ДЭЭРХ АСУУЛТАД АТГ-ЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ДАРГА, АХЛАХ КОМИССАР Ц.ШИНЭБАЯР ХАРИУЛТ ӨГӨВ:
-Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”; мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг.
Энэ хүрээнд “Шударга байдлын судалгаа”-г зохион байгуулдаг. Уг судалгаа нь төрийн байгууллагуудын шударга байдлын түвшинг үнэлэх, авлигын эсрэг бодлого боловсруулах, шийдвэр гаргахад шаардагдах мэдээллийг цуглуулах зорилготой. Мөн “Шударга байдлын үнэлгээ” нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, болон “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын шалгуур үзүүлэлт болдог.
“Шударга байдлын судалгаа”-г зохион байгуулснаар шударга ёсыг бэхжүүлэх, авлигын шалтгаан нөхцөлийг арилгах, авлигыг таслан зогсоох болон төрийн байгууллагаас авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг суурь мэдээллээр хангах, тухайн байгууллагын үнэлгээг нэмэгдүүлэхэд зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлох, үнэлгээний үр дүнг олон нийтэд мэдээлэх замаар төрийн байгууллагын зүгээс үнэлгээний үр дүнг сайжруулах хүсэл зоригийг нэмэгдүүлэх, авлигыг бууруулах санал, санаачилга өрнүүлэх, эрмэлзлийг бий болгох зэрэг ач холбогдолтой.
Авлигатай тэмцэх газар нь 2008 оноос хойш жил тутам “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г зохион байгуулж үр дүнг Мянганы хөгжлийн 9 дэх зорилтын “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгох, хэвшүүлэх” 24 дүгээр зорилтын хэрэгжилтийг үнэлж дүгнэх нэг шалгуур болгож ирсэн. Энэхүү судалгаа нь авлигын хандлага, авлигад өртөмтгий ажил, албан тушаал, авлигад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээний авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхэд мэдээллийн чухал их сурвалж болдог.
Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих” чиг үүргийг хэрэгжүүлдэг нь “Авлигын эрсдэлийн үнэлгээний судалгаа”-г зохион байгуулах нэг үндэслэл юм.
Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах”-ыг төрийн байгууллагуудад үүрэг болгосон. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг баталж, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж хэвшүүлэх”-ээр заасан байдаг.
Авлигын эрсдэлийн үнэлгээний зорилго нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа ба түүний хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлон үнэлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чиглүүлэхэд оршино. Авлигын эрсдэлийн үнэлгээ нь тухайн байгууллага дахь эрсдэлийн түвшинг илрүүлэн тогтоох, илэрсэн зөрчил дутагдлыг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тодорхойлох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох, ижил төстэй үйл ажиллагааны эрсдэлийг харьцуулах, асуудлыг ач холбогдлоор нь эрэмбэлэхэд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах зэрэг ач холбогдолтой.
Манай албанаас зохион байгуулдаг өөр нэгэн судалгаа нь “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний судалгаа юм. Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн шударга байдал, ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилт, хууль сахих болон авлигыг үл тэвчих байдал ямар хэмжээнд байгааг тодорхойлох, цаашид тэднийг шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтооход энэхүү судалгааны зорилго оршдог.
Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд судалгаа дүн шинжилгээний ажил зохион байгуулж, бодит нөхцөл байдлыг тогтоож байгаа нь авлигын шинж, хэлбэр, цар хүрээ, шалтгааныг оношилж, улмаар цаашид үр дүнтэй тэмцэх арга замыг тодорхойлох нийтлэг ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэг үүсэх нөхцөл шалтгаан, аливаа эрсдэлийг таслан зогсооход чиглэсэн иж бүрэн цогц үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг болдог.