. Болохгүй бүтэхгүй байна хэмээн өдөр бүр цагаан хоолой, лоозон барьсан жагсаал цуглаан. Ёстой л нөгөө эрээнтэй, бараантай, баяртай бас гунигтай гээд олон мэдрэмжийн "цуглуулга" энд дэлгэгджээ гэмээр. Харин сүүлийн жилүүдэд Сүхбаатарын талбайд асуудал үүсэв үү үгүй юу жагсаал цуглаан ихээр зохион байгуулагдах болжээ. Зорилго чиглэл нэг. Өнгөрсөн онд л гэхэд "Ажлаа хий", нүүрсний зэрэг "алдарт" жагсаалууд болж өндөрлөсөн. Олон нийтийг хамарсан байдлаар авч үзвэл хамгийн өргөн цар хүрээтэй болсон нь эдгээр жагсаалууд.
Тоон мэдээллээс харахад, сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсад нийт 736 удаагийн жагсаал цуглаан зохион байгуулагдсаны 649 нь нийслэлд, 87 нь хөдөө орон нутагт болсон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулагдсан байна гэдэг нь бид Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан чөлөөтэй хуран цугларч, эвлэлдэн нэгдэж жагсаж цуглах эрхээ эдэлж буйгийн илэрхийлэл.
Гэхдээ нөгөө талд бидний эрхээ эдлэх үйл явцыг муйхраар ашиглах санаа зорилготой хүмүүс ч их болсон байна. Өөрөөр хэлбэл, жагсаал цуглааныг "органик бус" захиалгат болж хувиргадаг санаатай гэмээр ч үйлдлүүд их болж. Тэгвэл иргэн та үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах, оролцохдоо юуг анхаарах ёстой вэ гэдгийг мэдэх үү.
-Хэн нэгний өдөөн турхирсан буруу үйлдэлд цензуртай хандах нь зөв-
Иргэн: Залуусыг тайван замаар жагсаал цуглаандаа оролцож, үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гэж боддог. Гол нь дүрэм журмаа барих нь чухал. Хэн нэгний өдөөн турхирсан буруу үйлдэлд цензуртай хандах нь зөв.
-Тайван байдлаар тууштай жагсах нь илүү үр дүнтэй-
Иргэн: Хамгийн гол нь зорилгоо тодорхойлох нь чухал байх. Тэгэхгүй бол бусдыгаа дууриах байдлаар зорилгоо буруу чигт хандуулах, бусдын өдөөн турхиралтад автах явдал жагсаалын үеэр ажиглагддаг. Мөн уриа лоозондоо зөв агуулгыг тусгасан байх нь чухал. Ер нь үр дүн талаасаа харвал, тайван байдлаар тууштай жагсах нь чухал гэж бодож байна.
-Жагсаал цуглаан хийхийн тулд хэн нэгэн этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин заавал тухайн нутаг дэвсгэрийнхээ Засаг даргад бүртгүүлэх шаардлагатай-
Тэгвэл аливаа хэлбэрийн жагсаал цуглаанд оролцохдоо иргэд юунд анхаарах ёстой талаар хуульч Б.Хонгорзул "Жагсаал цуглаах зохион байгуулах болон түүнд оролцох нь иргэний үндсэн эрх. Энэ эрхээ хязгаарлуулах нөхцлүүдийг иргэд бий болгохгүй байх нь чухал. Мэдээж миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана шүү дээ. Тэгэхээр жагсаал цуглаан хийхийн тулд хэн нэгэн этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин заавал тухайн нутаг дэвсгэрийнхээ Засаг даргад бүртгүүлэх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү бүртгүүлэх процесс нь мэдэгдлийн шинжтэй гэсэн үг. Ажлын гурав хоногтоо бүртгүүлнэ. Энэ хугацаанд хариу өгч бүртгэсэнд тооцно. Жагсаал цуглаан хийх асуудлыг бүртгүүлж байгаа нь өөрөө бусад халдлагаас сэргийлж, нийтийн хэв журмыг хангуулахын тулд Засаг даргын зүгээс бэлтгэх зорилготой юм. Иргэд хоёр агуулгаар маш сайн анхаарах хэрэгтэй. Хориглосон газарт, хориглосон агуулгаар жагсаал цуглаан хийхээс татгалзах хэрэгтэй. Бусад тохиолдолд жагсаж цуглах эрх хэн бүхэнд нээлттэй" гэв.
-Бусдын эрхийг хүндэлж, хүндэтгэж, тайван замаар нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байгаа цагт та ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАД байна-
Жагсаал цуглааны үеэр хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах эрхтэй. Гэхдээ үүнтэй холбоотой асуудлыг Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааж өгсөн байдаг. Хуульд тусгагдсанаар өөрийн болон бусдын эрх, эрх чөлөө, тулгамдаж буй асуудал, хөндөгдөж буй эрх ашгийн төлөө үзэл бодлоо илэрхийлж байгаа хэн бүхэн ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИД “тооцогдоно”. Гэхдээ энд нэг зүйлийг ЗААВАЛ АНХААРАХ ЁСТОЙ.
Иргэд гагцхүү хүчирхийллийн бус, тайван замаар буюу бусдын бусдыг өдөөн турхирч, хатгаж, бусдын нэр төр, алдар хүндэд халдах зэрэг үйлдэл гаргах ёсгүй. Өөрөөр хэлбэл, иргэн та бусдын эрхийг хүндэлж, хүндэтгэж, тайван замаар хуран чуулж, эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байгаа цагт та ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАД байх бөгөөд ТӨР таны энэ эрхийг үргэлж, хүндэтгэж, хамгаалах үүрэгтэй юм.
Харин үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах, оролцохдоо бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, бусдыг өдөөн турхирч, хүчирхийллийн арга ашиглавал эрх хамгаалагч гэж тооцогдохгүй.